Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 14

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум ... тоотод оршин суух, ... ажилтай, Б овогт Э.Б /РД: ..., утас: .../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б овогт С.Д  /РД: ..., утас:.../

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 01 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ө, нэхэмжлэгч Э.Б, хариуцагч С.Д нар оролцов. 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 онд С овогтой Д-тай танилцан үерхэж байгаад 2011 оноос хамт амьдарч эхэлсэн. 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамт амьдрах хугацаанд 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр охин Н /.../ төрсөн. Бидний зан харилцаа, үзэл бодол зөрчилдсний улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2015 оны 01-р сараас салж тус тусын амьдралаар амьдрах болсон. Тэр үеэс хойш охин Н миний төрсөн аав Э, ээж Э-ны асрамжинд хамт амьдарсан бөгөөд аав минь хүнд өвчний улмаас 2020 онд өөд болсон. Би 2022 онд ээж, охины хамт Улаанбаатар хотод амьдрахаар төлөвлөж байна. Иймд охин Н-ыг өөрийн асрамжинд авч, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Миний хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. №0167033 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг цуцалж өгнө үү. Д-ын хувьд өөр хүнтэй гэр бүл болсон байгаа учир цаашид хамт амьдрах боломжгүй гэв.

Хариуцагч С.Д шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.Б-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Өөр хүнтэй хамт амьдарч байгаа тул цаашид Б-тай хамт амьдрах боломжгүй гэв.  

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч С.Д-аас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Э.Б, хариуцагч С.Д нар нь 2007 онд танилцаж гэр бүл болсноо 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0032 дугаарт бүртгүүлсэн байна. Зохигчдын хамтран амьдрах хугацаанд 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Д.Н-ыг төрүүлж, эцэг, эх болон гэрлэгчдийн эрх, үүргийг үүсгэн хамтран амьдарч байсан болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 0000746363 Г-127 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “…гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ” гэж заасан. Гэрлэгчид нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өргөдөл гаргасан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай  2022 оны 01 сарын 04-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.

Гэрлэгчид нь 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч С.Д нь өөр хүнтэй гэр бүл болсон, гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрдөг. Гэрлэгчид нь цаашид хамт амьдрах боломжгүй нөхцөл байдлыг харгалзан Э.Б, С.Д нарын гэрлэлтийг цуцлаж, 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Д.Н-ыг эх Э.Б-ийн асрамжид үлдээж, эцэг С.Д-аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. 

Тэтгэлгийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжийг тооцохдоо нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн хүн амын амьжиргааны доод түвшин буюу 2021 оны 01 сарын 18-ны өдрийн Үндэсний статистикийн хорооны даргын А/02 дугаартай тушаалд Сүхбаатар аймаг 210,300 төгрөгнөөс тооцох нь зүйтэй байна. Учир нь Д.Н нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум ... тоотод эх М.Т-ийн хамт оршин суудаг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Замын-Үүд сумын 3-р багийн ажлын албаны тодрхойлолт /хх-ийн 10/, өрхийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 11-13/, Хангал сумын ЕБС-ийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э.Б /РД: .../, Б овогт С.Д  /РД: .../ нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Д.Н-ыг эх Э.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Д.Н-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Д-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Б-т даалгаж, зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,253 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Д-аас 175,253 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Б-т олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Э-д даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Э.Б