Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2169

 

МАГАДЛАЛ

 

2018.10.22                                                  Дугаар 2169                                  Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/02165 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Ц-д холбогдох,

 

Баталгааны гэрээний үүрэгт 11 371 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: П.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч:Ч.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хувиараа бизнес хийдэг ба “Ө” ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажилладаг, иргэд болон аж ахуйн нэгжүүдэд гурил нийлүүлдэг түгээлтийн цэгтэй. Хар хорин зах дээр гурилын 11 дүгээр лангууг ажиллуулдаг П.А-д 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд гурил нийлүүлсэн. П.Ц нь П.А-ийн төрсөн эгч бөгөөд мөн Хар хорин зах дээр гурилын лангуу ажиллуулдаг. Гурил нийлүүлж байх үед эгч дүү хоёр хуваагаад гурилаа авдаг байсан. Хэсэг хугацааны дараа гурилын мөнгөө авах гээд очиход П.А-ийн бие нь муудсан гэсэн. 10 гаруй хүн П.А-г цагдаа, шүүхэд өгөөд эхэлчихсэн байсан. Би бас тэр хүмүүсийн адилаар цагдаад өгөх гэтэл П.Ц нь “...манай дүүгийн бие муу байна, миний дүү битгий цагдаад өгөөрэй” эгч нь хуваагаад өгнө гэсэн. Би бас өөрөө хүн амьтнаас мөнгө зээлчихсэн байсан. Гэтэл намайг нотариат оръё, эгч нь баталгааны гэрээ хийгээд өгье, найдвартай, П.А-ийн байрыг удахгүй зараад мөнгийг чинь өгье гээд П.А-ийн нөхөртэй нь гэрийн гадаа ирээд намайг хүлээж байгаад 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нотариат дээр очиж гэрээ хийсэн. Тэгэхэд бүх авсан барааны тооцоог нийлээд гаргасан. Бид хоёрыг нотариат дээр очиж уулзаж байхад дүүгийнхээ өмнөөс төлбөр мөнгийг хийнэ. П.А-ийн байрыг зарна гээд 11 371 000 төгрөгийг 22 хоногийн дараа төлөхөөр тохиролцсон. Нотариатч надад баталгааны гэрээний талаар тайлбарлаж хэлсэн. П.Ц нь шүүхээс нэхэмжлэл аваад 3 хоногийн дараа надтай манай гэрийн гадаа ирж уулзсан. Эгчдээ жоохон хугацаа өгчих гэсэн. Надад утсан дээрээ хийсэн бичлэг хүртэл бий. 500 000-1 000 000 төгрөгөөр бага багаар төлье гэж удаа дараа намайг мэхэлсэн. Хэрэгт авагдсан Баталгааны гэрээний 1,6,7,8,9,10, дугаар заалтуудаар хариуцагч П.Ц-ийн хариу тайлбартаа бичсэн шиг айлган сүрдүүлж, юу ч ойлгоогүй байхад нь хүчээр гэрээнд гарын үсэг зуруулсан зүйлгүй гэдэг нь тодорхойлогддог. Баталгаа нь үүрэг гүйцэтгэгчээс хамаарахгүйгээр өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй тохиолдолд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэсэн байгаа. Тиймээс П.А-ийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар Б.Ч-т баталгаа гаргаж өгсөн байгаа. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэсний дагуу шаардаж байгаа. Б.Ч-тэй тохиролцож байгаа биш баталгаа гаргаж өгч байгаа учраас би тэр гурил өгснийг хараагүй зүгээр гуйгаад байхаар нь зураад өгчихсөн гэдэг нь бол байж болохгүй. Баталгаа гаргасан П.Ц нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээд, хуралдааны шатанд асуусан энэ гэрээг уншиж гарын үсэг зурсан уу? гэхэд тийм ээ гэсэн. Б.Ч-т би төлөх ёстой гэдгийг мэдээд баталгааны гэрээг Б.Ч-т гаргаж өгсөн байхад би гурил өгснийг нь мэдэхгүй хараагүй гээд байгаа нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага болох 11 371 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хархорин зах дээр лангуу түрээсэлж гурил, будаа зарж байгаа нь үнэн. 2015 оны 11 дүгээр сард манай дүү П.А Б.Ч-ээс 11 371 000 төгрөгийн бараа авсан юм байна. Яг        11 371 000 төгрөгийн бараа авсан гэж мэдэхгүй байна. Манай дүү бид хоёр бараагаа хольж зардаг гэдэг бол худлаа. Хоёр тусдаа авч зардаг. Би ч гэсэн Б.Ч-ээс зөндөө бараа зээлээр авч зардаг байсан. 11 371 000 төгрөгийн бараа авч байхыг би нүдээрээ хараагүй. Б.Ч надад хэлэхдээ жилийн эцэс болж байна. Тайлан тооцоо хийх гээд би байгууллагад өртэй гарах гээд байна. Би П.А-ийн нөхөр н.А-тай ярьсан байгаа. Байраа зараад мөнгөө өгнө гэсэн гээд надаас гуйгаад байсан. Манай дүү П.А сэтгэцийн эмнэлэгт хэвтчихсэн байсан. Нөхөр нь надруу утастаад та очоод Б.Ч-т гарын үсэг зураад өгөхүү гэсэн. Нотариат дээр очиж гарын үсэг зурсан нь үнэн. Одоо манай дүү группт орчихсон байгаа. Шар хадны сэтгэцийн эмнэлгийн байнгын хяналтад байдаг. Прокурорын дүгнэлт хүртэл гарсан байгаа. Хэн хэндээ итгээд гарын үсэг зурчихсан. Би Б.Ч-ийн гэрийн гадаа очиж тэр мөнгийг би төлөхгүй ээ гэдгээ хэлсэн. Тэрнээс 500 000 төгрөгөөр, 1 000 000 төгрөгөөр өгье гэж хэзээ ч хэлж байгаагүй. Б.Ч худлаа яриад байна тэгж бас болохгүй. Би эргүүлж өгөх боломжгүй л гэж хэлсэн. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Ц-ээс 11 371 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196 886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ц-ээс 196 886 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ч-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Ч нь 2015 оны 11 дүгээр сарын 04-нөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд П.А-д нэгдүгээр гурил 7 тонн, дээд гурил 8 тонн, нийт 11 371 000 төгрөгийн үнэ бүхий гурил өгсөн гэх боловч тухайн үед тооцоо хийсэн баримт байхгүй, нотлох зүйлгүй. Б.Ч нь П.Ц-д худал хэлж өөр зүйл амлан төөрөгдүүлж 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нотариатын газар очихдоо хэзээ үйлдсэн нь мэдэгдэхгүй падаан буюу тооцооны хуудсан дээр гарын үсэг зуруулж, нотариатаар баталгаажуулсан. Энэ тухайгаа Б.Ч зөвхөн нотариатч надад баталгааны талаар тайлбарлаж хэлсэн гэдэг. Гэтэл П.Ц нь дүү П.А-ийн бие муу байгаа цагдаад өргөдөл өгөхгүй гэсэнд нь итгэж нотариат дээр очиж гарын үсэг зурсан. Харин ч Б.Ч нь П.А-г хүнээс бараа материал авсан эсэх, хүнд мөнгийг нь буцаан өгсөн эсэхээ мэдэхгүйг нь далимдуулж, сэтгэл санааны гүн хямралд орчихсон, эмнэлэгт хэвтэж байгааг нь далимдуулан ямар ч нотлох баримтгүй зүйлийг нэхэмжилсэн. П.А-тай холбогдуулан 2 хүн цагдаагийн байгууллагад хандсан. Эдгээр асуудал нь шийдэгдсэн. Гэтэл 10-аад хүн цагдаагийн байгууллагад хандсан мэтээр ярьж айдас төрүүлсэн. Б.Ч нь жилийн эцэс болж байна тайлан тооцоогоо хийе, би хүнд өртэй, өртэй гарах гээд байна гэдэг л асуудал ярьж байсан. Өмнө нь П.А-ийн нөхөрт 5 000 000 төгрөгийн гурил өгсөн гэж ярьж байснаа одоо болохоор яагаад 11 000 000 төгрөгийн гурил нэхээд байгаан ойлгомжгүй. Энэ нь мөн эргэлзээ төрүүлж байна. Иймд нотариатаар орсон үйлдэл нь хууль бус хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хууль, эрх зүйн туслалцаа авах боломж, нөхцөлөөр хангагдаагүй гэж үзэхээр байгаа тул эдгээр нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч П.Ц-д холбогдуулан Баталгааны гэрээний үүрэгт 11 371 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...П.Ц нь өөрийн дүү П.А-ийн зээлээр авсан гурилын үнэ 11 371 000 төгрөгийг төлөхөөр баталгааны гэрээ байгуулсан тул энэ гэрээний дагуу мөнгийг гаргуулна...” гэж үндэслэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...жилийн эцэс болж байна, байгууллагад өртэй гарах гээд байна гэж гуйхаар нь итгээд гэрээнд гарын үсэг зурсан, 11 371 000 төгрөгийн гурил авсан эсэхийг мэдэхгүй...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч П.Ц , түүний дүү П.А нар Хар хорин зах худалдааны төвд гурилын худалдаа эрхэлдэг, хэн аль нь нэхэмжлэгчээс зээлээр гурил авч борлуулдаг байсан, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар “Баталгааны гэрээ” байгуулж, хариуцагч П.Ц нь 11 371 000 төгрөгийг нэхэмжлэгчид 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн, уг мөнгийг төлөөгүй зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Баталгаа нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг хэлбэр бөгөөд энэ нь үндсэн үүрэг үүссэн байх нөхцлийг шаардана.

Тодруулбал, баталгаа гаргахын тулд 11 371 000 төгрөгийн үүрэг үүссэн талаар нэхэмжлэгч нотлох, хариуцагч нь тухайн үүргийг гүйцэтгэх баталгаа гаргасан байх учиртай байна.

Нэхэмжлэгч нь П.А-д хэдийд, ямар хэмжээ, үнэтэй гурилыг хүлээлгэн өгсөн болох нь тодорхойгүй, баталгааны гэрээ байгуулах болсон үндэслэлээ хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж няцаагаагүй тохиолдолд шүүх нэхэмжлэлд заасан үнийн дүн бүхий үүрэг хэрхэн үүссэн талаар тодруулах шаардлагатай байжээ.

Тухайлбал, нэхэмжлэгч болон П.А нар нэг бус удаа зээлээр гурил худалдах, худалдан авах гэрээний харилцаатай байсан гэх тул тэдгээрийн хооронд тооцоо нийлсэн, эсхүл нийлүүлсэн гурилын үнийг нэхэмжлэгч шаардаж байсан эсэхийг тодруулснаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гурилын үнийг төлөх үндсэн үүрэг үүссэн эсэхэд дүгнэлт хийх боломжтой болох юм.

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцээх хуулийн үндэслэлгүй, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2018/02165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196 886 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс  дах тал /хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                              ШҮҮГЧИД                                                С.ЭНХТӨР

                                                                                               М.НАРАНЦЭЦЭГ