| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0067/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/060 |
| Огноо | 2017-04-21 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж, шүүгч Ч.Байгалмаа, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл
Иргэдийн төлөөлөгч: Л.Дашмаа.
Шүүгдэгч: Ц.Мэнджаргал, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мэнджаргалд холбогдох эрүүгийн 201605000299 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, Ганган овогт Цэрэнхүүгийн Мэнджаргал. /ВБ78121219 регистрийн дугаартай/
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ц.Мэнджаргал нь архидан согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын 2 дугаар багийн нутаг “Самбартай овоо” гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн М.Ууганбаярын цээжин тус газарт нь хутгалж улмаар түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан зэвсэг хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ц.Мэнджаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2016 оны 10 дугаар сарын эхээр… шатахуун авахаар Баянхонгор аймгийн Баянговь сумын төв рүү орсон. Сумын төв дээр М.Ууганбаяр, Д.Ганзориг, П.Амаржаргал, Н.Мөнхбаатар, Х.Гантөмөр, Ц.Жаргалсайхан нартай таарсан. Тэд нар архи уусан халамцуу явж байсан. Тэгээд мэнд усаа мэдээд хаа хүрэх гэж байгааг нь асуухад М.Ууганбаярын хөдөө гэрт нь очиж өвөлжөөнийх нь хөрийг хуулах гэж байгаа хамт явах уу гэхээр нь би дэлгүүрээс хоёр шил 0.5 литрийн архи авсан.
...сумын төвөөс баруун тийш гараад голын зах дээр нэг шил архи уучихаад цааш 18 км орчим яваад “Самбартай овоо” гэх газар овоон дээр би дахиад нэг шил архи гаргаж ууцгаасан.
...дахиад нэг шил архи хувааж уусан. Тэнд байсан хүмүүс согтоод эхэлсэн. Тэр үед М.Ууганбаяр согтчихоод хамт явсан хүмүүст баярхаад байгаа нь мэдэгдэхгүй томроод байгаа нь мэдэгдэхгүй хүн хүнийг барьж аваад тэврээд байсан. Тэгэхээр нь би та нартай явахгүй хүнсэндээ явлаа гэсэн. Тэгээд бүгд мотоциклио асаагаад хөдөлцгөөсөн Д.Ганзориг, П.Амаржаргал, Ц.Жаргалсайхан нар түрүүлээд явсан би араас нь Х.Гантөмөр ахыг сундлаад хөдөлсөн. Миний араас М.Ууганбаяр Н.Мөнхбаатарыг сундлаад хөдөлж байсан. Тэгээд дөнгөж хөдлөөд М.Ууганбаяр миний хажуугаар сигналдаад гараараа дохиод байхаар нь зогссон. М.Ууганбаяр шатахуун дуусаж байна шатахуун өгөөч гэхээр нь би надаас ав гэж хэлсэн.
Тэгээд тэр хооронд би өврөөсөө тамхи гаргах гэсэн чинь миний хүнсэнд авч явж байсан хутга өврөөс ойчсон. Би буцаагаад өвөртөө хийх гэж байхад М.Ууганбаяр чи надруу хутга гаргаж яах гэж байгаа юм намайг хутгалах нь уу гээд ирсэн. Тэгээд миний барьж байсан хутга руу орчихсон. Түүний цээжнээс нь цус гарсан. М.Ууганбаяр чи намайг хутгалчихлаа гээд орилоод дайраад байхаар нь би айгаад шууд мотоциклио асаагаад явсан. Х.Гантөмөр ах миний араар сундалаатай явсан.
Бид хоёр тэндээсээ шууд яваад Баянхонгор аймгийн Баянлиг сумын төв ороод н.Лхүмбэ, н.Алтанхуяг гэдэг айлаар орчихоод…нэг хоноод өглөө нь Баянхонгор аймгийн Баянговь сумруу явсан.
…Х.Гантөмөр ахад би болохоо байлаа би явлаа. Аавд намайг ийм хэрэгт холбогдоод явлаа гэж хэлээрэй. Та болсон явдлыг үнэн зөв мэдүүлээрэй гэж хэлчихээд шууд тэр шөнөө Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу явсан. Тэнд байж байгаад нэг удаа Улаанбаатар орж хэд хоноод буцаж Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байж байгаад Өмнөговь аймгийн Гурван тэс сумын цагдаад баригдаад ирсэн. Энэ хугацаанд би нэг ч удаа аав, ээж, ах дүү нартайгаа холбоо бариагүй.
...М.Ууганбаяр бид хоёрын дунд ямар ч маргаан болоогүй. Бид хоёрын дунд ямар нэг өс хонзон, өр авлагын зүйл байгаагүй. Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж ийм асуудал үүслээ би тухайн үеийн болсон хэргийн талаар сайн санахгүй байгаа их согтсон байсан. Миний буруу хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 71-72/
...тухайн хэрэг болдог өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, М.Ууганбаяр бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүссэн асуудал болоогүй. М.Ууганбаярыг хутгалах ямар нэгэн шалтгаан байгаагүй, хутга минийх, хүнс гаргахаар биедээ авч явсан. Хар иштэй жижиг хутга байсан. Хутгаа хөдөө хээр хаясан. Одоо хаана байгааг нь зааж өгч чадахгүй, газрын баримжаа байхгүй байна. Хэрэг болох үед хэргийн газарт миний бие, хохирогч М.Ууганбаяр, Х.Гантөмөр, Н.Мөнхбаатар нар байсан. Өөр хүн байгаагүй. Бид хоёрын хувьд архи ууж суухдаа хоорондоо хэрүүл маргаан үүсгэсэн асуудал байхгүй гэх мэдүүлэг . /хх-ийн 96-97 /
Шүүгдэгч Ц.Мэнджаргал шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
Хохирогч М.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд байж байгаад өвөлжөө бууцаа янзлахаар Д.Ганзориг, П.Амаржаргал, Н.Мөнхбаатар, Х.Гантөмөр, Ц.Жаргалсайхан нарыг гуйгаад 16 цагийн үед хөдөө өвөлжөө рүүгээ дөрвөн мотоцикльтой явсан. Тэр үед Ц.Мэнджаргал би хамт явъя гээд явсан. Би дэлгүүрээс 1 шил архи аваад сумын төв дээр долуулаа хувааж уусан. Сумын төвөөс цааш гараад 18 км орчим яваад овоон дээр очиж бид нар тэнд саатаад Ц.Мэнджаргал өврөөсөө 2 шил архи гаргасан. Бид нар хувааж уугаад бүгд мотоциклио асаагаад хөдөлсөн. Д.Ганзориг, П.Амаржаргал, Ц.Жаргалсайхан нар түрүүлээд явсан. Түүний араас Ц.Мэнджаргал Х.Гантөмөр ахыг сундлаад хөдөлсөн. Би араас нь Н.Мөнхбаатарыг сундлаад хөдөлсөн. Миний мотоциклийн шатахуун дуусаж байгаа юм шиг тасалдахаар нь би Ц.Мэнджаргалыг гүйцэж түрүүлээд бензин дууслаа гэсэн чинь зогссон. Би 500 гр бензин өгөөч гэхэд Ц.Мэнджаргал шууд өврөөсөө эвэр иштэй 20 см орчим урттай хутга гаргаж ирээд далайсан. Би тоглож байгаа юм бодоод юун хутга гаргаж ирээд маяглаад байгаа юм гэтэл шууд цээжин тус газар хутгаараа дүрчихсэн. Би “намайг хутгалчихлаа” гээд орилоход Н.Мөнхбаатар “чи хүн хутгалчихлаа ш дээ” гэхэд Ц.Мэнджаргал Х.Гантөмөрийг сундлаад явсан. Би цээжээ гаргаад харахад ус шүршиж байгаа юм шиг цус гараад байхаар нь би Н.Мөнхбаатарт багийн эмч дээр очъё гэсэн чинь багийн эмч эзэнгүй байгаа гээд Н.Мөнхбаатар мотоцикль бариад би араар нь сундлаад сумын төв рүү явсан.
...Сумын төв орж эмнэлэгт ирээд би ухаан алдаад нэг сэргэхэд эмч нар ирчихсэн цус тогтсон зүрх чинь бараг зогслоо шүү дээ чи харин азтай байна хэн чамайг хутгалсан юм гэхээр нь би хүний муу үзээд яахав гэж бодоод хэн ч хутгалаагүй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь аймагт ирж эмнэлэгт үзүүлж оёо тавиулсан. Ц.Мэнджаргалыг ирж надтай уулзах байх гэж бодсон чинь ирээгүй учир би цагдаад Ц.Мэнджаргал намайг хутгалсан тухайгаа хэлсэн. Миний биеийг эмч үзээд уушигны гялтан хальс гэмтсэн байна гэж байсан. Намайг Ц.Мэнджаргалд хутгалуулахыг Х.Гантөмөр, Н.Мөнхбаатар хоёр харсан. Тэр хоёр сайн мэдэж байгаа.
Бид хоёрын дунд ямар ч хэрүүл маргаан болоогүй. Намайг Ц.Мэнджаргал ямар ч шалтгаангүй хутгалсан. Би тухайн үед хүний муу үзээд яахав гэж бодоод Ц.Мэнджаргалыг хэлээгүй. Надтай хамт явж байсан Д.Ганзоригийг цагдаа нар сэжиглээд байх шиг байна гэхээр нь би гэмгүй хүн хэрэгт холбогдох нь гэж бодоод Ц.Мэнджаргалыг хутгалсан талаар мэдүүлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28/,
Гэрч Х.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд архи ууж хоносон маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гадуур гарч шараа тайлах санаатай явж байгаад М.Ууганбаяртай таарсан. М.Ууганбаяр өвөлжөөгөө янзлах гэсэн юм танд зав байвал хамт яваад өгөөч гэхээр нь хамт явъя гэж хэлсэн. М.Ууганбаяртай сундлаад П.Амаржаргалынд очиход Д.Ганзориг, Ц.Жаргалсайхан бас нэг танихгүй залуу байсан. Тэднийд ороод М.Ууганбаяр нэг шил архи гаргаж ирээд бид хэд ууцгаасан.
...Бүгд М.Ууганбаярын өвөлжөө рүү дөрвөн мотоцикльтой явсан. Нэг мэдсэн чинь овоон дээр тойроод суучихсан байсан. Тэнд архи уусан гэж хүмүүс яриад байгаа юм би ууснаа сайн санахгүй байгаа. Тэр үед би Ц.Мэнджаргалын араар сундалчихсан явж байсан нэг мэдсэн чинь шөнө болчихсон Баянхонгор аймгийн Баянлиг сумын төвийн гол дээр унтаж байсан хажууд Ц.Мэнджаргал сууж байсан тэгээд хаана явна гэхэд Баянхонгор аймгийн Баянлигт байна гэсэн.
...Тэгээд бид хоёр тэндээсээ яваад н.Алтанхуяг, н.Батлхүмбэ гэдэг айлуудаар орж архи ууж нэг хоноод маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 05-ны орой бүрэнхий болж байхад Ц.Мэнджаргал намайг Баянхонгор аймгийн Баянговь суманд хүргэж өгөхдөө сумын төвийн урд дэнж дээр зогсоод та ингээд явчих дүү нь нэг хэрэг хийчих шиг боллоо гэхэд нь би “юу яриад байгаа юм бэ ямар хэрэг хийсэн юм бэ, тийм зүйл байгаа бол болохгүй шүү дээ” гэхэд та яв гэсэн.
Би чи яах гэж байгаа юм хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад дүү нь хот руу явах байх ээж хотод байгаа гэж байсан. Тэгээд мотоциклио асаагаад буцаад Баянхонгор аймгийн Баянлиг сумын чигт гэрэл нь гараад явсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Би түүнээс хойш Ц.Мэнджаргалтай тааралдаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32/,
Гэрч Н.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хөдөө гэрээсээ эхнэр хүүхэдтэйгээ хамт мотоциклиор Баянхонгор аймгийн Баянговь сумын төв орж ирээд эхнэр, хүүхдээ хадмынд буулгачихаад дэлгүүр лүү тамхинд явсан. Дэлгүүрээс тамхи аваад гараад ирэхэд М.Ууганбаяр миний мотоциклийн араар сундлаад айлд хүргээд өг гэсэн. Би М.Ууганбаяртай хамт сумын өвсний фондын ард нэг айлд М.Ууганбаярыг дагаад хамт ороход танихгүй 4-5 хүн байж байсан. М.Ууганбаяр энэ хүмүүсийг өвөлжөөн дээр очиж юм хийлгэх гэсэн юм чи намайг өвөлжөөн дээр хүргээд өгчих гэхээр нь би эхнэр хүүхэдтэйгээ яваа одоо буцахгүй бол болохгүй мал эзгүй байгаа гэхэд манай өвөлжөө ойрхон эндээс 20 км орчим. Чи хүргэж өгөөд буцаад ир гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 16.00 цагийн үед дөрвөн мотоцикльтой явсан. Сумын төвөөс баруун тийш 18 орчим км зайд байх Самбартай овоон дээр очиж зогссон тэнд бүгдээрээ бууж архи ууцгаасан. Би архи уудаггүй учир уугаагүй.
...Ц.Мэнджаргал гэгч Х.Гантөмөр гээд байгаа настай ахыг сундлаад араас нь хөдөлсөн М.Ууганбаярын мотоцикль нь асахгүй байсан учир мотоциклио орхиод миний араар сундалж хөдөлсөн. Тэгтэл М.Ууганбаяр Ц.Мэнджаргалыг гүйцээдэх, шатахуун авъя гэхээр нь Ц.Мэнджаргалыг гүйцэж түрүүлээд урд нь гарч зогссон. М.Ууганбаяр буугаад Ц.Мэнджаргал дээр очсон. Удалгүй М.Ууганбаяр намайг хутгалчихлаа гээд орилоод доошоо суусан. Би яасан гээд очоод М.Ууганбаярыг харахад цээжнээс нь цус гараад дээл нь нэвтэрч байсан. Би Ц.Мэнджаргалыг чи чинь яаж байгаа юм бэ хүн хутгалчихлаа гэхэд “яадаг юм би дүрсэн юм гээд” эвэр эрээн иштэй 20 орчим см урттай хутга өвөртөө хийсэн. Тэгсэн М.Ууганбаяр би үхлээ намайг эмнэлэгт хурдан хүргээрэй гэсэн тэр үед Ц.Мэнджаргал мотоциклио асаагаад явсан. Би М.Ууганбаярыг араараа сундалаад сумын төврүү буцаад явсан замдаа нэг зогсоод харахад цус их алдаж байхаар нь фудболкыг тайлж ураад цээжээр нь ороож, сумын эмнэлэгт хүргэж өгөөд хадмынд очиж эхнэр хүүхдээ аваад хөдөө гэрлүүгээ явсан.
...М.Ууганбаяр буугаад очсон тэр үед Ц.Мэнджаргал мотоцикль дээрээсээ буугаагүй араар нь Х.Гантөмөр гэдэг настай ах сундалаатай байсан. Тэр ах бол нэлээн согтуу байсан.
...М.Ууганбаярыг хутгалчихсан байсан энэ хэрэг маш хурдан болсон. Хэрүүл маргаан болоогүй, овоон дээр архи ууж байхад инээж хөхрөөд хоорондоо юм ярилцаад зүгээр байсан. Тэнд байсан хүмүүс Х.Гантөмөр гэдэг хүнээс бусад нь бүгд л бараг эрүүл шахуу байсан. Согтсон хүн байгаагүй. Ц.Мэнджаргалыг яагаад намайг хутгалж байгаа юм болоо гэж их гайхаад яриад байсан. Миний хувьд хамт явж байсан хүмүүсийн нэгийг нь ч танихгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34 /,
Гэрч П.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гадуур явж байтал М.Ууганбаяр таараад манай өвөлжөөн дээр очоод юм хийлцээд өгөөч гэсэн тэгээд манайд Д.Ганзориг, Ц.Жаргалсайхан, М.Ууганбаяр, Х.Гантөмөр ах бид нар манайд нэг шил архи уусан. М.Ууганбаяр гараад явсан чинь Н.Мөнхбаатар гэдэг залууг дагуулаад ирсэн.
...Ц.Мэнджаргал Баянхонгор аймгийн Баянлиг сум явах гэж байгаа гээд ирсэн. Тэгээд бид нар М.Ууганбаярынд очиж өвөлжөө янзлах гэж байгаа талаар ярихад Ц.Мэнджаргал та нартай хамт явъя гээд Х.Гантөмөр ахыг сундалсан. Тэгээд бид долуулаа дөрвөн мотоцикльтой 16.00 цагийн үед сумын төвөөс баруун тийш явцгаасан сумын төвөөс 18 орчим км зайд байх Самбартай овоо гэдэг газар очиж зогсоод Ц.Мэнджаргал өврөөсөө архи гаргаж ирээд уусан. Тэгээд явахаар болоод Ц.Жаргалсайхан мотоцикль унаад араар нь Д.Ганзориг бид хоёр сундлаад түрүүлээд хөдөлсөн. Ц.Мэнджаргал Х.Гантөмөр ахыг араараа суулгаж байгаа харагдсан. Бид гурав түрүүлээд хошуу тойроод тэр чигээрээ яваад М.Ууганбаярын өвөлжөөн дээр очоод М.Ууганбаяр, Ц.Мэнджаргал, Х.Гантөмөр ах, Н.Мөнхбаатар нарыг хүлээгээд ирээгүй.
...2016 оны 10 дугаар сарын 04-ний өглөө сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа ирээд та хоёр юу хийж сууж байгаа юм Д.Ганзориг хаана байна гэхээр нь өвөлжөөн дээр байгаа гэсэн.
... Д.Ганзоригийг аваад явсан. Ц.Жаргалсайхан бид хоёр сумын төв ороход хүмүүс М.Ууганбаяр өөрийгөө хутгалчихсан эмнэлэгт байна. Д.Ганзоригийг цагдаа нар хардаад байх шиг байна гэхээр нь бид хоёр болсон явдлыг үнэнээр нь хэлэхээр цагдаа дээр очиход М.Ууганбаярыг Ц.Мэнджаргал хутгалсан гэж байсан. Юунаас болж ийм хэрэг гарсан талаар Д.Ганзориг, Ц.Жаргалсайхан бид гурав мэдээгүй. Хэрэг болохоос өмнө бид гурав түрүүлээд явчихсан байсан. Ямар ч хэрүүл маргаан болоогүй. Ц.Мэнджаргал яагаад ямар шалтгаанаар М.Ууганбаярыг хутгалсан талаар мэдэхгүй. Тэнд байсан хүмүүс Х.Гантөмөр ахаас бусад нь бүгд бараг эрүүл шахуу байсан. Согтсон хүн байгаагүй...Ц.Мэнджаргал М.Ууганбаяр хоёр урд өмнө муудалцаж байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36/,
Гэрч Д.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр П.Амаржаргал, Ц.Жаргалсайхан, М.Ууганбаяр, Х.Гантөмөр ах бид нар П.Амаржаргалынд нэг шил архи уусан. М.Ууганбаяр манай өвөлжөөн дээр очоод юм хийлцээд өгөөч гэсэн бид бүгд зөвшөөрөөд явахаар болсон. М.Ууганбаяр гараад явсан чинь Н.Мөнхбаатар гэдэг залууг дагуулаад ирсэн. Удалгүй Ц.Мэнджаргал Баянхонгор аймгийн Баянлиг сум явлаа гээд ирсэн. Бид нар М.Ууганбаярын өвөлжөө рүү явах гэж байгаа талаар ярихад би хамт явъя гээд Х.Гантөмөр ахыг араараа сундалсан.Тэгээд бид долуулаа 4 мотоцикльтой 16 цагийн үед сумын төвөөс баруун тийш явсан. Сумын төвөөс 18 орчим км зайд байх Самбартай овоо гэдэг газар очиж зогсоод Ц.Мэнджаргал өврөөсөө 2 шил архи гаргаж ууж дуусгаад явахаар болоод Ц.Жаргалсайхан мотоцикль унаад араар нь П.Амаржаргал бид хоёр сундлаад түрүүлээд хөдөлсөн. Бид гурав түрүүлээд хошуу тойроод тэр чигээрээ яваад М.Ууганбаярын өвөлжөөн дээр очоод М.Ууганбаяр, Ц.Мэнджаргал, Х.Гантөмөр ах, Н.Мөнхбаатар нарыг хүлээгээд ирээгүй.
...Маргааш өглөө нь сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа ирээд намайг сумын төв рүү аваад явсан. Тэгэхэд л М.Ууганбаярыг хутгалуулсан талаар мэдсэн. Хэсгийн төлөөлөгч цагдаатай хамт яваад Ц.Мэнджаргалыг хайгаад олоогүй. Ямар ч хэрүүл маргаан болоогүй. Ц.Мэнджаргал яагаад ямар шалтгаанаар М.Ууганбаярыг хутгалсан талаар мэдэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 39-40 /,
Гэрч С.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2016 оны 10 дугаар сарын 03-нд 16-17 цагийн хооронд ажлынхаа өрөөнд байхад С.Цэрэндолгор эмч хүн ирлээ хамтран үзье гэхээр нь би үзлэгийн өрөөнд ороход М.Ууганбаярын дээл, хувцас нь цус, шороо болсон байсан. Би эх баригч бага эмч С.Цэрэндолгорын хамтаар М.Ууганбаярыг үзэхэд цээжний зүүн талын хөхний дээд хэсэгт 1,5 см хэмжээтэй зүсэгдсэн шархтай шархнаас цус гарч байсан. С.Цэрэндолгор эмчийн хамтаар М.Ууганбаярыг цусыг тогтоох арга авч, шарханд оёдол тавьсан. М.Ууганбаярт эмчилгээ хийж байхад биеийн байдал муудаж, шоконд орж, ухаан алдсан. М.Ууганбаярт эмчилгээ үргэлжлүүлэн хийснээр М.Ууганбаярын биеийн байдал сайжирч ухаан орсон. М.Ууганбаярыг асрагч, сувилагч нарын хяналтанд байлгаж, эрүүл мэндийн төвд хонуулахаар болсон. М.Ууганбаярыг үзэж байхдаа цагдаад дуудлага өгсөн. М.Ууганбаярыг хэн эмнэлэгт хүргэж ирсэн талаар мэдээгүй. Намайг үзлэгийн өрөөнд ороход М.Ууганбаярын биеийн байдал хүндэвтэр байсан. М.Ууганбаярт цус тогтоох, өвчин намдаах, зүрх судас дэмжих, цус орлох, шингэн сэлбэсэн, үрэвслийн эсрэг эмчилгээ хийсэн. Тухайн үед М.Ууганбаяр архи уусан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42/,
Гэрч С.Цэрэндолгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16-17 цагийн хооронд М.Ууганбаярын дээл, хувцас нь цус, шороо болчихсон танихгүй эрэгтэй хүн оруулж ирээд, Овоон дээр байхад нь би авчирлаа шүү гэж хэлэхээр нь би чи цагдаад хэлээрэй гэхэд би яарч явна гээд гараад явсан. Тэгээд би С.Цэнгэлмаа эмчийг дуудаж хамтран үзэхэд М.Ууганбаярын дээл, хувцас нь цус шороо болчихсон байхаар нь С.Цэнгэлмаагийн хамтаар М.Ууганбаярын дээл, хувцсыг нь тайлж үзэхэд цээжний зүүн талын хөхний дээд хэсэгт 1,5 см хэмжээтэй зүсэгдсэн шархтай, шархнаас цус гарч байсан. Би С.Цэнгэлмаа эмчийн хамтаар М.Ууганбаярын цусыг тогтоох арга хэмжээ авч, шарханд оёдол тавьсан. М.Ууганбаярт эмчилгээ хийж байхад биеийн байдал муудаж, шоконд орж, ухаан алдсан. М.Ууганбаярт эмчилгээг үргэлжлүүлэн хийснээр М.Ууганбаярын биеийн байдал сайжирч ухаан орсон. М.Ууганбаярыг асрагч, сувилагч нарын хяналтанд байлгаж, эрүүл мэндийн төвд хонуулахаар болсон. М.Ууганбаярыг үзэж байхдаа цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 44/,
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 510 дугаар шинжээчийн:
“1.М.Ууганбаярын биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 51/,
Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1/, Э.Мягмарсүрэнгийн тайлбар / хх-ийн 5/, хохирогч М.Ууганбаярын тайлбар /хх-ийн 6-8/, гэрч С.Цэнгэлмаагийн тайлбар /хх-ийн 9-10/, гэрч С.Цэрэндолгорын тайлбар /хх-ийн 11-12/, гэрч Н.Мөнхбаатарын тайлбар /хх-ийн 13-16/, гэрч Д.Ганзоригийн тайлбар /хх-ийн 17-18/, гэрч П.Амаржаргалын тайлбар /хх-ийн 19-20/, гэрч Х.Гантөмөрийн тайбар /хх-ийн 21-22/, хохирогч М.Ууганбаярын мэдүүлэг /хх-ийн 29-30, 79-80/, гэрч Х.Гантөмөрийн мэдүүлэг /хх-ийн 31-32/, гэрч Н.Мөнхбаатарын мэдүүлэг /хх-ийн 33-34/, гэрч Д.Амаржаргалын мэдүүлэг /хх-ийн 35-36/, гэрч Ц.Жаргалсайханы мэдүүлэг /хх-ийн 37-38/, гэрч Д.Ганзоригийн мэдүүлэг /хх-ийн 39-40, 85-86/, гэрч С.Цэнгэлмаагийн мэдүүлэг /хх-ийн 41-42/, гэрч С.Цэрэндолгорын мэдүүлэг /хх-ийн 43-44/, гэрч Г.Алтанхуягийн мэдүүлэг /хх-ийн 45-46/, гэрч Ш.Дамдинсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 47-48/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 510 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51/, Амбулаторит хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас /хх-ийн 52/, Баянхонгор аймгийн Баянговь сумын эрүүл мэндийн төвийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 78 дугаар албан бичиг /хх-ийн 53/, сэжигтэн Ц.Мэнджаргалын мэдүүлэг /хх-ийн 71-72/, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 76-78/, гэрч С.Базарсадын мэдүүлэг /хх-ийн 81-82/, гэрч Д.Амарбаярын мэдүүлэг /хх-ийн 83-84/, яллагдагч Ц.Мэнджаргалын мэдүүлэг /хх-ийн 96-97/, Баянхонгор аймгийн Баянговь сумын 5 дугаар багийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар албан бичиг, шүүгдэгч Ц.Мэнджаргалын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 100/, урьд ял шалгах хуудас / хх-ийн 101/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 040 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 104-109/, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 189 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 112-113/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 119-123/, эд хөрөнгө хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 116-117/, хохирлын баримт 135-138/ У.Мэнджаргал 2016 оны 03 сарын 31-ний өдөр баривчлах ялаа эдэлж дуусаад суллагдсан тухай тодорхойлолт /хх-ийн152/,Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 153-154/, хохирогч М.Ууганбаяраас шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирлын талаар нэг хуудас материал улсын яллагчаас нэг хуудас материал шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, шинжээч ,сэжигтэн, яллагдагч нарыг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, этгээд хуульд зааснаар гаргасан байх тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар нотлох баримтыг үнэлсэн болно.
Шүүгдэгч Ц.Мэнджаргал нь согтуурлын байдалд байхдаа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын 2 дугаар багийн нутаг “Самбартай овоо” гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн М.Ууганбаярын цээжин тус газар хутгалж улмаар түүний бие махбодид нь “хөнгөн” гэмтэл учруулан зэвсэг хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүдэгч Ц.Мэнджаргалын... би өврөөсөө тамхи гаргах гэсэн чинь миний хүнсэнд авч явж байсан хутга өврөөс унасан. Би буцаагаад өвөртөө хийх гэж байхад М.Ууганбаяр чи над руу хутга гаргаж яах гэж байгаа юм намайг хутгалах нь уу гээд ирсэн. Тэгээд миний барьж байсан хутга руу орчихсон. Түүний цээжнээс нь цус гарсан. М.Ууганбаяр чи намайг хутгалчихлаа гээд орилоод дайраад байхаар нь би айгаад шууд мотоциклио асаагаад явсан. Х.Гантөмөр ах миний араар сундлаатай явсан. М.Ууганбаяр бид хоёрын дунд ямар ч маргаан болоогүй. Бид хоёрын дунд ямар нэг өс хонзон, өр авлагын зүйл байгаагүй. Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж ийм асуудал үүслээ би тухайн үеийн болсон хэргийн үйл явлын заримыг нь сайн санахгүй байгаа их согтсон байсан. Миний буруу хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 71-72/
...М.Ууганбаярыг хутгалах ямар нэгэн шалтгаан байгаагүй, хутга нь минийх байсан, хүнс гаргахаар биедээ авч явсан, хар иштэй жижиг хутга байсан. Хутгаа хөдөө хээр хаячихсан, одоо бол хаана байгааг нь зааж өгч чадахгүй, олохгүй, газрын баримжаа байхгүй байна. Хэрэг болох үед хэргийн газарт би, хохирогч М.Ууганбаяр, Х.Гантөмөр, Н.Мөнхбаатар нар байсан, өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг . /хх-ийн 96-97 /
-Хохирогч М.Ууганбаярын... Миний мотоциклийн шатахуун дуусаж байгаа юм шиг тасалдахаар нь би Ц.Мэнджаргалыг гүйцэж түрүүлээд бензин дуусчихлаа гэсэн чинь зогссон. Би 500 гр бензин өгөөч хө гэхэд Ц.Мэнджаргал шууд өврөөсөө эвэр иштэй 20 см орчим урттай хутга гаргаж ирээд далайсан. Би тоглож байгаа юм бодоод юун хутга гаргаж ирээд маяглаад байгаа юм гэтэл шууд цээжин тус газар хутгаараа дүрчихсэн. Би намайг хутгалчихлаа гээд орилсон Н.Мөнхбаатар чи хүн хутгалчихлаа ш дээ гэхэд Ц.Мэнджаргал Х.Гантөмөрийг сундлаад явсан. Би цээжээ гаргаад харахад ус шүршиж байгаа юм шиг цус гараад байхаар нь Н.Мөнхбаатарт багийн эмч дээр очъё гэсэн чинь багийн эмч эзэнгүй байгаа гээд буцаж Н.Мөнхбаатар мотоцикль бариад би араар нь сундлаад сумын төв рүү явсан.
...Тэгээд маргааш нь аймаг руу эмнэлэгт ирж үзүүлж оёо тавиулсан. Ц.Мэнджаргалыг ирж надтай уулзах байх гэж бодсон чинь ирээгүй, тэгэхээр нь би цагдаад Ц.Мэнджаргал намайг хутгалсан тухайгаа хэлсэн. Миний биеийг эмч үзээд уушигны гялтан хальс гэмтсэн байна гэж байсан. Намайг Ц.Мэнджаргалд хутгалуулахыг Х.Гантөмөр, Н.Мөнхбаатар хоёр харсан. Тэр хоёр сайн мэдэж байгаа.
Бид хоёрын дунд ямар ч маргаан хэрүүл болоогүй. Намайг Ц.Мэнджаргал ямар ч шалтгаангүй хутгалсан. Би тухайн үед хүний муу үзээд яахав гэж бодоод Ц.Мэнджаргалыг хэлээгүй. Ц.Мэнджаргалыг эр хүний ёсоор надтай ирээд уулзах байх гэж бодсон чинь ирээгүй. Надтай хамт явж байсан Д.Ганзоригийг цагдаа нар сэжиглээд байх шиг байна гэхээр нь би гэмгүй хүн хэрэгт холбогдох нь гэж бодоод Ц.Мэнджаргалыг хутгалсан талаараа үнэнээ мэдүүлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28/
-Гэрч Н.Мөнхбаатарын...М.Ууганбаяр Ц.Мэнджаргалыг гүйцээдэх, бензин авъя гэхээр нь Ц.Мэнджаргалыг гүйцэж түрүүлээд урд нь гарч зогссон. М.Ууганбаяр буугаад Ц.Мэнджаргал дээр очсон. Удалгүй М.Ууганбаяр намайг хутгалчихлаа гээд орилоод доошоо суусан. Би яасан бэ гээд очоод М.Ууганбаярыг харахад цээжнээс нь цус гараад дээл нь нэвтэрч байсан. Би Ц.Мэнджаргалыг чи чинь яаж байгаа юм бэ хүн хутгалчихлаа гэхэд “яадаг юм би дүрсэн юм гээд” эвэр эрээн иштэй 20 орчим см урттай хутга өвөртөө хийсэн. Тэгсэн М.Ууганбаяр би үхлээ намайг эмнэлэг рүү хурдан хүргээрэй гэсэн. Тэр үед Ц.Мэнджаргал мотоциклио асаагаад явсан. Би М.Ууганбаярыг араараа сундлаад сумын төв рүү буцаад явсан замдаа нэг зогсоод харахад цус их алдаж байхаар нь фудболкыг нь тайлж ураад цээжээр нь ороож, сумын эмнэлэгт хүргэж өгчихөөд хадмынд очиж эхнэр хүүхдээ аваад хөдөө гэр лүүгээ явсан.
...М.Ууганбаяр буугаад очсон тэр үед Ц.Мэнджаргал мотоцикль дээрээсээ буугаагүй араар нь Х.Гантөмөр гэдэг настай ах сундалаатай байсан. Тэр ах бол нэлээн согтуу байсан.
...М.Ууганбаярыг хутгалчихсан байсан энэ хэрэг маш хурдан болсон. Хэрүүл маргаан болоогүй, овоон дээр архи ууж байхад инээж хөхрөөд хоорондоо юм ярилцаад зүгээр байсан. Тэнд байсан хүмүүс Х.Гантөмөр гэдэг хүнээс бусад нь бүгд л бараг эрүүл шахуу байсан. Согтсон хүн байгаагүй. Ц.Мэнджаргалыг яагаад намайг хутгалж байгаа юм болоо гэж их гайхаад яриад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34 /,
Гэрч С.Цэнгэлмаагийн...Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16-17 цагийн хооронд ажлынхаа өрөөнд байхад С.Цэрэндолгор эмч хүн ирлээ хамтран үзлэг хийе гэхээр нь би үзлэгийн өрөөнд ороход М.Ууганбаярын дээл, хувцас нь цус, шороо болсон байсан. Би эх баригч бага эмч С.Цэрэндолгорын хамтаар М.Ууганбаярыг үзэхэд цээжний зүүн талын хөхний дээд хэсэгт 1,5 см хэмжээтэй зүсэгдсэн шархтай шархнаас цус гарч байсан. С.Цэрэндолгор эмчийн хамтаар М.Ууганбаярыг цусыг тогтоох арга хэмжээ авч, шарханд оёдол тавьсан. М.Ууганбаярт эмчилгээ хийж байхад биеийн байдал муудаж, шоконд орж, ухаан алдсан. М.Ууганбаярт эмчилгээ үргэлжлүүлэн хийснээр М.Ууганбаярын биеийн байдал сайжирч ухаан орсон. М.Ууганбаярыг асрагч, сувилагч нарын хяналтанд байлгаж, эрүүл мэндийн төвд хонуулахаар болсон. М.Ууганбаярыг үзэж байхдаа цагдаад дуудлага өгсөн. М.Ууганбаярыг хэн эмнэлэгт хүргэж ирсэн талаар мэдээгүй. Намайг үзлэгийн өрөөнд ороход М.Ууганбаярын биеийн байдал хүндэвтэр байсан. М.Ууганбаярт цус тогтоох, өвчин намдаах, зүрх судас дэмжих, цус орлох шингэн сэлбэсэн, үрэвслийн эсрэг эмчилгээ хийсэн. Тухайн үед М.Ууганбаяр архи уусан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42/,
Гэрч С.Цэрэндолгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16-17 цагийн хооронд М.Ууганбаярын дээл, хувцас нь цус, шороо болчихсон танихгүй эрэгтэй хүн оруулж ирээд, Овоон дээр байхад нь би авчирлаа шүү гэж хэлэхээр нь би чи цагдаад хэлээрэй гэхэд би яарч явна гээд гараад явсан. Тэгээд би С.Цэнгэлмаа эмчийг дуудаж хамтран үзэхэд М.Ууганбаярын дээл, хувцас нь цус шороо болчихсон байхаар нь С.Цэнгэлмаагийн хамтаар М.Ууганбаярын дээл, хувцсыг нь тайлж үзэхэд цээжний зүүн талын хөхний дээд хэсэгт 1,5 см хэмжээтэй зүсэгдсэн шархтай, шархнаас цус гарч байсан. Би С.Цэнгэлмаа эмчийн хамтаар М.Ууганбаярын цусыг тогтоох арга авч, шарханд оёдол тавьсан. М.Ууганбаярт эмчилгээ хийж байхад биеийн байдал муудаж, шоконд орж, ухаан алдсан. М.Ууганбаярт эмчилгээ үргэлжлүүлэн хийснээр М.Ууганбаярын биеийн байдал сайжирч ухаан орсон. М.Ууганбаярыг асрагч, сувилагч нарын хяналтанд байлгаж, эрүүл мэндийн төвд хонуулахаар болсон. М.Ууганбаярыг үзэж байхдаа цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 44/,
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 510 дугаар шинжээчийн:
“1. М.Ууганбаярын биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 51/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Мэнджаргалд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Мэнджаргалыг согтуурлын байдалд байхдаа 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын 2 дугаар багийн нутаг “Самбартай овоо” гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн М.Ууганбаярын цээжин тус газар хутгалж улмаар түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ .
Хохирогч М.Ууганбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардалд 291099 төгрөгийг нэхэмжилсэн боловч уг нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гараар бичиж өгсөн,тамга тэмдэггүй бөгөөд эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох бусад хууль ёсны баримт авагдаагүй, мөн “Чимэд-Жүд”гэх хувийн эмнэлэгт 2016 оны 12 дугаар сарын 05-ний өдөр хэвтэж эмчлүүлж ор хоногийн мөнгө 450000 төгрөг нэхэмжилсэн баримтыг ирүүлсэн боловч хэвтэж эмчлүүлсэн талаарх эмнэлгийн өвчний түүх байхгүй байх тул дээрх эмчилгээний зардал 291099 төгрөг болон хэвтэж эмчлүүлсэний ор хоногийн мөнгө 450000 төгрөгийн эмчилгээний зардал нийт 741099 /долоон зуун дөчин нэгэн мянга ерэн есөн/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаас татгалзаж, шүүгдэгч Ц.Мэнджаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар 505.1-д тус тус зааснаар хохирогч М.Ууганбаяр нь эмчилгээ хийлгэсэн зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Мэнджаргал нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүний дундын өмчлөлийн таван ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч М.Ууганбаярын саарал өнгийн дээл, цагаан өнгийн фудболка, нимгэн материалтай цэнхэр оруулгатай ханцуйтай цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Мэнджаргалын цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Шүүгдэгч Ц.Мэнджаргал нь урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 189 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг биечлэн эдэлж байсан, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар нэг сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-д зааснаар ялгүй болох хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 10 сарын 03-ний өдөр гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул түүнийг ялтай байхдаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.Мэнджаргалд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн,мөн хуулийн 56.1.12-д зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар түүний эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ганган овогт Цэрэнхүүгийн Ц.Мэнджаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн зэвсэг хэрэглэж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Ц.Мэнджаргалыг зургаан / 6 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Мэнджаргалд оногдуулсан зургаан / 6 / жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ц.Мэнджаргалын цагдан хоригдсон дөчин ес / 49 / хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Ц.Мэнджаргалыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Хохирогч М.Ууганбаярын нэхэмжилсэн нийт 741099 / долоон зуун дөчин нэгэн мянга ерэн есөн / төгрөгийг нотлох баримтгүй учир шүүгдэгч Ц.Мэнджаргалаас гаргуулахаас татгалзаж харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч М.Ууганбаяр нь өөрт учирсан хохиролын эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч М.Ууганбаярын саарал өнгийн дээл, цагаан өнгийн фудболка, нимгэн материалтай цэнхэр оруулгатай ханцуйтай цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Ц.Мэнджаргалын дундын өмчлөлийн таван ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч Ц.Мэнджаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 04 сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Мэнджаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА.
Н.БААСАНБАТ