Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2170

 

МАГАДЛАЛ

 

2018.10.22                                                 Дугаар 2170                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Г.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02823 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Ц-д холбогдох,

 

2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг биет байдлын доголдолгүй буцааж өгөх, улсын бүртгэлд нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлж бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Г.Ц нь 2011 оны 9 дүгээр сард Капитал банкны захирал А.А-ын зуучлалаар миний өмчлөлийн УНЛ 01-05 улсын дугаартай Ланд круйзеj 200 маркийн автомашиныг 75,000 ам.доллартай тэнцэх төгрөгөөр худалдан авахаар тохирч авч явсан бөгөөд 2012 оны 6 дугаар сард тээврийн хэрэгслийн гэрчилгээнд түүний гуйлтаар өөрчлөлт оруулж нэр дээр нь шилжүүлж өгсөн боловч өнөөдрийг болтол мөнгийг төлсөнгүй.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг Г.Ц-ийн гуйлтаар Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээний үндсэн дээр автомашиныг хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаар өөрийн нэр шилжүүлэн авсан ч өнөөдрийг болтол автомашины үнийг төлөөгүй, 25 000 000 төгрөгөөр худалдсан, төлбөр төлөгдсөн хэмээн бичиж хэлцэл хийсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж гэж үзэж байгаа тул 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсантай хамааралтайгаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах зорилгоор 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг биет байдлын доголдолгүй буцааж өгөх, улсын бүртгэлд нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлж бүртгүүлэхийг даалгах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2011 оны 9 дүгээр сард хүлээн авсан билээ. Ингэхдээ намайг тухайн үед автомашиныг хүлээн авч буй үнэ нөхцөлийг сонирхоход А.А нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж авч өгч байгаа бөгөөд төлбөрийн асуудал надад хамааралгүй хэмээн хэлж ойлгуулж байсан болно. Тухайн автомашиныг 1 жил орчим унаж хэрэглэсний дараа, 2012 онд А.А-ын зааварчилсны дагуу тухайн үед “БХ”  ХХК-ийн охин компани болох “ЭЗ”  компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан Г.Ө-тэй Худалдах, худалдан авах гэрээг байгуулан уг автомашиныг өөрийн нэр дээр улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлэн авсан бөгөөд ингэх явцад Г.Ө нь төлбөр бүрэн төлөгдсөн, чиний нэр дээр шилжүүлж өг гэж А.А захирал хэлсэн. Мөн 25 000 000 төгрөг хэмээх үнийн дүнг ч өөрөө хэлж бичүүлсэн бөгөөд тухайн үед надад ХАОАТ-тай холбогдуулан тайлбарлаж байсан болно. Тэгэхээр тухайн үедээ Г.Ө нь автомашины төлбөрийг ямар нэг байдлаар А.А-оос авсан болох нь тодорхой болдог ба надаас давхар нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Энэ хэрэг анх үүсгэх нэхэмжлэл гаргатлаа уг Г.Ө нь нэг ч удаа энэ автомашины үнэ, мөнгө гэж надад нэг ч удаа хандаж байгаагүй бөгөөд илт худал агуулга бүхий нэхэмжлэл гаргах болсон шалтгааныг нь тухайн үед миний бие дээр дурдсан компаниас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн, эргүүлээд ажилласан хугацаандаа хөдөлмөрийн гэрээний дагуу авах байсан авч чадаагүй 6 сарын цалин, нэг жил хагасын урамшуулал, мөн өөрийн хадгаламжаас авч тухайн компанийн эргэлтэд оруулсан мөнгө зэрэг нийт 200 гаран сая төгрөгийг “БХ”  ХХК-иас нэхэмжлэн тухайн үеийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хандан хэрэг хэлэлцэгдэж байх явцад А.А болон түүнтэй гэрээгээр ажиллаж байсан өмгөөлөгч Н.М нарын зохиосон арга гэдэгт би бүрэн итгэдэг. Тэдний тухайн үед тавьсан зорилго нь миний эсрэг сөрөг хэрэг гаргаж төлбөрийг тэнцвэржүүлж хаах зорилготой байсан нь олон зүйл дээрээс харагддаг. Иймд Г.Ц нь тухайн автомашины төлбөрийг төлөх ямарваа нэгэн үүрэг хүлээгээгүй, уг автомашиныг А.А нь миний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Г.Ө-тэй хэлцэл хийн надад авч өгсөн үйлдэл нь тодорхой байгаа бөгөөд уг надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг миний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгон өгч, удаа дараа шат шатны шүүхээр худалдан авсан үйлдэл нь тогтоогдох боломжгүй гэдэг нь нотлогдсон хэргийг хааж өгөхийг хичээнгүйлэн хүсье. 2011 оны 9 дүгээр сард авто машиныг хүлээн авсан, 25 000 000 төгрөг төлөөгүй нь үнэн боловч “БХ”  ХХК-ийн үүсгэн байгуулагч “БГ” ХХК-ийн захирал А.А надад уг авто машиныг Г.Ө-ээс авч өгсөн тул үнийг нь хариуцах ёстой, эдгээр хүмүүс найз нөхдийн холбоотой, тооцоо дууссан гэж бичсэн байгааг анхаарч үзнэ үү. Уг авто машин одоо миний өмчлөлд байгаа, захирамжийн дагуу захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Ө , Г.Ц нарын хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг хариуцагч Г.Ц-ээс биет байдлын доголдолгүй гаргуулж нэхэмжлэгч Г.Ө д буцаан олгож, 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн авто машиныг улсын бүртгэлд Г.Ө-ийн нэр дээр буцаан шилжүүлж бүртгүүлэхийг хариуцагч Г.Ц-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ-г өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 142 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц-ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 423 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ө д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч тал 80 000 төгрөг, хариуцагч тал 100 000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Авто машин худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн байна. Ийнхүү дүгнээд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хэсгийг баримтлан 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн авто машин хадалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлэлд тооцож шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэг нь "дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх" тухай заалт юм. Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолын 5.2-т "Энэ зүйлийн 56.1.2-т заасан" дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно" гэж хэлцлийн тухай тодорхойлсон байна. Нэхэмжлэгч Г.Ө , хариуцагч Г.Ц нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээ нь дүр үзүүлсэн огт биш юм. Дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хийсэн хэлцлийг хэлдэг. Гэтэл энэ гэрээний хувьд худалдан авагч Г.Ц Ланд круйзер 200 маркийн автомашин 25 000 000 төгрөгөөр худалдан авах хүсэлтэй байсан, худалдагч Г.Ө өөрийн эзэмшлийн автомашинаа худалдан хүсэл эрмэлзэлтэй байсан. Тийм ч учраас худалдагч энэ гэрээнд заасан үүргийнхээ дагуу худалдах, худалдан авах гэрээний эд зүйл болох автомашиныг худалдан авагч талд биет байдлаар нь шилжүүлэн өгөхөөс гадна, улсын бүртгэлд мөн баримт бичгийг нь худалдан авагчийн нэр дээр шилжүүлэн өгөх бодит, идэвхитэй үйлдлийг хийж гэрээнийхээ үүргийг гүйцэтгэсэн болох нь гэрээ болон бусад хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, автомашины эзэмшигчийн гэрчилгээ зэргээр тогтоогддог. Г.Ц нь 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан авто машин худалдах, худалдан авах гэрээний 3 дахь заалтад "Автомашины худалдах үнийг                25 000 000 төгрөгөөр хоёр тал харилцан тохиролцсон бөгөөд төлбөрийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгана" гэж зааснаар төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна. Г.Ц энэхүү 25 000 000 төгрөгийг төлж дуусгах гэж байтал шүүхийн зарга эхэлсэн тул өнөөдрийг хүртэл энэ төлбөрийг төлөөгүй байж байгаа юм. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно" гэсэн заалт бий. Энэ нөхцөл байдал бий болоогүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон нь буруу юм. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол гэрээний үүргийн биелэлтийг л шаардах болохоос хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцдоггүй. Шүүх хуульд байхгүй үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноор худалдагдсан эд зүйлийг буцаан олгох шийдвэр нь мөн үндэслэлгүй болчихож байгаа юм. Хэлбэрийн хувьд 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан авто машин худалдах, худалдан авах      гэрээ нь талуудын гарын үсэг зурагдсан, гэрээний гол нөхцлүүдийн талаар харилцан тохирлцсон, нотариатаар баталгаажуулсан байх тул хуульд бүрэн нийцсэн байгаа болохыг зориуд тэмдэглэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч Г.Ц-д холбогдуулан 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах зорилгоор 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг биет байдлын доголдолгүй буцааж өгөх, улсын бүртгэлд нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэснийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2012 оны 10 дугаар сарын 25-нд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, 25 000 000 төгрөгөөр 01-05 УНЛ улсын дугаартай тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг тухайн өдөр нэр дээрээ шилжүүлэхээр үнийг бүрэн төлсөн гэх байдлаар гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх 68/

Талууд эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг хийхдээ тухайн хэлцлээр бий болох үр дагаврыг хэн аль нь бий болгох зорилгогүйгээр хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Уг хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу уг хэлцлээр шилжүүлсэн автомашиныг хариуцагч нь биет байдлын доголдолгүй шилжүүлэн өгөх үүрэгтэй байна.

Хэдийгээр хариуцагч нь ““БГ” ХХК-ийн захирал А.А тухайн автомашины үнийг төлөх үүрэг хүлээсэн гэж ойлгосон, мөн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй, хариуцагч нь тоёота ланд круйзер 200 маркийн, 01-05 УНЛ улсын дугаартай автомашины үнийг төлж авах хүсэлтэй байсан” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг зөвшөөрөхгүй гэх тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь зөв байна.

Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 423 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

            ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР

 

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ