Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2145

 

МАГАДЛАЛ

 

2018.10.15                                                     Дугаар 2145                               Улаанбаатар хот

 

 

 

 

Х.С, Х.Б, Х.Н нарыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01971 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.С, Х.Б, Х.Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.Д-д холбогдох,

 

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.О,

Гуравдагч этгээд: Ж.С , өмгөөлөгч: Н.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Г нар оролцов.

Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Талийгаач Н.Х нь 2008 оны 07 дугаар сарын 14-нд гэртээ хурал хийж том охин Х.С-т “Х” ХХК-ийн эд хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ хийж буйгаа бүх гэр бүлийн гишүүд, ажилчид, хамаатан саднаа байлгаж байгаад шилжүүлж өгсөн. Энэхүү үйлдлээ нотариатаар гэрчлүүлж 07 дугаар сарын 15-ны өдөр талийгаач Н.Х өөрөө Улсын бүртгэлийн ерөнхий газарт дүрэмд өөрчлөлт оруулж өгөх хүсэлтээ гаргаснаар компанийг Х.С шилжүүлсэн болно. “Х” ХХК-ийг хүлээж авахад хувийн болон банкны өр төлбөр, зээл нийт 216 000 000 төгрөг байсан ба түүнийг Х.С үйл ажиллагааг нь зогсоохгүй, өр төлбөрийг төлж дуусгасан ба 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Х” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай “ХЧ”  ХХК болгож Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан Ж.С нь 2008 оноос хойш компанийг өөртөө шилжүүлэн авах зорилгоор хууль, шүүхийн байгууллагад удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан. Түүний нэг нь Ж.С нь “Х” ХХК-ийг 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн компанийн үүсгэн байгуулагч Н.Х-аас Х.С-т компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг шилжүүлснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэс компанийн хувьцааг шилжүүлснээр 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгуулах”, “2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Х” компанийг “ХЧ”  ХХК болгон өөрчлөн бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор “2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн албаны улсын бүртгэгч “Х” ХХК-ийн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл нь хуульд харшлаагүй, хуулийн хүчин төгөлдөр байна” гэж дүгнэж шийдвэрлэсэн. Дээрх хоёр үндэслэлээр “Х” ХХК нь Х.С-ийн өмчлөлд шилжиж ирсэн, хууль ёсны өмчлөгчөөр компанийг удирдан чиглүүлж ажиллуулсан ба компаниа “ХЧ”  ХХК болгон өөрчилсөн, хуулийн этгээдийн улсын бүртгэлд хууль дүрмийн дагуу бүртгүүлсэн гэх баримтууд байсаар байхад Хан-Уул дүүргийн нотариатч И.Д нь иргэн Ж.С-д Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон “өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон нь хууль бус юм. Учир нь Ж.С-г хууль ёсны өвлөгч мөн гэж үзэж байвал бусад гэр бүлийн гишүүдийн санал, татгалзлыг аваагүй, Х.С нь компанийн үйл ажиллагааг ганцаар удирдан өр төлбөрийг төлж барагдуулсан болно. Тиймээс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Н , Х.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Н.Х нь 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр “Х” ХХК-ийн эрхийг том эгч Х.С-т шилжүүлсэн байдаг. Аав маань 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан юм. 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эгч Х.С нь өмгөөлөгч Б.Ц-д итгэмжлэл олгохдоо “Х” ХХК-ийн хөрөнгийг хууль ёсны өв залгамжлагчид болох Ж.С , Х.Н , Х.Б , Х.З , Х.И , Х.Б нарт 10, 10 хувийг өгөхөөр даалгасан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц итгэмжлэлийн дагуу хууль ёсны өвлөгч нартай хэлцэл хийхдээ “Х” ХХК-ийн хөрөнгийг зараад тус бүрт 10 хувийг өгөх нөхцөлөөр хэлцэл байгуулсан. “Х” ХХК-ийн обьект нь одоогоор зарагдаагүй байгаа. Х.Н , Х.Б бид Х.С-ийн нэр дээр байгаа зарагдахаар нь 10 хувь хөрөнгийг өгнө гэж хүлээсээр ирсэн. 2017 оны 04 дүгээр сарын    06-ны өдөр Х.Н  Сүхбаатар дүүргийн нотариатч н.М-аас мэдээлэл авч Х.С-ийн өмгөөлөгч Ж.У-тай уулзахад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан удахгүй шүүх хурал болох гэж байгаа гэсэн хагас дутуу мэдээлэл авсан бөгөөд би мэдээлийн дагуу тус шүүхэд очиход “Х”   ХХК-ийн хөрөнгийг өвлөх Өв залгамжлах эрхийн гэрчилгээг Ж.С болон түүний төрүүлсэн 3-н хүүхдэд олгосон гэдгийг мэдсэн. Х.Н  тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцох шүүхэд хүсэлт гаргаж орсон боловч уг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан болно. Тус хэргийн хариуцагч нотариатч И.Д нь өвлөгч Ж.С нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлүүлэгч Н.Х-ын хууль ёсны өвлөгч нарын мэдээллийг бүрэн гүйцэд шалгалгүйгээр “Х” ХХК-ийн хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг  олгосон нь хууль бус гэж үзэж байна. Иймд нотариатч И.Д-ны гэрчилсэн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №24 дугаартай Ж.С нарт олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгч Х.Н , Х.Б бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч хариу тайлбартаа хамт амьдарч байсныг тухайн хаягт хамт байсныг ойлгоно гэж тайлбарласан. Энэ хүмүүс Төв аймагт амьдарч байсан, Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “Х” ХХК-ийн хашаанд амьдарч байсан. Гэвч     нотариатч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5-20 гэх хаягийг үндэслэж өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь 2006 оны баримтыг үндэслэж нас барсан хүнтэй хамт амьдарч байсан мэт байгаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаагүй нь нотлогдож байна. 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тухайн хаягтаа өгсөн байхад 2006 оны баримтыг ашиглаж шийдвэр гаргасан нь хууль бус байна. 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Х.Н т Хан-Уул дүүргийн туулын 1-20 газраа шилжүүлсэн тухайн үед хамт амьдарч байсан нотариатч тухайн хаягт өөр хүн байгаа эсэхийг шалгасан бол Х.Н  амьдарч байсан тухай лавлагааг гарч ирэх байсан. Иймд Х.Н ийн эрх ашиг хөндөгдөж байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 606 дугаартай шүүхийн шийдвэрээр нотариатын үйлдлийн хүчингүй болгосон боловч талийгаач Н.Х-аас охин Х.С-т шилжүүлсэн гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоогүй. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр учраас талийгаач Н.Х-аас охин Х.С-т шилжүүлсэн бүртгэл нь хууль зүйн үндэслэлтэй байна гэх 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Маргаж байгаа үндэслэл бол 9 жилийн дараа Ж.С-дөвлөх эрхийн гэрчилгээг олгочихоод яагаад бидэнд олгож болохгүй байгаа вэ, 1 жилийн дараа өвлөх хүсэлтээ гаргаагүй бол өвлөх эрхээс татгалзсанд тооцно гэж заасан юм бол Ж.С ч бас татгалзах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нас барагч Н.Х-ын “Х”  ХХК-ийн эрх болон хувьцааг хууль ёсны өвлөгчид өвлөн авахаар нас барагчийн эхнэр Ж.С 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг нотариатын байгууллагад гаргасан. Нас барагч Н.Х нь 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нас барсан, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 9 гаруй жилийн хугацаанд өв хөрөнгийг нь түүний өвлөгч нар хүлээн аваагүй, хүлээн авах хүсэлт хэн нэг нь гаргаагүй ба Х.С-ийн “Х” ХХК-ийн эрх шилжүүлэн авах гэрээг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2016/00606 тоот шийдвэрээр хүчингүй болгосон байсан тул хүсэлт гаргагч Ж.С-д"Өв залгамжлах эрхийн гэрчилгээ" олгох боломжтой байсан. Иргэн Ж.С нь "Өвлөх эрхийн гэрчилгээ" авахаар баримтуудыг ирүүлсэн. Эдгээр нь хуульд нийцсэн зүйлүүд байсан. Ж.С нь өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан цорын ганц өвлөгч байсан түүний өв хүлээн авах эрх нь нээлтэй байх тул "Өв залгамжлах эрхийн 24 тоот гэрчилгээ"-г олгосон нь хууль зөрчөөгүй үйлдэл болсон. Нэхэмжлэгч Х.С нэхэмжлэлдээ “Х”  ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг үндэслэн “ХЧ”  ХХК болгон хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн нь хүчин төгөлдөр. Энэ нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол зэргээр тогтоогдсон гэж үзэн шүүхэд хандсан нь өрөөсгөл буруу ойлголт гэж үзэж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 тоот хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрт "Хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах эсэх талаар Улсын бүртгэлийн байгууллагад хандан нэхэмжлэлийн шаардлага, агуулга гаргаагүй, энэ үндэслэлээр улсын бүртгэлийн байгууллагын тайлбар авах зэргээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байна. Улсын бүртгэлийн байгууллагад холбогдуулан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр, магадлал уг асуудлыг хязгаарлахгүй" гэж дурдан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл үүнийг нэхэмжлэгч нь эндүүрэн ойлгож энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Энэ нь нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй “Х”  ХХК-ийн улсын бүртгэлд “Х”  ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00606 тоот шийдвэрийн дагуу өөрчлөлт оруулах асуудал нь нээлттэй гэдгийг тодорхойлон заасан гэж үзэж байна. Энэ дагуу "Өвлөх эрхийн гэрчилгээ" олгосон нотариатын үйлдэл нь хууль зөрчөөгүй, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй гэж үзэх үндэслэлгүйг харуулж байна. Хуульд зааснаар бусад өвлөгчдийн саналыг авах шаардлагагүй юм. Хуульд зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч бол Ж.С тэр өв хөрөнгийг хүлээн авахаар өвлөгч нарын дундаас хүсэлтээ гаргасан ганц өвлөгч юм. Бусад нь хууль ёсны өвлөгч мөн боловч өвлүүлэгчтэй хамт амьдраагүй, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтээ нотариатын байгууллагад гаргаагүй тул Иргэний хуульд зааснаар "тэдгээрийг өв хүлээн авахаас татгалзсан" гэж үзсэн нь хуульд нийцэж байгаа болно. Нэхэмжлэгч нарын хувьд талийгаачтай хамт амьдарч байгаагүй ба тухайн үед эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдэл нь хууль бус байсан гэдгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон. Тэр хуулийн боломжит хугацааг ашиглан өв авах тухай хүсэлтээ гаргаагүй. Нэхэмжлэгч нар нас барагчтай хамт амьдраагүй нь тухайн үеийн иргэний үнэмлэхийн албан ёсны хаяг, хорооны засаг даргын тодорхойлолтоор мөн өв хүлээн авах хүсэлт гаргаагүй нь тогтоогдож байгаа болно. Иймд өвлөх эрхийн гэрчилгээг "Өв хөрөнгийг хүлээн авах эрх" бүхий хууль ёсны өвлөгчид олгосон үйлдэл нь Иргэний хуулийн заалттай нийцэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зүйл нь 2008 оны 07 дугаар сард талийгаач Н.Х-ын том охин Х.С нь хууль бусаар тойргийн бус нотариатчийг аавыгаа эмнэлэгт муу байхад нь дагуулж очиж хууль бусаар компанийг шилжүүлж авсан. Тухайн асуудлыг 2016 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоож нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр талийгаач Н.Х нь нас барсан бөгөөд 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Х.С нь тухайн компанийг улсын бүртгэлд бүртгүүлж шилжүүлсэн. Талийгаачийг нас барахаас 4 хоногийн өмнөх үйл баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тухайн баримтад нэг хаягт амьдарч байсан нь тодорхой харагддаг тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл талийгаачийг нас барах хүртэл ганцхан Ж.С гэх хүн хамт амьдарч байсан нь үйл баримтаар тогтоогдож байна. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээс өөртөө ач холбогдолтой хэсгийг түүж уншиж шүүхийн байгууллагыг төөрөгдүүлж байна. 2016 онд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нотариатч н.Э-ын  үйлдлийг хүчингүй болгосны дараа Ж.С гийн өмгөөлөгч нь Ж.С-ийг “Х”  ХХК-ийн захирлаар бүртгэсэн асуудал нь хууль бус байна гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Улсын бүртгэлийн байгууллага нотариатч н.Э-ын  хууль бус үйлдлийг мэдэх боломжгүй байсан учраас 2008 оны 07 дугаар сард Х.С-ийн бүрдүүлж өгсөн материалыг үндэслэж улсын бүртгэл хийсэн байдаг. Энэ тухай шүүхийн шийдвэрт тусгаж мэдээгүй байсан нь хууль зөрчөөгүй гэх агуулгатай 3 шатны шүүхийн шийдвэр байдаг. Бусад өвлөгчид нь хуульд заасан хугацаанд өвлөх тухай хүсэлтээ гаргаагүй бөгөөд гаргах боломжтой байсан. Энэ талаар Иргэний хууль болон нотариатын тухай хуульд тодорхой заасан байдаг. Мөн нотариатчын танхимаас өгсөн зөвлөмжийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгч, үзлэг хийлгэсэн гэжээ.

Шүүх: Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч И.Д-ны 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ж.С-д24 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.С, Х.Б, Х.Н нарынулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Д-аас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.С , Х.Б , Х.Н  нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд зохицуулсан өвлөх эрхийн гэрчилгээг хууль есны өвлөгчид өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсөний дараа олгохоор зохицуулсан, бусад өвлөгчид 2008 оноос хойш арван жил өнгөрсөн байхад өвлөх эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт заасан хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байхаар хуульчилсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж     өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.Х бид 2 түүнийг нас барах хүртэл хамт амьдарч байсан ба Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу өвийг авах хүсэлтэй тул өвийг хуулийн дагуу хүлээн авсан. Хууль ёсны өвлөгчийн хувьд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөх гэрчилгээ авсан нь хуульд нийцэж байна. Шүүх бусад өвлөгчийн хүсэлт гаргах үүргийг надад оноох гэсэн нь хуулиас давсан хуулиар олгогдоогүй эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Гадаадад удаан хугацаагаар хаана байгаа нь мэдэгдэхгүй хүнийг олох нь манай хуулиар зохицуулаагүй цаг эдийн засгийн хувьд боломжгүй зүйл. Нотариатч хууль зөрчөөгүй бөгөөд миний хуулиар олгогдсон эрхийг хамгаалсан үйлдэлийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр өөр хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х.С , Х.Б , Х.Н  нар хариуцагч И.Д-д холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ж.С-д“Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр “Х” ХХК-ийн захирал Н.Х нь Х.С-т тус компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээг үндэслэн тус компанийн үүсгэн байгуулагчаар 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Х.С нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, эрх шилжүүлсэн Н.Х нь 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын    20-ны өдрийн 181/ШШ2016/00606 дугаар шийдвэрээр “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх тухай дээрх гэрээг гэрчилсэн нотариатч Б.Э-ын  үйлдлийг хүчингүй болгосон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаар шийдвэрээр Ж.С гаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Х” ХХК-ийн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Х” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай “ХЧ”  ХХК болгон бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон      Ж.С нь Н.Х-тай 1985 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болоход Н.Х нь Х.С , Х.Н , Х.Б гэх 4-9 насны 3 хүүхэдтэй, Ж.С нь Х.З  гэх 1 хүүхэдтэй байсан ба гэр бүл болсоноос хойш Х.И , Х.Б нар төрсөн, Ж.С нь Н.Х-ыг нас барах хүртэл хамт амьдарч байсан. Хариуцагч И.Д нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Х” ХХК-ийг өвлөх эрхийн гэрчилгээг Ж.С-долгосон зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна. Тодруулбал, шүүх хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг бүрэн хангасан, хариуцагч болон гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийн оролцогчдын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад нийцсэн, шүүх хуралдааны эхэнд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг хэргийн оролцогчдоос тодруулж асуусан байх ба шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь “өнөөдрийн шүүх хуралдаан хэт нэг талыг барьсан байдалтай явагдах учраас” гэсэн үндэслэл зааж, шүүгчээс татгалзах үндэслэл байгаа талаар мэдэгдсэн нь дээрх хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэлгүй нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь хариуцагч И.Д нь Ж.С-д2017 оны 7 дугаар сарын    24-ний өдөр “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгоход Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Ж.С нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өвлөгч бөгөөд тэрээр Н.Х-ыг нас барах хүртэл хугацаанд хамт амьдарч байсан болох нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзаагүй тохиолдолд түүний өвийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.

Ж.С нь хуульд заасан дээрх хугацаанд өв хүлээн авахаас татгалзсан тухай баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар зохигчид маргаагүй. Ж.С нь өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлэн, бичгээр хүсэлт гаргасны дагуу түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Н.Х нь 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нас барсан ба түүний хууль ёсны өвлөгч Ж.С-дөвлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 7 дугаар сарын       24-ний өдөр олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. Тодруулбал, бусад өвлөгч нар болох Х.С , Х.Н , Х.Б , Х.З , Х.И , Х.Б нар нь Н.Х-тай хамт амьдарч байсан, өвлөгч болох талаар баримтгүй, энэ талаар маргаагүй тул тэдгээр нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаа буюу өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өв “хүлээн авах, саналаа илэрхийлэх, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч зохих этгээдэд өргөдөл гаргаснаар өвийг хүлээн авсан, эсхүл өвөөс татгазсан эсэх нь тогтоогдох учиртай.

Ж.С гаас бусад нь хуульд заасан дээрх хугацаанд өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч зохих этгээдэд өргөдөл гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй. Иймд Ж.С гаас бусад өв залгамжлагч нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзэх бөгөөд өвийг хүлээн авсан Ж.С нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэнээс 1 жил өнгөрснөөс хойш гаргасан нь хууль зөрчөөгүй болно.

Тодруулбал, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно.” гэж заасан нь нэгэнт өвийг хуульд зааснаар хүлээн авсан этгээд өвлөх эрхтэйгээ нотлох гэрчилгээг олгоход шаардлагатай хугацааг заасан бөгөөд уг хугацаа өнгөрсөнөөс хойш зохих журмын дагуу хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй юм. Иймд 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нотариатын үйлдэл хийх зааврыг шийдвэрийн үндэслэл болгосон нь алдаатай болжээ.

Иймд хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01971 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Д-дхолбогдох, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ж.С-д“Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай Х.С , Х.Н , Х.Б нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч И.Д-аас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 140 400 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                          ШҮҮГЧИД                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ