Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 11

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг Замын-Үүд сум ... тоотод оршин суух, хувиараа ... хийдэг, Ж овогт Г.С /РД: ..., утас: .../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ... тоотод оршин суух, М овогт Р.М /РД: ..., утас: ..., .../-д холбогдох,

Эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 01 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 сарын 14-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө, нэхэмжлэгч Г.С оролцов. 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.М-тай 2008 онд танилцаж, 2010 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтын амьдарлын хугацаанд 2010 оны 07 сарын 02-ны өдөр охин С.Д, 2014 оны 05 сарын 16-нд хүү М.Ө нар төрж эцэг, эх болсон. Бид 2016 оноос эхлэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хоёр тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд миний бие хоёр хүүхдийн хамт Замын-Үүд суманд оршин сууж байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар ... оны ... сарын ...-нд төрсөн охин С.Д-ийн эцгээр Р.М-ыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ... оны ... сарын ...-н төрсөн С.Д, ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн М.Ө нарт хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.С шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2008 онд М-тай танилцаж, 2010 онд нэг гэрт орсон. 2010 оны 07 сард охин, 2014 оны 05 сард хүү төрсөн. 2016 оны сүүлээр тусдаа амьдрах болсон. Улаанбаатар хотод болон Замын-Үүдэд амьдарч байх үедээ байнгын хэрүүл, уруултай, маргаантай амьдарч байсан. Замын-Үүдэд ирээд хятад компанид ажиллах болсон цагаас хэрүүл ихэссэн. Хотод ч тэр Замын-Үүдэд ч тэр би ажил хийж гэр орон, үр хүүхдээ авч явдаг байсан. М ажил хийдэггүй байсан. 2016 онд хүү маань нэг хэсэг аав дээрээ байсан. Хүүхдүүд М-аас айдаг, зоддог гэж ярьдаг байсан. Д-г өөрийн хүүхэд биш гэж хэлдэг байсан учир эцэг тогтоолгох шаардлага гаргасан юм. Тусдаа амьдарсан цагаас хойш нэг ч удаа үр хүүхдээ гэж байгаагүй. 2019 онд нэг удаа хоёр хүүхдээ аваад гэрт нь очиж байсан. Нэг ч үг ярилгүй хажуу өрөөндөө ороод суучихдаг юм билээ. 2016 оны сүүлчээс хойш хүүхдүүд надтай хамт амьдарч байгаа. Одоо хоёр хүүхэд маань Замын-Үүдэд сургуульд явдаг. Би өөрийн ээж, хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа. Манай гэрт М-ын хэлээд байгаа шиг хэрүүл уруул, зодоон, хүчирхийлэл байхгүй. Хоёр хүүхэд маань тайван, цовоо сэрэглэн, сургуульдаа явдаг. Хоёр хүүхдээ өөрийн асаржид авч, охины эцгээр М-ыг тогтоож, хоёр хүүхдийн тэтгэлэг эцгээс нь гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Р.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С-тэй анх танилцсанаас эхлэн чамтай сууна гээд гүйгээд байхаар нь бориг амьдралаас боловсон амьдралд шилжиж сайн сайхан руу тэмүүлж байгаан байна гэж өрөвдөөд хамт амьдарч эхлээд 2010 оны 07 сарын 02-нд охин үрээ тэвэрч баяр хөөр болж билээ. ...Охиныг хоёр нас хүрэх үед С автобус 1 компанид кондуктороор ажиллаж тэдэнтэйгээ завхайрч архидаж, тамхи үнэртүүлж орж ирдэг байсан. ...2015 оны 03 сарын 02-нд Замын-Үүдэд очиж амьдрахаар болж /тэгэхэд хүү маань 11 сартай байсан/ эхтэй нь хамт амьдарч эхэлсэн. Ингээд С Хөх хот Замын-Үүд автобусанд кондуктор хийж би хоёр хүүхдээ харж эхэлсэн. ...-д амьдарч байгаа М түүний хоёр охин, манай 2 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл дор амьдарч байгаа гэдгийг холбогдох хуулийн байгууллагад анхааруулж хяналтандаа байлгах, байнга айдаг таарамжгүй бүдүүлэг заваан орчинд ёс суртахууны доройтолтой хүмүүсийн дунд байгаа миний хүүг надад өгөх, хүүхдийн мөнгөний дансыг миний данстай холбож өгөх, надаас эхтэйгээ, дүүтэйгээ нийлж миний лангууны бүх барааг төлүүлж хохирлыг тооцон 10 сая төгрөг, хүү алданги 20 сая төгрөгийг миний данс руу хийлгэх, гэрт нь байнга архидалт зодоон болдог болохоор манай охин Д бэлгийн хүчирхийлэлд өртөх аюултай орчинд байгаа учир эхэд нь шилжүүлэх, эдгээр хүсэлтийг хууль ном журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.      

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                ҮНДЭСЛЭХ нь:                                          

Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Р.М-д холбогдуулан С.Д-ийн эцгээр Р.М-ыг тогтоолгож, С.Д, М.Ө нарыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Р.М нь хүүгээ өөр дээрээ авч, охиныг Г.С-т  өгнө гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Нэхэмжлэгч Г.С, хариуцагч Р.М нар нь 2008 оноос 2016 оны сүүлч хүртэл хамтран амьдарч,  2010 оны 07 сарын 02-нд охин С.Д, 2014 оны 05 сарын 16-ны өдөр хүү М.Ө нарыг төрүүлж, эцэг, эхийн эрх, үүргийг үүсгэн хамтран амьдарч байсан болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, ..., ... дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь охин С.Д-ийн эцгээр Р.М-ыг тогтоолгох шаардлага гаргасан боловч хариуцагч Р.М энэ талаар маргаагүй, түүнчлэн хариуцагч нь шүүхэд “...хамт амьдарч эхлээд 2010 оны 07 сарын 02-нд охин үрээ тэвэрч баяр хөөр болж билээ.” гэх тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр С.Д нь Р.М-ын хүүхэд болох нь тогтоогдож байна гэж үзэж 2010 оны 07 сарын 02-ны өдөр төрсөн охин С.Д-ийн эцгээр Р.М-ыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Р.М нь охин С.Д-г эмээд нь өгөх, хүү М.Ө-г өөрийн асрамжид авах тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг шүүх 2021 оны 03 сарын 04-ний өдрийн 137/ШЗ2021/00255 дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан, хариуцагч нь  дахин хуулийн шаардлагыг хангасан сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч Г.С-ийн асрамжид ямар үндэслэлээр хүүхдүүдийг байлгах боломжгүй гэдгээ хариуцагч Р.М нотолж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” зохигчдын үүргийг хуульчилсан. Энэ хуулинд заасан үүргийг хариуцагч Р.М биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Г.С-ийн хүсэлтээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, хүүхдүүдийг хэний асрамжид амьдрах боломжтой эсэх талаар дүгнэлтийг гаргуулсан. Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн хэлтсийн ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг гаргасан болно.

Шинжээч нар нь нэхэмжлэгч Г.С, хариуцагч Р.М нарын амьдарч буй газарт биет байдлаар очиж үзлэг хийж, С.Д, М.Ө нартай уулзаж, хүүхдүүдийн амьдарч буй орчин нөхцөлтэй танилцаж дүгнэлтүүдийг гаргасан болох нь дээрх байгууллагуудыг илтгэх хуудсаар тогтоогдож байна. Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дүгнэлтэд “Охин С.Д /11 настай/, М.Ө /7 настай/ ээж Г.С-ийн хамт өөрийн гэртээ амьдарч байгаа. Охины хувьд даруу төлөв зантай өөрийгөө илэрхийлэх болон гэр бүлийнхээ тухай чөлөөтэй илэрхийлж ярьдаг ба 7 настай хүүгийн хувьд сэргэлэн цовоо, сэтгэл зүйчийн дүгнэлтээс хүү гэр бүл гэдэг ойлголтод эгчийгээ багтаан үздэг ба охин ээж, аав, дүүгээ гэр бүл гэж багтаан ойлгож хүлээн авдаг. Ярилцлагын явцад С.Д, М.Ө нар аавынхаа талаар бага ярьж ээжийнхээ талаар их дурдаж байсан ба охин аав намайг загнахгүй л бол гоё гэж хэлсэн. Хүүхдүүд аавтайгаа уулзаагүй жил гаран болж байгаа ба аавтайгаа уулзах хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн. ...Одоогийн нөхцөл байдлаас харахад хүүхдүүд ээжтэйгээ байхдаа тайван айх айдасгүй, сурч боловсрох эрхээ эдэлж, өвчин эмгэггүй эрүүл саруул өсөж байна.” гэжээ. Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн хэлтсийн илтгэх хуудсанд “Р.М нь өөрийн аав, ээжийн хамт амьдарч байна. Одоо амьдарч байгаа газар болох тус дүүргийн 18-р хороо ... тоот болох өөрийн аав, ээжийн эзэмшлийн 2 өрөө орон сууцыг танилцуулж үзүүлсэн. Амьдарч буй нөхцөл байдлын хувьд хүүхэд сурч хүмүүжих орчин хараахан бүрдээгүй боловч цэвэрхэн, эмх цэгцтэй байгаа нь ажиглагдаж байсан.” гэжээ. Дээрх дүгнэлт, илтгэх хуудсыг шинжлэн судлаад С.Д, М.Ө нарыг эх Г.С-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Хүүхдүүдийн насны байдал, дүгнэлт гаргасан мэргэжилтэн, сэтгэл зүйч нарт ярьсан хүүхдүүдийн яриа өгүүлэмж зэргээс хүүхдүүд эхийнхээ асрамжид хүмүүжиж, сурч боловсрох, эрүүл өсөх боломж, нөхцөл бүрдсэн гэж үзлээ.  

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлийн дундаас төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Г.С нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагч Р.М-аас шаардах эрхтэй, хариуцагч Р.М нь охин С.Д, хүү М.Ө нарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т зааснаар,  2010 оны 07 сарын 02-нд төрсөн  охин С.Д, 2014 оны 05 сарын 16-ны өдөр төрсөн хүү М.Ө нарыг эцэг Р.М-аар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тэтгэврийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжийг тооцохдоо нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн хүн амын амжиргааны доод түвшин буюу 2021 оны 01 сарын 18-ны өдрийн Үндэсний статистикийн хорооны даргын А/02 дугаартай тушаалд Төвийн бүсэд 207,400 төгрөгнөөс тооцох нь зүйтэй байна. Учир нь С.Д, хүү М.Ө нар нь Дорноговь аймаг Замын-Үүд сум ... тоотод эх Г.С-ийн хамт оршин суудаг болох нь Замын-Үүд сумын Сүлд багын 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 14 дугаартай албан бичиг /хх-ийн 70/, Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 06, 07 дугаартай тодорхойлолтууд, Борхойн Наран өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдүүд эрүүл бойжиж байгааг тодорхойлсон өрхийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 13, 14/ зэргээр тогтоогдож байна.  

Хариуцагч Р.М-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар “....хэргийг .... тухайн үед цугларсан баримтыг харгалзан шийдвэрлэж болно. Зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ”, мөн хуулийн 100.3-т “хариуцагч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэсний дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д  зааснаар ... оны ... сарын ...-нд төрсөн С.Д-ийн эцгээр М овогт Р.М /РД: .../-ыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар ... оны ... сарын ...-нд төрсөн  С.Д, ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн М.Ө нарыг эх Г.С-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ... оны ... сарын ...-нд төрсөн С.Д, ... оны ... сарын ...-ны өдөр төрсөн М.Ө нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18-н нас/ хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр эцэг Р.М-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх талаар адил тэгш эрх үүрэгтэйг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхийн хэн нэгнээс тусдаа байх үедээ тэдэнтэй байнга уулзах эрхтэйг тус тус дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193,424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.М-аас 193,424 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.С-т олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Э.Б