Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2024/00317

 

 

ХУДНДГ-ын

даатгалын газрын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/03653 дугаар шийдвэр,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2024/01718 дугаар магадлалтай,

ХУДНДГ-ын даатгалын газрын нэхэмжлэлтэй

“К” ХХК-д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 1,680,873,791.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Ж.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч ХУДНДГ-ындаатгалын газар нь “К” ХХК-д холбогдуулан 2021 оны 06 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 1,144,959,448 төгрөг, алдангид 535,914,343.67 төгрөг, нийт 1,680,873,791.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/03653 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн  17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “К” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,680,873,791 төгрөгийг гаргуулж, ХУДНДГ-ын даатгалын газарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 8,568,319 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2024/01718 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/03653 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас “... 20 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг ...” гэснийг хасч,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2024/01718 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 хэсэгт заасан эрхийнхээ дагуу тус хуулийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Монгол Улсын Их Хурлаас 2023.07.07-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2024.01.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан. Хариуцагч “К” ХХК нь дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хорио цээрээс шалтгаалан 2021 оны 06 дугаар сараас 2023.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын өр төлбөр үүсэх болсон. Хариуцагчийн зүгээс 2024 он гарснаас хойш нийгмийн даатгалд нийт 113,358,052.28 төгрөг төлсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс нийгмийн даатгалын нэхэмжилсэн өр төлбөрөөс төлсөн төлөлтийг хасаагүй, энэ талаар шүүх дүгнэлт өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанд нийгмийн даатгалын төлөлт хийсэн талаар тайлбар гаргасан. Энэ талаарх баримтаа шүүхэд өгсөн боловч хүлээж аваагүй.

4.2. Мөн давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй байдлаар буюу хэрэг маргаан тус бүр дээрх хуулийн зохицуулалтыг өөр өөр байдлаар тайлбарлаж хэрэглэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Жишээлбэл: 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2024/00244 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Нийгмийн даатгалын хуулийн 20 дугаар зүйл дэх хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтыг 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэхээр зохицуулсан. Тодруулбал Зөрчлийн тухай хуульд Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих гэсэн 10.17 дугаар зүйлийг нэмж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцохоор заажээ. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ба захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн хуулийн этгээдэд хариуцлага тооцох асуудал нь үүнд хамаарахгүй. Иймд хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 98,002,145 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс алданги 48,528,201 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01185 дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хариуцагчаас 2022.05 сараас 2023.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 352,172,022 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Энэ шийдэлд зохигч гомдол гаргаагүй учир үйл баримтын талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй орхив. Харин хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өр нь Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/ үйлчилж байх хугацаанд хамаарч байх тул энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон Нийгмийн даатгалын ерөнхий хууль нь 2024.01.01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн тул зохигчийн маргаан бүхий харилцаанд үйлчлэхгүй. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги ногдуулж, алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Нэгэнт хариуцагчийн үүсгэсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарч байх тул энэ зохицуулалтын хүрээнд алданги гаргуулах шаардлагаас 105,651,606 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, үлдэх 47,858,798 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлт өгсөн.

Дээрхээс үзвэл 2024 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 210/МА2024/01718 дугаартай магадлалын хянавал 5-д “Хариуцагч компани нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй үндэслэлээ “Дэлхий даяар тархсан халдварт Ковид-19 цар тахлын үеийн хорио цээрээс шалтгаалан 2021 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлж барагдуулж чадаагүй. ... ” гэж тайлбарласан байхад шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй байх тул “...тооцооллын алдаа гаргаагүй тул Нийгмийн даатгалын тухай /1994 он/ хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд хамаарахгүй” гэх хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлтэй” гэж дүгнэжээ. Хариуцагч компанийн хувьд давж заалдах гомдолдоо “Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги буюу 535,914,343 төгрөгийг шүүх хангах үндэслэлгүй мөн Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгосон. Энэ заалтад “Тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0.1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан гэтэл шүүх алдангийг тооцохдоо уг зүйл, заалтыг яагаад баримталж байгаа нь ойлгомжгүй байна.

Нийгмийн даатгалын тухай /1994 он/ 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тооцооны алдаа гарснаас хойших” алданги тооцох гэж заасан. Тус заалт нь тооцооны алдаа гарсан бол алданги төлүүлэх талаар тодорхойлсон байсныг шүүх нийгмийн даатгал төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тайлбарлаж шүүхийн шийдвэрт тусгаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгааг дурдах нь зүйтэй. Тооцооны алдаа гэдэг нь нэмэх, хасах, үржих, хуваах зэрэг үйлдэл хийхдээ алдаа гаргаж нийлбэр дүн зөрүүтэй байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Энэ нь алданги тооцох үндэслэлгүй гэсэн тайлбар гаргасан. Мөн жишээнд дурдсан хоёр магадлалд тооцооны алдаа гаргаагүй ч алданги зохицуулсан хууль хэрэглээний хувьд өөр байдлаар тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлд заасан хууль тогтоомжийг буцаан хэрэглэх асуудалд анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний тайлбар гаргаагүй. Мөн хариуцагч компанийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тухайн 2024 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 210/МА2024/01718 дугаартай магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дах хэсгийн 172.2.1-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 172.2.4-т “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж зааснаар хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Мөн Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийг шүүх нэг ойлголтоор шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэх тул Монгол улсын жирийн нэг хуулийн этгээдийн эрх зүйн байдал нь татварын дарамт, нийгмийн даатгалын өндөр шимтгэл, торгууль, төрөөс ирэх хэт их дарамтаас болж дампуурлын шатанд тулаад байна. Иймд хяналтын шатны шүүх бодит байдал дээр тулгуурлаж, шударга ёсны зарчмыг тогтоож өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ШХТ2024/01437 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн гаргасан гомдлын заримыг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч ХУДНДГ-ын даатгалын газар нь “К” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги, нийт 1,680,873,791.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Ажил олгогч Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.2.2-т  заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлөх үүрэгтэй. “К” ХХК нь 2024.05.08-ны өдрийн байдлаар 2021.06 сараас 2024.03.31-ний өдрийг хүртэл төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 1,144,959,448 төгрөг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 44.1.2-т заасны дагуу дутуу төлсөн шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож 535,914,343.67 төгрөг, нийт 1,680,873,791.67 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. ...” гэж тайлбарласан.

8. Хариуцагч “К” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тайлбарын үндэслэлдээ: “... Дэлхий даяар тархсан халдварт Ковид-19 цар тахлын үеийн хорио цээрээс шалтгаалан 2021 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлж барагдуулж чадаагүй, "Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрүүлэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2020.01.31-ний өдрийн 39 дүгээр тогтоол гарснаас үүдэн харилцагч уул уурхайн байгууллагуудын экспортын орлого зогсож, түүнийг дагаад манай компанийн орлого, үйл ажиллагаа зогссон. Улсын хил, боомтууд 2021 оноос аажмаар нээгдсэн боловч хилээр гаргах экспортын бүтээгдэхүүний хэмжээ хязгаарлалтай байсан тул харилцагч байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги хэвээрээ байсан. Компаниар дамжуулан гадаадаас сэлбэг авах, засвар үйлчилгээ хийлгэх нь эрс буурсан. Компанийн үйл ажиллагаа ийнхүү хүнд нөхцөлд орсон ч бүтэц орон тоог багасгалгүй зээлийн санхүүжилтээр нийт 60-80 ажилтан албан хаагчдын цалин хөлс 1,201,086,070 төгрөгийг 2021 онд, 2,132.526,042 төгрөгийг 2022 онд, 1,082,647,280 төгрөгийг 2023 онд олгож ажилласан. Ковидын цар тахлын үед буюу 2021 оны 6 дугаар сараас эхлэн үүсээд байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн ихэнхи хэсэг нь буюу 671,597,203 төгрөг нь Ковид-19 тахлын үеийн нөхцөл байдлаас үүссэн өр. Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн хувьд маргахгүй, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тайлбарласан.

9. Анхан шатны шүүх хариуцагч “К” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрт “... Хариуцагч “К” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,144,959,448 төгрөгийн үлдэгдэлтэй талаар маргаагүй. Хариуцагчийн 2021-2023 оныг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, алданги төлөхтэй холбогдсон харилцаа нь Нийгмийн даатгалын тухай /1994 он/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт ... 2024 оны эхний 3 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, алданги төлөхтэй холбогдсон харилцаа нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т хамаарна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөгдөөгүй шимтгэлээр тооцон 535,914,343 төгрөгийн алданги шаардах эрхтэй. Хариуцагч байгууллагын үйл ажиллагаа саатсан, орлого буурсан зэрэг нь шимтгэл төлөгчид хариуцлага ногдуулахад саад болохгүй. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлоогүй ...” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаас "... 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг... ” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Магадлалд “... Хариуцагч компани нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй үндэслэлээ “Дэлхий даяар тархсан халдварт Ковид-19 цар тахлын үеийн хорио цээрээс шалтгаалан 2021 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлж барагдуулж чадаагүй ...” гэж тайлбарласан байхад шүүх Нийгмийн даатгалын тухай /1994 он/ хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь оновчгүй. Хариуцагч “К" ХХК нь 2021 оны 6 дугаар сараас 2023.12.31-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс тухайн үед дагаж мөрдөж байсан Зөрчлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр алданги төлөх үүрэг үүссэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх хугацаанд хамрах шимтгэлийн өр болох 1,039,246,572 төгрөгт 515,411,222 төгрөгийн алданги тооцсон нь зөв. Нэхэмжлэгч нь 2024.01.01-ний өдрөөс 2024.03.31-ний өдрийг дуусталх хугацааны төлөгдөөгүй шимтгэлийн өр нийт 105,712,876 төгрөгөөс ... 0.3 хувийн алданги тооцон 20,503,121 төгрөг нэхэмжилсэн нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасан зохицуулалтад нийцсэн...” гэж дүгнэсэн.

11. Анхан ба давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон байх ба ийнхүү зөрүүтэй хэрэглэсэн асуудал нь 2021 оны 06 дугаар сараас 2023.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын төлөөгүй шимтгэл 1,039,246,572 төгрөг, 2024.01.01-ний өдрөөс 2024.03.31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын төлөөгүй шимтгэл 105,712,876 төгрөгт алданги тооцох эсэх маргаанд хэрэглэх хуулийг тодорхойлох, холбогдох зохицуулалтыг хэрхэн тайлбарлах тухай асуудал байна. Энэхүү маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах Улсын дээд шүүхийн чиг үүрэгт хамаарна.

12. Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг адил тогтоосон. Тодруулбал, хариуцагч “К" ХХК-ийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 2021 оны 06 дугаар сараас 2024.03.31-ний өдрийг хүртэл хугацаанд 1,144,959,448 төгрөг болж хуримтлагдсан байх ба энэ өрийг хариуцагч төлж барагдуулаагүй байна. Хариуцагч энэ өр төлбөрийг төлөх ёстой, энэ талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаараа зохигч маргаагүй. Харин өр төлбөр хамаарах хугацаанаас шалтгаалан алдангийн харилцаанд ялгаатай хуулиуд үйлчлэх эсэх, 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алданги тооцох үндэслэл, Зөрчлийн тухай хуулийн алдангид холбогдох заалтыг хэрхэн хэрэглэх талаар зохигч маргаж байна.

13. Анхан шатны шүүх 2023.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын харилцаанд 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулийг, 2024.01.01-ний өдрөөс 2024.03.31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын харилцаанд  2024.01.01-ний өдрөөс мөрдсөн Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэнэ гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэнэ гэж дүгнэжээ. Маргаантай харилцаа 2021 оны 06 дугаар сараас 2024.03.31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс үүссэн байх тул уг харилцаанд ялгаатай эрх зүйн зохицуулалт үйлчлэх тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

14. Нийгмийн даатгалын тухай /1994 он/ хуулийн “Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага” гэх нэртэй 20 дугаар зүйлийг 2020.01.10-ны өдөр өөрчлөн найруулсан. Тус өөрчлөлтийн дагуу 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0.1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байхаар заажээ.

Уг зохицуулалт нь ажил олгогч-даатгуулагчийн алданги төлөхтэй холбоотой маргаанд үйлчлэхээр байхын зэрэгцээ энэ зохицуулалтаар алданги тооцох урьдчилсан нөхцөл тавьсан гэж үзэхээр байна. Тодруулбал, алданги тооцох нийгмийн даатгалын шимтгэлийн өр нь “тооцооны алдаанаас үүссэн нийгмийн даатгалын шимтгэлийн дутагдал” байхыг энэ зүйл, заалтаар шаардсан. Харин зохигчийн маргаж байгаа хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийн өр нь тооцооны алдаанаас үүссэн гэх боломжгүй байна. Даатгуулагч-ажил олгогч “К” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө тайлангаар мэдүүлж, аливаа тооцооны алдаа гаргаж байгаагүй, энэ талаар улсын байцаагчаас акт тавьж, тооцооллыг залруулж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хуулийн дээрх хэм хэмжээг хэрэглэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах үндэстэй.

15. Дээрх хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,039,246,572 төгрөгт 515,411,222 төгрөгийн алданги тооцсон нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасантай нийцэх талаар давж заалдах шатны шүүх дүгнэж, энэ хэсэгт холбогдох алдангийг гаргуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрөн маргасан байна. Давж заалдах шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйл, тус зүйлийн тайлбарын агуулга, уг зохицуулалтыг хэрэглэх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны журмын талаар тухайлсан дүгнэлт өгөөгүй байна.

  Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 20 дугаар зүйлийг 2020.01.10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж ..... хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. ...” гэж, харин хуулийн тайлбар хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус зохицуулсан. Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.15-д нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг шалгахаар заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд тооцох алдангид холбогдох зөрчлийг хянан шалгаж улсын байцаагч акт тогтоосон нөхцөл байдал тогтоогдоогүй, уг актын талаар зохих харьяалал журмын дагуу гомдол гаргах даатгуулагч-ажил олгогчийн эрхийг хангасан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд хариуцагч хуулийн этгээдийн шимтгэл төлөх үүрэгт ногдуулах алдангийг Зөрчлийн тухай хуулийн дагуу хянан шийдвэрлээгүй тул тус хуулийн дагуу алданги нэхэмжлэх үндэслэл бүрдээгүй гэх агуулга бүхий хариуцагчийн гомдол үндэстэй. Энэ талаар зохих дүгнэлт хийгээгүй давж заалдах шатны шүүхийн алдааг залруулна.

16. Харин Нийгмийн даатгалын тухай хууль мөрдөгдөж эхэлсэн 2024.01.01-ний өдрөөс 2024.03.31-ний өдөрт хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийн өр 105,712,876 төгрөгт хоног тутамд 0.3 хувийн алданги тооцон 20,503,121 төгрөг нэхэмжилсэн нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасан зохицуулалтад нийцсэн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

17. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл бүрдсэн гэх хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2021 оны 06 дугаар сараас 2023.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 1,039,246,572 төгрөгт Зөрчлийн тухай хуулийн 10.17 дахь заалтыг үндэслэн алданги 515,411,222 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон, 2024.01.01-ний өдрөөс 2024.03.31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 105,712,876 төгрөгт тооцсон алданги 20,503,121 төгрөг гаргуулах шаардлага болон нийгмийн даатгалын шимтгэлийн нийт өр 1,144,959,448 төгрөгт холбогдох хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2024/01718 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/03653 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-аас нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэлийн өр 1,144,959,448 төгрөг, алданги 20,503,121 төгрөг, нийт 1,165,462,569 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХУДНДГ-ын даатгалын газарт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 515,411,222 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 5,985,263 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “К" ХХК-аас  2024.10.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,837,522 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                  Н.БАЯРМАА

                                                                                                 П.ЗОЛЗАЯА  

                                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД