Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2018/0732

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: Л-г “Ш” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг сэргээсэн шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, Л-г бүртгэх шийдвэр гаргахыг даалгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ: “...Лнь “Ш” ХХК-г анх үүсгэн байгуулахад үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Түүнээс хойш өдий хүртэл Л нь өөрийнхөө эзэмшиж буй хувьцааныхаа хувийг хэн нэгэнд шилжүүлээгүй байхад түүнийг компаний бүртгэлээс хасаж бүртгэсэн. Лнь өөрөө оролцож, гаргасан хүсэлтийг нь хүлээн авсан улсын бүртгэлийн ажиллагааг хууль бус гэж нэхэмжпэл гаргаад, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2009.08.25 өдрийн 281 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Л/Л/-н нэхэмжпэлийн шаардлагыг хангаж, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн даргын “Гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай 2005.12.06-ны өдрийн А-2946 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон байна.

Уг шийдвэрийн дараа Л/хөрөнгө оруулагчийн/ хүсэлтийг үндэслэн “Ш” ХХК нь Л/Л/-н 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болгож нэмэлт өөрчлөлтийг Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын /хуучин нэрээр/ “Гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай 2009.10.13-ны өдрийн А-3630 дугаар тушаал гаргажээ. Харин компанид хөрөнгө мөнгөө оруулсан Вы гомдлоор Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017.01.18-ний өдрийн 48 дугаар шийдвэрээр Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын /хуучин нэрээр/ 2009.10.13-ны өдрийн А-3630 дугаар тушаалыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргасугай гэж, А-3630 дугаар тушаалыг хууль бус гэж шийдвэрлэсэн байна.

Л нь БНХАУ-д ажиллаж амьдарч байсан бөгөөд 2017.12 сард Монгол Улсад ирж дээрх шүүхийн шийдвэр, тушаалуудыг мэдэж, мэдсэн даруй итгэмжпэл олгож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Ш” ХХК-д эзэмшиж буй хувьцааныхаа эрхийг нь сэргээсэн эсэх, шинэ акт гаргасан эсэх” талаар тодруулж хүсэлтийг бичгээр гаргаад БНХАУ-руу буцсан.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүсэлтийн хариуг удаа дараа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт лавлахад хугацааг сунгаж, “материалыг бүрэн судлах шаардлагатай байна, хянаж шалгаж байна” гээд хүлээж бай гээд тодорхой хариу өгөхгүй байсан. Энэ бүх шүүхийн шийдвэр тушаалууд аль алиныг нь Л /Л/-д мэдэгдээгүй байдаг.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2018.04.30-ны өдөр 2018.04.02 өдрийн 8/2604 дугаартай албан хариуг хүлээн авсан ба энэхүү хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Ш” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахын тулд “бүртгэлийн хоригийг цуцлуулж, хуульд заасан баримтуудыг бүрдүүлэн компаний хувьцаа эзэмшигчийн эрхээ бүргтгүүлэхээр дахин ханд” гэсэн шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Учир нь улсын бүртгэлийн байгууллага өөрөө хуулиа зөрчиж , Лий эрхийг хасаж, хязгаарлаж, дахин баримт материалаа бүрдүүлж эрхээ сэргээлгэ гэжээ.

 Иймд Л-г “Ш” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг сэргээсэн шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, Л /Л/-г бүртгэх шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү..” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...“Ш” ХХК-ийг анх 2002 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын А-459 тоот тушаалаар БНХАУ-ын иргэн В, Л, Л, Лнар байгуулсан бөгөөд тус бүрдээ нийт дүрмийн сангийн 25 хувийг эзэмшиж байсан.

2003 оны 4  дүгээр сарын 10-нд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын А-411 тоот тушаалаар дүрмийн сангийн хэмжээг 100000 ам доллар болгон нэмэгдүүлж, /5%/, Л /80%/, Л /5%/, Л/5%/, Л /5%/ нарын 5 гишүүнтэй болсон байна. 2015 оны 3 дугаар сарын 17-нд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын А-488 тоот тушаалаар В,  Лнарыг компанийн үүсгэн байгуулагчаас хасч, Л /80%/, Л /10%/, Л /10%/ нарын 3 гишүүнтэй болсон.

2005 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын А-2946 тоот тушаалаар Л-ийг хасч, Л /14%/, Л /14%/, Б /14%/, В /14%/, З /14%/, С /14%/, В  /16%/ нарийн 7 гишүүнтэй болсон юм.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 281 тоот шийдвэрээр “Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын 2005 оны 12 дугаар 06-ны өдрийн А-2946 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож Л нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэсэн.

Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-3630 тоот тушаалаар 6 гишүүнийг хасч /Л/ дангаар 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр “Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-3630 дугаар тушаалыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай” гэж шийдвэрлэсэн.

Ийнхүү “Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж бүртгэсэн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн бүртгэл /7 гишүүнтэй болгосон/, 2009 оны Л-г 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн буртгэлүүдийг тус тус шүүхээр хүчингүй болгон шийдвэрлэсэн тул 2005 оны 3 дугаар сарын 17-нд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын А- 488 тоот тушаалаар В, Лнарыг компанийн үүсгэн байгуулагчаас хасч, Л /80%/, Л /10%/, Л /10%/ нарын 3 гишүүнтэй болгож бүртгэсэн бүртгэл хүчинтэй болж байгаа.

Манай байгууллагын зүгээс Лийг “Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш гэж үгүйсгээгүй бөгөөд Лийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг баталгаажуулахын тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тавьсан хоригийг цуцлуулж хууль журамд заасан баримтуудыг бүрдүүлж хандах шаардлага тавьсан болно.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.1.10-т  “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”-ийг хориглосон байна.

Мөн хуулийн этгээдийн мэдээлэлдээ өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэх бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан баримт, бичгийг бүрдүүлж хандах шаардлагатай байдаг тул нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Л-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л-ээс тус шүүхэд хандаж ...“Ш” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг сэргээсэн шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагын үндэслэлээ “...Л нь “Ш” ХХК-ийн анхны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн...хувьцааныхаа хувийг хэн нэгэнд шилжүүлээгүй байхад компанийн хувьцаа эзэмшигчээс хасаж бүртгэсэн нь хууль бус” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч “Л-ийг хувьцаа эзэмшигч биш гэж үгүйсгээгүй...хууль журамд заасан баримтуудыг бүрдүүлсний дараа хүсэлтээ гаргахыг шаардсан” гэж тодорхойлон маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

  • “Ш” ХХК-ийг анх Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн даргын 2002 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А-459 дүгээр тушаалаар О /В/, Л/Л/, Л, Л /Л/ нар байгуулж, тус бүрдээ дүрмийн сангийн 25%-ийг эзэмшихээр бүртгүүлсэн.
  • 2003 оны 04 дүгээр сарын 10-нд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн даргын А-411 тоот тушаалаар дүрмийн сангийн хэмжээг 100000 ам доллар  болгон нэмэгдүүлж О /В/ 5%, Л /Л/ 80%, Л /Л/ 5%, Л /Л/ 5%, Л /Л/ 5% эзэмшихээр болж 5 гишүүнтэйгээр,
  • 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн даргын А-488 тоот тушаалаар О /В/, Л /Л/ нарыг компанийн үүсгэн байгуулагчаас хасч, Л /Л/ 80%, Л 10%, Лг /Л/ 10%-ийг эзэмшихээр нийт 3 гишүүнтэйгээр,
  • 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн даргын А-2946 тоот тушаалаар Лг-ийг хасч, Л /Л/ 14%, Л /Л/ 14%, Б /Б/ 14%, В /В/ 14%, З /З/ 14%, Соёлт /С/ 14%, В /В/ 14%-ийг эзэмшихээр нийт 7 гишүүнтэйгээр тус тус бүртгэгджээ.

Түүнчлэн Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-2946 дугаар тушаалаар бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар тус компанийн хувьцаа эзэмшигч болох Л/Л/-гоос Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар  Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 281 дүгээр шийдвэрээр Л /Л/-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-2946 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

  • Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэж Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-3630 тоот тушаалаар тус компанийн 6 гишүүнийг хасч Л /Л/ дангаараа “Ш” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн,
  • Дээрх бүртгэлийн эс зөвшөөрч БНХАУ-ын иргэн В / В/-аас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А-3630 тоот тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр “Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын /хуучин нэрээр/ 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А-3630 дугаар тушаалыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Түүнчлэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй байх ба шүүхээр маргаан хянан шийдвэрлэгдэж байх явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/31557 тоот албан бичгээр “Ш” ХХК-ийн бүртгэлд шилжилт, хөдөлгөөн хийхийг хориглосон, уг хориг хэвээр байгаа нь тус тус тогтоогдсон болно.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”-ийг хориглоно., Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуул /2015 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, …нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, шаардлагатай тохиолдолд итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж, мөн хуулийн 23.3-д “хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ,.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр; дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ, 23.3.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт”, 23.4-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 13.3, 15.1, 16.1-д заасны дагуу гаргана” гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Л нь “Ш” ХХК-ийн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн болон үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт хуульд заасан журмын дагуу хариуцагч захиргааны байгууллагад гаргаж өгөөгүй, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тус компанийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон байх тул эдгээр үндэслэлүүдээр “Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Лээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус компанийн бүртгэлд хөдөлгөөн хйихийг хориглосон шийдвэрийг цуцалсан нөхцөлд нэхэмжлэгч нь хуульд заасан холбогдох баримтуудаа бүрдүүлсний үндсэн дээр хариуцагч захиргааны байгууллагад дахин хүсэлт гаргах болон шүүхэд хандаж 2005 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын А-488 тоот тушаалын дагуу хийгдсэн бүртгэл хууль ёсны эсэхийг тогтоолгоход энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3, 23.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л-ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Л-ийг “Ш” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг сэргээсэн шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, Л-ийг бүртгэх шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН