Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Улсын яллагч: Э.Гантулга.

Хохирогч: Д.Бадамгарав,

Шүүгдэгч: М.Мөнгөншагай, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн М.Мөнгөншагайд холбогдох эрүүгийн 201705000057 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Пүрэв гэлэн овогт Мөнхөөгийн Мөнгөншагай. /НА89102075 регистрийн дугаартай /

 Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч М.Мөнгөншагай нь 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-34-02 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Бадамгаравын эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Мөнгөншагайн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Би 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө Харуулын даргаас буугаад Д.Бадамгарав, Д.Мөнх-Оргил, В.Төмөрсүх бид дөрөв Цэргийн ангийн арын “Нархан" хүнсний дэлгүүрээс гурван том пиво аваад Д.Бадамгаравын гэр болох Баянхонгор сумын Номгон 1 дүгээр 34-02 тоотод очиж, бид дөрөв хувааж ууж дуусгаад би дахин гурван том пиво аваад нэгийг нь ууж дуусах гэж байхад В.Төмөрсүх Д.Мөнх-Оргилыг хүргэж өгөх явсан. Д.Бадамгарав бид хоёр үлдээд пиво ууж байхад Д.Бадамгаравтай хамт байр түрээслэн суудаг Ц.Мөнхзолбоо найз н.Ууганжаргалын хамт орж ирсэн. Тэгээд пиво ууж байхад Д.Бадамгарав “Чи миний доод он биз дээ би чамайг ах нараас чинь өмөөрдөг нь миний буруу болоо юу” гээд хэрүүл маргаан хийсэн. Ц.Мөнхзолбоо, н.Ууганжаргал нар бид хоёрыг салгасан. Би тэр хоёртой хамт гарч яваад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Дөвөнтийн” заалны хажууд айлд очиход байхгүй байсан.Тэгээд В.Төмөрсүх рүү залгахад “Би Д.Бадамгаравынд очиж байна. Чи ороод байж бай” гэсэн. Би Д.Бадамгаравынд очиход Д.Бадамгарав “ Чи ахынхаа урдаас юм ярьдаг болсон уу” гээд миний толгой руу цохиод байхаар нь би “ он жавууд дундаас ганцаараа би чамайг та гэдэг шүү” гээд уур хүрээд... заазуур аваад түүний зүүн гарын бугалга хэсэгт зүссэн. В.Төмөрсүх гаднаас орж ирээд юу болж байна гэхэд Д.Бадамгарав хутга барьж “чамайг би ална” гээд над руу дайрахаар нь би В.Төмөрсүхийн араар орж байгаад гэрээс гараад гаднаас тоосго аваад Д.Бадамгаравын толгой хэсэгт нь хальт цохисон. В.Төмөрсүх биднийг салгаад намайг авч явсан. Дараа нь би В.Төмөрсүхийг явж бай гэж явуулчихаад зам дээр байж байхад Д.Бадамгаравын найз охин н.Батцэцэг хүрч ирсэн...бид хоёр Д.Бадамгаравынд хамт очоод түүний гарыг нь дагаж урссан цусыг цэвэрлэж өгөөд байж байхад салаан дарга Д.Очирбат ирсэн. Би гутлын үдээсээ тайлаад Д.Бадамгаравын гар дээгүүр нь цусыг нь боож өгсөн.Тэгээд бид нар эмнэлэг дээр ирсэн удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг Цагдаагийн газар руу аваад явсан.

Д.Бадамгарав бид хоёр 2012 оноос эхлэн бие биенийгээ таньдаг болсон. Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хамт ажиллах үеэс дотно найзууд болсон гэх мэдүүлэг. /хх-ийн 50-51/

Шүүгдэгч М.Мөнгөншагай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хэрэг болдог өглөө Д.Бадамгарав, Д.Мөнх-Орил, В.Төмөрсүх бид дөрөв цэргийн ангийн арын дэлгүүрээс гурван пиво авч ууж дуусгаад би дахин гурван том пиво аваад нэгийг нь хувааж ууж дуусах гэж байхад В.Төмөрсүх Д.Мөнх-Оргилыг хүргэж өгөх гээд явсан. Тэр хойгуур Д.Бадамгарав бид хоёр маргалдсан.

Д.Бадамгаравтай хамт амьдардаг Ц.Мөнхзолбоо гаднаас найзтайгаа орж ирсэн. Тэгээд Д.Бадамгарав бид хоёр маргалдаад би тэднийхээс гараад Дөвөнтийн заалны тэнд айлд очиход эзэнгүй байсан. Би буцаад явах замдаа В.Төмөрсүх рүү утсаар залгаад чи хаана явна гэхэд Д.Бадамгаравынд очих гэж байна гэсэн. Би В.Бадамгаравынд ороход тэр ахынхаа өмнөөс юм ярьдаг болоо юу гээд толгой руу цохиод авахаар миний уур хүрээд заазуур аваад Д.Бадамгаравын зүүн гарын бугалга хэсэгт зүссэн. Тэгээд салаан дарга Г.Очирбат, Д.Бадамгаравын найз охин нар ирээд эмнэлэг дээр очиход цагдаа нар ирсэн гэв.

Хохирогч Д.Бадамгарав хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Би 2017 оны 01 сарын 29-ний өглөө шалганы жижүүрийн постоос буугаад Б.Төмөрсүх, Д.Мөнх-Орил, М.Мөнгөншагай бид дөрөв цэргийн ангийн хойд талд байдаг “Нархан” хүнсний дэлгүүрээс 2,5 литрийн багтаамжтай гурван том пиво аваад манай гэрт очиж уусан. М.Мөнгөншагай дахин гурван том пиво аваад нэгийг нь ууж дуусгаад Б.Төмөрсүх, Д.Мөнх-Оргилыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. М.Мөнгөншагай бид хоёр гэрт үлдэн пиво уугаад байж байхад надтай хамт байр түрээслэн суудаг Ц.Мөнхзолбоо, найз н.Ууганжаргалтай хамт зааланд тоглох гэж байгаа гээд орж ирсэн. Тэр үеэр би Т.Мөнгөншагайгаас хэрүүл гуйсан. Би чамайг ах нараас өмөөрдөг нь миний буруу байсан юм уу гэж хэлээд толгой хэсэгт гараараа хоёр удаа цохиод авахад М.Мөнгөншагай та болиоч гээд бид хоёр маргалдахаа болиод Ц.Мөнхзолбоо, н.Ууганжаргал, М.Мөнгөншагай гурав гэрээс гараад явсан. Би гэртээ унтахаар хэвтэж байхад М.Мөнгөншагай орж ирсэн. Тэгээд бид хоёр дахиад маргасан. М.Мөнгөншагай заазуур аваад миний зүүн гарын бугалга хэсэгт зүсэхээр нь би хутга аваад чамайг би бас ална гээд дайрах үед гаднаас В.Төмөрсүх орж ирсэн.Тэгээд миний барьж байсан хутгыг аваад салгахад М.Мөнгөншагай гаднаас тоосго авч орж ирээд миний толгойн хэсэгт цохисон.

...Би М.Мөнгөншагайтай эвлэрсэн хохирлоо нөхөн төлүүлсэн. Одоо ямар нэг санал, гомдол байхгүй гэх мэдүүлэг./хх-ийн 24-25/

Хохирогч Д.Бадамгарав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би шалган туслах жижүүрээс буусан. Ахлагч М.Мөнгөншагай, ахлагч Д.Мөнх-Оргил, В.Төмөрсүх бид дөрөв цэргийн ангийн “Нархан” дэлгүүрээс гурван пиво аваад манай гэрт уусан. М.Мөнгөншагай дахин гурван пиво аваад нэгийг нь ууж дуусах гэж байхад Д.Мөнх-Оргилыг В.Төмөрсүх хүргэж өгөх гээд явсан. М.Мөнгөншагай бид хоёр үлдээд пиво ууж байхад гаднаас надтай хамт амьдардаг Ц.Мөнхзолбоо нэг найзынхаа хамт орж ирсэн.

 Ахлагч М.Мөнгөншагайгаас би оны ялгаа гаргаад үг гуйгаад бид хоёр маргалдсан. Би М.Мөнгөншагайг нэг цохиод авсан. Ц.Мөнхзолбоо миний хоёр ах яагаад хоорондоо маргалдаад байгаа юм гээд салгаад Ц.Мөнхзолбоо, М.Мөнгөншагай тэр гурав манайхаас гараад явсан. Би унтах гээд хэвтэж байхад М.Мөнгөншагай буцаад орж ирэхээр нь би “Чи яагаад сонин, сонин ааш зан гаргаад байгаа юм” гэхэд М.Мөнгөншагай “би яасан юм” гэхээр нь би “Би чамайг ах нараас өмөөрдөг нь миний буруу болоо юу” гээд нэг цохиод авахад М.Мөнгөншагай заазуур аваад намайг зүссэн. Тэгэхээр нь би чи намайг зүссэн юм бол би чамайг хутгална гээд хутга аваад М.Мөнгөншагай руу дайрахад гаднаас В.Төмөрсүх орж ирээд та хоёр чинь юу болоод байгаа юм гээд миний барьж байсан хутгыг булааж авсан.

М.Мөнгөншагай гаднаас тоосго барьж орж ирээд миний толгойн хэсэгт цохисон. Тэгээд би салаан дарга Г.Очирбатын утас руу залгаад ахлагч М.Мөнгөншагай бид хоёр хоорондоо маргалдаад М.Мөнгөншагай намайг хутгалчихлаа гэхэд салаан дарга Г.Очирбат манайд ирсэн. Би түүнд болсон явдлын талаар хэлсэн. Бид нар 103 дээр ирэхэд 103-ын эмч нар цагдаа дуудсан байсан. Тэгээд бид нарыг цагдаа нар ирээд аваад явсан.

Одоо миний биеийн байдал зүгээр болсон. Тухайн үед болсон хэрэг миний буруугаас болсон. Хохиролд 100000 төгрөг М.Мөнгөншгайгаас авсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Гэрч В.Төмөрсүх хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Би 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө Цэргийн ангид марш тактикийн бэлтгэл хийх гээд 10 цаг болж байхад ирсэн. М.Мөнгөншагай, Д.Бадамгарав, Д.Мөнх-Оргил нартай таараад цэргийн ангийн ард талын “Нархан” хүнсний дэлгүүрээс гурван том пиво, дахин гурван пиво аваад нэгийг нь ууж дуусгаад Д.Мөнх-Оргилтой хамт гэрт нь очсон...М.Мөнгөншагай над руу залгаад “ Би Д.Бадамгаравтай маргалдаад Д.Бадамгарав намайг цохиж аваад байна чи хүрээд ир гэсэн. Тэгээд би Д.Бадамгаравын гэрт ороход М.Мөнгөншагай гэрийн урд талд баруун гартаа заазуур барьсан зогсож байсан. Би М.Мөнгөншагайгаас заазуурыг нь аваад цааш нь түлхсэн. Д.Бадамгарав хутга бариад М.Мөнгөншагайг ална гээд дайрсан. Би Д.Бадамгаравын бугуйнаас бариад хутгыг нь салгаж холдуулсан. Тэр хойгуур М.Мөнгөншагай гаднаас тоосго аваад хажуугаар шидэх шиг болсон. Би М.Мөнгөншагайг аваад гэрээс гараад, буцаж орж Д.Бадамгараваас хутгыг нуусан. М.Мөнгөншагайг гэрт нь хүргэж өгөх гэхэд яваагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31/

Гэрч Ц.Мөнхзолбоогийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2017 оны 01 дүгээр сарын 29-ний 16 цагийн үед найз н.Ууганжаргалын хамт гэрт ороход Д.Бадамгарав, М.Мөнгөншагай нар согтуу хоорондоо маргалдаад байж байсан.

...Бид хоёрыг гаднаас орж ирэхэд Д.Бадамгарав, М.Мөнгөншагайгийн баруун хацар луу нь хоёр удаа алгадаж авсан. Би боль гээд тэр хоёрыг салгаад н.Ууганжаргал, М.Мөнгөншагай бид гурав хамт гэрээс гараад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39/

Гэрч Г.Очирбатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2017 оын 01 дүгээр сарын 29-ний 17 цагийн үед Д.Бадамгарав утсаар залгаад М.Мөнгөншагай намайг хутгалчихлаа та хүрээд ирэх үү гэсэн. Би Д.Бадамгаравынд очиход түүний зүүн гарын бугалга хэсэгт зүсэгдсэн мэт шархтай М.Мөнгөншагай, Д.Бадамгарав хоёр байж байсан. Эмнэлэгт Д.Бадамгаравыг хүргээд оёдол хийлгээд байж байхад цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35/

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн:

1.Д.Бадамгаравын биед зүүн гарын бугалганд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэхь заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 41-42/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 8-12/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-19/, хураан авах тогтоол, тэмдэглэл /20-21/, хохирогч Д.Бадамгаравын мэдүүлэг /24-25/, хохирол төлсөн баримт /хх-ийн 27/, гэрч Д.Мөнх-Оргилын мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч В.Төмөрсүхийн мэдүүлэг /хх-ийн 30-31/, гэрч Ц.Мөнхзолбоогийн мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч Г.Очирбатын мэдүүлэг /34-35 гэрч М.Мандахын мэдүүлэг /хх-ийн 36-37/, амбулаторит хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас / хх-ийн 40/, шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/, шүүгдэгч М.Мөнгөншагайн мэдүүлэг /50-51/, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаар тодорхойлолт, хохирлын баримт /хх-ийн 62/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-65/, шүүгдэгч М.Мөнгөншагайн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 67/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 3/165 дугаар тодорхойлолт /хх-ийн 71/, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар тодорхойлолт /хх-ийн 72/, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн замын ротын хийц бэлтгэх салааны арматурчин, зааварлагч ахлагч М.Мөнгөншагайн зан байдлын тодорхойлолт / хх-ийн 73/ зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч М.Мөнгөншагай нь 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-34-02 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Бадамгаравын эрх чөлөөнд заазуур барин халдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Мөнгөншагайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51/, шүүгдэгч М.Мөнгөншагайн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Бадамгаравын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25/, хохирогч Д.Бадамгаравын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч В.Төмөрсүхийн мэдүүлэг /хх-ийн 30-31/, гэрч Ц.Мөнхзолбоогийн мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч Г.Очирбатын мэдүүлэг /34-35/ шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн... “Д.Бадамгаравын биед зүүн гарын бугалганд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэхь заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/ гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан заазуур болон тоосгыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 22/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Мөнгөншагайд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч М.Мөнгөншагай нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Мөнгөншагайн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Д.Бадамгарав нь хохирлоо барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар бичгээр илэрхийлсэн ба шүүгдэгч М.Мөнгөншагайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, 55.1.3-д заасан учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9-д заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч М.Мөнгөншагай нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д.Бадамгаравт гэмт хэргийн улмаас учирсан зардалд 100000 / нэг зуун мянган/ төгрөгийг төлж барагдуулж, эвлэрсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хохирогч Д.Бадамгарав нь “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” болохоо шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр болон бичгээр илэрхийлсэн байх тул М.Мөнгөншагайг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч М.Мөнгөншагай нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй” тухайгаа бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Мөнгөншагайн эзэмшлийн SAMSUNG S2 маркийн imel 359959046452433 дугаартай гар утсыг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи SAMSUNG S2 маркийн imel 359959046452433 дугаартай гар утсыг эзэмшигч М.Мөнгөншагайд буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар хар иштэй 10 см уртай, 17.5 см төмөр биетэй заазуур, гурван хэсэгт хуваагдсан шавар тоосго зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч М.Мөнгөншагай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 297 дугаар зүйлийн 297.4,298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Пүрэв гэлэн овогт Мөнхөөгийн Мөнгөншагайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан шүүгдэгч Пүрэв гэлэн овогт Мөнхөөгийн Мөнгөншагайд холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч М.Мөнгөншагай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнгөншагайн SAMSUNG S2 маркийн imel 359959046452433 дугаартай гар утсыг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи SAMSUNG S2 маркийн imel 359959046452433 дугаартай гар утсыг эзэмшигч М.Мөнгөншагайд буцаан олгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар хар иштэй 10 см уртай, 17.5 см төмөр биетэй заазуур, гурван хэсэгт хуваагдсан шавар тоосго зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч М.Мөнгөншагайд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3,303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.              

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ