Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/708

 

 

 

 

 

   2024         09          10                                     2024/ШЦТ/708

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч “***” түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн “***” холбогдох эрүүгийн 2405000001038 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, “***” оны 03 дугаар сарын 04-ний өдөр “***” суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “***” ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт “***” тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, “***”, /РД: “***” /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч “***”нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны шөнө Баянгол дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” дэн буудалд хохирогч “***” эзэмшлийн “Самсунг Галакси А-55” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***”мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бүртгэлийн Г-7329 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 02 дахь тал/,

Хохирогч “***”:

“...Би 2024 оны 06 дугаар сарын 17-ны 03 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Eagly” нэртэй дэн буудалд “Самсунг Галакси А-55” гар утсаа гээсэн тул цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан. Тухайн үед “***” нэртэй дэн буудалд орохдоо хааяа хамт ажилладаг “***” гэх залуутай хамт орсон. Тэр буудалд байхдаа “***” бид хоёр 2.5 литрийн пиво 1 ширхгийг, 0.5 литрийн лаазтай пиво 2 ширхгийг хувааж уусан. Тэгээд “***” миний биед халдах гээд байхаар нь би түүнийг буудлын үйлчлэгч рүү худлаа ярьж явуулаад, тэр хооронд нь эсрэг талын өрөө рүү орж нуугдсан. Миний гар утас цүнхэнд байсан, би цүнхээ үүрсэн байсан. Миний нуугдаж байсан өрөөнд нэг эрэгтэй хүн байсан. Тэр хүн миний биед хүрээгүй гэж би бодож байгаа. Хэсэг хугацааг сайн санахгүй байгаа. Тэгээд буцаад өөрийнхөө байсан өрөөнд орсон цүнхээ үзтэл миний гар утас байгаагүй. Тэгээд би цагдаа дуудсан. Тэр буудалд ямар нэгэн камерын бичлэг байхгүй гэсэн. ...Би санахгүй байгаа. Хэсэгхэн хугацааг би юу хийснээ мэдэхгүй санахгүй байгаа. ...Би гар утсаа 2024 оны 05 дугаар сарын 20-ны үеэр 1.540.000 төгрөгөөр Мобикомын “Хархорин”-гийн салбараас худалдан авч байсан. Имей код нь  351351021169760, 352040571169762. Миний утас хар өнгөтэй, саарал өнгийн кэйстэй. Өөр содон шинж тэмдэг байхгүй...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

Гэрч “***”:

“...Би “***” гэх хүний эхнэр нь байгаа юм. Би 2010 оноос хойш гэр бүл болсон. Манай нөхөр 2024 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 05 цагийн орчимд цэвэрлэж байгаад сая олоод авч ирлээ гэж хэлээд надад тухайн “Самсунг Галакси А-55” загварын хар өнгийн гар утсыг түр барьж бай гээд надад өгөөд би тухайн өдрөөс хойш өөрийн “***” дугаарыг хийгээд утсыг барьж ашиглаж байсан чинь цагдаагаас намайг дуудаад ямар асуудлаар ирсэн бэ? гэхэд би мэдэхгүй байна гэсэн чинь нөхрийн надад өгсөн гар утас хулгайлсан гар утас байсан. Манай нөхөр хаанаас хэрхэн яаж тухайн гар утсыг олж авсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 924/10195 дугаартай “... “Самсунг Галакси А-55” загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 06 дугаар сарын байдлаар 1.300.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов ...” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 22-25 дахь тал/,

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хавтаст хэргийн 5 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч “***” нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хохирогч “***” 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Гантөмөр, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “***” холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч “***”нь:

2024 оны 06 дугаар сарын 17-ны шөнө Баянгол дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх дэн буудалд хохирогч “***” эзэмшлийн “Самсунг Галакси А-55” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч “***”, гэрч “***” нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь “****” шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “***”“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “***”1.300.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид “Самсунг Галакси А-55” загварын гар утсыг биет байдлаар буцааж өгсөн байх тул шүүгдэгч “***” бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч “***” эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүгдэгч “***” нь нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч “***”эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

-Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405000001038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***”нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч “***”ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “***” оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***”нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “***” урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “***” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ