| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2022/0097/Э/225/2022/0013 |
| Дугаар | 2022/ШЦТ/167 |
| Огноо | 2022-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч М.Берикбол,
Хохирогч Т.У (цахимаар),
Хохирогч Т.Уын өмгөөлөгч О.Сайнгэрэл (цахимаар),
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга (цахимаар),
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-рт эрүүгийн ********** дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Даян”амралтын газарт хамтран амьдрагч Т.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Даян”амралтын газарт хамтран амьдрагч Т.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000024 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-03х), Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-06-11х), Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-12-15х),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-16-21х),
Шүүгдэгч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн өгсөн: “... Миний хувьд эхний удаа мэдүүлэг өгөхдөө гэр бүлээ охиноо бодоод зарим зүйлийг орхигдуулж өгсөн. У.Роос ирж буй гүтгэлэг, доромжлол, дарамтыг тэссээр ирсэн. Намайг гүтгэж цагдаад хандсан үйлдэл нь одоо 3 дахь удаагаа болж байгаа. Би тухайн үед намайг хашраах санаатай тэгж байгаа юм байна гэж бодоод мөн У.Р болон охиноо бодоод зарим зүйлийг хэлж чадаагүй. Одоо бүх зүйлийг үнэн зөвөөр нь хэлэхээс өөр аргагүй болж байна. У.Р нь намайг олон удаа уурлаж харааж, харанхуй шөнөөр хөөж, цагдаа болон хуулийн байгууллагын нэрийг барьж дарамталж байсан. Энэ бүгдийг би төрсний дараах сэтгэл гутрал, ковид-19 цар тахлын хориотой холбоотой гэж ойлгон тэссээр ирсэн. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн аваг ахын буяны ажилд оролцохоо аав Д.В, хамтран амьдрагч У.Р нарын хамт Хөвсгөл аймагт ирсэн. Хөвсгөл руу хөдлөх замдаа 22 дугаар товчооны Номин дэлгүүр орж У.Р аавд нэг шил архи, хэдэн лааз пиво авсан. Хөвсгөл рүү ирэх замдаа аав, У.Р хоёр 0,5 литрийн нэг шил архи, тус бүр 2 лааз пиво ууж явсан. Улмаар тус өдрийн 23 цагийн орчим Мөрөн суманд ирсэн. Мөрөн суманд ирээд аавыг хамаатны айлд хүргэж өгөөд У.Р бид хоёр 50 100 нэртэй зочид буудалд өрөө түрээсэлж орсон. Маргааш нь талийгчийнд байж байгаад Хатгал орж нэг хоног амраад ирье гэж тохирсон. У.Р нь хүүхэд хараад ядарч байна би орчноо нэг удаа солимоор байна гэхээр нь Хөвсгөл аймагт авчирсан. Тэгээд би өөрийн танил хүн болох О.Гтай утсаар холбогдож түүний амралтын газарт 1 хоног амрахаар харилцаж тохирсон. У.Р ч ярьсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн орчим Мөрөнгөөс Хатгал тосгоны чиглэлд хөдөлсөн. Хатгалд 18 цагийн орчим очсон. Бид хоёрыг Хатгалд очиход нэрийг мэдэхгүй нэг эмэгтэй бид хоёрыг тосож аваад байшингийн хаалгыг онгойлгож оруулсан. Мөн тэр эмэгтэй бид хоёрын орсон байшингийн галыг түлж дулаацуулж өгсөн. Ингээд 20 цагийн орчим бид хоёр бууз чигнэж идээд хоёр хоёр лааз пиво уунгаа хоолоо идсэн. 21 цагаас бид хоёр өөрийн үздэг киногоо зурагтаа үзэж 22 цагийн орчим кино дууссан. У.Р намайг хатуу юмаа уугаач би вино ууна гэхээр вино задалж өгөөд өөрөө нэг шил архи задалж 30 грамм орчим уугаад их сайхан уур амьсгалтай байсан. Тэгээд бид хоёр гал түлж нэлээн хэсэг сууж байгаад У.Р нэлээн хэд татсаныхаа дараа У.Рын зан ааш гэнэт хувирч шүдээ угаасан юм уу миний өмнөх найз залуу хоол идэх бүрдээ амаа угаадаг. Тэгээд бид хоёр бага зэрэг маргалдсан. Маргалдахаа У.Р нь дургүй хүргээд байвал энэ байшинг чинь үнсэн таварга болгоод хаячихна шүү гэхээр нь юу яриад байгаа юм чи гэхэд яадгийн чи л төлнө биз гэсэн. Тэгээд У.Р хундагатай вино, вакалтайгаа босоод гал тогоо руу явсан. Тэгээд гэнэт над руу юм шидэлж эхэлсэн. Эхлээд над руу халуун сав, уусан пивоны лааз зэргийг шидсэн. Миний хувьд занг нь мэддэг урчаас тэвчээртэй сууж байсан. Тухайн үед виноных нь дөрөвний нэг нь үлдсэн байсан. Тэр шилтэй виногоо цонх руу шидэж цонх хагалсан. Мөн виноны вакал шидэж гурван давхар вакум цонхыг бүтэн хагалсан. Мөн задалж үлдсэн байсан шилтэй тал огурцыг шидэж голын цонхны шилийн 2 давхрыг нь хагалсан. Тэгээд намайг очиж бариад авах гэтэл гартаа барьж байсан гар утсаараа миний хамар луу цохисон. Хамраа дараад эргэхэд толгой руу цохиж доогуур өшиглөсөн. Тэгэхээр би эргэж араас барьж аваад хоёр гарыг биетэй нь тэвэрч авсан. Мөн машины цонхыг чинь бүгдийг хагална, намайг ална, гүйцээнэ гэж заналхийлж хүчрэгдэхгүй орилж хашхираад байхаар нь хүзүүнээс барьж газарт унагаасан. Тэгээд тайвшруулах гэж нэлээн ноцолдож байх үед чиний хамраас чинь цус гараад байна гэхээр нь хоёр гарыг нь алдахгүйн тулд хоёр өвдгөөрөө шуу бугалгын орчим дарж хамраа үзсэн. Тухайн үед бага зэргийн цус гарч байсан. Тэгээд тайвшруулах гэж дээрээс нь тэвэрч хэвтсэн. Миний хувьд У.Рыг нэг ч удаа цохиогүй, бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх болон өөрийн биед гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлж хүч хэрэглэж хамгаалж зогсоосон. Тэгээд У.Р миний зүрх өвдөөд байна, тамхи татмаар байна гээд гадаа гарсан. Ингэхдээ жижүүрийнд орсон юм байна лээ, би мэдээгүй. Тэгээд буцаж орж ирэхээр нь яасан их удав, даараагүй биз дээ гээд, чи яагаад цонх хагалж байгаа юм бэ, одоо яахав, чи өөрөө төлөөрэй гээд жаахан маргалдсан. Тэгээд хэсэг байж байгаад У.Р агаарт жаахан гарчхаад ирье гээд гарсан. Тэгээд нэлээн удаад байхаар би араас нь гарсан.
Гэтэл манаачийнд сууж байсан. Тэгээд би хаалгыг нь тогшиход У.Р цаанаас нь битгий онгойлгож өг гэж хэлж байсан. Тэгээд хаалгыг эрэгтэй манаач онгойлгож өгсөн. Яг тэр үед манаач эрэгтэй амралтын газрын эзэн О.Гтай утсаар ярьж байсан. Тэгээд би У.Рт хандан яагаад ийшээ ороод ирэв цонх хагалдаг яаж байгаа юм хоёулаа цонхоо янзалъя гэж ярьсан. Тэгээд манаач утсаа надад өгөөд О.Г яръя гэж байна гэсэн. Би О.Гтай утсаар яриад манай эхнэрийг цонхыг чинь хагалчихлаа, би цонхыг төлж өгнө гээд У.Рын өмнөөс уучлал гүйж маргааш гэхэд шиллүүлж бүтэн болгохоо илэрхийлсэн. Тэгээд би манаач ахаас скоч гуйж аваад машинаас цаасан хайрцаг авч нэвт хагарсан цонхыг скочдон бүтэн болгож дулаан алдалтыг зогсоосон. Тэгээд орох гэтэл дотроосоо түгжсэн байсан. Би гутал хувцас нэмгэн байна гэхэд хаалгыг онгойлгож өгсөн. Тэгээд бид хоёр нэлээн ярилцаж байгаад эвлэрээд, У.Р өөрөө ч охиноо бодъё гээд хоёр давхрын өөрөө рүү орж хамт унтсан. Би өглөө нам унтсан байсан. 11 цагийн орчим сэрсэн санагдаж байна. Сэрэхэд У.Р доор хүнтэй утсаар чанга чанга яриад байх шиг байсан. Тэгээд гадуур зузаан өмдөө өмсөөгүй байхаар нь даарах болов уу гэж бодоод өмдийг аваад доош буутал хоёр цагдаагийн алба хаагч ирчихсэн байсан. Тэр үед У.Р шал өөр хүн болчихсон над руу давшилж байсан. Тэгээд цагдаа нар намайг шууд авч гараад машины ард суулгасан. Би хувцсаа өмсье гэж буцаж ороод гутал хувцсаа өссөн. Удалгүй Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга албаны машинтайгаа ирсэн. Тухайн үед жолооч нь гээд энгийн хувцастай нэг хүн байсан. Эрүүгийн мөрдөгч гээд хүн байсан. Тэд нар байшин руу орж У.Ртой 2 цаг хэртэй ярилцаад, намайг шууд гавлаад аймгийн төв рүү явуулсан. Надаас нэг ч зүйл тодруулаагүй. Тэгээд цагдаагийн газарт авчирч мэдүүлэг авсан. Тухайн үед У.Рын түрэмгий үйлдэл зан аашийг зогсоогоогүй бол эд хөрөнгө болон хүний биед илүү их гэмтэл учрах байсан. ... Бид хоёр танилцаад 2,5 жил болж байна. Дундаасаа нэг охинтой охин маань одоо 1 нас 3 сартай, Бид хоёр танилцсан доороо харилцаа сайтай байсан. У.Рын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ааш араншин нь танигдахын аргагүй болдог байсан. Архи ч их уудаг байсан. Тухайн үедээ хууль, эрх зүйн туслалцааны төвийн захирлаар ажиллаж байсан. Улмаар 2019 оны 12 дугаар сард ажлаасаа гарсан. Тэрнээс хойш нэг хэсэг зан ааш нь эвдэрч, бид хоёрын хоорондын харилцаанд таарамжгүй байдал үүсэж эхэлсэн. Ингээд жирэмсэн болж архи дарс уух нь багасаж бид хоёрын харилцаа сайн болж эхэлсэн. Ингээд хүүхэд төрөөд 3 сарын дараагаас мөн ааш араншин нь өөрчлөгдөж би гадуур явж ажил хөөцөлдөж чадахгүй байна, бүх зүйл чамаас болсон, энэ хүүхэд төрөөгүй бол миний амьдрал арай өөр байх байсан гэж орилж хашхирч чамайг шоронд хатаана гэж гартаа тааралдсан зүйлээ авч шиддэг байсан. Мөн хуулийн салбарт манай салбарын хүмүүс их байгаа, хуулийн салбарыг манай төгсөлтийнхөн атгаж байгаа гэсэн утгатай юм ярьдаг байсан. ...” гэх мэдүүлэг (хх20-22, 123-128х),
Хохирогч Т.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн үед Хатгал тосгон руу машинаар явсан. Хатгал тосгоны хөдөө хэсэгт Даян амралтын газарт О.Г бид 2 очсон. ...би Э.О чи Улаанбаатараас гарсан цагаас хойш амаа угаасангүй. Сая Мөрөнгийн Номин дэлгүүрээс сойз авсан амаа угаа, яасан заваан, ариун цэвэр сахихгүй байгаа юм. Нэг бол амаа угаахгүй, эсвэл боовоо угаахгүй хүн рүү дайраад байдаг, яасан заваан юм архи, пиво уугаад тамхи татаж заваан юм боль гээд байхад болихгүй гээд би уурласан. Тэгсэн чинь О.Г надад чиний унтдаг залуучууд чинь хэзээ амаа, боовоо угаадаг юм. Танай хуучин нөхөр чинь сахрын өвчинтэй биз дээ гээд янз бүрийн юм хэлээд уурлаад орилсон. ...чи намайг шүд, боовоо угаа гэдэг хэн бэ гээд нэг удаа өшиглөж, 2-3 удаа элэгдэх үед би газарт унасан. Миний дээр гараад гар бариад 10 орчим минут О.Г суугаад миний нүүр лүү чичлээд намайг доромжилсон. Би О.Гыг болиулах гээд хүчрэхгүй байсан. Би сүүлдээ О.Гоос гуйгаад би сандал дээр сууж хэсэг хань болж сууя гэсэн. Тэгээд би босоод цагдаа дуудах гээд гар утсаа аваад 102 дугаарын утас руу залгасан чинь О.Г утсыг маань аваад би ярьж чадаагүй. Би гарч гүйгээд манаачийн байшинд очсон. Би тэр манаач эгчээс туслаач цагдаа дуудаад өгөөч, манай хүн архи уусан агсан тавиад байна гэж хэлсэн чинь нөгөө эгч надад утасны нэгж байхгүй гэхээр нь би байрны эзнийг дуудаад өгөөч утсыг мэдэхгүй, эр эм хүмүүс хоорондоо учраа ол гэж хэлсэн. Тэгтэл намайг Э.О намайг хэл амаар доромжилж тамлаж эхэлсэн. Нөгөө ярьдаг шүдээ, боовоо угаа гэдэг хэн бэ гээд л уурлаад, доромжлоод, үсдэж наашаа хар гээд, нүдний зовхи татаад, чичилж, өөр залуу бодоод урьд нөхрийнхөө боовыг бодоод санаад байна уу, би чиний охины эцэг чинь байна янхан гээд байсан. Би О.Гыг боль ямар аймаар юм бэ, араатан юм уу, тамлах гэж энд авч ирсэн юм уу гэсэн чинь алах гэж авч ирсэн гэсэн. О.Г би чамаас салахгүй би чамайг алаад дараа нь өөрийгөө ална, амиа хорлон далай ээждээ биеэ тушаана гээд 10 орчим удаа хоолой боож, босохгүй, хэвтүүлээд үснээс татаад, 2 хөлийг маань нэг хөлөөрөө дарсан байсан. Мөн нүүр ам руу гараараа 2-3 удаа цохисон. Намайг болиулах гэтэл баруун гарын долоовор хурууг хазсан. Өнөөдөр ална, чи бид 2 өнөөдөр шийдэх мөч ирсэн, энд бүх юмаа шийднэ. Чи муу надаас салдаг, амаа, боовоо угаа гэдэг хүн бэ гээд байсан. Чиний эрчүүд чинь надаас илүү юм уу, чи боовыг нь хөхдөг биз дээ гээд хэлээ ам руу хийсэн, хэлийг нь би хазсан, цамцыг маань урсан. ...энэ асуудал 2 цаг орчим үргэлжилсэн. ...” гэх мэдүүлэг (хх-25-29, 32-38х),
Гэрч Р.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний оройн 18-19 цагийн орчим намайг гэртээ байхад хар өнгийн суудлын машинтай гэр бүлийн хүмүүс гэх хоёр хүн ирсэн. Тэгээд манай эхнэр орж галыг нь түлж өгсөн. ...ажил дээрээ очоод байж байтал шөнийн 02 цагийн орчим манай эхнэр ажил дээр ирээд “нөгөө ирсэн хүмүүс чинь хоорондоо хэрэлдэж, маргалдаад байх шиг байна, би айгаад байна” гэхээр нь гэртээ очоод байж байтал амралтад ирсэн хоёр хүний эмэгтэй нь манай гэрт орж ирээд нөхөр утас авчхаад өгөхгүй байна, цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би цагдаагийн дугаарыг мэдэхгүй гэхэд тэр хүүхэн миний утсыг аваад өөрөө цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тухайн үед цагдаа нь аймагт байна гэх шиг болсон. Тэгээд байж байтал удалгүй нөхөр нь ороод ирсэн. Тэгээд хоорондоо маргалдаад байсан, ...манай нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэж байсан. Тухайн үед цагдаа нь Даян амралтын газрын байршлыг мэдэхгүй би Леоныг тойроод ир гэж зааж өгсөн....” гэх мэдүүлэг (хх-42-43, 46,-47х),
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...оройн 22 цагийн орчим намайг гэртээ ганцаараа байхад эхнэр нь орж ирээд “бид хоёр жаахан маргалдаад байна, цагдаа дуудаад өгөөч гэхээр нь “эгчийнх нь утсанд нэгж байдаггүй, би нөхөртэй очоод хэлчихье” гээд нөхрийнхөө ажил руу очиж мэдэгдсэн. Ингээд нөхөртэйгөө гэртээ очоод байж байтал эхнэр нь дахиад орж ирээд манай нөхрийн утсаар цагдаа руу залгаж дуудлага өгсөн. ... 23 цаг өнгөрч байхад манай сахиулын байранд У.Р гэх эмэгтэй манай нөхөр агсам тавиад байна цагдаа дуудаж өгөөч манай хүн юм уухаараа ингээд байдаг юм гэхээр нь эгчид нь утасны нэгж байхгүй байна гэж хэлээд нөхөр болох Л.Г дуудаж утсаар нь цагдаа дуудна гээд У.Р цагдаа руу залгаад байсан. Манай сахиулын байранд У.Р манай нөхөр Л.А бид гурвыг байж байхад нөхөр О.Г нь ирж хаалга тогшсон У.Р битгий хаалга онгойлгож өг гэсэн. ...У.Р гэх эмэгтэй архи үнэртүүлсэн байдалтай сандарсан байдалтай орж ирсэн над руу уурлаад байсан, утсандаа нэгжтэй байхад яадаг юм надад тусламж үзүүлсэнгүй гэж уурлаад байсан. ...” гэх мэдүүлэг (хх-50, 5253х),
Гэрч М.О.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр эхнэр бид хоёр Улаанбаатар хотод байсан. Шөнө 3 цаг өнгөрч байхад манай эхнэр лүү Э.О эхнэр нь харуул ахын утсаар залгасан. Ингээд утсаа аваад ярьтал О.Г байшингийн чинь цонхыг хагалчихлаа гэсэн утгатай юм хэлсэн. Миний хувьд эхнэртэйгээр хамт унтаж байсан болохоор яриа нь сонсогдож байсан. Тэгээд байж байтал утасны цаанаас хаалга тогших чимээ гараад эхнэр нь битгий онгойлгож өг гээд байх шиг байсан. Тэгсэн манаач ах зөөлөн тогшиж байна гайгүй юм биш үү гээд онгойлгоод өгчих гэх шиг болсон. Тэгэхээр би О.Г байна уу утсаа өгдөө би О.Гтой утсаар ярья гэсэн. Тэгээд би О.Г луу би чи одоо яагаад байгаа юм юу болоод байгаа юм гэхэд за ёстой уучлаарай хөгшөөн манай эхнэр жаахан уурлаад цонхыг чинь хагалчихлаа хөгшин нь маргааш өглөө янзлуулчихаа чи санаа зоволтгүй гэсэн. Тэгээд тэд цаанаа хэрэлдэхгүй байхаар нь гайгүй юм байна гэж бодоо утсаа салгасан. ... надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. О.Г манай байшингийн цонхыг янзлуулж өгсөн. ...гэх мэдүүлэг (хх-62-63х),
Гэрч А.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...яг хажууд нь байдаггүй болохоор нарийн сайн мэдэхгүй. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд сайн мэднэ гэж бодож байна. Яагаад гэхээр О.Г, У.Р нар 2019 онд анх танилцаж байсан. Тэр хоёрыг танилцуулснаар хойш О.Гтой уулзах цөөрсөн. Хаяа нэг ажил дээр нь таарч уулзах болсон. О.Гын хувьд энэ хүнтэй танилцсанаасаа хойш маш их дарамтад орсон байдалтай байсан. ... гэх мэдүүлэг (хх-66-67х),
Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... О.Гыг одоогоос 2 жилийн өмнөөс таньдаг болсон. Би 2019 оны 08 дугаар сард Иргэний нисэхийн Ерөнхий газрын аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргаар томилогдсон. Намайг томилогдож ирэхэд О.Г Буян-Ухаа ОУ-н нисэх буудлын дэд захирлаар ажиллаж байсан. Энэ цэг үеэс хойш таньдаг болсон. У.Ртой нэг удаа таарч, танилцаж байсан. Тухайн үед О.Гтой хамт явж байсан. ... хоорондын харилцааныхаа талаар О.Г надад ярьж байсан. Ингэхдээ эхнэр бид хоёр таарамжгүй байгаа гэнэт уурлаад юм авч шиддэг. ...эд хөрөнгөд халдаад байх юм төрснөөсөө хойш сэтгэцийн жаахан асуудалтай болчих шиг боллоо таньдаг мэддэг сайн эмч байна уу гэж асууж байсан. Тухайн үедээ гэр бүлийн дотоод асуудал учраас өөр хүнд битгий хэлээрэй гэж байсан. Заримдаа О.Г нүүр амаа маажуулчихсан, тэрийгээ маскаараа хүртэл хаачихсан ирдэг байсан. ... “ гэх мэдүүлэг (хх-69х),
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний хувьд ээжУ.Р, түүний хамтран амьдрагч О.Г нартай нэг сар хэртэй хугацаанд хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд О.Г нь орой болгон пиво уудаг байсан. Манайд архи дарс уудаг хүн байхгүй болохоор их гайхдаг байсан. Тэгээд нэг сар хэртэй хамт амьдраад би Улаанбаатар хотод охин, асрагч хоёртойгоо тусдаа амьдрах болсон. Үүнээс хойш ээж, О.Г нарын ямархуу харилцаатай байгаа талаар мэдэхээс байсан. ...” (хх-72-73х),
Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сар өдрийг нь тодорхой санахгүй байна. Ямар ч байсан нэлээн дулаарчихсан байсан. Намайг гэрээсээ гарсан чинь хажуу айлын хүн болох О.Гын машины урд шил хагарсан байдалтай байсан. Тухайн үед хагарсан байхыг нь харснаас биш яг хэн хагалсан гэдгийг мэдээгүй. О.Г гуай ч надад хэн хагалсан талаар хэлээгүй. Тухайн үедээ миний машин камертай гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-76-77х),
Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Т.Уын зүүн завьжинд 0.5х0.8см улаан хүрэн өнгийн язарсан шархтай байсан. Дээрх шарх бүхий гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” мэдүүлэг (хх-78-79х),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай: 1. Т.Уын биед зүүн завьжинд шарх, зүүн бугалга, шуу, хүзүүний баруун тал, цээжинд цус хуралт, баруун гарын эрхий хуруу, зүүн гарын ядам хураа зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаан үүссэн гэмтэл байх боломжтой.
4. Т.Уын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-87х), Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай:
1. Д.Эын биеэс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй. ...” гэх дүгнэлт (хх93х),
Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-134х-136х), Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны засаг дарга С.А 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 263 дугаартай тодорхойлолт (хх-131х),
Балжид онхуд овогт Д.Э-рын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-132х),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-133х), Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх138-139х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Даян”амралтын газарт хамтран амьдрагч Т.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Д.Э.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-03х), Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-06-11х), Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-12-15х), Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-16-21х), Хохирогч Т.Уын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-25-29, 32-38х),Гэрч Р.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-42-43, 46, 47), Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-50, 52-53х), Гэрч М.О.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-62-63х), Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг (хх-78-79х), Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай дүгнэлт (хх-87х), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-134х-136х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга зүгээс гэм буруугийн талаар маргаж байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч С.Мөнхтулга нь шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүхэд гарсан дүгнэлтдээ: “... Өмгөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийн оролцогч нар нь хэргийн үйл баримтад тохирсон мэдүүлэг өгөх үүрэгтэй боловч тухайн хэргийг шүүгдэгч нь үйлдсэн болох нь эргэлзээтэй байнга.
Учир нь болсон үйл явдлын хувьд хохирогчид өөрт ашигтай байдлаар мэдүүлэг өгөгдсөн гэж үзэж байгаа ба гэрч н.Б, гэрч н.Л нарын мэдүүлэгтэй хохирогчийн өгсөн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Тухайн хэрэг гардаг өдөр хохирогч болон шүүгдэгч нарын хооронд ямар нэгэн маргаан үүссэн нь үнэн боловч шүүгдэгчийн шууд санаатай үйлдэл хийсэн эсэх нь эргэлзээтэй... Харин хохирогч мэдүүлэхдээ амралтын манаачийн гэр лүү 3-4 удаа очсон. Мөн Д.Э нь надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлдэг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй учраас прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн гэж үзэж байна. Мөн хохирогч нь Д.Э намайг байшиндаа оруулахгүй байсан гэж мэдүүлдэг боловч гэрч нар Д.Эыг хохирогч Т.У байшиндаа оруулахгүй байсан талаар мэдүүлдэг. Гэрч н.Б болон н.Л нар нь шүүгдэгч Д.Этой ямар нэгэн хамаатан садан биш бөгөөд н.Б, н.Л нь ажлаа хийж байсан ба тухайн өдөр юу харсан талаараа мэдүүлсэн. Тийм учраас гэрч нарыг шүүгдэгчийн хамаатан садан болон тэдний талын хүмүүс байсан гэж хохирогч тал үзэх нь ямар нэгэн үндэслэлгүй юм. Хохирогч нь шүүгдэгч Д.Эыг мөнгө угаадаг, хууль хяналтын байгууллагад нөлөөлдөг гэж мэдүүлээд байгаа нь хий хоосон хардалт юм гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тодорхой хэмжээний асуудал хууль хяналтын байгууллагаар шийдэгдэж байгааг үгүйсгэхгүй. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах зорилгоор хэрэгт н. Гомбожав, н.Болдбаатар нарыг гэрчээр асуухад шүүгдэгчийг харилцаа хандлагын хувьд доголдолтой хүн биш болох харагдаж байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргана. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. Хохирогч Т.Уын биед Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтээр (хх-87х) хөнгөн хохирол учирсан байгаа нь хавтас хэрэг авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна шүүх үзлээ. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”, мөн зүйлийн 3.1-д ”Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-т ”Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заажээ. Шүүгдэгч Д.Э хохирогч Т.У нар нь “гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд” болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримт мөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч хохирогч нар “гэр бүлийн хамаарал бүхий этгээд” байна. Иймд шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн “гэр бүлийн хамаарал бүхий хүний” эсрэг үйлдсэн байх тул “хүндрүүлэн” үзэж улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, гэр бүлийн харилцаа хандлага, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Э нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Д.Э нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Э нь хохирогч Т.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч шүүхэд хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Д.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Т.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Эын хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөллийн санал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчид 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Э-рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-рт 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Д.Эын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН