| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2021/00305/И |
| Дугаар | 02 |
| Огноо | 2021-12-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 02
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т банкны Аршанд тооцооны төвийн /УБД:..., РД:.../, төлөөлж тус тооцооны төвийн захирал Б овогт Б.Б /РД: ..., утас: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, А овогт Б.Г /РД: ..., утас .../, ... ажилтай, Б овогт Д.Н /РД: ..., утас .../ нарт холбогдох
Үндсэн зээлийн төлбөр 21,017,602.33 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөр 1,186,615.83 төгрөг, хүүний төлбөр 41,950.65 төгрөг, нийт 22,246,169 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг 2021 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Г, Д.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банкны Аршанд тооцооны төв шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б овогтой Г /РД:.../, Д овогтой Н /РД:.../ нар нь Төрийн банкны Аршанд тооцооны төвөөс 2018 оны 11-р сарын 27-ны өдөр дугаар 281700166161 тоот зээлийн гэрээ байгуулан 28,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, сар бүр тэнцүү 670,414.38 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр гэрээт цалингийн зээл авсан болно. Зээлийн барьцаанд хөргөгч, зурагт, компьютер зэргийг барьцаанд тавьсан болно. Зээлдэгч Б.Г, Д.Н нар нь зээлийн төлөлтийг хуваарийн дагуу төлж байгаад 2020 оны 09-р сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийг хуваарийн дагуу төлөлгүй хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний 3.2.3, 3.2.4, 3.2.5, 3.2.7, 3.2.8, 3.3, 6.2, 6.2.1, 6.2.2, 6.3 дахь заалтуудыг тус тус удаа дараа зөрчсөн болно. Өнөөдрийн байдлаар буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны үлдэгдлээр үндсэн зээлийн үлдэгдэл 21,017,602.33 төгрөг, үндсэн зээлийн хүүний төлбөр 1,186,615.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 41,950.65 төгрөг, нийт 22,246,169.00 төгрөгийг Б.Г, Д.Н нар нь төлөхгүй өнөөг хүрээд байна. Зээлдэгч Б.Г, Д.Н нар нь зээл төлөх хугацаа хэтэрсэн талаар байнга утсаар сануулж, биечлэн уулзан мөн банкны мэдэгдэх хуудас зэргийг байнга өгч зээлдэгчээс зээл төлөх талаар гар өргөдөл зэргийг авч байсан боловч зээлийн төлбөрийг өдий болтол хийгээгүй одоогийн байдлаар 272 хоног хугацаа хэтрээд байна. Иймд зээлийн гэрээний 3.2.4 Монгол Улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /Зээлдэгч нас барсан эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ Гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах гэж зааснаар зээлдэгч зээлээ төлж барагдуулахгүй байгаа учир зээлдэгч Б.Г, Д.Н нараас зээлийн нийт төлбөр болох 22,246,169 төгрөг, тэмдэгтийн хураамжийн зардал 269,181 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байгаа учир шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа зээлийг тодорхой хугацаанд хувааж төлөхөөр гаргасан байсан. Үүнийг манай төвөөс зөвшөөрөөгүй учир шүүх хуралдааныг хийлгэж байна гэжээ.
Хариуцагч Б.Г, Д.Н нар шүүхэд ирүүлсэн хариу тайлблартаа: Б овогтой Г, Д овогтой Н бидний бие нь Төрийн банк ХХК-ийн Ар шанд тооцооны төвийн нөхцөлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 22,246,169 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. Нэхэмжлэлийн үндсэн зээлийн хүүгийн төлбөр 1,186,615.83 төгрөг, хүүгийн төлбөр 41,950.65 төгрөг, нийт 1,228,566.48 төгрөгийг 2022 оны 1 сарын 20-ны өдрийн дотор төлнө. Үндсэн зээлийн төлбөр болох 21,017,602.33 төгрөгийг 2022 оны 02 сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдөр 690,000 төгрөгөөр 2021 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 1,007,602.33 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Г одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, би ганцаараа ажиллаж байгаа тул уг зээлийг би л төлөх байх гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банкны Аршанд тооцооны төв нь хариуцагч Б.Г, Д.Н нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 21,017,602.33 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөр 1,186,615.83 төгрөг, хүүний төлбөр 41,950.65 төгрөг, нийт 22,246,169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боловч хариуцагч Д.Н нь ганцаараа ажил хийдэг тул цалингаасаа төлж барагдуулна гэж тайлбарласан.
Хариуцагч Б.Г, Д.Н нар нь Төрийн банкны Аршанд тооцооны төвөөс 2018 оны 11-р сарын 27-ны өдөр дугаар 281700166161 тоот зээлийн гэрээ байгуулан 28,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, сар бүр тэнцүү 670,414.38 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр гэрээт цалингийн зээл авсан нь барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 14/, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний шаардлагыг хангасан гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч нар нь 2020 оны 09-р сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийг хуваарийн дагуу төлөөлгүй хугацаа хэтрүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 272 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа зээлийн төлөлтийг тодорхой хугацаанд хувааж төлөхөөр ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч зөвшөөрөөгүй тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болно. Шүүх хуралдаан дээр хариуцагч Д.Н-ын тайлбарт ганцаараа ажил хийдэг тул цалингаасаа зээлийг төлж барагдуулан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч талаас хариуцагч Б.Г, Д.Н нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлүүлэхээр шаардсан.
Хариуцагч Б.Г, Д.Н нар нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул үндсэн зээлийн төлбөр 21,017,602.33 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөр 1,186,615.83 төгрөг, хүүний төлбөр 41,950.65 төгрөг, нийт 22,246,169 төгрөгийг гаргуулж Төрийн банкны Аршанд тооцооны төвд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Г, Д.Н нараас үндсэн зээлийн төлбөр 21,017,602.33 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөр 1,186,615.83 төгрөг, хүүний төлбөр 41,950.65 төгрөг, нийт 22,246,169 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Аршанд тооцооны төвд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г, Д.Н нараас 269,181 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б