| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 143/2023/00469/И |
| Дугаар | 001/ХТ2025/00073 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2025/00073
Л-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 143/ШШ2024/00389 дүгээр шийдвэр,
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 203/МА2025/00006 дугаар магадлалтай,
Х-д холбогдох
Гэм хорын хохиролд 33,143,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч Х-, гуравдагч этгээд Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л нь хариуцагч Х-д холбогдуулж гэм хорын хохиролд 33,143,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 143/ШШ2024/00389 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х-өөс 33,143,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,667 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 203/МА2025/00006 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 143/ШШ2024/00389 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.12-ны өдрийн 143/ШШ2024/00389 дүгээр шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.01.29-ний өдрийн 203/МА2025/00006 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Нэг. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хянавал хэсэгт “... хариуцагч Х “тэмээгээ хариулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болох”-ыг тогтоосон, өөрөөр хэлбэл хариуцагчийн хууль бус үйлдэл болон гэм буруугийн талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна” гэжээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүмээр зохицуулна. Зөрчлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д хүн замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй бол 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах зохицуулалттай. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-т замын хөдөлгөөнд оролцогч нь зам тээврийн ослын улмаас учирсан хохирлоо хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх эрхтэй байна. Хавтаст хэргийн 75 дахь талд авагдсан ... дугаар шийтгэлийн хуудсаар Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М нь автомашинд мөргүүлсэн тэмээний эзэн Х-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: з/ хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.1 дэх заалтад зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна.
Давж заалдах шатны шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд хариуцагч Х-өөс торгуулийг төлж барагдуулсан эсэхийг лавлахад “төлж барагдуулсан” гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх шийтгэлийн хуудсанд зөрчилд хариуцагч Х гомдол гаргаагүй, зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч торгуулийг төлсөн болох нь харагдаж байна. Дээрх Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.з заалт нь малчид болон амьтан тэжээдэг хэн боловч мал (тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа), амьтан (тахиа, галуу, нохой, гахай... г.м)-ыг засмал зам руу хариулгагүй оруулж болохгүй. Энэ тохиолдолд хохирол учирвал мал, тэжээвэр амьтны эзэн хариуцах дүрэм, журам, хуультай байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс малчин Х-ийг тэмээгээ засмал зам руу ойрхон ирснийг мэдсээр байж холдуулаагүй, үүнээс болж тэмээ засмал зам дээр гарч ирснээр зам тээврийн осол гарсан малчны эс үйлдэхүйд эрх бүхий албан тушаалтан Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хуулийг баримтлан ... дугаар шийтгэл оногдуулсан нь хуулийн хүчин төгөлдөр болсон, энэ баримт хэрэгт авагдсан байхад хариуцагчийн хууль бус үйлдэл болон гэм буруугийн талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Мөн хавтаст хэргийн 110 дахь талд Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М дуудлагаар ирж, 2023.02.08-ны өдөр “Эрх бүхий албан тушаалтны магадалгаа” гаргасан. Эрх бүхий албан тушаалтан уг магадалгааны огноог “2022 он” хэмээн техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Гэвч тус магадалгаа нь дээрх зам тээврийн ослын магадалгаа болох нь холбогдогч нарын овог нэр, осол болсон байршил, цаг хугацаа, холбогдогчийн мэдүүлэг, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.25-ны өдрийн 131 дугаартай шийтгэвэр зэрэг олон нотлох баримтаас харагдаж байхад шүүх бүрэлдэхүүн энэ талаар асууж тодруулахгүйгээр хариуцагчийн хууль бус үйлдэл болон гэм буруугийн талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй хэмээн шууд дүгнэж байгаа нь хэтэрхий өрөөсгөл, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судлахгүй, шүүх шууд нутгийн малчны талд орж, зөвхөн нэг талыг барьж хэргийг шийдвэрлэж байгаад туйлын гомдолтой байна. Хариуцагчийн эс үйлдэхүй нь Замын хөдөлгөөний дүрэм болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн, энэ талаар эрх бүхий албан тушаалтан магадалгаа гаргаж, ... дугаар шийтгэл оногдуулсан нь хүчин төгөлдөр болсны улмаас нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо нэхэмжилснийг хариуцагчийн хууль бус үйлдэл болон гэм буруугийн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хоёр. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хянавал хэсэгт "... эрүүгийн хэргийн анхан шатны шүүх оролцогчийн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг удаа дараа хангаж шийдвэрлэсээр байтал тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна” гэжээ.
Зам тээврийн осол гарсны дараа Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М дуудлагаар ирж 2023.02.08-ны өдөр магадалгаа гаргаж, 2023.04.07-ны өдөр тээврийн хэрэгслийн жолооч Э-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” заалтыг үндэслэн 0087605 дугаар шийтгэл оногдуулсан.
2023.02.08-ны өдөр магадалгаа гаргахдаа тээврийн хэрэгслийн хурдыг тогтоогоогүй байж Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т зааснаар шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй, шинжээч томилж тээврийн хэрэгслийн хурдыг тогтоолгох талаар хүсэлтээ амаар хэлсэн боловч эрх бүхий албан тушаалтан хүсэлтийг хүлээж аваагүй тул Э магадалгааг хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зураагүй байдаг. /хавтаст хэргийн 110 тал/ Тээврийн хэрэгслийн жолооч Э-д оногдуулсан шийтгэлд оролцогчийн эрхийг хангаагүй үндэслэлээр гомдол гаргаж Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.25-ны өдрийн 2023/ЭШ/131 дүгээр шийтгэврээр дахин шинжилгээ хийлгэх оролцогчийн эрхийг хязгаарлан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй хэмжээн дүгнэж ... дугаар шийтгэлийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрт эрх бүхий албан тушаалтан, прокурор гомдол гаргаагүй, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон юм.
Энэхүү шийдвэрийн агуулга нь жолооч Э-д оногдуулсан торгох шийтгэлийг хүчингүй болгож байгаа болохоос биш “дахин шинжээч томилуулаарай” гэсэн утгыг илэрхийлэхгүй. Учир нь, нэг талаас төрөөс тусгайлан эрх олгогдсон эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогчийг ямар зөрчил үйлдсэн болохыг нотлох баримтаар нотолж, тохирох шийтгэлийг оногдуулдаг. Харин зөрчилд холбогдогчийн зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг нотлох баримтаар нотолж чадахгүй бол шийтгэл оногдуулахгүй. Энэ талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ" гэж ойлгомжтой заасан байна. Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.25-ны өдрийн 2023/ЭШ/131 дүгээр шийтгэвэр нь Э-д эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож байгаагаас биш түүний шинжээч томилуулах хүсэлтийг хангаж байгаа шийдвэр биш юм.
Нөгөөтээгүүр, эрх бүхий албан тушаалтанд шинжээч томилуулж, дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтээ амаар удаа дараа гаргасаар байтал шинжээч томилоогүй, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүйн улмаас тээврийн хэрэгслийн жолооч, эсвэл тээврийн хэрэгслийн эзэмшигч нэхэмжлэгч Л нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй болохыг мэдсээр байж энэ талаарх баримт шаардлагатай талаар дүгнэсэн давахын магадлал үндэслэл муутай байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасны дагуу Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.12-ны өдрийн 143/ШШ2024/00389 дүгээр шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.01.29-ний өдрийн 203/МА2025/00006 дугаар магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
5. Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.03.27-ны өдрийн 001/ШХТ2025/00355 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Л нь хариуцагч Х-д холбогдуулан гэм хорын хохиролд 33,143,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...2023.02.02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал замын 21 дэх километрт Л-ийн эзэмшлийн Toyota Land Cruiser Prado маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э жолоодон явж байхад засмал зам дээр тэмээ гэнэт гарч ирснээр автомашиныг зогсоож амжилгүй тэмээг мөргөж, тээврийн хэрэгсэлд 31,726,400 төгрөгийн бодит хохирол учирсан. Жолооч Э-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан ч Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.25-ны өдрийн 131 дүгээр шийтгэврээр шийтгэлийг хүчингүй болгосон. Харин хариуцагч Х-д Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дахь заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.1 дэх заалтад зааснаар 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. Хариуцагч Х-ийн дээрх заалтыг зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж үзэн түүнээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 31,726,400 төгрөг, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 1,417,000 төгрөг, нийт 33,143,400 төгрөгийг гаргуулна” гэжээ.
7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “... тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хурд хэтрүүлж явсны улмаас зам тээврийн осол гарган манай хээлтэй ингэн тэмээг дайрч хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манайх тэмээ, адуу, хонь, ямаа гэх 4 төрлийн малтай. Үүнээс хонь, ямаа, саалийн торомтой ингээ өдөр тутам маллаж гаднаа хотондоо хотлуулж хоноглуулж малладаг. Харин энэ дайрагдсан тэмээ өдөр тутам хараа хяналтдаа байлгах маллагаа шаардагдахгүй хээрээр явдаг сувай тэмээ тул гадаа хотлуулж малладаггүй, 2-3 өнжиж усандаа ирж уугаад хөдөөгүүр хонож явдаг мал билээ. Хээрээр явдаг малыг бид өдөр бүр гадаа хотлуулж хонох ямар ч боломжгүй байдаг. Монголчууд бид хэдэн зуун жилээр бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, аж амьдралаа залгуулж ирсэн уламжлалтай” гэсэн агуулгатай тайлбар гарган маргасан.
8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э-ын гаргасан тайлбарт “...хариулгагүй мал, тэмээнээс болоод олон хүн, амьтан үхэж үрэгдээд осол аваарт орж, эд хөрөнгөөрөө хохироод байдаг. ...хариуцлагатай байх хэрэгтэй” гэжээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...2023.02.02-ны өдөр ... тээврийн хэрэгслийг Э нь жолоодож яваад засмал зам дээр тэмээ дайрч зам тээврийн осол гарсан. ... тэмээний эзэн болох Х-ийн хариуцлага хүлээх үндэслэл нь түүний гэм хор учруулсан хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/, үүний улмаас хохирол учирсан байх, үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байхаас гадна тэрээр гэм буруутай байх ёстой. Эдгээр нөхцөлүүд бүрэн тогтоогдсоноор гэм хорын эрх зүйн хариуцлага хүлээх үндэслэл болдог. Хариуцагч Х-ийн хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн үйлдэлд нь хуулийн дагуу 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хэдий ч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэм буруу нь дан ганцаараа түүнд шууд хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. Харин малаа хариулгагүй байлгасан эс үйлдэхүйгээс хохирол учирсан байх нь хариуцлага хүлээх шалтгаант холбоонд хамаардаг. Х-ийн малаа хариулгагүй байлгасан эс үйлдэхүйгээс тээврийн хэрэгсэлд хохирол учраагүй, тухайлбал, түүний эс үйлдэхүй, хохирол хоёрын хооронд хариуцлага хүлээх шалтгаант холбоогүй.” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн “...бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э-д холбогдох асуудлыг энэ хэрэгт хамтатган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул түүнтэй холбоотой нотлох баримтыг /шийтгэвэр/ хэрэгт хамааралгүй гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгоогүй” гэжээ.
10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ ”...Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.25-ны өдрийн 2023/ЭШ/131 дугаартай шийтгэврээр зөрчилд холбогдогч Э-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тусгай мэдлэг эзэмшсэн, мэргэжлийн шинжилгээний байгууллагаар дахин шинжилгээг хийлгүүлэх оролцогчийн эрхийг хязгаарлан түүнд торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Тухайн цаг хугацаанд гаргасан зам тээврийн ослын улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай этгээдийг нотлох баримтаар хөтөлбөргүй нотлон тогтоогоогүй байна. Хариуцагч Х-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дахь заалтыг зөрчсөн зөрчилд нь шийтгэл оногдуулсныг бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд гэж шууд дүгнэх үндэслэлгүй. Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, хохирогчид учирсан гэм хорын хохиролтой шалтгаант холбоотой байх ба хариуцагч Х-ийн “тэмээгээ хариулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болох”-ыг тогтоосон буюу хариуцагчийн хууль бус үйлдэл болон гэм буруугийн талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөнд оролцож явахдаа тэмээ мөргөсөн үйлдэл нь замын хөдөлгөөний дүрмийн зөрчил мөн эсэх, жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаарх нотлох баримт хэрэг авагдаагүй, энэ талаарх тусгай салбарын, тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гараагүй байхад шүүх тээврийн хэрэгслийн жолооч гэм буруугүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.” гэсэн дүгнэлт хийсэн байна.
11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
12. 2023.02.02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал замын 21 дэх километрт Л-ийн эзэмшлийн Toyota Land Cruiser Prado маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э жолоодон явж байгаад тэмээ мөргөсөн, мөргүүлсэн тэмээ үрэгдсэн, автомашины эвдрэлээс нэхэмжлэгчид 33,143,400 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх ба дээрх үйл баримттай талууд маргаагүй. Харин уг осол гарахад тэмээний эзэн буруутай эсхүл тээврийн хэрэгслийг жолоодож явсан гуравдагч этгээд Э буруутай эсэх талаар маргасан байна.
13. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М 2023.02.08-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны магадалгаа гаргасан байна. Уг магадалгаанд “...Жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн. ...осол гарахад тэмээний эзэн малчин Х нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.з-т зааснаар “Хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн. Жолооч Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол хэрэг болох шалтгаан болсон байна. Иргэн малчин Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.з-т заасныг зөрчсөн нь зам тээврийн осол хэрэг болох шалтгаан болсон байна” гэжээ.
14. Жолооч Э-д 2023.04.07-ны өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.25-ны өдрийн 131 дугаартай шийтгэврээр уг шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар тээврийн хэрэгслийн жолооч Э-ын тухайд “Эрх бүхий албан тушаалтны 2023.04.07-ны өдрийн хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлээр зөрчилд холбогдогч Э хүсэлтийг амаар гаргасан болох нь тогтоогдож байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан 2022.02.08-ны өдөр гаргасан магадалгаагаар “...Жолооч Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн боловч зөрчилд холбогдсон Э нь хэдэн километр цагийн хурдтай явсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтны гаргасан магадалгааг оролцогч зөвшөөрөхгүй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 6, 7, 8 дахь хэсэгт “Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно.” Шинжээч шинжилгээний дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална. Эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх шийдвэрээ шинжилгээний байгууллага, шинжээчид шинжилгээний объект, эсхүл түүний дээжийн хамт хүргүүлнэ гэж хуульчилсан ба зөрчилд холбогдогч Э эрх бүхий албан тушаалтны магадалгааг хүлээн зөвшөөрөхгүй талаарх хүсэлтээ амаар гаргасан болох нь эрх бүхий албан тушаалтны 2023.04.07-ны өдрийн хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоолоор тогтоогдож байна.” гэж эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэвэрт тусгасан байна.
15. Тэмээний эзэн буюу хариуцагч Х-д 2023.04.07-ны өдөр ... дугаартай шийтгэлийн хуудсаар 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.з дэх хэсэгт заасныг зөрчсөн гэжээ.
16. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж, 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах ...” гэж тус тус заасан.
17. Анхан шатны шүүх хариуцагч Х-ийн тэмээгээ хариулгагүй байлгасан эс үйлдэхүйгээс хохирол учирсан байх нь хариуцлага хүлээх шалтгаант холбоонд хамаарах боловч малаа хариулгагүй байлгасан эс үйлдэхүйгээс тээврийн хэрэгсэлд хохирол учраагүй буюу эс үйлдэхүй, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоогүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн ба шийдвэр, магадлалын үндэслэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т нийцээгүй байна.
18. Гэрээний бус үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл бүрдсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардах эрх хангагдах урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх ёстой. Тухайлбал, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд гэм хор учирсан байх, тухайн үйлдэл эсхүл эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байх, гэм хор учруулагч нь гэм буруутай байх гэсэн нөхцөл бүрдсэн үед гэм хорыг арилгах үүрэг үүсэх үндэслэлтэй. Харин гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй гэсэн хоёр хэлбэртэй байх бөгөөд гэм хор учруулагчийн санаа зориг, сэтгэхүйн үйлдэлтэй холбоотойгоор гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд, шууд бус гэж, харин болгоомжгүй хэлбэрийг нь хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэх байдлаар ялгаатай авч үздэг.
19. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д зааснаар “замын хөдөлгөөний аюулгүй байдал гэж замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг” хэлэх бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтоох бөгөөд энэ дүрмийг Засгийн газар батална.
20. Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дахь хэсэгт замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүргийг тодорхойлсон ба 27.2.з-т “хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” гэж заасан байх бөгөөд хариуцагч Х нь тухайн өдөр осолд өртсөн тэмээний эзэн буюу өмчлөгч нь байх ба тэрээр дээрх үүргийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, хариуцагч Х “… өдрийн цагаар малаа хатуу хучилттай замаас холдуулдаг, … шөнийн нөхцөлд бод малыг хариулаад явах боломжгүй, ...замын хажуугаар цас орсон учраас цас идэх гээд шөнөдөө яваад оччихдог… уламжлалт аргаараа малаа маллаж байгаа .., Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гээд Зөрчлийн хуулиар торгуулсандаа гомдол гаргаагүй нь би буруутай гэсэн үг биш, … тэмээндээ цацруулагч зүүсэн байсан … ослын газар 80 км цагаас хэтрүүлж болохгүй гэсэн замын тэмдгүүд байсан, жолооч хурд хэтрүүлээгүй бол тэмээг тойрч гарах боломжтой … гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан байна.
21. Хариуцагчийн тайлбараас үзэхэд түүний өмчлөлийн тэмээ хатуу хучилттай зам дээр шөнийн цагаар явж байснаас осол гарсан тул Х-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.з-т заасан хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал оруулахгүй байх заалтыг зөрчсөн эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна. Тэрээр энэ дүрмийн дагуу өдрийн цагаар малаа замаас холдуулдаг боловч шөнийн цагаар хотлуулах боломжгүй гэдгээр тэмээг орхисноос осол гарсан байх тул түүнийг гэм буруутай гэж дүгнэх хэдий ч гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй буюу хайхрамжгүй хандсан гэж үзнэ. Улмаар хариуцагч Х-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн энэ заалтыг зөрчсөн эс үйлдэхүйгээс зам тээврийн осол гарч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан байх тул түүний эс үйлдэхүй, хохирлыг харилцан шалтгаант холбоотой ч уламжлалт мал аж ахуйд хол хөлийн мал буюу бод малыг хариулгагүй, бэлчээрээр явдаг мал гэж үздэг нөхцөлийг харгалзан үзэх нь зүйтэй.
22. Хариуцагч Х тэмээний эзний хувьд гэм хорыг хариуцах үндэслэлтэй хэдий ч уг осол гарахад дан ганц хариуцагчийг буруутай гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, энэ зам тээврийн осол гарахад нөлөөлсөн бусад нөхцөл байдлын талаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийнэ. Замын хөдөлгөөний дүрэмд “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих бөгөөд дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлэх үүрэгтэй. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. “Харанхуй үе” гэж үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацааг хэлэх ба харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэжээ.
23. Осол нь хатуу хучилтай засмал зам дээр өвлийн улиралд, харанхуй үед 21.40-22 цагийн орчимд болсон. Хэдийгээр тээврийн хэрэгслийг жолоодож осол гаргасан жолооч Э-ыг хурд хэтрүүлсэн эсхүл хэтрүүлээгүй гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй ч /тогтоолын 14/ ослын маргааш буюу 2023.02.03-ны өдөр хийгдсэн ослын газрын гэрэл зургийн үзүүлэлт гэсэн баримт, 2023.02.07-ны өдөр “В” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланд тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед ямар байсан тухай тэмдэглэлээр Toyota Land Cruiser Prado маркийн том оврын суудлын автомашинд үүссэн эвдрэлийн байдал болон хохирлын үнэлгээг 31,726,400 төгрөгөөр тогтоосон байна. Түүнчлэн мөргүүлсэн тэмээ замын хажуу руу унасан зэргээс үзэхэд жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцнэ. /I-xx-13,14,36-41/.
Улмаар нүүдлийн мал аж ахуйтай манай орны хувьд орон нутгийн замд мал, амьтан гэнэт гарч ирэх магадлал өндөр, энэ нь замын хөдөлгөөнд оролцогч анхааралтай хандвал зохих нийтээр хэвшиж тогтсон ойлголт юм. Иймээс энэ осол гарахад дан ганц хариуцагчийг гэм буруутай, хохирлыг бүхэлд нь хариуцах ёстой гэж үзэх боломжгүй, энэ ослын улмаас түүний тэмээ үрэгдсэн, хохирлыг 1,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний баримт хэрэгт авагдсан байна.
Түүнчлэн тухайн аймагт “тэмээ”-тэй холбоотой зам тээврийн осол багагүй гардаг, зарим тохиолдолд хүний амь нас хохирдог тухай тайлбарууд байх бөгөөд орон нутгийн удирдлага болон эрх бүхий байгууллага энэ талаар анхаарч замын анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ, хаалт хашилт хийх, урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авах хуульд заасан үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байна.
24. Зохигчийн хооронд үүссэн энэхүү маргаан болон Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.з-т заасан “хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал оруулахгүй байх” зохицуулалттай холбоотой шүүхийн практикаас харахад уламжлалт нүүдлийн мал аж ахуй бол Монголын өв соёл, өвөрмөц ахуй, уламжлалыг авч яваа малчдын асуудлыг хууль тогтоогчийн зүгээс эрх зүйн зохистой аргаар хамгаалах, орчин үеийн суурин иргэншлийн эрх зүйн зохицуулалттай хэрхэн оновчтой, зөв уялдуулах талаар цаашид анхаарах хэрэгцээ шаардлага байгааг дурдах нь зүйтэй.
25. Хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хор 33,143,400 төгрөгийн 50 хувь болох 16,571,700 төгрөгийг хариуцагч Х-өөс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 203/МА2025/00006 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 143/ШШ2024/00389 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х-өөс 16,571,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,571,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... үлдээсүгэй” гэснийг “... үлдээж, хариуцагч Х-өөс улсын тэмдэгтийн хураамжид 240,808 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л-т олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 323,667 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД