Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2022/00236

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, дүгээр хороолол, Толгойт гудамж,  дугаар байр,  тоотод оршин суух, А овогт Т.С/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, дүгээр хороолол, Толгойт гудамж  дугаар байр  тоотод оршин суух, Х овогт Д.Д/-д холбогдох

 

Хүүхдийн хадгаламжийн мөнгөний дэвтэрийн эзэмшигчийн нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.С би Д.Дтой 2009 онд БНСУ-д ажиллаж амьдарч байхдаа танилцаж, улмаар хамт түрээсийн байранд амьдарч байгаад 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр охин Д.А төрж, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүү Д.А нар төрсөн. 2016 оноос хойш бид тусдаа амьдарч байгаад албан ёсоор гэрлэлтээ 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цуцлуулсан. Одоо хоёр хүүхэд маань эх миний асрамжинд өсч байна. Хүүхдүүд том болж байгаа бөгөөд хүүхдийн хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр зардал өсч байгаа учир хүүхдэд улсаас олгож байгаа хүүхдин мөнгийг хүүхдүүддээ зарцуулж баймаар байна. Иймд Д.А болон А нарын хүүхдийн мөнгөний дансыг Т.С миний нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Д.Дид даалгаж өгнө үү.

Би дангаараа 2 хүүхдээ асарч, бүх асуудлыг шийдсээр ирсэн. Энэ хүн хуулийн дагуу төлдөг 230,000 төгрөгийг тэтгэлэгээс өөр зүйлээр тусалж дэмжсэн зүйл байхгүй. Хүүхдэд төрөөс өгч байгаа 100,000 төгрөг, короногийн үед засгийн газраас олгосон дэмжлэг 300,000 төгрөгийг нэгийг ч хүүхдүүдэд өгөөгүй. Эдгээр тусламж дэмжлэгийг хүүхдүүддээ зарцуулж баймаар байна. Бага хүүхэд маань багадаа шатнаас унаад хөгжлийн бэрхшээлтэй болсон тул миний байнгын асрамжид байх шаардлагатай болсон. Хүүхдүүдээ хараад би ажил хийх боломжгүй. Зөвхөн хүүхдийн тэтгэлэгийн 230,000 төгрөгөөр яаж амьдар гээд байгааг ойлгохгүй байна. Хүүхдүүдийн нэр дээр байгаа Хас банк дахь хадгаламжинд байгаа мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж, хүүхдүүддээ зарцуулдаг баймаар байна. Хүүхдүүд маань одоо 7 настай, 6 настай болсон хэрэгцээ нь өдөр бүр өсч байгаа. Дээр нь бид өөрийн гэсэн орон байргүй тул амьдралдаа нэмэрлэх хэрэгтэй байна гэв.

 

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д миний бие Т.Стой 2009 онд БНСУ-д ажиллаж амьдарч байхдаа танилцаж, гэр бүлийн харилцаатай болж, 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр охин Д.А, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүү Д.А нар мэндэлсэн бөгөөд, бид 2014 онд Монгол улсад ирж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний хамт амьдрах хугацаанд Т.С нь үр хүүхдээ анхаардаггүй, гадуур хонож, архи ууж, халамж муутай, гэрт байнгын хэрүүлтэй байдаг байсан бөгөөд гэрт байсан үнэт эдлэлүүдийг хулгайлан ломбарданд тавьж, мөнгийг яасан нь мэдэгдэхгүй үрж, энэ мэт хэрүүл, үл ойлголцлоос болж бид 2016 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарсан. Т.Со тус шүүхэд 2019 онд гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэмж тогтоолгох, хүүхдийн нэр дээрх хадгаламжийн дэвтэрийн нэр шилжүүлэхийг даалгах, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцыг дундын өмчийн хөрөнгөөр тооцуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.С нь “надаас 10,000,000 төгрөг өгвөл хүүхдийн нэр дээрх хадгаламжийн дэвтэрийн нэр шилжүүлэхийг даалгах, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцыг дундын өмчийн хөрөнгөөр тооцуулах шаардлагаасаа татгалзана гэсэн” санал гаргасан. Миний бие уг саналыг зөвшөөрч Т.Сд 10,000,000 төгрөг өгч, Т.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн “хүүхдийн нэр дээрх хадгаламжийн дэвтэрийн нэр шилжүүлэхийг даалгах, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцыг дундын өмчийн хөрөнгөөр тооцуулах” шаардлагаасаа татгалзаж, уг татгалзалыг нэхэмжлэлийн үлдсэн шаардлагын хамт тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн. Нэгэнт өмнө нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажилалгааны явцад мөнгө аван эвлэрч шийдвэрлүүлсэн, шийдвэр хүчин төгөлдөр байхад одоо хүүхдүүдийн минь ирээдүйд хэрэглэгдэх  мөнгийг авч үрж зарах гэж байгаа тул үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн миний бие шүүхээр тогтоосон хүүхдийн тэтгэмжийн мөнгийг тухайн дансанд нь сар бүр шилжүүлдэг бөгөөд, тэтгэмжээс гадна хүүхдүүддээ байнга мөнгө өгч, хоол унд хувцас хэрэглэлийг өгч байгаа болно. Хүүхдүүд маань хэдийгээр эхийнхээ асрамжинд байгаа боловч, төрсөн эцгийн хувьд хүүхдүүдийнхээ ирээдүйд зарцуулагдах хадгаламжийн мөнгийг эхэд нь гаргуулан өгч, архи дарс болон элдэв шаардлагагүй зардалд үрж зарцуулахыг зөвшөөрөхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 74 дүгээр зүйлийн 74.4, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хүү маань хөгжийн бэрхшээлтэй биш, эмчилгээ хийлгээд одоо эрүүл саруул болсон. Энэ хүн хүүхдээ харж ханддаггүй, хумсыг нь аваад хувцасыг нь ч угаагаад өгч чаддаггүй. Гэрлэлт цуцлуулахад 10 сая төгрөг аваад хүүхдийн хадгаламжийг авахгүй гэж тохиролцож шийдвэрлүүлсэн. Уг мөнгийг би өөрөө хэрэглэхгүй, хүүхдүүдээ 18 нас хүртэл нь хадгалаж байгаад өөрсдөд нь өгнө. Хүүхдүүдийнхээ ирээдүйд хэрэглэх гэж хадгалж байгаа. Энэ хүнд өгвөл дор нь архи тамхинд үрээд дуусгачих учир өгөхгүй байгаа. Би хүүхдүүддээ зориулаад жилдээ 3 сая гаран төгрөг өгсөн байгаа нь дансны хуулгаар харагдаж байгаа. Би хүүхдийн тэтгэлэгээс гадна хүүхдүүдийнхээ хэрэгцээтэй бүх зүйлсийн авч өгдөг. Зуны амралтаар нь агаарт авч гардаг. Хэрэгцээтэй бүх зүйлээр нь хангаж байгаа учир хадгаламжийн шилжүүлж өгөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс хүү Д.А, охин Д.А нарын эрүүл бойжиж байгаа тодорхойлолт, 13 дугаар сургуулийн тодорхойлолт, хүү Д.Аийн 11 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/03 дугаар шүүхийн шийдвэр, тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШЗ2021/03884 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, охин Д.Аын №00 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургуулийн багш Д.Ц, Б.П нарын тодорхойлолт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлэгийн магадлагаа, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Хаан банкны дансны хуулгыг гаргаж өгсөн байна.

Хариуцагч Д.Доос ХААН банкин дахь 5 дугаартай харилцан дансны хуулгыг гаргаж ирүүлсэн. 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хас банкнаас Д.А, Д.А нарын хүүхдийн хадгаламжийн дансны хуулгыг шүүх бүрдүүлсэн байна. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Д.Дид холбогдуулан хүүхдийн хадгаламжийн мөнгөний дэвтэрийн эзэмшигчийн нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Талууд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/03279 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй Д.А, Д.А нарыг эх Т.Солонгын асрамжид үлдээн, эцэг Д.Доос хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн уг шийдвэрээр нэхэмжлэгч Т.С нь харицагч Д.Дд холбогдох хүүхдийн нэр дээрх Хас банкин дахь Ирээдүйн саятан хадгаламжийн дэвтэрийн нэрийг шилжүүлэхийг даалгах, Д.Д, Д.Д нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, Толгойт -р байрны  тоотын 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, 000 дугаар бүхий гэрчилгээтэй орон сууцыг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг хүчин төлөгдөр бусд тооцуулах, орон сууцыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгож, өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагуудаасаа татгалзаж, Д.Д нь нийт 10,000,000 төгрөгийг Т.Сд өгөхөөр эвлэрснийг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч Т.С нь Д.Доос Хас банкин дахь түүний Д.А, Д.А нартай хамтран эзэмшдэг хүүхдийн хадгаламжийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг гаргаж, уг шаардлагын үндэслэлээ “...уг хадгаламжид Д.Д өөрийн орлогоос мөнгө нэмж хийдэггүй, зөвхөн хүүхдийн төрөөс олгогдож буй мөнгө ордог учир уг мөнгийг хүүхдийнхээ хэрэгцээнд зарцуулах хэрэгтэй байна ... ...хүү Д.А хөгжлийн бэрхшээлтэй тул байнгын асаргаанд байдаг тул ажил хийх боломжгүй..., ...хүүхдүүдтэйгээ хамт амьдрах орон байр хэрэгтэй байна...” гэж тайлбарладаг. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэ асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж маргадаг.

Хэрэгт авагдсан Хас банк ХХК-иас ирүүлсэн дансны хуулгаар Дийн А нь тус банкинд 5 дугаартай Ирээдүйн саятан хадгаламжийн дансыг эзэмшдэг бөгөөд уг дансны үлдэгдэл 2021 оны 12 дугаар  сарын 13-ны байдлаар 5,712,301 төгрөгийн үлдэгдэлтэй, Дийн А нь 5 дугаартай Ирээдүйн саятан хадгаламжийн дансыг эзэмшдэг бөгөөд уг дансны үлдэгдэл  2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 5,293,188 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Дээрх дансы хуулгаас үзэхэд тэдний дансанд 2014 оноос 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртлэх хугацаанд хуримтлагдсан мөнгөн орлогыг бүрдүүлэхэд Д.Д, Т.С нараас оруулсан орлого байхгүй, уг хуримтлал нь зөвхөн Монгол улсын Засгийн газраас сар бүр олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжээс бүрдсэн байна. Уг мөнгөн хөрөнгө нь насанд хүрээгүй хүүхдүүдэд ногдох хөрөнгө байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж гэдэг нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд, эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий МУ-н иргэнд олгох мөнгөн хөрөнгийг хэлэх бөгөөд аливаа хүүхдэд зориулсан тэтгэвэр, тэтгэмж нь гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдах, 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгогдох ёстой.

 

Насанд хүрээгүй Д.А, Д.А нарыг шүүхийн шийдвэрээр эх Т.Сын асрамжид үлдээж шийдвэрлэсэн ба Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т заасны дагуу гэрлэлт цуцалсны дараа хамтран өмчлөх дундын хөрөнгөөс маргаан гарсан тохиолдолд шүүх гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлон хувааж, шийдвэрлэх боломжтой байна. 

 

            Нэхэмжлэгч Т.С хүүхдийн хадгаламжийн дэвтрийг шилжүүлэхийг даалгуулахаар шаардлага гаргасан байгаа боловч нэхэмжлэлийн агуулга, түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл уг мөнгөн хадгаламжийн дэвтэрийг хүүхдүүдийн хамтаар эзэмшиж, уг дансан дахь мөнгөн хөрөнгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулах тухай шаардлагыг гаргаж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Доос Дийн Аын Хас банкин дахь 5 дугаартай Ирээдүйн саятан хадгаламжийн дансыг 5,712,301 төгрөгийн үлдэгдэлийн хамт, Дийн Аын 5 дугаартай Ирээдүйн саятан хадгаламжийн дансыг  5,293,188 төгрөгийг үлдэгдэлийн хамт тус тус Т.С, Д.А, Д.А нарын эзэмшилд тус тус шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Доос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Сд олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,  118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч Д.Дид  Дийн Аын Хас банкин дахь 5 дугаартай Ирээдүйн саятан хадгаламжийн дансыг 5,712,301 төгрөгийн үлдэгдэлийн хамт, Дийн Аийн 5 дугаартай Ирээдүйн саятан хадгаламжийн дансыг  5,293,188 төгрөгийг үлдэгдэлийн хамт тус тус Т.С, Д.А, Д.А нарын эзэмшилд тус тус шилжүүлэхийг даалгасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Доос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Сд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.НЯМСҮРЭН