Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 206

 

Д.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 346 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар магадлалтай, Д.Т-т холбогдох 1738003490134 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д-гийн Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Т-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл гаргасан гомдолдоо “...Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, Б.Амаржаргал нар хууль зүйн үндэслэлгүй гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаад хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан. Гэрч Ч.Р, Ж.О нарын мэдүүлгээр Д.Т нь хохирогч М.А-ын биед гэмтэл учруулсан болох нь нотлогдсон. Давж заалдах шатны шүүх гэрч Ж.О, Ч.Р, Т.З нарын мэдүүлгүүдийг анхааралтай судалж хянасангүй. Дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, фото зургийн үзүүлэлт зэргээр Д.Т нь М.А-ыг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хэрэгт гэрчээр байцаалт өгсөн хүмүүсийн мэдүүлгүүд өөр хоорондоо маш их зөрүүтэй байдаг. Мөн хохирогч М.А хаана, хэнтэй зодолдсон талаараа тодорхой мэдүүлдэггүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан асуудлуудыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгаж тодруулах, мөн гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгах шаардлагатай тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Д.Т нь иргэн М.А-ын нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Т-ын мэдүүлэг, мөн түүнийг хохирогчтой нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэргийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “У” зоогийн газрын гадаа хохирогч М.А-ын зүй бус үйлдлийн улмаас түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх шүүгдэгч Д.Т-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоох, хохирогчийн биед учирсан хэд хэдэн тооны гэмтлийн аль нь ямар заалтаар хөнгөн гэмтэлд хамаарч байгааг шинжээч дүгнэлтдээ тусгаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, Д.Т-ын үйлдэл ямар гэмт хэргийн шинжийг хангаж байгаад бодитой хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Учир нь анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж, уг баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг шалгаж, тэдгээрийн эх сурвалж болон агуулгыг тусгаж, уг нотлох баримтуудыг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлсний эцэст шүүгдэгчийн гэм буруу болон үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоон ял оногдуулж шийдвэрлэхдээ нотлох баримтыг шалгаж үнэлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн шаардлагыг баримталж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдвал зохих зүйлийг бүрэн тусгасан байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шалган үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон хэм хэмжээнд нийцсэн байна гэж дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр хохирогчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэлийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 346 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                            ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН