| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0654/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/694 |
| Огноо | 2024-09-05 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/694
2024 09 05 2023/ШЦТ/694
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч П.Итгэл /Тээврийн прокурор/,
шүүгдэгч “***”нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Нямдоржийн Лхагвадуламд холбогдох эрүүгийн 2403004110541 тоот дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, “***” оны 08 дугаар сарын 10-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, “***” настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, “***” мэргэжилтэй, “***” ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдүүдийн хамт “***” тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, “***”, /РД: “***”/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “***”нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв’’-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын “***” дугаартай “***” мэргэжил эзэмшсэн гэх “***” болохыг мэдсээр байж ашиглаж 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “***” ажилд орсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***”мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “***”:
“....”***”нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангид ажиллаж байна. Тухайн ажилтны хувьд Улаанбаатар төмөр замтай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг хийж гүйцэтгэсэн, түүнд тохирсон цалин хөлс авсан учраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам хохирсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 124-125 дахь тал/,
Гэрч “***”/Улаанбаатар төмөр зам ХНН, замын 2 дугаар ангийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн/:
“...Улаанбаатар төмөр замын ХНН-ын даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн а/474 тоот тушаалаар “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журам” гэж баталсан байдаг. Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журамд заасны дагуу замчнаар ажилд орох хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж авдаг. Журмын хавсралтад заасан бүртгэлийн 2 хавсралт материал байдаг ба хавсралтын дагуу материалыг хүлээж авдаг. Шинээр ажилд орох гэж байгаа иргэн нь “Ажилд орохыг хүссэн өргөдөл, дэлгэрэнгүй анкет, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ сертификат, иргэний үнэмлэх” зэргийг бүрдүүлж тус ангийн хүний нөөцийн тасагт өгсөн байх ёстой. Тус журмын 3.2.2-т зааснаар баланстай аж ахуй нэгжийн даргын мэдлийн албан тушаалд хийгдэх сонгон шалгаруулалтын комиссыг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй тухайн нэгжийн дарга тухай бүр томилж ажиллуулна гэж заасны дагуу манай байгууллага замчдыг сонгон шалгаруулахад Ерөнхий инженер, хүний нөөцийн тасгийн дарга, сургалтын инженер, хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан инженер зэрэг хүмүүс сонгон шалгаруулалтын комисст байдаг. Манай байгууллага шалгалтын аргыг хэрэглэж сонгон шалгаруулалтыг явуулдаг..”, “...”***”нь ажилд орохдоо манай байгууллагад “***” дугаартай ОУЗХАҮ-ын институтийн дэргэдэх “***” “төмөр замын замчин” гэх мэргэжлийн үнэмлэхтэй ирсэн. Төмөр замын замчин гэх мэргэжлийн үнэмлэх нь ажилд томилох гол шалгуур бөгөөд тухайн үнэмлэхгүй бол манай байгууллагын журмаар ажилд томилох боломжгүй юм...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 128-129 дэх тал/,
Гэрч “***”/Улаанбаатар төмөр зам, ХНН, Замын 2 дугаар ангийн тэргүүлэх нягтлан бодогч/:
“...”***”/”***”/ нь 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдөр дагалдан замчнаар томилогдон өнөөдрийг хүртэл замчнаар 3 жил 5 сар тасралтгүй ажиллаж байна.”, “...Замчин ажилтай “***”/”***”/ нь Улаанбаатар төмөр зам ХНН-ын Замын 2 дугаар ангид замчнаар 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс эхэлж 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нийт цалин 73.257.350 төгрөг бодогдож үнээс хувь хүний орлогын албан татварт 5.817.561 төгрөг, нийгмийн даатгалын шитгэлд 8.378.601 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн татварт 684.358 төгрөгийг суутгуулж гарт 58.378.829 төгрөгийн цалин авсан байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 136-137 дахь тал/,
Гэрч “***”/”ЯБГУ” ХХК-ийн дэргэдэх “Бүтээгч” сургалтын төвийн гүйцэтгэх захирал байсан/:
“...Манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргаагүй фото цаасан дээр гаргадаг байсан...”, “...Манай байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 90-93 дахь тал/,
Гэрч “***”/Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтэд мэргэжилтэн/:
“...Mergejil.mn буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 96-98 дахь тал/,
Гэрч “***”/Боловсролын ерөнхий газрын Сургалт хөтөлбөр, үнэлгээ, хэрэгжилтийн газрын суралцагчийн үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн/:
“...Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх нь жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин гэх мэт..”, “...Хамаарна. Мэргэжлийн сургалтын бие даасан нэг том салбар учраас.”, “...Мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй. Үндэсний үнэт цаас ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 101-103 дахь тал/,
Гэрч “***”дахин өгсөн /”ЯБГУ” ХХК-ийн дэргэдэх “Бүтээгч” сургалтын төвийн гүйцэтгэх захирал байсан/:
“...Надад харуулсан “***” дугаартай мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна..”, “...Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно..”, “...Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвд элсэн суралцаж төгсөөгүй. Улаанбаатар төмөр замын байгууллагад ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил, тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай сургалтын төвийг суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан мөн танил талаараа гуйлган авсан мэргэжлийн үнэмлэхүүд байна..”, “...Төмөр замын байгууллагын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх эсвэл засварчин, туслах машинч болох ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил, талаар гуйлган авсан иргэдэд миний зүгээс асуулд орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжлийн үнэмлэх гаргуулан авсан төмөр замын байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө хариуцна гэж хэлээд гаргуулан авч байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 106-109 дэх тал/,
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн:
“...Бүтээгч сургалтын төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/97, А/231 дүгээр тушаалаар батлагдсан “Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын дагуу мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ авч байгаагүй болно...” гэсэн 1/78 дугаартай албан бичиг, /хавтаст хэргийн 36 дахь тал/,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх спортын сайдын хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А267 дугаартай тушаалаар баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журмын”-ын хуулбар, /хавтас хэргийн 37-43 дахь тал/,
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн “...Нэр бүхий иргэдийн мэдээлэл мэргэжлийн сургалтын байгууллагын www.mergejil.mn нэгдсэн системд бүртгэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн 1/190 дугаартай албан бичиг, /хавтаст хэргийн 85 дахь тал/,
Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангиас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 29/901 дугаартай албан бичгээр хавсаргаж ирүүлсэн “***”-ын хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой материал, ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсний мэдээлэл, ажилд авах тухай тушаал, /хавтаст хэргийн 154-165 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч “***” “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт “***” мэргэжил эзэмшсэн гэх мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, мөн энэ гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь энэ төрлийн гэмт хэргийг урьд шүүхүүдээр шийдвэрлүүлэхдээ гэм хорын хохирол төлбөр гаргуулаагүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үүднээс гом хорын хохирлыг гаргуулах саналгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүхээс прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “***” холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “***”нь:
Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Бүтээгч сургалтын төв’’-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын “***” дугаартай “Төмөр замын замчин” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ажилд орсон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “***”, гэрч “***”, “***”, “***”, “***”, “***” нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн 1/78 дугаартай албан бичиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх спортын сайдын хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А267 дугаартай тушаалаар баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журмын”-ын хуулбар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн 1/190 дугаартай албан бичиг, Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангиас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 29/901 дугаартай албан бичгээр хавсаргаж ирүүлсэн “***”-ын хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой материал, ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсний мэдээлэл, ажилд авах тухай тушаал болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч “***”нь хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул “***” гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “***” “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн хохирогч Улаанбаатар төмөр замын хууль ёсны төлөөлөгч, “***” “***”нь Улаанбаатар төмөр замтай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг хийж гүйцэтгэсэн, түүнд тохирсон цалин хөлс авсан тул Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам хохирсон зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчээс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гаргуулах шаардлагагүй гэснийг дурдах нь зүйтэй.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “***” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч “***”нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч “***” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй “***” ял шийтгэв.
Шүүгдэгч “***” цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “***”“Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лхагвадуламд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “***”нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан “***” дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***”нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “***” урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “***” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ