| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2024/0079/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/81 |
| Огноо | 2024-08-30 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, шүүгч П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгч Н.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А
А.Т
Иргэдийн төлөөлөгч Б.Г
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Л
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э холбогдох 2323000000197 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 25-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой,.......... мэргэжилтэй, Завхан аймгийн .................... ажилтай, ам бүл-.... эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ........ сумын ........... баг ................... оршин суух хаягтай, өмнө ял шийтгүүлж байгаагүй, ........ овогт ........................... /РД:....................../
Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 11 цаг 30 минутын үед Завхан аймгийн ........ сумын ........ багт байрлах .................... өрөөнд иргэн Л.Н.... хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний хүзүү буюу хоолойны баруун хэсэгт шаргал өнгийн модон иштэй хутгаар хутгалж амь бие, эрх чөлөөнд халдаж хүзүүний баруун талын гүрээний хураагуур /вен/ судсыг бүрэн тасдаж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч .......... овогт ............... ............... нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Завхан аймгийн............. сумын .............. багт байрлах ................. өрөөнд “өөрийн эхнэртэйгээ гэр бүлийн харилцаатай болсон” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Л.Н........ хүзүүнд хутгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Л............“...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай хүргэн дүү Г.......... над руу утсаар яриад та эмнэлэг дээр очсон нь дээр байх, Н......... болохоо больсон юм шиг байна гэж хэлсэн...бид хоёр шууд эмнэлэг дээр очиход миний хүү гүрээний орчимд хутгалуулсан байдалтай, эмч сувилагч нар боолт хийж байсан. Мөн түүний хажуу талын орон дээр ........ хувцастай хүн хоолойдоо боолт хийлгүүлсэн байдалтай хэвтэж байсан...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд судас залгах, цус тогтоох хагалгаанд Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар мэс ажилбар хийсэн, маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ............... хотоос цэргийн төв эмнэлгийн эмч нар ирж дахин судас залгах мэс ажилбар хийсэн. Мэс ажилбараас хойш биеийн байдал нь тогтворжихгүй, ухаан орохгүй байсаар байгаад манай хүү Л.Н....... 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 15 минутад аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн сэхээн амьдруулах тасагт нас барсан...” гэсэн мэдүүлгээр, /1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас/
Н.Э........ амь хохирогч Д.Н.......... өрөөндөө хоёулаа үлдсэн тухай мэдүүлсэн гэрч Д.Н........... “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өглөөний нэгдэлтийн дараагаар ............. намайг сууж байхад ахмад Н.Э....... надад хандаад чи өрөөнөөс гараад байж бай гэж хэлсэн, тэгээд намайг өрөөнөөс гарах үед надтай зөрөөд ............ .......... энгийн буюу шаргал цайвар өнгийн куртиктэй, хар өнгийн масктай, малгайтай цамц өмсчихсөн зөрж орсон юм...” гэсэн мэдүүлгээр, /1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/
Л.Н......... Н.Э........... өрөөнөөс биедээ гэмтэл авсан байдалтай гарч гүйсэн, Н.Э.......... гартаа хутга барьсан байсан тухай мэдүүлсэн гэрч Б.Б.......... “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ...Албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд буюу 11 цаг 40 минутын орчимд ахлах ахлагч Л.Н......... инженер техникийн өрөөнөөс орилж гүйж гарч ирээд эмч дууд гээд шалган нэвтрүүлэх байрны хаалгаар урагшаа засмал зам руу гүйж гараад зам дээр унасан. Би эргээд хартал ахмад Э.............. инженер техникийн өрөөний хажуу талд газар унаж харагдсан. Тэгээд би гар станцаар ангийн жижүүрийн эмч, сувилагч нарыг дууд гэж штаб руу мэдэгдэж... Б.......... руу орилоод эмч, сувилагч нарыг дуудуулсан. Тэгээд эмч, сувилагч нар Э.......... дээр ирмэгц, шалган нэвтрүүлэх хаалгаар гараад ахлах ахлагч Н........... руу очсон. Тэгээд ангийн эмч, сувилагч нар ахмад Э............. ахлах ахлагч Н............ нарыг үзээд аймгийн эмнэлэг рүү тээвэрлээд аваад явсан. Би Э.......... инженер техникийн өрөөнөөс гарч ирээд газар уначихлаар нь шалган нэвтрүүлэх байрны хажуугаас гүйгээд очиход Н.Э............ баруун гартаа хүрэн бор өнгийн модон иштэй хутга бариад уначихсан, хүзүүний баруун хэсгээс нь цус гарч эхэлж байсан, тэгээд удаа ч үгүй эмч, сувилагч нар ирцгээсэн. Тэгэхлээр нь би тэндээс яваад шалганаар гараад урд талын засмал зам дээр Н........ уначихсан байхаар нь очоод хартал Н........ хүзүү орчмоос цус гарсан, атирсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлгээр /1 дүгээр хавтаст хэргийн 181-182 дугаар хуудас/
гэрч Э.У................“...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ...11 цаг 40 минутад...Намайг очиход шалган нэвтрүүлэх байрны хойд талд буюу инженер техникийн өрөөний хажуу талд Э.......... газарт хэвтчихсэн, түүний хүзүү болон нүүр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон, түүний хажуу талд шалган нэвтрүүлэх байрны жижүүр а/ч Б.Б....... зогсож байсан бөгөөд шалганы хаалгаар цааш харахад урд талын засмал зам дээр нэг хүн хэвтэж байсан. Удаагүй ангийн эмнэлгээс эмч, сувилагч нар ирээд Э............ эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Би ... ангийн шалган нэвтрүүлэх байраар цааш гарч зам дээр хэвтэж байсан хүн дээр очоод а/а Л.Н.......болохыг нь таньсан. Миний хойноос эмч, сувилагч нар Л.Н................. эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байсан. Э......... байсан газарт очиход ангийн захирагч Цагдаагийн жижүүртэй холбогдоод дуудлага, мэдээлэл өгч байсан. Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн машин ирэхгүй удаад байсан учраас ангиас ............. улсын дугаартай, Fielder маркийн автомашиныг гаргаж а/х Э............., .............. улсын дугаартай, Prius-41 маркийн автомашиныг гаргаж а/а Л.Н........... тээвэрлээд аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Үүний дараагаар цагдаагийн алба хаагчид ирсэн....” гэсэн мэдүүлгээр, /1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас/
Н.Э тухайн хэрэг юунаас болсон тухай өөрт нь хэлснийг шууд тусган мэдүүлсэн гэрч М.Х “...би...инженер техникийн тасгийн өрөөний хажууд очиход гадна талд цус нөж болсон, тухайн цусны хажуу талд нэг хутга хэвтэж байсан... Тэндээс ... гараад шууд аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү очсон, намайг очиход Э., Н нарыг тус эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хэвтүүлчихсэн эмчилгээ хийж байсан бөгөөд Э....., Н...... нар ухаангүй байсан. ... Н.Э...... 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд буюу Гэмтэл, мэс заслын тасагт орсныхоо дараа ухаан орж ус уусан бөгөөд надаас юу болчихвоо гэж асуухаар нь би түүнд ... чи санаа зоволтгүй гэхэд хүний амьдрал там болгочхоод, би түүнийг гүйцээчих байсан юм л даа гэж хэлсэн... Утсаар ярьж дууссаныхаа дараа миний амьдрал нэгэнт өнгөрсөн гэж хэлээд их шаналж байгаа харагдсан. Тэгээд надад хандаад би эхнэрээ өөр хүнтэй харилцаад байгааг мэдсэн, нэгэнт болоод өнгөрсөн асуудал гэж бодоод тайвширч байтал өнгөрсөн бүтэн сайн өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр намайг гэртээ байхад Н....... эхнэр манайд орж ирээд танай эхнэр айлын нөхрийн толгой эргүүлсэн, гэр бүл салгаж байна гээд надад өөрийнхөө утсан дээрээс зураг, мессеж зэргийг үзүүлсэн үүнээс болоод миний сэтгэл санаа тогтворгүй болсон гэж ярьсан. Тэгээд би өнөөдөр Н....... таараад уулзахад Н....... миний дургүйг хүргээд өөдөөс хачин жигтэй инээгээд байсан, тэгээд л ийм асуудал болчихлоо гэж ярьсан...” гэсэн мэдүүлгээр, /1 дүгээр хавтаст хэргийн 190-191 дүгээр хуудас/
Н.Э......., амь хохирогч Л....... нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн тухайгаа мэдүүлсэн гэрч С.Д......... “...Би шалган нэвтрүүлэх байр руу гүйгээд очиход ахмад Э....... дээшээ харсан байдалтай хүзүүний баруун талаас цус их хэмжээгээр гарсан инженер техникийн тасгийн өрөөний хажуу талын зам дээр хэвтэж байсан. Би очоод хүзүүнээс цус гарч байсан хэсэгт гараараа дарж цусыг нь тогтоож байтал миний хойноос сувилагч Н......, М....... Ж......., Д.... нар ирээд даралттай боолтоор Э...... хүзүүний баруун хэсэгт үүссэн шарханд боолт хийж цусыг тогтоосон. Намайг Э....... тусламж үзүүлж байх хооронд ангийн жижүүр У....... шалганы гадна талын зам дээр бас нэг хүн уначихсан байна гэж хэлэхээр нь эхлээд М, Ж нарыг явуулсан...Н.Э зүүн хөлийнх нь ойролцоо модон иштэй хутга унасан, түүний хүзүүний баруун хэсгээс нэлээн их хэмжээтэй цус алдаж байсан. Н шалганы урд талын засмал зам дээр хэвтэж байсан бөгөөд намайг очихоос өмнө хоёр сувилагч очоод анхны тусламж үзүүлж байсан, түүний хүзүүний баруун талд дунд гурваны нэг хэсэгт нэлээн гүн шархтай байсан ба артерийн судаснаас цус олгойдож гарч байсан. Би шарханд нь даралттай боолт хийсэн бөгөөд даралтыг нэвтэрч цус гараад байсан учраас, үргэлжлүүлж гараараа хамт дараад аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн...” гэсэн мэдүүлгээр, /1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас/
хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ............ инженер техникийн тасгийн өрөө, шалган нэвтрэх хаалгыг харуулсан камерын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дуу, дүрсний бичлэг, мөн өдөр уг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр,
хэргийн газраас хурааж авсан хутганаас Л.Н цус илэрснийг нотолсон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2162 дугаартай “…1.Шинжилгээнд ирүүлсэн хутганаас цус илэрсэн. 2. Шинжилгээний үр дүнгээр хутганаас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Л.Н ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлтээр,
хэргийн газрын үзлэгээр инженер техникийн өрөөний шалан дээрээс бэхжүүлж авсан 5 гэж дугаарласан дээж нь амь хохирогч Л.Н цус болохыг нотолсон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2161 дугаартай “…2. Шинжилгээний үр дүнгээр №2 болон №5 гэж дугаарласан дээжээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Л.Н ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Э үйлдлийн улмаас хохирогч Л.Н 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барсан болох нь ...... аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 000000001 дугаартай “…1. Амь хохирогч Л.Н цогцост хүзүүний баруун талын гүрээний хураагуур (вен) судасны бүрэн тасрал, тараагуур (артер) судасны ханыг өнгөц гэмтээсэн шарх, шарх орчмын зөөлөн эд дэх цус хуралт, хүзүүний баруун талд шарх, баруун чихний дэлбээний ирмэг хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Амь хохирогчийн цогцост үүссэн дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд байна. 4. Амь хохирогч Л.Н цогцост үүссэн хүзүүний баруун талын гүрээний хураагуур (вен) судасны бүрэн тасрал гэмтэл нь нас барахад хүргэсэн байна. 5. Амь хохирогч Л.Н нь хүзүүний баруун талын гүрээний хураагуур (вен) судасны бүрэн тасрал гэмтлийн улмаас цочмог цус алдалтын дараах тархины цусан хангамжийн хурц дутагдал, тархины үхжил үүссэнээс нас баржээ. 6. Амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна.
1.2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
1.3. Шүүгдэгч нь хохирогчийн хүзүүнд хутгалахад хүний амь хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Н.Э хохирогчийн хүзүүнд хутгалсан үйлдэл нь хохирогч Л.Н хүзүүний баруун талын гүрээний хураагуур (вен) судасны бүрэн тасрал гэмтлийн улмаас нас барсан хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.Э нь хохирогч Л.Н Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “амьд явах”-эрхийг зөрчиж түүний хүзүүнд хутгалсан үйлдлийн улмаас Л.Н амь хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Бусдын амь насыг хохироосон буруутай гэж үзэж байна” гэснийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзлээ.
1.4.1 Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Л хохирогч Л.Н эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал болон амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 16,890,932 төгрөг, бичиж тэмдэглэсэн баримтгүй зардал 26,000,000 төгрөг нийт 40 гаруй сая төгрөгийн зардал гарсан гэж мэдүүлсэн ба амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүд болон нас барагчийн найман насанд хүрээгүй хүүхдийг асран хүмүүжүүлж байгаа цалин орлогогүй эхнэр Ц.Б хүүхдийг 8 нас хүртэл хугацаанд гэм хор учруулсны төлбөрийг тогтоолгох, мөн сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч Н.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Л нийт 51,000,000 төгрөгийг төлсөн ба үүнээс нотлох баримтаар тогтоогдсон оршуулахтай холбогдон гарсан зардлыг төлсөнд тооцуулах үлдэх хэсгийг гэм хор учруулсны төлбөр болон сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт тооцуулах хүсэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл хэмжээний нотлогдсон байдал зэргийг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохиролтой холбоотой гэх нийт 16,985,122 төгрөгийн баримт гаргаж хэрэгт хавсарган өгсөн ба оршуулахтай холбогдон гарсан зардал гэх 26,000,00 төгрөгийг ямар нэгэн нотлох баримтгүйгээр төлбөрийн үнийн дүнд оруулан тооцсон байна.
Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудын хууль ёсны байдал, шүүгдэгчийн хохирогчид учруулсан гэмтлийг эмчлэхэд зориулагдсан эсэх, мөн амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал эсэхийг бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж дүгнэсний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй, хохирогчийн эмчилгээнд зарцуулагдаагүй, амь хохирогчийг оршуулахтай холбогдон гараагүй дараах зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Тухайлбал:
1 дүгээр хавтаст хэргийн 136 дахь талд авагдсан 3 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Мана-4, норов-7 эм худалдан авсан 6500 төгрөгийг, 4 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дэвтэр худалдан авсан 4770 төгрөгийг, 5 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр кофе худалдан авсан 1660 төгрөгийг, 10 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр амь хохирогчийн биед учирсан гэмтлийг асарч сувилахтай холбоогүй зардал болох алим худалдан авсан 4650 төгрөгийг, 6 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр судалтай тор, гарын шингэн саван, памперс худалдан авсан 42650 төгрөгийг,
137 дахь талд авагдсан 11 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр худалдан авсан хичээлийн хэрэгслийн үнэ 29000 төгрөгийг, 12 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр худалдан авсан сармистай талхны үнэ 2000 төгрөгийг, 13 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр талх, доширак худалдан авсан 5500 төгрөгийг, 15 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр апу цэвэр ус худалдан авсан 5500 төгрөгийг, 17 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаа худалдан авсан 8000 төгрөгийг, 19 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр юу худалдан авсан нь тодорхойгүй 20350 төгрөгийг,
138 дахь талд авагдсан 20 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1 ширхэг вакус худалдан авсан 2900 төгрөгийг, 24 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буюу амь хохирогчийг нас барснаас хойш эм худалдан авсан 2800 төгрөгийг, 25 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Алтан-Өлзий гэх нэрээр худалдан авсан эмний үнэ 10253 төгрөгийг, 26 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сармис аарц, чацарганы шүүс, дарс бэлэгний уут зэргийг худалдан авсан 252500 төгрөгийг, 27 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бал, тэмдэглэлийн дэвтэр, чипс худалдан авсан 33500 төгрөгийг, 28 гэж дугаарласан 2023 оны… гээд сар өдөр тодорхойгүй хүнсний зүйл худалдан авсан 43950 төгрөгийг, 29 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр амь хохирогчийн биед учирсан гэмтэлд хэрэглэгддэг гэж үзэх боломжгүй витамин D-3 утлагын маск натур 00 цаас худалдан авсан 20400 төгрөгийг, 30 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу амь хохирогчийг нас барахаас өмнө худалдан авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 14650 төгрөгийг, 31 гэж дугаарласан уншигдахгүй 10600 төгрөгийг,
139 дэх талд авагдсан 35 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бэлэн гоймон, өндөг худалдан авсан 6700 төгрөгийг, 38 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эм тариа, оо худалдан авсан 24900 төгрөгийг, 39 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цэлцгэнүүр оо худалдан авсан 17200 төгрөгийг, 41 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр оймс худалдан авсан 17200 төгрөгийг,
140 дэх талд авагдсан 43 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ус худалдан авсан 1900 төгрөгийг, 44 гэж дугаарласан уншигдахгүй хэзээ юу авсан нь тодорхойгүй 48000 төгрөгийг, 47 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр эм тариа оо худалдан авсан 49700 төгрөгийг, 48 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мобикомын нэгж худалдан авсан 9900 төгрөгийг, 51 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эм тариа худалдан авсан 1700 төгрөгийг, 52 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эм тариа худалдан авсан 8500 төгрөгийг,
141 дэх талд авагдсан 58 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1 удаагийн малгай, маск шампунь худалдан авсан авсан 2100 төгрөгийг, 59 гэж дугаарласан аягаа угаагч, толбо арилгагч, зайрмаг худалдан авсан 11700 төгрөгийг, 61 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр саван худалдан авсан 3000 төгрөгийг,
142 дахь талд авагдсан 62 гэж дугаарласан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр худалдан авсан буюу талийгаачийн 49 хоногоос хойш авсан хүнсний бүтээгдэхүүн 72600 төгрөгийг, 65 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бетаклав эм худалдан авсан 17150 төгрөгийг, 68 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр юу авсан нь тодорхойгүй 130200 төгрөгийг, 70 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эм худалдан авсан 18000 төгрөгийг, 72 гэж дугаарласан 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр маск худалдан авсан 3200 төгрөгийг,
143 дахь талд авагдсан 73 гэж дугаарласан 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эм худалдан авсан 29000 төгрөгийг, 75 гэж дугаарласан 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу 49 хоногоос хойш чокопай худалдан авсан 22600 төгрөгийг, 78 гэж дугаарласан 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буюу 49 хоногоос хойш худалдан авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 2955 төгрөгийг, 80 гэж дугаарласан 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буюу 49 хоногоос хойш худалдан авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 16600 төгрөгийг, 81 гэж дугаарласан 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу 49 хоногоос хойш худалдан авсан Агар архины үнэ 16100 төгрөгийг,
144 дэх талд авагдсан 82 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр юу худалдан авсан нь тодорхойгүй 2400 төгрөгийг, 83 гэж дугаарлагдсан юу худалдан авсан нь тодорхойгүй 37000 төгрөгийг, 84 гэж дугаарлагдсан 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шар айраг худалдан авсан 12000 төгрөгийг, 89 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эм худалдан авсан 55650 төгрөгийг
145 дахь талд авагдсан 94 гэж дугаарласан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр худалдан авсан цахилгаан гэрэлтүүлэгч, гэрэлтүүлгийн үнэ 94500 төгрөгийг, 96 гэж дугаарлагдсан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эм тариа авсан 30150 төгрөгийг, 97 гэж дугаарлагдсан 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр буюу 49 хоногоос хойш хүнсний зүйл 9100 төгрөгийг, 98 гэж дугаарлагдсан 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр буюу 49 хоногоос хойш худалдан авсан талхны үнэ 2000 төгрөг, 99 гэж дугаарласан 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр буюу 49 хоногоос хойш худалдан авсан архи, шар, айраг болон бусад хүнсний зүйл худалдан авсан 122147 төгрөгийг
146 дахь талд авагдсан 102 гэж дугаарласан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хоол ундаа худалдан авсан 64500 төгрөгийг, 103 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу хэрэг болохоос өмнө утас цэнэглэсэн 3000 төгрөгийг, 104 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тор худалдан авсан 250 төгрөгийг, 105 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр CU худалдааны төвөөс 1 ширхэг ундаа худалдан авсан 4300 төгрөгийг, 106 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бэлэн гоймон, улавч, иогурт 1 ширхгийг худалдан авсан 12500 төгрөгийг
147 дахь талд авагдсан 109 гэж дугаарласан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зам ашигласны төлбөр 1000 төгрөгийг, 110 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр халууны шил худалдан авсан 7600 төгрөгийг, 111 гэж дугаарлагдсан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түргэн хоолны газраас ундаа кофе шоколад худалдан авсан 12650 төгрөгийг,112 гэж дугаарлагдсан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зам ашигласны төлбөр 1000 төгрөгийг, 113 гэж дугаарлагдсан 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр худалдан авсан эмийн үнэ 88400 төгрөгийг, 115 гэж дугаарлагдсан 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр буюу 49 хоногоос хойш авсан шатахууны үнэ 101381 төгрөгийг,
148 дахь талд авагдсан 119 гэж дугаарлагдсан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зам ашигласны төлбөр 1000 төгрөгийг, 120 гэж дугаарлагдсан 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр буюу хэрэг болохоос өмнө худалдан авсан шатахууны үнэ 123006 төгрөгийг, 125 гэж дугаарлагдсан 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр худалдан авсан эмийн үнэ 33200 төгрөгийг,
149 дэх талд авагдсан 129 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 24-ны өдөр худалдан авсан эм тарианы үнэ 19000 төгрөг, 130 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр худалдан авсан экос ус, хурууны боолтын үнэ-4700 төгрөгийг, 132 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр авсан эмийн үнэ 31600 төгрөгийг, 134 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 цаг 05 минутад буюу хохирогч нас барснаас хойш цаг хугацаанд худалдан авсан эмийн үнэ 10750 төгрөгийг, 139 гэж дугаарлагдсан 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буюу хэрэг болохоос өмнө худалдан авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 19250 төгрөгийг,
151 дэх талд авагдсан 152 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр түргэн хоолны газраас авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 32350 төгрөг, 156 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр түргэн хоолны газраас авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 5000 төгрөг, 159 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр худалдан авсан эмийн үнэ 68000 төгрөг, 162 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр түргэн хоолны газраас авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 13050 төгрөгийг,
152 дахь талд авагдсан 166 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр чихэр жимс худалдан авсан 10835 төгрөгийг, 168 гэж дугаарлагдсан 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр цайны газраас хоол худалдан авсан 13000 төгрөгийг, 172 гэж дугаарласан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр цайны газраас хоол худалдан авсан 37000 төгрөгийг,
153 дахь талд авагдсан 176 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ундаа худалдан авсан 5000 төгрөгийг,
154 дэх талд авагдсан 186 гэж дугаарласан 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эм худалдан авсан 27400 төгрөгийг, 188 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр юу худалдан авсан нь тодорхойгүй 15000 төгрөгийг, 189 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эм худалдан авсан 17800 төгрөгийг , 190 гэж дугаарласан 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу хэрэг гарахаас өмнө хөргөгч хөлдөөгч худалдан авсан 1072800 төгрөгийг, 196 гэж дугаарласан түргэн хоолны газраас худалдан авсан кофены үнэ 4400 төгрөгийг,
155 дахь талд авагдсан 202 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр худалдан авсан цэвэр усны үнэ 5500 төгрөгийг,
156 дахь талд авагдсан 212 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу хэрэг болохоос өмнө цаг хугацаанд авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 12000 төгрөгийг, 215 гэж дугаарлагдсан 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр юу авсан нь тодорхойгүй 23500 төгрөгийг,
157 дахь талд авагдсан 221 гэж дугаарласан тамхи худалдан авсан 10000 төгрөгийг, 222 гэж дугаарлагдсан 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүнсний зүйл худалдан авсан 15200 төгрөгийг, 223 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ундаа худалдан авсан 3000 төгрөгийг, 227 гэж дугаарласан 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр буюу 49 хоногоос хойш худалдан авсан архины үнэ 72300 төгрөгийг, 228 гэж дугаарласан 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр буюу 49 хоногоос хойш цаг хугацаанд худалдан авсан архи усны үнэ 65900 төгрөгийг, 229 гэж дугаарлагдсан он сар өдөр тодорхойгүй гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авсан 77300 төгрөгийг,
158 дахь талд авагдсан 231 гэж дугаарласан 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр юу авсан нь тодорхойгүй 32000 төгрөгийг,
159 дэх талд авагдсан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр архи худалдан авсан 5200 төгрөгийг нийт 3,427,101 төгрөгийн зардлыг хохирогчийг эмчлүүлэх болон амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал гэж үзэхгүй учир шүүгдэгчийн төлөх төлбөрөөс дээрх 3,427,101 төгрөгийг хасаж, бичмэл нотлох баримтаар нотлогдсон 13,558,021 төгрөгийн зардлыг шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийг оршуулахад баримтгүйгээр гарсан зардлыг нэг бүрчлэн бичиж тэмдэглэсэн дэвтрийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч уг дэвтэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар авагдаагүй бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дэвтэрт бичигдсэн хохирол гэх 26000000 төгрөгийг шүүх хэлэлцээгүй болно.
1.4.2 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Л Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4-т зааснаар амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүд болон эхнэр Ц.Б гэм хор учруулсны төлбөрийг гэм хор учруулсан этгээдээс нэхэмжилсэн байна.
Иргэний хуульд зааснаар энэ төлбөрийг тооцохдоо нас барагчид өөрт нь болон хөдөлмөрийн чадвартай төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийн хасаад нас барагчийн цалин хөлсний дунджаар тогтоож үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасаж тооцохоор заасан.
Амь хохирогч Л.Н нь хэрэг болох үед Завхан аймгийн ......... хорооны удирдах байрын планшетын салаанд планшетчин-уншигчаар ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон ............ даргын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/85 дугаартай тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор, амь хохирогч Л.Н насанд хүрээгүй 4 хүүхдэд сард 678456 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсаар тус тус нотлогдсон байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.5-д “...нас барсан ажилтны ...ар гэрт олгох нөхөн төлбөрийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 6 сарын цалин хөлсөөр тооцно” гэжээ.
Л.Н сүүлийн 6 сарын цалин хөлсөөр дундаж цалин хөлсийг тооцоход сарын дундаж цалин 1,646,422 төгрөг байна. Үүнийг: гэр бүлийн гишүүдэд хуваахад 1 гишүүнд 274,403 төгрөг ноогдох ба нас барагчид болон хөдөлмөрийн чадвартай бөгөөд тэтгэвэр авах эрхгүй этгээд болох эхнэрийг хасахад хөдөлмөрийн чадваргүй 4 хүүхдэд ноогдох хэсэг нь 1,097,612 төгрөг байна. Хүүхдүүдэд ноогдох хэсгээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр 678,456 төгрөгийг хасч тооцоход 4 хүүхдэд оногдох нийт гэм хорын төлбөр 419,156 төгрөг ба нэг хүүхдэд 104,789 төгрөг байна.
Амь хохирогчийн охин Н.Н 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, Н.М нь 2016 оны 01 дүгээр сарын 31-нд, хүү Н.Н 2018 оны 12 дугаар сарын 27-нд, Н.М 2020 оны 02 дугаар сарын 29-нд төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэг, 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсгийн 508.4.1-д зааснаар Н.Н, Н.М, Н.Н, М нарыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тус бүр сард 104,789 төгрөгийн төлбөр тогтоож шүүгдэгч Н.Э сар бүр гаргуулах нь зүйтэй байна.
Амь хохирогч Л.Н нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Нас барснаас хойш хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд шүүгдэгч нь гэм хорын төлбөрт нийт 3,353,248 төгрөг төлөхөөр байх тул уг энэ хугацааны гэм хорын төлбөрийг шүүгдэгчийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 51,000,000 төгрөгөөс хасаж шүүгдэгчийг төлсөн гэж үзлээ.
Харин амь хохирогчийн эхнэр Ц.Б гэм хорын төлбөрийг тогтооход хангалттай баримт хэрэгт хэрэг авагдаагүй учир амь хохирогчийн гэр бүлийн гишүүн энэ талаар баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн гэм хорыг төлбөрөө шинэчлэн тогтоолгох эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч хохирогчид нийт 51,000,000 төгрөг төлсөн ба үүнээс оршуулахтай холбогдон гарсан зардал 13,558,021 төгрөгийг, 2023 оны 12 дугаар сарын 18-наас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны гэм хорын төлбөр 3,353,248 төгрөг нийт 16,911,269 төгрөг төлсөн гэж үзлээ. Шүүгдэгч 34,088731 төгрөгийг баримтгүйгээр төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж заасан ба Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байна.
Хэрэгт мөрдөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э хүсэлтийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоор шинжээч томилсон боловч Шүүх шинжилгээний ерөнхий газар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоос татгалзаж буцаажээ.
Шүүх шинжилгээний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу Хууль зүйн дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “ Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоон дүгнэлт гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг болон Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 36-д заасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож уг дүгнэлтийг шинжээчийн адилтган үзэхээр нэрлэн заасан гэмт хэргүүдэд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарахгүй байхад шинжилгээний байгууллага үндэслэлгүйгээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоогоогүй байна.
Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилж эрхээ сэргээн эдлэх боломжтой учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А “ шүүгдэгчийн баримтгүйгээр төлсөн 34,088731 төгрөгийг гэм хор учруулсны төлбөр болон, амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт тооцож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх гэм хор учруулсны төлбөрийг шинэчлэх тогтоолгох, амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн учир энэ тогтоолоор илүү төлсөн 34,088731 төгрөгийг шүүгдэгчийн төлөх төлбөрт нөхөн тооцох боломжгүй байна. Харин талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 34,088731 төгрөгийг төлбөрт тооцуулах боломжтойг тайлбарлах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т“...учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзнэ” гэж зааснаар шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 51,000,000 төгрөгийг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид 51,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан шүүгдэгчид 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирлыг нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Шүүгдэгчийн үйлдсэн хүнийг алах гэмт хэрэг нь хүний амьд явах жам ёсны эрхэд халдсанаараа хор уршиг нь хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй хүнд гэмт хэрэг бөгөөд хохирол нөхөн төлснөөр гэмт хэргийн хор уршиг арилсан гэж үзэхгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгаж CD бичлэгийг хэрэгт хадгалан үлдээж, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ............ овогт .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э оногдуулсан 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 255 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас хассугай.
5. Шүүгдэгч Н.Э өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсгийн 508.4.1-д зааснаар амь хохирогчийн хүүхэд Н.Н, Н.М, Н.Н, Н.М нарт тус бүр сард 104,789 төгрөгийн гэм хорын төлбөр тогтоож, Н.Э сар бүр төлбөрийг гаргуулж олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг 11,5 см, бариул хэсэг 11 см нийт 22.5 см урттай шаргал өнгийн бариултай хутгыг устгаж, CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь оршуулахтай холбогдон гарсан зардал 13,558,021 төгрөгийг, 2023 оны 12 дугаар сарын 18-наас 2024 оны 08 сарын 30-ны гэм хорын төлбөр-3,353,248 төгрөгийг төлсөн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 34,088,731 төгрөгийг баримтгүйгээр төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг, амь хохирогчийн эхнэр Ц.Б оногдох гэм хор учруулсны төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, шүүгдэгч түүний өмгөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор тогтоолыг гардаж авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА
П.ДОРЖБАЛ