Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 24

 

 

Ц.О-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Б.А, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О,

Шүүгдэгч Ц.О, /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О,

Хохирогч Д.С, Ч.Х,

Хохирогчийн өмгөөлөгч М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хохирогч Д.С, Ч.Х нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Ц.О-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, халх, 1999 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд төрсөн, 21 настай, эрэгтэй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багт оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ДЕ99032318 регистрийн дугаартай, Ж овгийн Ц.О нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21-23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн Сайрын хашаат гэх газар байрлах С.Ц-ийн гэрийн гадаа талийгаач С.Ц-ийг агсам тавьлаа гэх шалтгаанаар гараараа цохиж, өшиглөж биед нь баруун хөмсгөнд шарх, дух, баруун шанаа, баруун хацрын төвгөр, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнгийн урд хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун дал, баруун бугалганы гадна хэсэг, баруун шуу, аюулхай, зүүн мөр, зүүн далны дотор хэсэг, зүүн дал, ууц, ууцны баруун хэсэг, зүүн тохойд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 100.000 төгрөгөөр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.О-т танилцуулж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгтэй хамт ирсэн хэргийн газрын үзлэгийн бичлэг гэх CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.С, Ч.Х нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ сэтгэлд нийцэхгүй шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Үүнд:

1. Шинжээч эмч Т.А-ын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гарсан. Учир нь шинжээч эмч Т.А нь миний хүүг өөрийгөө боймилсон гэсэн дүгнэлт гаргасан атлаа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч нь хүнд зэргийн согтолттой өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан гэсэн зөрүүтэй дүгнэлт гаргасан нь энэ хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлж байна.

2. Шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч Б гэх эмэгтэй байснаа гэнэт солигдон шүүх хурал болоход шүүхэд ажиллаж байсан залуу өмгөөлөгчөөр оролцож хохирогчоор төлөөлөн оролцож байгаа Д.С би болон хохирогч Ч.Х бид нарыг үг хэлүүлэлгүй загнаж “Зөв асуулт тавь та нар” гэж уурлан ядарсан хоёр хөгшиний сэтгэл санааг дарамталж чөлөөтэй үг хэлэх эрхэд халдан шүүх хуралдаанд нөлөөлсөн тул гомдолтой байна. Үүнээс болж бид хоёр сэтгэлд байсан үгээ хэлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаагүй.

3. Шүүгдэгч Ц.О, гэрч гэх М.Э, Т.Д, Б.Ө нар нь зарим нь унаагаар, зарим нь архиар хангаж гэртээ байсан хүнийг архидуулан зодож амь насанд нь бүлэглэн халдаж үйлдсэн хэргийг нэгийг нь хийсэн болгож бусдыг нь гэрчээр татсан нь хууль зүйд нийцэхгүй байна. Эдгээр хүмүүс нь сэтгэл санаагаараа бүлэглэн нэгдсэн байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй.

4. Хохирогчийн хувьд энэ хэрэг тал талаасаа бүрэн дүүрэн шийдэгдээгүй гэж үзэж гомдолтой байна. Иймд хэргийг дахин магадлан үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21-23 цагийн үед Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн Сайрын хашаат гэх газар байрлах С.Ц-ийн гэрийн гадаа талийгаач С.Ц-ийг агсам тавьлаа гэх шалтгаанаар гараараа цохиж, өшиглөж биед нь баруун хөмсгөнд шарх, дух, баруун шанаа, баруун хацрын төвгөр, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнгийн урд хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун дал, баруун бугалганы гадна хэсэг, баруун шуу, аюулхай, зүүн мөр, зүүн далны дотор хэсэг, зүүн дал, ууц, ууцны баруун хэсэг, зүүн тохойд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Энэ байдал нь гэрч Т.Д-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 05-ны үдээс хойш М.Э-ийнд очиход тэнд С.Ц эхнэртэйгээ ирсэн байсан ба гэрчийг унтаад сэрхэд цаг нилээд аажуу болсон С.Ц согтсоны улмаас мотоциклоо унагаагаад жолоодож чадахааргүй байсан тул Ц.О-аар машинаа жолоодуулж С.Ц-ийг эхнэртэй нь хүргэж өгөхөөр явах замд С.Ц нь машинаас үсэрч харайх гээд байсан тул машинд хоёр талаас нь барьж, суулгаж явсаар гэрт нь оруулахад гэрийнхээ зурагт, зурагтны хүлээн авагчаа авч шидээд, буугаа барьж авахад нь бууг нь булааж авч Ц.О-т өгөөд гадаа авч гарахад нь буцаж гэр рүүгээ ороод гартаа хутга шиг саарал зүйл барьж гарч ирээд бүлнэ гэж хэлээд хоёр тийш саваад түүн рүү далайх үед нь зугтах гээд ууцаар нь хатгаж суухад хажуугаар нь гарч Ц.О-ыг хөөж яваад давхралдаж унаад дээр доороо орж өнхрөлдөөд машины цаагуур орсон бөгөөд тэр хоёрыг салсан байхад нь С.Ц-ийг гэрт нь тэвэрч оруулж орон дээр нь хэвтүүлэхэд дахин гарч гүйгээд Б-ийнд орсон ба араас нь ороход С.Ц нь буу барьж авсан байсныг Э салгаж авахад үед С.Ц-ийн хоёр шанаа нь цус болсон байсан тул нүүрийг нь угаагаад тэндээ унтаж амрах болоход С.Ц нь эхнэрээ цохиж аваад уг үйлдлийг нь болиулахад гэртээ харьна гээд эхнэрээ дагуулж гарахад эхнэр Б нь Д ахыг араас ороод ир гэж Б-ийн эхнэрээр хэлүүлсэний дагуу араас нь гэрт нь ороход С.Ц-ийн согтолт гайгүй болоод тасдсан гэрэл чийдэнгээ залгаж асаагаад энхэр нь галаа түлж, С.Ц бас нэг буу гаргаж ирэхээр нь замгийг нь авч орны гудсан доогуур хийхэд эхнэр нь айлаас С.Ц-ийн өмсөж ирсэн дээлийг өгөх гэж явсны дараа С.Ц тамхиа татаж сууж байснаа “Ах. Би гарч шээчихээд ирье” гэж хэлээд гарч явж удалгүй эхнэр нь ирээд нөгөөх чинь хаачив гээд гэрийнхээ гадаа гарч зогсож байснаа “Хөөе энд нэг юм гохх гэлээ гараад ирээч” гээхэд нь гарч гэрийн хойд талын хадаар хайгаад, Б, Э нарыг чанга орилж дуудаад дараа нь малын хашаанд хайхад хагас суугаа боомилсон байдалтай байсан тухай” мэдүүлэг,

Гэрч М.Э-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ц-ийг гэрт нь хүргэж өгөхөөр машинаар явж байхад агсам тавиад эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээд явж байгаа машинаас буух гээд, гэртээ ирээд гэрийнхээ эд зүйлийг эвдэж сүйтгээд буу барьж авахад Д бууг нь булааж аваад О-т өгөөд гэрээс нь гаргахад уурлаад хувцас хунараа тайлж шидээд та нарыг бүгдийг чинь ална гээд буцаж гэртээ ороод хутга шиг зүйл барьж гарч ирээд Д руу далайгаад зугтаж зайлахад нь Ц.О-ыг хөөгөөд газарт унахад нь барьж аваад дээр доороо орж өнхрөлдөөд байсан ба тэр хоёрыг салгах үед Ц.О нь С.Ц-ийг нэг нэг удаа өшиглөсөн ба С.Ц нь Б-ийн гэр рүү гүйж ороод баруун орны дээд талд нь байсан бууг нь барьж авч Ц-ний бандийг буудчихъя гэхэд нь бууг нь булааж авч тэгж болохгүй гэж тайвшруулаад хоёр шанаа орчимд нь шалбарсан цус гарсан харагдаж байсныг угаалгаад байж байхад Д, С хоёр ороод ирчихсэн О явчихлаа гэж хэлж байсан ба Ц эхнэртэйгээ Б-ийн гэрээс гарч явахад Б-ийн эхнэр хамт гарчихаад Б, Д ахыг араас хүрээд ир гэж байна гэж хэлсний дагуу Д гарч явахад ор засуулаад тэндээ унтахаар зүүрмэглэж байх үед нь хүмүүс орилж Б-ийг дуудаад Б-той хамт гарсан” тухай мэдүүлэг,

Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь яваад очиход Э, О-ын өмнө зогчсихсон, Ц.О нь уурлаж бухимдсан, талийгаач руу дайрч давшилсан үйлдэл хийгээгүй, талийгаач С.Ц газраас босч байсан ба нэг мэдэхэд талийгаач С.Ц гэр рүү нь гүйж байхаар нь араас нь явж зэрэг шахуу гэрт ороход баруун талын орны хөндийд байсан бууг барьж авахаар нь  бууг Э-тэй хамжиж С.Ц-ээс авсан бөгөөд араас нь Б, Д нар орж ирээд удаагүй байхад машины дуу гарч машин явахад Ц.О түлхүүрээ олоод явчихлаа гэсэн яриа болсон. Гэрт талийгаач С.Ц-ийн нүүр нь энд тэндээ цус болсон, шалбарсан байдалтай О намайг хавирч унагаад цээж рүү өшиглөсөн, О намайг дэндүү зодчихсон байна. Ц-ний бандийг алнаа гэх мэт зүйл ярьж байсан.” тухай мэдүүлэг,

Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Талийгаач С.Ц хөл нүцгэн, цээж нүцгэн орж ирсэн бөгөөд буу барьж авсныг нь болиулаад нүүр гарыг нь угаалгасны дараа царайгаа толинд хараад “О намайг дэндүү зодчихжээ. Ц-ний хүүхдийг алнаа” гээд байсан ба хоёр шанаа хацарт нь шалбарсан, нэг нүд нь хөхөрсөн, хөмсөгнөөс нь цус гарсан байсан тул нүүрний шалбарсан хэсгүүдэд нь нойлын цаас нааж өгсөн бөгөөд согтуу байсан ч ухаан санаа нь гайгүй байсан” тухай мэдүүлэг,           

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ц.О-тай хонь хураачихаад ирэхэд талийгаач нилээд согтсон байсан. Талийгаач бригад явна гэхэд Ц.О нэг шил архи байсан гээд гаргаж өгсөн. Тэрийгээ уучихаад Д ахын машинтай гэртээ ирээд Б-оос хүүхдээ аваад ирэхэд гэр дүүрэн зодоон болж байсан. Хоёр хүүхдээ буцааж аваачиж орхичихоод ирэхэд гадаа зодоон болж байсан бөгөөд Д, Э хоёрыг хүн аллаа аваач гэхэд нэг нь зүгээр зогсоод нөгөө нь ууцаар хатгаад байна гээд сууж байсан. ...Тухайн үед гэрийн урд хэсэгт Ц.О нь талийгаач С.Ц-ийг газар унагаачихсан хөлөөрөө цээж хэсэг рүү нь өшиглөөд зодож байсан бөгөөд талийгаач С.Ц-ийн нүүр ам нь цус болсон, цээж нүцгэн, хөл нүцгэн байсан. Талийгаачийг авч явж Б-ийнд аваачихад нүүр хэсэг, хоёр шанаа, баруун хөмсөг, зүүн чихний ар хэсэгт зулгарч, шалбарч цус гарсан байсан тул нүүр гарыг нь угаалгахад толинд нүүрээ хараад “О намайг арай дэндүү зодчихлоо доо” гэж дахин дахин хэлээд байсан ба тэнд 30-40 минут болоод Б-ийн дээл, гуталыг өмсүүлээд гэртээ ирчихээд, дээл гуталыг нь аваачиж өгөхөөр явахдаа Д-д та харж байгаарай гэж хэлээд явчихаад ирэхэд байхгүй байсан. Д-аа шээнэ гэж хэлээд гарсан гэж байсан бөгөөд хадаар хайхад байхгүй байсан ба хонины хашаан дотор ороход чулуун хашаа налсан хагах суугаа байдалтай өөрийгөө боомилсон байсан” тухай мэдүүлэг, 

Шинжээч Т.А-ын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “1. Талийгаачийн биед хүзүүнд ором, баруун хөмсгөнд шарх, дух, баруун хацрын төвгөр, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнгийн урд хэсэг, зүүн чихний дэлбэн, баруун дал, баруун бугалганы гадна хэсэг, баруун шуу, аюулхай, зүүн мөр, зүүн далны дотор хэсэг, зүүн дал, ууц, ууцны баруун хэсэг, зүүн тохойд зулгаралт, баруун бугалга, баруун суга, зүүн сарвуу, зүүн ташааны толгой, зүүн дээд, доод зовхи, баруун хөлний тавхай, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Хүзүүнд байх дарагдлын ором гэмтэл нь зөөлөн уяа мэт зүйлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Баруун хөмсгөнд байх шарх гэмтэл болон зулгаралтууд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаач нь дүүжлэлтийн улмаас амьсгал бүтэж нас барсан байна” гэсэн дүгнэлт,

Шинжээч Т.А-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Талийгаачийн хуйхан доор цус хуралт, толгойн баруун хэсэгт овойж, товойсон гэмтэл байгаагүй. Гэрэл зургаас харж болно. Харин нүүр болон чих, дух зэрэгт зулгаралт гэмтэл байсан. Чих сэтрээгүй. Зулгаралт гэдэг нь арьс хуулрахыг хэлнэ. Үрэлтийн улмаас үүснэ. Цохилтын улмаас цус хуралт үүсдэг. Арьс нь хуулраад дээд хэсэгтээ байгаа. Шинжилгээнд оролцсон  талийгаачийн ар гэрийн хоёр хүн надад ямар нэгэн зүйл хэлээгүй, шинжилгээний явцад асууж тодруулах зүйл байна уу гэхэд байхгүй гэсэн. Толгой тархинд ямар нэгэн гэмтэл байгаагүй. Талийгаач дүүжлэлтийн улмаас нас барсан нь хүзүүнд байх дарагдлын ором, уушгины болон зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт, баруун бамбай болон баруун жолоо булчингийн цус хуралт, дээд уруулын дотор салстад цэгчилсэн цус харвалт илэрсэн байдал, мөн эд эсийн шинжилгээнд их бага тархинд судас нэвчсэн цус харвалт, уушгинд цулцан дахь цус харвалт, хүзүүнээс авсан арьсанд өөхлөгт голомтлог цус харвалт үүссэн зэргээр дүүжилж нас барсан нь илэрч байгаа.

Талийгаачийн согтолтын зэргийг тогтооход хүнд зэргийн согтолттой байсан нь тогтоогдсон. Хүнд зэргийн согтолттой хүн өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байдаг, ухамсарт ухаангүй болно гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.О-ын: “...Талийгаач С.Ц дээгүүрх хувцас, гутлаа тайлж шидээд гэр лүүгээ гүйж ороод гартаа гялтганасан зүйл барьж гарч ирээд бүгдийг чинь хутгалж ална гээд дайраад Т.Д зугтаж, харин шүүгдэгч зугтаж амжилгүй баригдаж дээр доороо орж ноцолдож байгаад салах үед Ц-ийн хүүхдийг буудаж ална гэхэд нь цээж рүү нь жийж унагаасан, талийгаач С.Ц нь нүцгэн байсан тул барьж болохгүй байсан бөгөөд түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа тухай” мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжигдэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.О-ын хохирогч С.Ц-тэй ноцолдож, зодолдох  явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Түүнчлэн хохирогч нарын зүгээс талийгаачийн зүүн чихний ард уйланхай мэт зүйл байсныг шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй, чих нь сэтэрсэн байсныг чихний арьс зулгарсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маргаж байгаа нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч Т.А-ын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Уг гэмт хэрэг үйлдэгдсэний дараа буюу зодоон болсны дараа Хохирогч С.Ц нь Ж.Б-ийнд орж буу авч гарахаар оролдож, гар нүүрээ угааж, “О намайг арай дэндүү зодсон байна” гэж ярьж, тэнд 40 орчим минут болоод дараа нь Б.Б-ийн гутал дээлийг өмсөн гэртээ харьж, дахин буу барьж авч Д.Д бууны замгийг авч нуухад, “Бууз жигнэж идье. Бэлэн бууз байгаа” хэмээн ярьж тамхи татан сууж байгаад “Би шээчихээд ирье” гэж гарч явах зэргээр идэвхтэй үйлдэл хийж байсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байдаг.  

Тиймээс уг гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу зодоон болох үед С.Ц нь хүнд зэргийн согтолтын улмаас өөрийнхөө үйлдлийг удирдан жолоодох чадваргүй буюу, үйлдэл хийж байсан ч үйлдлээ санах чадваргүй,  ухамсарт ухаангүй байсан тухай шинжээчийн мэдүүлэг үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.О-ын хохирогч С.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл хохирогчийн үхэл хоёр шалтгаант холбоогүй байх тул  прокуророос Ц.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд буруутгаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэн анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.  

 

 Мөн хохирогч нар “Манай хүүхдийг энэ хүмүүс бүлэглэж алсан” гэж мэдүүлж байгаа боловч хохирогч С.Ц-ийг Ц.О-аас өөр хүн зодоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тухай анхан шатны дүгнэлт үндэслэлтэй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх яллах дүгнэлтийн агуулгын хүрээнд буюу шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний хүрээнд торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн гаргасан шүүгдэгч Ц.О нь бусадтай сэтгэл санаагаараа бүлэглэн нэгдэж гэмт хэрэг үйлдсэн байхад хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж шийдвэрлээгүй тул хэргийг дахин шийдвэрлүүлэх тухай заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С, Ч.Х нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

         ШҮҮГЧИД                             Б.А

                                                Ч.Э