Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 136/ШШ2022/00048

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 136/ШШ2022/00048

Дорноговь аймаг

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, шүүгч Д.Наранцэцэг, Ц.Ариунзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг, Мандах наран 3 дугаар хороолол, 257 дугаар байр, 1-22 тоотод оршин суух, Хайрга овогт Дашжамцын Энхцэцэг /РД:ЕК86053163/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг, Ноён хутагт-85, Мандах наран 4 дүгээр хороолол, 501в байр, 2-52 тоотод оршин суух, Уран мижидийнхэн овогт Намсрайжавын Үнэн-Ундрах /РД:ЕЛ77102614/-д холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 966,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Энхцэцэг;

Хариуцагч: Н.Үнэн-Ундрах;

Иргэдийн төлөөлөгч: Т.Энхтуул;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь Н.Үнэн-Ундрахад холбогдуулан гэм хорын хохиролд 966,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр миний бие 79-02 ДГА улсын дугаарын УАЗ-469 маркийн машинтай Хатанбулаг сумаас гарч яваад Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт Суварга гэдэг газар хөдөө зам дээр авто осолд орсон. Авто ослоос үүдэж ар нуруу сээрэнд хүнд бэртэл авч мөн цээжин хэсэг хугарч уушги усажсан байсан. Энэ хүү авто осолд орсон цагаас хойш миний бие байнга өвдөж групп тогтоолгосон. Мөн цаашид рашаан сувилалд жил болгон явах шаардлагатай болсон. Н.Үнэн-Ундрах нь шүүх хурал болохоос өмнө байнга холбогдож гомдолгүй гэж хэлэх тусламж гуйж цаашид ах нь мөнгө санхүүгээр тусалж байна гэсэн боловч шүүх хурал дуусаад нэг ч удаа холбогдоогүй таарсан ч дуугардаггүй. Нэг удаа санхүүгийн дэмжлэг хүссэн боловч өгөхгүй гэдэг хариу хэлсэн. Миний бие байнга өвдөж сувилал эмчилгээнд тогтмол явж байгаа. Гэм хорын хохирол 966,000 төгрөг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү. Цаашид миний бие байнга өвдөж хөдөлмөр хийх чадваргүй байгаа тул тогтмол өвчин намдаах эм тариа хэрэглэж, жил болгон сувилалд явах шаардлагатай байгаа тул энэ бүх зардал мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна. гэв.

Хариуцагч Н.Үнэн-Ундрах шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Үнэн-Ундрах миний зүгээс нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Д.Энхцэцэг нь 4-5 жилийн өмнө надтай уулзаад мөнгө нэхсэн. Энэ үед би Улаанбаатар хот хамт явах зардал төлбөрийг нь гаргаад улсын төв эмнэлгүүдээр үзүүлж оношлуулъя гэхэд зөвхөн мөнгө авна гэсэн. Осол аваар гарснаас хойш 8 жил гаруй хугацаа өнгөрсөн 4-5 жил чимээгүй явж байгаад гэнэт эмчилгээний зардал нэхээд байгаа нь үндэслэлгүй ба тухайн үед шүүхээс тогтоосон бодит хохирлыг Д.Энхцэцэгт бүрэн төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 966,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Үнэн-Ундрах төлөхөөр хүлээн зөвшөөрч, хариуцагч Н.Үнэн-Ундрах нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь хариуцагч Н.Үнэн-Ундрахад холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 966,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь шаардлагаа багасгаж, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Үнэн-Ундрах 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонхирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Энхцэцэгээс хариуцагч Н.Үнэн-Ундархад холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 966,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Үнэн-Ундрах 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дотор 800,000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Энхцэцэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу 11,875 төгрөгийг хариуцагч Н.Үнэн-Ундрахаас гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА

ШҮҮГЧИД Д.НАРАНЦЭЦЭГ

Ц.АРИУНЗУЛ