Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 136/ШШ2022/00054

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 136/ШШ2022/00054

Дорноговь аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг, Үзүүрийн 2 гудамж, 221 тоотод оршин суух, Тогооч овогт Мандахбаярын Цэсмаа /РД:ЕЕ92102407/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Мандах сумын 4 дүгээр багт оршин суух, Даш овогт Галсанжавын Идэржаргал /РД:ЕЕ93061116/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: М.Цэсмаа,

Хариуцагч: Г.Идэржаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.Цэсмаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М.Цэсмаа миний бие 2013 оноос хойш Г.Идэржаргалтай хамтын амьдрал зохиож, 2014 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүү И.Маргад-Эрдэнэ төрсөн. 2017 оны 05 дугаар сараас тус тусдаа амьдрах болсон. Амьдарч байх хугацаандаа гэр бүлийн баталгаагүй байсан. тэр үеэс хойш хүү маань миний асрамжид амьдарч байна. Одоо бид тус тусын амьдралтай болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү И.Маргад-Эрдэнэд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч М.Идэржаргал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Цэсмаагийн нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүх хуралдааныг зарлаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчээс Мишээлт мана ӨЭМТ-ийн тодорхойлолт /хх-2/, Дорноговь аймгийн Сайншанд сумын 002 дугаартай албан бичиг /хх-3/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-4/, И.Маргад-Эрдэнийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.Цэсмаа нь хариуцагч Г.Идэржаргалд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Г.Идэржаргал болон М.Цэсмаа нарын дундаас 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүү И.Маргад-Эрдэнэ төрсөн бөгөөд Г.Идэржаргалаар овоглосон, эрүүл өсөн бойжиж, сургуульд сурдаг болох нь 4401000364 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, Мишээлт мана өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Идэржаргал овогтой Маргад-Эрдэнэ нь 2014 оны 08 дугаар сарын 03-нд төрсөн. Одоо эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. гэх тодорхойлолт /хх-2/, Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 002 дугаартай Идэржаргалын Маргад-Эрдэнэ /ЕЮ14280315/ нь тус сургуулийн Д.Мөнхзаяа багштай 2а ангид сурдаг нь үнэн болно. гэх тодорхойлолт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Зохигч нар  нь гэрлэлтээ батлуулаагүй ба хамтран амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харилцааны улмаас салж тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү И.Маргад-Эрдэнэ нь эх М.Цэсмаагийн асрамжид хүмүүжиж байгаа талаар зохигч тайлбар гаргаж байна.

Хариуцагч Г.Идэржаргал нь хариу тайлбар болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүү И.Маргад-Эрдэнэд хуульд заасны дагуу тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгч М.Цэсмаа нь шүүх хуралдаанд тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу сар бүр гаргуулах хүсэлтэй байгаа талаар тайлбар гаргаж байх ба хариуцагчаас хүлээн зөвшөөрч байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү И.Маргад-Эрдэнийг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр эцэг Г.Идэржаргалаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Г.Идэржаргалаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Даш овогт Идэржаргалын Маргад-Эрдэнийг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр эцэг Г.Идэржаргалаар тэжээн тэтгүүлсүгэй.

2.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Г.Идэржаргалаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА