| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2021/03301/И |
| Дугаар | 182/ШШ2021/02562 |
| Огноо | 2021-11-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2021/02562
2019 оны 08 сарын 07 өдөр Дугаар 182/ШШ2019/01388 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Х--ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Ц-т холбогдох,
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Х миний бие нь 2008 онд Д.Ц-той танилцаж улмаар 2009 оны 07 дугаар сарын 08-нд гэрлэлтийн баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр охин Х.С, мөн 2013 оны 01 сарын 29-ний өдөр Х.Н төрсөн.
Бид зан харьцааны тааламжгүй байдлаас болж цаашид хамтран амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин, хүү 2 минь эцэг болох Д.Х-ийн асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Х.С, хүү Х.Н нарыг миний асрамжид үлдээж эх Д.Ц-оос хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзаж мөн бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2008 онд Д.Ц-той танилцаж, 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтийн баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдөр охин Х.С, мөн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Х.Н төрсөн. 2015 оноос хойш тусдаа амьдарсан. Би хөдөө ажилладаг байсан. Ааш зан тохиролцохгүй. Би өөр хүнтэй болсон. Тусдаа амьдраад 4,5 жил амьдарч байна. Хүүхдүүд миний асрамжид байдаг. Гэрлэлтээ цуцлуулъя гэж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Х.С, хүү Х.Н нарыг миний асрамжид үлдээж, эх Д.Ц-оос хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзаж мөн бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Хүссэн үедээ уулзаж болно” гэв.
Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Ц миний бие Д.Х-ийн гэрлэлт цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна.
Х.С, Х.Н хоёр хүүхдээ аавынх нь асрамжид өгөхийг зөвшөөрч байна. Мөн бид хоёр эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэжээ.
Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2008 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулаад, 2015 он хүртэл хамт амьдраад, хоёр тийш болсон. 2011 онд охин С, 2013 онд Н нар төрсөн. Гэр бүлийн маргаан байсан. Бие биедээ таарч тохирохгүй болсон. Өөрсдөө учраа олоод явсан. Хоёр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод аавынхаа асрамжид байгаа. 2015 оноос тусдаа амьдрах хугацаанд аавынхаа асрамжид байсан. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Салснаасаа хойш боломжтой үедээ хоёр хүүхдүүдийнхээ хэрэгцээтэй зүйлийг авч өгдөг” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.Х нь Д.Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлах асуудлаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй, амжилтгүй болсон зэргийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажиллагааг дуусгавар болгожээ.
Д.Х, Д.Ц нар гэр бүл болсныг 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдөр охин Х.С, 2013 оны 01 дүгээр сарын 29-нд хүү Х.Н нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэcний бүртгэлийн лавлагаа, охин Х.С-н №0000903512 Г-701, хүү Х.Н-ийн №0000843564 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгсэд 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа цаашид гэр бүлийн амьдралаа хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрээгүй, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Д.Ц нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд эцгийн асрамжид үлдээх тайлбар гаргасан тул 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Х.С, 2013 оны 01 дүгээр сарын 29-нд төрсөн хүү Х.Н нарыг эцэг Д.Х-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эх Д.Ц нь охин Х.С, хүү Х.Н нарыг эцэг Д.Х-ийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй, мөн энэ үүргээ гүйцэтгэхэд эцэг Д.Х саад болох учиргүйг дурдах нь зүйтэй юм.
Охин Х.С болон хүү Х.Н нарыг эцэг Д.Х-ийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь Д.Ц-ын хувьд түүний эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд тэд хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй юм.
Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, Х овогт Д.Х /РД:00000056/, Б овогт Д.Ц /РД:000000901/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Х.С, 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Х.Н нарыг эцэг Д.Х-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-оос 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Х-т олгосугай.
6. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Батбилэгт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС