Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/19

 

Ц.А холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 Прокурор Э.Н, шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Б, хохирогч А.М, хохирогчийн өмгөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал нарыг оролцуулан,

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ц.А холбогдох 2017000000034 дугаартай 1 хавтас 196 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч хохирогч А.М, хохирогчийн өмгөөлөгч Э.С нарын гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Ц.А нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 22 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Үзүүр холбоо” гэх газар иргэн А.Б маргалдан улмаар түүнийг газарт унасан байхад нь нурууны зүүн хэсэгт нь төмөр лоомоор цохиж цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Б овогт Ц А хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.А 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А цагдан хоригдсон 60 /жар/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1,29 см урттай, 4,5 кг жинтэй төмөр лоом, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлсээр бохирлогдсон газрын хөрс, улаан хүрэн өнгийн бариултай 26 см урттай хайч, улаан хүрэн өнгийн зүйлсээр бохирлогдсон цэнхэр өнгийн алчуурыг тус тус устгаж, “Гэрч Ц.А мэдүүлэгт хавсаргах” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.А 2 662 829 /хоёр сая зургаан зуун жаран хоёр мянга найман зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 7-102 тоотод оршин суух хохирогч А.М олгож, оршуулахтай холбоотой зардалд 888 218 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 Хохирогчийн өмгөөлөгч Э.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан. Түүнийг дэмжиж байна. Шүүгдэгч хэрэг гарах үед хохирогчийг орж ирээд телевизор яагаад асахгүй байгаа юм бэ? гэхэд нь би айсандаа цохисон гэж хэлдэг. Яг яаж айлгасан, хүнийг алах хэмжээний яаж айлгасан талаар нотлох баримт байдаггүй. Тухайн үед хүнийг айлгах хэмжээний зүйл болоогүй байдаг. Хохирогч Чойроос ирэх замдаа ч архи уусан буюу их хэмжээний согтолттой байсан талаар гэрчүүд мэдүүлдэг. Талийгаачийн цусан дахь спиртын хэмжээ нь өндөр гарсан. Тийм хэмжээний согтолттой хүнээс эрүүл хүн айх боломжгүй. Мөн тухайн үед воганчикноос хохирогч унасан, түүний дараа шүүгдэгч гарч ирсэн байдаг. Нэг нь согтуу хэвтээ, нөгөө нь эрүүл, боссон байдалтай 2 хүнд нэг нь нөгөөгөөсөө айх гэсэн зүйл байхгүй. Шүүгдэгч би айсан, намайг хайчаар цохисон гэсэн зүйл хэлсэн байдаг ч ийм нөхцөл байдал үүсээгүй. Шүүгдэгчийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй байдаг. Энэ нөхцөл байдлаас болж хүний амь насыг хохироосон гэдэг нь нотлогдоогүй. Мөн нөгөөтэйгөөр шүүх тохиолдлын чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үзсэн байдаг. Хуульд тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол түүнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцно гэж заасан. Гэтэл энэ хэрэгт тохиолдын гэдгийг юу гэж үзсэн талаар тодорхойгүй байдаг. Талийгаачийн үхэлд хүргэх шалтгаан нь 9 удаагийн гэмтэл байдаг. Харин бусад 11 удаагийн гэмтэл байдаг. Ийм харгис хэрцгий байдлаар хүнийг алсан байхад үүнийг тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж үзэх нь хуульд нийцэхгүй, бодит байдлыг үгүйсгэж байна. Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлт гарч үхэлд хүрэх 9 гэмтэл байна гэж үзсэн. Үүнээс гадна учирсан бусад гэмтэл болох зүүн гарын буглаганы ясны далд хугарал, зүүн гарны гадна зүсэгдсэн шарх, баруун мөрөнд, баруун бугалаганд, баруун эгэмний дунд хэсэгт, зүүн гарын доод хэсэгт, баруун гуяанд гэх мэт учирсан хугарал гэмтлүүд, таримал гэмтлүүд учирсан гэдэг ч үүнд гэмтлийн зэрэг тогтоогоогүй. Шинжээч эмч ч үүнийг тодруулж асуусан зүйл байдаггүй. Тиймээс энэ нөхцөл байдлыг тодруулаагүй байж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял шийтгэл оногдуулсан байдаг. Үүнд хохирогч гомдолтой байдаг. Энэ хүн миний ахад ийм хэмжээний олон гэмтэл учруулж алсан байтал энэ байдлыг тодруулахгүйгээр шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсан гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Мөн хэрэг үйлдэхэд ашигласан лоом нь 129 см-ын урттай, 4,5 кг-ын хүнд жинтэй багаж хэрэгсэл. Хүмүүс лоомыг өөрийн гар, эрхтэнээр гүйцэтгэж чадахгүй зүйлийг хийхэд ашигладаг багаж хэрэгсэл. Ийм хүнд зэвсгээр хүнийг хайрлахгүйгээр хүний биед гэмтэл учруулж амь насыг хохироосонд бид гомдолтой байдаг. Тиймээс бид анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай гомдол гаргасан. Нэгдүгээрт хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж үзсэн. Энэ хүн онц хэрцгий аргаар хүний амь насыг хохироосон. Хоёрдугаарт шинжээчийн дүгнэлт дутуу гарсан буюу хохирогчийн биед учирсан гэмтлүүдийн зарим хэсэгт шинжээчийн дүгнэлт гараагүй. Тиймээс шинжээч эмчээс эдгээр олон тооны гэмтэл юунаас үүдэж гарсан талаар лавлаж асуух хэрэгтэй ба хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Хохирогч А.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдолтой байна. Миний ахыг удаан тамлан зовоож алсан. Талийгаачийг шүүгдэгч нь 3-4 удаа цохисон гэдэг. Хэрэв 3-4 удаа цохисон бол тухайн хүнд тийм хэмжээний гэмтэл учрахгүй. Тиймээс миний ахыг удаанаар зовоож, санаатайгаар алсан байсан. Түүнд гомдолтой байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн 50 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх тухайн хэрэг маргааны талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн. Хохирогч талаас талийгаачийн биед олон тооны гэмтэл учруулж амь насыг хохироосон гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тухайн үеийн асуудлыг гэрч нар тодорхой мэдүүлсэн. Мөн шүүгдэгч болсон явдлын талаар тодорхой үнэн зөв мэдүүлсэн. Энэ хэрэгт хохиогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэх байдлаар шийтгэх тогтоолд дурдсан. Шүүгдэгч нь урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Мөн шүүх тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж дурдсан зүйл байхгүй. Зөвхөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэдэг байдлаар шийтгэх тогтоолд дурдаж өгсөн. Тиймээс үүнийг үгүйсгэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Мөн уг хэрэг гарахад шүүгдэгч айсан гэдэг байдлыг хохирогч тал илүүтэй ярьж байна. Хэрэг гарах үед шүүгдэгч болон талийгаач нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн байсан гэдэг нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг болон тухайн үед малаа маллуулж байсан Э, Б нарын мэдүүлэгээр нотлогдсон. Мөн шүүгдэгч А мэдрэл нь хэвийн, эрүүл биш. Олон жил мэдрэлийн эмчийн хяналтад байсан. Мөн оюуны хөнгөн хомсдолтой гэдэг нь тогтоогдсон. Харин гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн оюуны хомсдол нь нөлөөлсөн. Энэ нь өөрөө өөрийгөө хянах чадваргүй болсон байдал нь харагдаж байна. Үүнээс харахад хүнийг шууд алаад, олон тооны гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй. Тухайн үеийн стресстэй байдал, сэтгэл зүйн байдал нь уг гэмт хэргийг гархад хүргэсэн. Үүнд анхан шатны шүүх үнэн зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Тиймээс Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 50 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ц.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг санаатайгаар үйлдээгүй. Хохирогч тийм их хэмжээний согтолттой байгаагүй. Хохирогч намайг одоо чамайг гүйцээж ална гэж над руу дайрсан. Намайг 2019 онд мөн “ална” гэж зодож байсан. Тухайн үед Б ирж авч явж байсан.  Хэрэг гардаг өдөр Э надтай уулзах ёстой байсан, гэтэл уулзаагүй. Намайг гэрт орж ирэхэд талийгаач шууд намайг барьж аваад “чамайг өнөөдөр жинхэнэ ална” гэсэн. Би талийгаачийн зүүн дээд хавирга орчимд нь лоомоор 2 удаа цохисон. Толгой хэсэгт нь цохиогүй. Тэгээд би морио барьж явж байгаад гэрт ирээд Э болсон явдлыг хэлсэн. Тэгээд Э хохирогчийг авч явсан. Үүнээс өөр зүйл болоогүй. Бид 2 авч ирсэн архийг нь уугаагүй. Авч ирсэн архийг нь бид маргалдаж байгаад вагончик дотор асгасан. Би тухайн үед их айсандаа лоомоор 2 удаа цохисон өөр зүйл болоогүй гэжээ.

Прокурор Э.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Талийгаачийн биед олон тооны гэмтэл учруулсан. Түүнд шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах мөн хэргийн зүйлчлэлийн хувьд эргэлзээтэй учир хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хэргийн зүйлчлэлийн хувьд талийгаач болон шүүгдэгч нар нь хувийн таарамжгүй харилцаатай олон жил болсон. Нэг нь нөгөөгөөсөө дөлсөн байдалтай байсан гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр тогтоодсон. Хэдийгээр хохирогчийн биед олон тооны гэмтэл учирсан байгаа ч онц хэрцгий аргаар хүнийг алсан гэмт хэрэгт тооцогдохгүй. Онц хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэгт шүүгдэгчийн хохирогчид хандаж байгаа сэтгэл зүйн нөхцөл байдлыг харгалзаж үзэх ёстой. Хэрэг гарах үед шүүгдэгчийн сэтгэл зүй энэ хүнийг алъя гэсэн зорилготой байгаагүй. Шүүгдэгч нь хохирогчоос айж, энэ хүн намайг алах нь, намайг зодох нь гэдэг сэтгэл зүйгээс энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн хохирогчийн өмгөөлөгч Э.С талийгаачийн биед учирсан зарим гэмтлүүдэд шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй гэлээ. Шүүгдэгчийн хувьд талийгаачийн биед мохоо үзүүртэй зүйл ашиглан олон тооны гэмтэл учруулж амь насыг хохироосон гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэмтэл болгон дээр шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэдэг зүйл ангиар зүйлчлэх нь зүйтэй. Талийгаачийн биед учирсан гэмтэл болгоноор хэргийг зүйлчлэх хууль зүйн боломжгүй учир шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор 9 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 22 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Үзүүр холбоо” гэх газар иргэн А.Б маргалдан улмаар түүнийг газарт унасан байхад нь нурууны зүүн хэсэгт нь төмөр лоомоор цохиж цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Хохирогч А.М, түүний өмгөөлөгчийн: ... шүүгдэгчид анхан шатны шүүхээс ял шийтгэлийг үндэслэлгүй хөнгөрүүлж оногдуулсан, мөн шүүгдэгч нь миний ахыг онц харгис хэрцгий аргаар алсан, талийгаачийн биед учруулсан гэмтэл бүрд шинжээчийн дүгнэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Ц.А хэргийн нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 8 жилээс 15 жилийн хорих ял оногдуулахаар заасан бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг хэрэглэн ялыг хөнгөрүүлээгүй харин хуулинд заасан ялын хэмжээнд буюу 9 /есөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон байна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ‘’анх удаа гэмт хэрэг үйлдсэн’’ гэж хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцон дүгнэсэн байх ба энэ нь ялыг хөнгөрүүлэн оногдуулж байгаа ойлголт биш юм.

 

Шүүгдэгч нь  “ .... талийгаач би төв ороод атаман хийж, зодоон хийж байгаад ирлээ. Одоо чамайг гүйцээж ална гээд надруу дайрсан, ... талийгаач галын хайчаар хоёр удаа миний нуруу луу цохьсон, ... би зугтаагаад гарахад миний араас намайг дараад вагончикны шатнаас унасан, ...лоомоор талийгаачийн зүүн дээд хавирга орчимд нь 2 удаа цохьсон, ...намайг бариад авчихлаа гэж айсандаа цохьсон” гэсэн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл, хохирогчийн зүй бус, хоорондын таарамжгүй харьцаа нөлөөлсөн байна гэж үзэх үндэстэй байна.

 

Онц харгис хэрцгий аргаар алах нь зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулахыг ойлгохгүй бөгөөд хохирогчийг тарчлааж, зовоож, шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий сувъектив санаа зорилго, сэдэлт байгаа эсэхийг харгалзан үзсний үндсэн дээр зовж тарчлаах байдлаар амь насыг нь хохироосон гэж үзэх нь зүйтэй юм. Харин энэ хэргийн хувьд гэмтлийн тоог үндэслэн шүүгдэгчийн зүйлчлэлийг хүндрүүлэх хууль зүйн үндэсгүй байна.

         

          Шинжээчийн 16 тоот дүгнэлтэнд /ХХ-н 61-65/ талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг  мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, амь насанд аюултай, хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх ба талийгаач нь нэг дор үүссэн олон тооны гэмтлүүдийн улмаас нас барсан байх тул гэмтэл бүр дээр гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй бөгөөд энэ нь зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон  түүний өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ТЭГШСУУРЬ

                ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                 О.ОДНЯМАА