| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2021/02038/И |
| Дугаар | 182/ШШ2021/02080 |
| Огноо | 2021-09-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2021/02080
2021 оны 02 сарын 03 өдөр Дугаар 182/ШШ2021/0......... Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Д -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Б-д холбогдох,
“Хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Буриад овогтой Дариймаа нь 2013 онд О.Б-тэй танилцаж, гэр бүл болон амьдарсан боловч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй болно. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 онд охин Б.А /РД:000002421/, 2019 онд хүү Б.А /РД:000000951/ нар нь төрсөн.
Нөхөр О.Б нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ” гэх үүргээ удаа дараа зөрчиж, надад гар хүрч хэд хэдэн удаа хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулж байсан. Миний бие өөрийн хүүхдүүдийн цаашдын ирээдүй, элэг бүтэн гэр бүлтэйгээ аав, ээжтэйгээ хамт өсгөхийг хичээж тэсэж, тэвчин ирсэн боловч О.Б-гийн үйлдэл нь тэвчихийн аргагүй хүнд нөхцөл байдлыг бий болгож байсан тул 2020.12.20-ны өдрөөс миний бие хүүхдүүдийн хамт О.Б-гээс тусдаа амьдарч байна.
Нөхөр О.Б нь хүүхдүүддээ хайр халамжтай хандаж чаддаггүй, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд дэмжлэг үзүүлдэггүй тул миний бие өөрийн бага насны 2, 6 настай хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдүүдэд 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэлх хугацаанд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Д нь 2013 онд О.Б-тэй танилцаж, гэр бүл болон хамт амьдарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй. Хамтран амьдрах хугацаанд 2014 онд охин Б.А, 2019 онд хүү Б.А нар төрсөн. Гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй, тусдаа амьдарч байгаа, ийм учраас бага хүүхдүүдийг эх Б.Д-гийн асрамжид үлдээж, гэр бүлийн тухай хуулийн 09 дүгээр зүйлд заасны дагуу хүүхдүүдэд хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Мөн нэхэмжлэл дээр 02 болон 07 настай гэж бичсэн байгаа. Том охин Б.А 2014 оны 11 сард төрсөн. Одоогоор 07 насанд хүрээгүй байгаа учраас хүүхдийн саналыг авахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой. Эхийн асрамжид хүүхдүүдийг үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Д-тай анх 2013 онд Говь-Алтай аймгийн Анагаахын сургуульд ороод танилцаж, анхны хүүхэд болох охин Б.А 2014 онд төрөөд, 2019 онд А хүү төрсөн. 2013 оноос өдийг хүртэл найман жил болоход 4 жил хамт амьдарсан. Дунд нь жил, жилийн хугацаатай Д хөдөө очиж амьдардаг байсан, би хотод амьдардаг байсан. Ойролцоогоор дөрвөн жил гаруй хугацаанд амьдарсан. Д сургуулиа төгсөөд А-г тээж байх хугацаандаа жижиг зүйлээс болж маргаад аймаг руу явдаг байсан. Гэрлэлтээ батлуулаагүй шалтгаан нь нөхцөл байдал болохгүй байсан. Хүүхдийн асрамжид үлдээх болон тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч О.Б-д холбогдуулан “хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4-т “Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Д нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчдын өгсөн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.А, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.А нарын эцэг нь О.Б болохыг захиргааны журмаар тогтоосон байна.
Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч О.Б нар нь 2013 онд танилцаж, түүнээс хойш хамтран амьдарч эхэлсэн, зохигчид гэрлэлтээ батлуулаагүй байх ба хамтран амьдарч байх хугацаанд 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.А, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.А нарыг төрүүлсэн бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Б.А, Б.А нарын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар гэр бүлээ албан ёсоор бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн эцгийг захиргааны, эсхүл шүүхийн журмаар тогтоох бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.А, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.А нарын эцэг нь О.Б болох нь захиргааны журмаар тогтоогджээ.
Б.Д, О.Б нар нь 2020 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, охин Б.А, Б.А нарыг эх Б.Дгийн асрамжид байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд охин Б.А, Б.А нарыг эхийн асрамжид үлдээх талаар талууд маргаагүй тул охин Б.А, Б.А нарыг эх Б.Д-гийн асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг О.Б нь охин Б.А, Б.А нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг О.Б-гээс тэтгэлэг гаргуулж, охин Б.А, Б.А нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд охин Б.А, Б.А нар эх Б.Д-гийн асрамжид байгаа нь О.Б-гийн хувьд эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд эцэг О.Б энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эх Б.Д нь саад учруулахгүй байх үүрэгтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.А, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.А нарын эх Б.Д-гийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.А, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр тус тус сар бүр төрсөн эцэг О.Б-гээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар О.Бг эцгийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд эх Б.Д саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурдсугай
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч О.Б-гээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагчаас 60,780 төгрөгийг гаргуулан олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС