Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/398

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2024/0389/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт ******* ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000514 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******, бүрэн дунд боловсролтой, краны машинч мэргэжилтэй, “*******”-т краны машинч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум, *******,, урьд 
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан,******* овогт //, 
Холбогдсон хэргийн талаар: 
нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота Аллион маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн 0,32 хувийн согтолттой жолоодсон болох нь:
2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дархан сумын 8 дугаар баг Тээвэрчдийн тойргийн постод үүрэг гүйцэтгээд зогсож байхад улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тэгээд хаанаас хаа хүртэл тухайн тээврийн хэрэгслийг жолоодсон талаар асуухад хуучин хорооллоос хөтөл хороолол руу явах гэж байсан юмаа ойролцоогоор 2 км газар жолоо барьсан гэж хэлсэн. Тэгээд драйгер багажаар үлээлгэж үзэхэд 0.32 хувийн согтолттой гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/,
Сэжигтэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...цагдаа зогсоогоод тандагч багажаар үлээлгэхэд 0.32 хувийн согтолттой гарсан. Тухайн үед би өглөө нь босоод ирэхэд надад согтуу байгаа юм шиг мэдрэмж төрөөгүй юмаа. Өчигдөр орой нь уусан пиво гараагүй байсан болохоор 0.32 хувийн согтолттой гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,
 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар эрх хасагдсан гэх Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 30/,
2023 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 0196140 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 9/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар: 

Шүүгдэгч******* нь бусдад төлөх төлбөргүй байна. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Э. тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, согтолтын хэмжээ харьцангуй бага байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгч*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.******* овогт ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд сар бүр 225,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар*******д оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Г.ГЭРЭЛТ-ОД