Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 13

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Т овогт М.Т /РД: ..., утас: .../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БНСУ-ын Ичон Гёнгфуру дүүрэг ... тоотод оршин сууж байгаа, М овогт Ж.Ү /РД: .../-т холбогдох,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, М овогт Ж.А /РД: ..., утас:.../

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө, нэхэмжлэгч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нар оролцов. 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Ү-тай 2007 онд танилцаж үерхэж байгаад 2009 оны 08 сарын 14-нд хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад хүү У 2010 оны 08 сарын 06-ны өдөр, бага хүү М 2017 оны 10 сарын 06-ны өдөр төрсөн. Хамт амьдарснаас хойш таарч тохирохгүй салж 2016 онд нийлсэн боловч бас л үзэл бодол нийлэхгүй салсан. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй боллоо. Ү нь одоогоор солонгост амьдарч байгаа. Иймд 2009 оны 16 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү У, М нарыгаа өөрийн асрамжид авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй. 2016 оноос тусдаа амьдарсан. Жирэмсэн гэж хэлснээс хойш ирэхээ больсон. Одоо бид хоёр талд тус тусдаа амьдралтай болсон, цаашид хамт амьдрах боломжгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ү Солонгос яваад 2 жил болж байна. Хоёр талдаа өөр өөр хүнтэй болсон юм шиг байна лээ гэв.   

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Ж.Ү-аас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч М.Т, хариуцагч Ж.Ү нар нь 2007 онд танилцаж гэр бүл болсноо 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 16 дугаарт бүртгүүлсэн байна. Зохигчдын хамтран амьдрах хугацаанд 2010 оны 08 сарын 06-нд хүү Ү.У, 2017 оны 10 сарын 06-нд хүү Ү.М нарыг төрүүлж, эцэг, эх болон гэрлэгчдийн эрх, үүргийг үүсгэн хамтран амьдарч байсан болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 0365474 Г-12, 4416000270 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “…гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ” гэж заасан. Гэрлэгчид нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай  2021 оны 12 сарын 27-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.

Гэрлэгчид нь 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч Ж.Ү нь одоогоор Бүгд Найрамдах Солонгос улсад амьдарч байгаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрдөг. Гэрлэгчид нь өөр өөр хүнтэй амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй нөхцөл байдлыг харгалзан М.Т, Ж.Ү нарын гэрлэлтийг цуцлаж, 2010 оны 08 сарын 06-нд төрсөн Ү.У, 2017 оны 10 сарын 06-нд төрсөн Ү.М нарыг эх М.Т-ийн асрамжид үлдээж, эцэг Ж.Ү-аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. 

Тэтгэлгийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжийг тооцохдоо нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн хүн амын амьжиргааны доод түвшин буюу 2021 оны 01 сарын 18-ны өдрийн Үндэсний статистикийн хорооны даргын А/02 дугаартай тушаалд Дорноговь аймагт 207,400 төгрөгнөөс тооцох нь зүйтэй байна. Учир нь Ү.У, Ү.М нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р баг Нефтийн 4-12 тоотод эх М.Т-ийн хамт оршин суудаг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Замын-Үүд сумын 3-р багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 34/ зэргээр тогтоогдож байна. 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т овогт М.Т /РД: .../, М овогт Ж.Ү /РД: .../ нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2010 оны 08 сарын 06-нд төрсөн Ү.У, 2017 оны 10 сарын 06-нд төрсөн Ү.М нарыг эх М.Т-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 08 сарын 06-нд төрсөн Ү.У, 2017 оны 10 сарын 06-нд төрсөн Ү.М  нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Ү-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.Тдаалгаж, зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,924 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Ү-аас 216,924 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Т-т олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Э-д даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Э.Б