| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0687/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/710 |
| Огноо | 2024-09-10 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/710
2024 09 10 2023/ШЦТ/710
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Д.Агар /Тээврийн прокурор/,
шүүгдэгч “***” нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “***” холбогдох эрүүгийн 2403004390515 тоот дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, “***” оны 12 дугаар сарын 20-ний өдөр “***” төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, “***” мэргэжилтэй, “***” үйлчлэгч ажилтай, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт “***” тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, “***” , /РД: “***” /.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “***”нь “***” даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А-474 дугаартай тушаалаар баталсан “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх тухай журам”, хүний нөөцийн сонгон шалгаруулалтад орох үедээ бусдыг төөрөгдөлд оруулж, “***” мэргэжил эзэмшсэн гэж 2021/203 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан ажилд томилогдсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***”мэдүүлэхдээ: “...Тэр үнэмлэхийг анх хуурамч гэдгийг мэдээгүй. Манай таньдаг эгч “цахимаар сургалтад суугаад энэ үнэмлэхийг авч болно” гэж хэлсэн. Гэхдээ би цахимаар сургалтад суугаагүй. Сүүлд цагдаа ирэхээр нь энэ үнэмлэх хуурамч юм байна гэж мэдсэн. Одоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “***”,
“...Шалгаж үзсэн зүйл байхгүй, яагаад гэвэл Замын даргын А/474 дугаартай тушаалд хүний нөөцийн сонгон шалгаруулалт явуулахдаа мэргэжлийн үнэмлэхийг эх хувиар биш, нотариатаар баталгаажуулсан хуулбарыг бүрдүүлэх материалд хавсаргах гэж заасны дагуу эх хувийг шалгаж үзэлгүй авдаг. Зорчигчийн вагон депод 2021/203 дугаартай хуурамч мэргэжлийн үнэмлэх ашиглаж ажилд орсон “***” гэх иргэнийг бол харвал таних байх, тэрнээс бол танихгүй, “***” нь вагоны үйлчлэгчээр ажиллаж байгаа. Тухайн ажилтын хувьд Улаанбаатар төмөр замтай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг хийж гүйцэтгэсэн, түүнд тохирсон цалин хөлс авсан учраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депод хохирсон зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-122 дэх тал/,
Гэрч “***” /:
“...Манай байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй. Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно. Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвд элсэн суралцаж төгсөөгүй. “***” ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил, тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай сургалтын төвийг суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан мөн танил талаараа гуйлган авсан мэргэжлийн үнэмлэхүүд байна. Төмөр замын байгууллагын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх эсвэл засварчин, туслах машинч болох ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил, талаар гуйлган авсан иргэдэд миний зүгээс асуулдаг орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжлийн үнэмлэх гаргуулан авсан төмөр замын байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө хариуцна гэж хэлээд гаргуулан авч байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 94-97, 100-103 дахь тал/,
Гэрч “***” /:
“...Mergejil.mn буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 100-102 дахь тал/,
Гэрч “***” /:
“...Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх нь жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин гэх мэт, мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй. “Үндэсний үнэт цаас” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 105-107 дахь тал/,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх спортын сайдын хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А267 дугаартай тушаалаар баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам”-ын хуулбар, /хавтас хэргийн 73 дахь тал/,
“***” -ийн хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой материал, ажлын байрын тодорхойлолт, цалин хөлсний мэдээлэл, ажилд авах тухай тушаал, /хавтаст хэргийн 143-165 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч “***” “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт “Зорчигч вагоны үйлчлэгч” мэргэжил эзэмшсэн гэх мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, мөн энэ гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй гэж үзсэн” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “***” холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “***”нь:
“***” даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А-474 дугаартай тушаалаар баталсан “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх тухай журам”, хүний нөөцийн сонгон шалгаруулалтад орох үедээ бусдыг төөрөгдөлд оруулж, зорчигчийн вагоны үйлчлэгч мэргэжил эзэмшсэн гэж 2021/203 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан ажилд томилогдсон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “***”, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн 1/78 дугаартай албан бичиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх спортын сайдын хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А267 дугаартай тушаалаар баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам”-ын хуулбар, “***” 30/1264 дугаартай албан бичгээр хавсаргаж ирүүлсэн “***” /”***”/-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой материал, ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсний мэдээлэл, ажилд авах тухай тушаал болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “***” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “***”“Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн хохирогч “***” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “***” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч “***”нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд “***”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “***” шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “***” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***” 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***” оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “***”нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 2021/203 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***”нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “***” урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “***” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ