Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
Хэргийн индекс | 136/2022/00023/И |
Дугаар | 136/ШШ2022/00048 |
Огноо | 2022-01-27 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 136/ШШ2022/00048
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, шүүгч Д.Наранцэцэг, Ц.Ариунзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дын Э /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ү /РД:/-д холбогдох
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 966,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Э;
Хариуцагч: Н.Ү;
Иргэдийн төлөөлөгч: Т.Энхтуул;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь Н.Үад холбогдуулан гэм хорын хохиролд 966,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр миний бие * ДГА улсын дугаарын УАЗ-469 маркийн машинтай Хатанбулаг сумаас гарч яваад Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт Суварга гэдэг газар хөдөө зам дээр авто осолд орсон. Авто ослоос үүдэж ар нуруу сээрэнд хүнд бэртэл авч мөн цээжин хэсэг хугарч уушги усажсан байсан. Энэ хүү авто осолд орсон цагаас хойш миний бие байнга өвдөж групп тогтоолгосон. Мөн цаашид рашаан сувилалд жил болгон явах шаардлагатай болсон. Н.Ү нь шүүх хурал болохоос өмнө байнга холбогдож гомдолгүй гэж хэлэх тусламж гуйж цаашид ах нь мөнгө санхүүгээр тусалж байна гэсэн боловч шүүх хурал дуусаад нэг ч удаа холбогдоогүй таарсан ч дуугардаггүй. Нэг удаа санхүүгийн дэмжлэг хүссэн боловч өгөхгүй гэдэг хариу хэлсэн. Миний бие байнга өвдөж сувилал эмчилгээнд тогтмол явж байгаа. Гэм хорын хохирол 966,000 төгрөг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү. Цаашид миний бие байнга өвдөж хөдөлмөр хийх чадваргүй байгаа тул тогтмол өвчин намдаах эм тариа хэрэглэж, жил болгон сувилалд явах шаардлагатай байгаа тул энэ бүх зардал мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна. гэв.
Хариуцагч Н.Ү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Ү миний зүгээс нэхэмжлэгч Д.Эийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Д.Э нь 4-5 жилийн өмнө надтай уулзаад мөнгө нэхсэн. Энэ үед би Улаанбаатар хот хамт явах зардал төлбөрийг нь гаргаад улсын төв эмнэлгүүдээр үзүүлж оношлуулъя гэхэд зөвхөн мөнгө авна гэсэн. Осол аваар гарснаас хойш 8 жил гаруй хугацаа өнгөрсөн 4-5 жил чимээгүй явж байгаад гэнэт эмчилгээний зардал нэхээд байгаа нь үндэслэлгүй ба тухайн үед шүүхээс тогтоосон бодит хохирлыг Д.Эт бүрэн төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.Э нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 966,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Ү төлөхөөр хүлээн зөвшөөрч, хариуцагч Н.Ү нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Н.Үад холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 966,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Э нь шаардлагаа багасгаж, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Ү 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонхирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Эээс хариуцагч Н.Үад холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 966,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Ү 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дотор 800,000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу 11,875 төгрөгийг хариуцагч Н.Үаас гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА
ШҮҮГЧИД Д.НАРАНЦЭЦЭГ
Ц.АРИУНЗУЛ