Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/21

 

Л.Б, Л.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Ш.Б, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.А, шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Б.Б, хохирогч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Л.Б, Л.Т нарт холбогдох 2017000770065 дугаартай 1 хавтас 209 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.А нарын гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Л.Б, Л.Т нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг давсгэр Эрдэнэтолгой гэх газраас Ц.Д ханшаанд хашсан байсан малаас 2 тооны ямаа, 1 тооны хонь нийт 3 тооны бог малыг мотоцикль ашиглан хулгайлж 425 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Л Б, Б овогт Л Т нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Т 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улбар шар өнгийн LY4YCCKV4KK000337 арлын, YG162FMJ 8J000174 моторын дугаартай улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 1 500 000 төгрөгийг шүүгдэгч Л.Б, Л.Т нарт тэнцүү хувааж, тус бүрээс 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн “Мөрдөн байцаалтын 2017000770065 тоот хэрэг” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Л.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

   Шүүгдэгч Л.Б өмгөөлөгч Ц.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шийтгэх тогтоолын заалтуудад гомдол гаргасан. Үүнд оногдуулсан ял хүндэдсэн байна. Өөрөөр хэлбэл машин механизм ашигласан гэж хүндрүүлсэн. Мөн бүлэг гэдгээрээ зүйлчлэл 2 луу орсон байгаа. Хохирлоо арилгасан учраас 1 жил 4 сарын хорих ял оногдуулсан. Үүнд гомдол гаргасан. Хоёрдугаарт гэмт хэрэгт ашигласан гэж мотоциклийг хураана гэж үнийг шүүгдэгч нарт тэнцүү хувааж гаргуулсан. Дээрх зүйлүүдэд үндэслэн гомдол гаргасан. Мотоциклийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого биш. Харин зориулалтын дагуу малаа маллуулахын тулд мотоцикл авч өгсөн байгаа. Мөрдөн байцаалтын явцад Б хувьд надтай ярьж байсан. Таниар өмгөөлүүлнэ. Намайг янз бүрээр дарамтлаад байна гэж байсан. Тэгээд би мөрдөгч Г ярьсан. Би өмгөөлөгчөөр оролцоно. Б бичиг үсэг мэдэхгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч заавал оролцуулах ёстой гэдгийг мөрдөгчид сануулж хэлсэн. Гэтэл мөрдөгч уг асуудлыг харгалзан үзэхгүйгээр эхнэрийг нь мөрдөн байцаалтад оролцуулаад мэдүүлэгт гарын үсэг зуруулаад явсан зүйл байгаа. Б тухайд хоригдож байх хугацаанд нь уулзахад би энэ хэрэгт оролцоогүй гэсэн зүйлийг ярьдаг. Б мотоциклыг хураана гэсэн талаар бас хэлж байсан. Мөрдөгч мотоциклыг нь хураалаа гэж хэлээд 3 сар гаран журмын хашаанд хийсэн байдаг. Дээрх байдлуудаас хэлэхэд Б нь өөрийнхөө эрхийг эдэлж чадаагүй. Мөн Т бид 2-ыг их загнасан гэж хэлдэг. Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн журмыг зөрчсөн. Болдбаатарын эрхийг зөрчсөн асуудлууд гаргасан. Үүнээс харахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн зүйлийг давж заалдах гомдол дээрээ нэмж тайлбарлаж байна. Зөвхөн Б хэлснээр тайлбар дээрээ бичсэн асуудал биш. Мөн хохирогч надтай ярьсан. Та хохиролд 3 үхэр эсвэл 23 хонь өгч хохирлоо барагдуул. Тэгэхгүй бол Мөрдөгч болон прокурор миний талын хүн байгаа. Би энэ хавийн бүх хулгайн хэргийг хүлээлгэнэ гэж надтай ярьсан. Тэгэхээр би хохирлыг төлж болно. 3 үхэр өгч болно. Харин чи эхнэртэй нь ярьчихаад эргээд надтай ярих уу? гэхэд чамтай яриад байх зүйл байхгүй. Хэргийг мөрдөж байгаа мөрдөгч нь миний талын хүн. Мөн хяналт тавьж байгаа прокурор нь миний талын хүн байгаа учраас хохирлыг барагдуулчих юм бол би хэргийг прокурор дээр хаалгана. Хэрэв төлөхгүй гэвэл Чойрын бүх малын хулгайн хэргийг Б, Т 2-т хүлээлгэнэ гэсэн. Тэгэхээр нь би та бухимдаад яах вэ? хэрэг шалгагдаж байгаа юм чинь шийдэгдэх байх гэж хэлсэн. Тэгсэн намайг чи хэн юм гээд асуусан. Би өөрийгөө өмгөөлөгч гэдгийг хэлээгүй. Болдбаатар дээр миний мал байдаг. Эхнэр нь зөвшөөрх юм бол таны хохирлыг барагдуулъя гэж хэлсэн. Би аль болох энэ хүмүүсийг эвлэрүүлэх талаас нь ярьсан. Тэгээд би мөрдөгч Г гээд залуутай яриад Б бичиг үсэг мэдэхгүй заавал өмгөөлөгч оролцуулаарай гэж хэлсэн. Тэгсэн бид нар шийдчихэн гэж хэлсэн. Би хялбаршуулсан журмаар шийдүүлж болох уу? гэхэд хүсэлтээ гаргачих гэж хэлсэн. Үүний дагуу прокурорт хүсэлт гаргасан байгаа. Гэтэл 3 үхэр төл гэсэн. Тэгэхээр нь би эхнэрээс нь малынх нь дансыг аваад шалгаж байна. Хэрвээ эхнэртэй нь ярилцаж тохироод хохирлыг төлж болно гэж хэлсэн. Мөн прокурорт нь хэлсэн. Мотоциклийг 3 сар гаран битүүмжилсэн байгаа учраас мотоциклийг нь өгч болохгүй юм уу? гэхэд мотоциклоор хулгай хийсэн гэсэн зүйлийг хэлсэн. Эдгээрээс харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Мөн өмгөөлөгч оролцуулахгүйгээр асуудлыг шийдсэн. Миний зүгээс анхан шатны шүүхийн тогтоолын заалтуудад гомдол гаргасан. Болдбаатараас мэдүүлэг авахад нь Анхаа гээд эхнэр нь гарын үсэг зурсан байсан. Үүнийг шүүхээс өмгөөлөгчийн оронд эхнэрийг нь оролцуулж болно гэж үзэх юм бол ялаас нь багасгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Өмгөөлөгчийн хувьд дээрх ажилгаануудаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Энэ байдлаар шийдэх юм бол тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. Мотоциклын тухайд гэмт хэрэг үйлдээд олсон ашиг орлогоос авсан гэж үзээд байна. Өөрөөр хэлбэл 1 500 000 төгрөгөд дүйцүүлж хурааж байгаа. Гэмт хэргээс олсон ашиг орлого байсан бол хурааж болно. Үүнээс үзэхэд мөн адил хуулийг буруу тайлбарласан асуудал байгаа. Энэ хэрэг нь 8 сарын хугацаанд  мөрдөгдсөн. Хэргийг шийдэхдээ танилууд хоорондоо ярилцаад шийдсэн гэж харагдаж байгаа. Хуулийг ноцтой зөрчөөд байна гэж мөрдөгчид хэлэхэд бид шийднэ гэж хэлсэн учраас хувийн ашиг сонирхолтой хүмүүс нийлээд энэ хэргийг шийдсэн мэт харагдаж байна. Тиймээс дутуу хийгдсэн ажиллагаануудыг шалгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Л.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ирээд миний мотоциклыг аваад утсаар яриад ирье гээд явсан. Тэгээд ирэхдээ 3 хонь туугаад ирсэн. Өглөө нь намайг хонио харчихаад ирэхэд хохирогч ах  ирсэн байна. Надаас мал сураад наад У чинь манай тэр хавиар явсан юм биш үү гэж хэлсэн. Ах нь мөрөөр нь яваад ирлээ гэж хэлэхээр нь хотноос нь авчихсан байна гэж бодсон. Хохирогчтой уулзсан чинь өгдөг газарт чинь өгнө гэж хэлээд явсан гэжээ.

Прокурор: Өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг сонслоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэхээс илүү таамаг төдий байдлаар гомдол гаргаж байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Яагаад гэхээр Б гэдэг хүн бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй гэдэг зүйл анхнаасаа хөндөгдөж байсан. Би гомдол мэдээлэл хүлээн авснаас нь эхлээд бичиг үсэггүй хүн учраас өмгөөлөгч заавал оролцуулаарай гэхэд төлбөрийн чадваргүй гээд улсын өмгөөлөгч Б.Б өмгөөлөгч  томилогдож бүх ажиллагаанд оролцож явсан байгаа. Б өмгөөлөгчийн оролцсон байдал нь мэдүүлэг авах ажиллагаанд оролцож гарын үсэг зурагдсан баримт нь хавтаст хэрэгт байгаа. Мөн машин механизм ашигласан гэсэн асуудал байхгүй. Мотоциклийн үнийн дүн болох  1 500 000 төгрөгийг улсын орлого болгож байгаа гэж ойлгож байгаа нь буруу ойлголт юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин, механизм болон тээврийн хэрэгслийг хамруулж ойлгоно гэж хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Хоёрдугаарт ялыг хүндэдсэн 2/1 оногдуулах ёстой гэсэн асуудлыг ярьж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг 2 жил, дээд хэмжээг 8 жилийн хорих ялаар тогтоосон гэмт хэрэг йлдсэн хүнийг гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг төлсөн байдал зэргийг харгалзан үзээд тухайн зүйл ангийн 2/1-ээс багагүй гэж хуульд заасан байгаа. Харин өмгөөлөгчийн хэлснээр заавал 1 жилийн хорих ял оногдуулна гэсэн тодорхойлон заасан зохицуулалт байхгүй. Тиймээс ялыг тохирсон гэж үзэж байна. Мөн энэ хэрэгт прокурор, мөрдөгч, хохирогчийг хувийн ашиг сонирхлоор хандсан гэж яриад байна. Бидний зүгээс хохирогчийн өмнөөс шүүгдэгч нарыг дарамтлаад хэрэг хүлээлгэсэн зүйлийг яриад байна. Мөн Б нь мотоциклийг битүүмжлэх гээд байна гэсэн зүйлийг ярьж байсан. Үүний дагуу мотоциклийн эзэмшигч, өмчлөгчийг тогтоо гэсний дагуу А гэх хүнээс мэдүүлэг авсан байгаа. Үүнээс үзэхээр Б өмчлөлийн мотоцикл биш гэдэг нь тогтоогдсон учраас ямар нэгэн прокурорын шийдвэрээр битүүмжилж Алтанзул гэх хүний өмчлөх, эзэмших эрхэнд халдсан зүйл байхгүй. Дээр зүйлүүдээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

 Хохирогч Ц.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний 12 ямаа 9 хонь дутуу байгаа. Энэ хоёр 2020 оны 04 дүгээр сарын 19-ны орой хагасыг нь гаргаж тавьсан. Харин маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаан өндрөөс 2 хонь үхэртэйгээ цуг хөөж явж байгаад эзэн нь таарахаар  хаяад зугтаад явсан. Энэ талаараа надад ярьж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний орой 3 хонь аваад явсан байсан. Та 2 цуг явж байсан байна. Гутлын чинь мөр энэ байна гэхэд Б би цуг явсан гэсэн. Би хүний хүүхэд хардаад яах вэ? гээд мөрдөөд ирлээ гээд гэрт нь орсон. Тэгэхэд гэр дүүрэн гэдэс үнэртэж байсан. Гэдсийг нь хэн янзалсан талаар мэдэхгүй. Манай 3 мал байсан. Тэгсэн  2 эр ямаа гаргаад алдсан урагшаа давихаад явсан. Мөн нэг эр хонь байсан тэрийг Б даахгүй болохоор замдаа үлдээсэн. Хар толгойтой хонь байсан гэж хэлэхээр нь би чамайг алдсан 3 малаа олоод ирэх юм бол цагдаад өгөхгүй гэж хэлсэн. Тэгсэн Б, Т нар мотоциклоороо сундлаад явсан. Би араас нь шүүгдэгч нарыг тосож очоод та 2 олоод ирэхгүй яасан бэ? гэсэн айлын хониор хайгаад явахаар намайг хулгайч гэж бодно гэсэн. Тэгсэнээ орой нь билүү маргааш нь манайд ирээд танд 2 тугалтай үнээ өгье дээр нь мотоциклоо өгье тэгээд 2-лаа тохиролцоё гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 тугалтай үнээг авч болон харин мотоциклийн асуудлыг би хэлж мэдэхгүй байна гэж хэлсэн. Би энд байнга байдаггүй Дорнод аймагт байдаг. Хавар мал төллөх болохоор ирдэг. Би ирэн, очин байдаг хүн. Би энэ 2-ыг мотоциклтой болоод энэ хавийн малыг хулгай хийгээд байгаа юм болов уу гэж санаад байгаа. Манай нутгийн хэд хэдэн хүмүүс бариад дандаа төлүүлсэн байдаг. Б гээд манай нутгийн дүүгийн хонийг хулгай хийж байгаад баригдаад газар дээр нь төлсөн гэж надад Б хэлж байсан. Хавар хонин Б хонийг ачаад явсан гэж ярьж байсан. Одоо миний үлдсэн алга болсон мал гарч ирэх ёстой учраас хэргийг дахин мөрдөж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Л.Т өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Т өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүх дээр Л.Б, Л.Т нарын өмгөөлөгчөөр оролцож байсан. Харин Давж заалдах шатны шүүх дээр Л.Б нь Ц.А өмгөөлөгчтэй оролцож байна. Шүүгдэгч Л. Б тухайд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үеэс эхэлж өмгөөлөгчөөр оролцсон. Үүнийг ярихаас өөр арга байхгүй. Ямар нэгэн танил гэсэн үүднээс Л.Б өмгөөлөгчөөр оролцоогүй. Тухайн хүний хувьд бичиг үсэг мэдэхгүй, төлбөрийн чадваргүй иргэдэд хуулийн туслалцаа үзүүлэх хуулийн дагуу тухайн хүнд хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас Б амьжиргааны дундаж түвшингээр тодорхойлогдсон. Хэрвээ өөрөө төлбөрийн чадваргүй гэдгээ нотлоод ирсэн тохиолдолд өмгөөллийн туслалцаа үзүүлэх боломжтой байдаг. Тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байна. Та өмгөөлөгчөөр оролцоод өгөөч гэсэн хүсэлтийн дагуу өмгөөлөгчөөр оролцсон. Тэрнээс ямар нэгэн хуулийн байгууллагын хэн нэгэнтэй танил тал болж энэ хүнийг ялд унагахын тулд өмгөөлөгчөөр оролцоогүй гэсэн тайлбарыг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас дундаж түвшинд тодорхойлогдоод ирж байгаа нөхцөлд бол өөрийгөө төлбөрийн чадваргүй гэдгийг нотлоод ир гэсэн. Болдбаатар нь миний ажлын байранд 2-3 удаа ирсэн. Ирээд өөрөө бичиг үсэг мэдэхгүй учраас эхнэртэйгээ ирээд бичгээр хүсэлтээ бичсэний үндсэн дээр өмгөөлөгчөөр оролцсон. Энд ямар нэгэн шахалт шаардлагаар орсон зүйл байхгүй. Нэгэнт Б, Т нарын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож ирсэн. Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын явцад бид хоёр Д гэдэг хүний 3 тооны хонийг хулгайлсан гэж ярьж байсан. Хавтаст хэрэгтээ танилцахад гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тодорхой. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байгаа. Тухайн гэмт хэрэг маань 2-8 жилийн хорих ялтай зүйл анги. Тийм учраас өмгөөлөгчийн үүрэг ямар байх вэ? шүүгдэгчид ямар ашигтай  байдал, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байдал зэргийг хараад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар нэгэнт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хорих ялаас хөнгөрүүлэх боломжтой байна гэдэг үүднээс Б, Т нартай ярьж 1 жил 4 сарын хорих ялыг прокурортой ярилцаж байж шийдвэрлэсэн байгаа. Үүнд ямар нэгэн дарамт шахалт байгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял хүртэл доошлуулах боломж байгаа боловч яагаад 1 жил 4 сарын хорих ялыг прокурортой тохиролцсон бэ? гэхээр шүүгдэгч  нар нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дээрх зүйл ангиар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан. Хувийн байдлаас нь үзэхээр 2-лаа урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдсон учраас нэг жил хүртэлх хугацаагаар ялыг доошлуулах боломжгүй. Үүнд А өмгөөлөгчийн хувьд арай өөр саналтай байх шиг байна. Нэгэнт Б нь бичиг, үсэг мэдэхгүй учраас өмгөөлөгч оролцуулах ёстой. Тухайн хүний эрх ашгийг хүндэлж аль ч шатанд өмгөөлөгч оролцсон. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ хууль зөрчсөн асуудал байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатанд Б нь өөр өмгөөлөгчтэй оролцож байгаа учраас Т ямар байр суурьтай байгаа талаар цагдан хорих байранд очиж уулзаж байсан. Тэгэхэд миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс давж заалдах гомдол санал байхгүй гэдгийг илэрхийлж байсан. Харин А өмгөөлөгчийн хүсээд байгаа  зүйл дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг 1 жил болгох юм бол миний зүгээс дэмжинэ. Мөн Б эрх ашиг сонирхлыг зөрчихөд өмгөөлөгчийн оролцоо байгаа гэж ярьж байгаа нь хууль ёсны бус ёс зүйн асуудал хөндөгдөх асуудал яригдаж байна. Тиймээс тодорхой тайлбар хэлэх нь зүйтэй гэж үзсэн гэжээ.

Шүүгдэгч Л.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт Б ахтай хулгай хийсэн гэж худлаа хэлсэн. Би тэр үед ганцаараа хулгай хийсэн. Г явж 3 малыг тууж ирсэн. Хашаанаас нь орж авсан. Айсандаа Б ах байсан гэж худлаа хэлсэн гэжээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

 

  Шүүгдэгч Л.Б, Л.Т нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг давсгэр Эрдэнэтолгой гэх газраас Ц.Д ханшаанд хашсан байсан малаас 2 тооны ямаа, 1 тооны хонь нийт 3 тооны бог малыг мотоцикль ашиглан хулгайлж 425 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

  Шүүгдэгч Л.Б түүний өмгөөлөгчийн: ... оногдуулсан хорих ял хүндэдсэн байх тул 4 сарыг хасах, бусдын өмчлөлийн мотоциклийн үнийг хувь тэнцүүлэн гаргуулахаар заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

  Учир нь шүүгдэгч Л.Б хэргийн нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хүнд биш байх тул ялаас хасах үндэслэлгүй байна.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт  2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан тус бүр 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулсан нь тохирсон байна гэж үзлээ.

 

  Мөн шүүх нь эрүүгийн хэргийг Аймгийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт ‘’... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана’’ гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь зөв байна. Өөрөөр хэлбэл прокуророос санал болгосон 1 жил 4 сарын хорих ялыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөний улмаас хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн байна.

 

 Шүүгдэгч нар нь 2017 онд бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын малыг хулгайлан тус бүр 3 сар 20 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан ба дахин мал хулгайлах гэмт хэргийг  бүлэглэн үйлдсэн, өмнөх гэмт хэргийг үйлдэхдээ Л.Т нь 17 настай буюу насанд хүрээгүй байсан зэргээс харахад Л.Б нь  Л.Т дагуулан гэмт хэрэгт уруу татдаг байж болзошгүй  байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн ‘’Л.Б нь хулгайн хэрэг үйлдээгүй, Л.Т малыг хулгайлсан’’, Л.Т ‘’Би малыг хулгайлсан, айсандаа худлаа хэлсэн’’ гэсэн  давж заалдах шатны хуралдаанд гаргасан тайлбарууд нь дээрх нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

 

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

       

 Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ТЭГШСУУРЬ

                           ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                            О.ОДНЯМАА