Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга:Б.Соёлмаа

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл

Шүүгдэгч: С.*******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 201705000094 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******. /******* регистрийн дугаартай /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч С.******* нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их сан” караокены гадна иргэн *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Буян” зоогийн газарт хоолонд орж, тавуулаа нэг шил 0,75 литрийн багтаамжтай “Болор” архи уучихаад “Их сан” караокед манай найзын төрсөн өдөр болж орой 19 цагийн үед *******, Охиноо нар сууж байсан ба бид нар нэг ширээнд сууж нэг шил 0.75 литрийн “Болор" архи ууж байхад гаднаас ******* орж ирсэн. *******г ******* таньдаг байсан.

...Тухайн үед *******г согтуу байсан үгүйг би сайн мэдэхгүй байна. ******* бид нартай танилцаад хэсэг суусан. Би найз бүсгүй тэй гэр бүл болох гэж байгаа талаараа яриа өрнүүлсэн. ******* түрийвчин дотроос нэг мөнгөн бөгж гаргаж ирээд бид хоёрыг зүүгээд үз дээ та хоёрын хуруунд таарвал заяаны ханиуд байна, хэрэв таарахгүй бол заяаны ханиуд биш байна гэхээр нь би “чи болиод өг манай найз бүсгүй бид хоёрын гарыг хар яаж таархав дээ битий харьцангүй юм яриад бай” гээд хэсэг маргалдсан.

н.Батням нэлээн согтоод ухаанаа алдсан. Эхнэр нь С.Батнямыг аваад явсан. Тэр үед караоке хаах цаг боллоо гэж байсан. Бид нар тарцгаая гээд би өөрийн хамаатан болох н.Гантөмөрийг дуудсан. Тэр удалгүй ирээд бид явах гээд гарахад нөгөө ******* гэдэг залуу надад хандаад чи нөгөө бөгж зүүх чинь яасан юм бэ одоо зүүгээч гээд доромжилсон маягтай хэлэхээр нь миний уур хүрээд чи юу гэж доромжлоод байгаа юм гээд нүүрэнд нь гарынхаа алгыг нааж байгаад түлхсэн. ******* цаашаа тонгойгоод газар унаж байгаа харагдсан. Тэгээд би найз бүсгүй ийн хамт дүүгийнхээ автомашинд суугаад явсан. Д.Нямцэцэг, Охиноо хоёр үлдсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 37-38/,

...Би хохирогч *******д эмчилгээний төлбөр 250 000 төгрөг бэлэн өгсөн. *******гээс уучлалт гуйсан бид хоёр эвлэрсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 43-44/

Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Хохирогч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2017 оны 03 сарын 05-ны өдөр Баянхонгор сумын 9-р багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Их сан” гэх караокед надтай хамт уурхайд ажилладаг байсан ******* гэдэг бүсгүйтэй уулзахаар 19.30 цагийн үед очсон. Тэнд миний таньдаг *******, н.Оюунжаргал, гурав танихгүй нэг бүсгүй болон хоёр залуугийн хамт төрсөн өдөр тэмдэглэж байгаа гээд сууж байсан. Тэгээд би тэд нартай хамт нэг ширээнд суугаад тэнд байсан хүмүүстэй танилцаад төрсөн өдрийн эзэн болох н.Батням гэх залууд 1 шил 0.75 литрийн “Болор” архи нэг ундаатай авч өгсөн. Тэгээд бид нар нэлээн ярьж хөөрч сууж байгаад 2-3 шил архи уусан. Би нэлээн согтсон байсан. С.******* гэдэг залуутай ялихгүй зүйлээс маргалдсан. Тэр нь юунаас болсон гэхээр С.*******, тэй гэр бүл болох гэж байгаа талаар яриад байхаар нь надад эрэгтэй мөнгөн бөгж байсан. Тэр бөгжийг гаргаж ирээд С.*******, хоёрыг зүүгээд үз таарвал та хоёр заяаны хосууд болно гээд хэлсэн чинь С.******* уурлаад бид хоёр маргасан. Би архи нэлээн уусан байсан учир зарим нэг зүйлийг нь сайн санахгүй байсан. Ямар ч байсан орой хаах цаг боллоо гээд ******* гарцгаа гэж байсан бид нар бүгд тэр газраас гарахад гадаа нэг саарал өнгийн Ланд маркийн автомашин ирчихсэн байсан. Хэнийг нь мэдэхгүй нэг хүн намайг толгойруу цохиод авах шиг болсон би ухаан балартаад хэсэг сууж байгаад харсан чинь С.******* нар машинтай явчихсан байсан. Тэгээд би гэртээ хариад үзэхэд миний түрийвчтэй бичиг баримт мөнгө зэрэг зүйл алга болсон байсан.

Маргааш өглөө нь сэрээд харахад миний толгой хагарсан хамар халцарсан хамраас шүүс гарсан бололтой хатсан байсан. ******* рүү утсаар залгаад би их согтсон байна хүнд зодуулсан юм шиг байна гэхэд тэр машинтай хүмүүс С.Баттулгыг авах гэж ирсэн. Чи өөрөө согтчихоод С.*******тай маргаад байсан гэж хэлсэн. Тэгээд миний түрийвчтэй бичиг баримт мөнгө байхгүй байна ажил дээр чинь очоод үзье гээд *******ийг гэрээс нь аваад ажил дээр нь очиж сууж байсан газраа түрийвчээ хайгаад олоогүй. Миний түрийвчинд иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, Төрийн, Хас банкны виза карт, Их номгон худалдааны төвийн хөнгөлөлтийн карт, Тэс шатахуун түгээх станцын хөнгөлөлтийн карт, хоёр ширхэг мөнгөн бөгж, 300.000 орчим төгрөг байсан. Тэгээд тэр дороо ажилтай байсан учир Хонгорын хүдэр ХХК-д ажил дээрээ ирсэн. Миний бие өвдөөд ажлаа хийж чадахгүй болохоор нь буцаж аймаг орж ирээд цагдаад гомдол гаргасан юм. Тэгээд цагдаад гомдол гаргасан.

... 2017 оны 03 сарын 07-ны өдөр С.******* над дээр ирээд би чамайг зодсон уучлаарай гээд уучлалт гуйгаад тухайн үед бөгжнөөс болж намайг цохиж авсан талаар ярьж сүүлдээ намайг мангасдаж түлхсэн гэж байсан. Тэгэхээр нь би түрийвчтэй бичиг баримт мөнгөний талаар асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Эмчилгээний зардал өгнө гэж хэлсэн.

... Надад гомдол, санал байхгүй. Эмчилгээнд хэрэглээрэй гээд 250000 төгрөг бэлэн өгсөн. Надад учирсан хохирол бүрэн барагдсан. С.******* надаас уучлалт гуйсан. Бид хоорондоо эвлэрсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 14-16/,

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 3 сарын 06-ны өдрийн орой 18 цагт хүмүүстэй караоке орж, нэг ширээнд суугаад ууцгаасан. Би дахиад нэг шил “Болор” архи нэг ундаа аваад ууж байгаад ******* тоглоом хийж хэдэн үг хэлсэн чинь уурлаж хэрүүл болсон. С.******* надаас уучлалт гуйсан эмчилгээний зардалд 250000 төгрөг өгсөн. Гомдол,санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Баянхонгор сумын 9-р багийн нутагт байрлах “Их сан” караоке баарыг түрээслүүлж ажиллуулдаг. 2017 оны 03 дугаар сарын 05-ны орой Охиноо буюу Оюунжаргалын хамт байхад тэрээр 19.00 цагийн рүү утсаар залгахад найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглээд “Буян” ресторанд байна гэхэд ******* эгчийн ажил дээр хүрээд ир гээд дуудсан. Тэгээд удаагүй найз залуу С.*******тай, н.******* гээд эмэгтэй н.Батням гэдэг нөхөртэйгөө дөрвүүлээ орж ирсэн. н.Батнямын төрсөн өдөр гээд ийг хэлэхээр нь н.Оюунжаргал бид хоёр нэг шил 0.75 литрийн “Болор” архи авч өгсөн.

...Гаднаас ******* ганцаараа орж ирээд бидэнтэй нийлж суусан. ******* нэг шил 0.75 литрийн “Болор” архи нэг ундаатай зээлээр авсан. н.Батням гэдэг залуу согтоод эхнэр нь дагуулаад явсан.

...С.Бат- Ирээдүй согтоод тэнд байсан хүн хүмүүс рүү дайраад хэрүүл гуйгаад байсан. Удалгүй хаах цаг болоод тэр хүмүүсийг гаргасан.

...Манай караокены үүдэнд нэг Ланд маркийн тээврийн хэрэгсэл ирсэн. Жолооч нь С.*******, хоёрыг дагуулж явах гээд байх шиг байсан. н.Оюунжаргал бид хоёр тэд нарыг гаргаад хаалгаа түгжээд шууд гэрлүүгээ явахад тэд нар үлдсэн тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй.

Маргааш өглөө нь 09.00 цагийн орчим С.Бат- Ирээдүй надруу утсаар залгаад би юугаа ч санахгүй байна зодуулчихсан юм шиг байна. Толгой хагарсан байна гэхээр нь би , С.******* нартай хоцорсон тэд нартай чи маргаад байсан гэж хэлэхэд миний бичиг баримт түрийвч байхгүй байна. Танай ажил дээр байж магадгүй гэхээр нь очоод үзэхгүй юу гэхэд удалгүй манай гэрийн үүдэнд ирээд бид хоёр ажил дээр очоод бичиг баримтаа хайсан боловч олдоогүй. Тэгэхээр нь би ямар савтай бичиг баримт байсан юм бэ гэхэд ногоон өнгийн түрийвчтэй бичиг баримт, 300.000 төгрөг байсан гэж хэлэхээр нь би “чи тийм мөнгөтэй явсан юм бол надад хадгалуулчихгүй яасан юм бэ гэж хэлсэн” өөр зүйл яриагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 17-19/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Энэ өдөр манай найз бүсгүй болох н.Баттулгын нөхөр н.Батнямын төрсөн өдөр болсон. н.Батням, С.******* бид нар “Буян” ресторанд хоол идээд нэг шил 0.75 литрийн “Болор” архи уугаад орой 19 цагийн үед н.Оюунжаргал надруу утсаар залгаад ******* эгчийн ажил дээр хүрээд ир гэсэн. Бид дөрөв “Их сан” нэртэй караокед ороход тэнд н.Оюунжаргал, ******* нар байсан бид нар нийлээд суусан. Тэгээд би н.Батнямын төрсөн өдөр болоод гэж хэлэхэд н.Оюунжаргал, ******* хоёр төрсөн өдрийн юм гээд нэг шиг 0,75 литрийн “Болор” архи авч өгсөн. Гаднаас ******* гэдэг залуу ганцаараа орж ирээд хамт суугаад бидэнтэй танилцсан. ******* нэг шил 0.75 литрийн “Болор" архи нэг ундаатай авч өгөхөд. н.Батням ухаангүй согтоод эхнэр н.******* дагуулаад явсан.

...******* согтчихоод тэнд байсан хүмүүс рүү дайраад хэрүүл гуйгаад байсан. С.******* надтай гэр бүл болох гэж байгаа талаараа ярихад ******* нэг бөгж барьчихсан та хоёр энийг зүүгээд үз таарвал заяаны хосууд, таарахгүй бол заяаны хосууд биш гэсэн. Тэгээд С.*******, ******* хоёр хоорондоо маргасан. ******* хаах цаг боллоо тарцгаая гэсэн.

... С.******* тэвчээртэй хандсан. Би ч хориглоод тэр хоёрыг зодоо хийлүүлээгүй. С.******* хамаатныхаа дүүг дуудсан. Удалгүй ирээд С.******* бид хоёрыг явъя гээд бид нар бүгд гарцгаасан. Тэгсэн *******, С.******* бид хоёр дээр ирээд нөгөө бөгжөө зүүж үзэх үү гэхэд С.******* уурлаад чи яах гээд байгаа юм бэ гээд нүүр рүү нь түлхэхэд цаашаа унасан. Би С.Баттулгыг согтуу хүнтэй яах гээд байгаа юм гээд шууд машинд суулгасан гэх мэдүүлэг ./хх-ийн 20-22/,

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн № 124 дугаартай шинжээчийн:

1.С. Бат-Ирээдүйн биед зулайд шарх, хамар болон баруун дээд доод зовхинд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-24-25/,

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, хохирогч *******н тайлбар /хх-ийн 4-8/, шүүгдэгч С.Баттулгын тайлбар /хх-ийн 09-10/, хохирогч *******н мэдүүлэг /хх-ийн 14-16/, гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 17-19/, гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 20-21/, шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31, сэжигтэн, яллагдагч С.Баттулгын мэдүүлэг /хх-ийн 37-38, 43-44/, шүүгдэгч С.Баттулгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45/, урьд ял шалгах хуудас /хх-ийн хуудас 51/, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 52-54/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 57-58/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаар тодорхойлолт /хх-ийн 60/ болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.******* нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их сан” караокены гадна иргэн *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38, 43-44/, хохирогч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-16/, гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 17-19/, ийн мэдүүлэг /хх-ийн 20-21/, шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн № 124 дугаартай шинжээчийн “*******н биед зулайд шарх, хамар болон баруун дээд доод зовхинд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэхь заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт / хх-ийн 24-25/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч,сэжигтэн, яллагдагч нарыг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1,95.2-д зааснаар нотлох баримтыг үнэлсэн болно.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч ******* холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.******* нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******д гэмт хэргийн улмаас учирсан зардалд 250000 / хоёр зуун тавин мянган/ төгрөгийг төлж барагдуулж, хохирогч ******* нь “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” болохоо бичгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр илэрхийлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Баттулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бат-Ирээдүй нь хохирлоо барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар бичгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр илэрхийлсэн ба шүүгдэгч Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,55.1.3-д заасан учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн буюу гэмт хорыг арилгасан байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд байдалд тус тус тооцож ял оноох зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр илэрхийлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1,мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Баттулгын эзэмшлийн “nokio-2100” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи “nokio-2100” маркийн гар утсыг эзэмшигч ******* буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт шүүгдэгч С.Батттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1,1, 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 297 дугаар зүйлийн 297.4,298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* овогт ******* Баттулгыг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1,мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баттулгын эзэмшлийн “nokio-2100” маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи “nokio-2100” маркийн гар утсыг эзэмшигч ******* буцаан олгосугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч ******* урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3,303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.              

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ