Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2025/00093

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04786 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2025/00370 дугаар магадлалтай                                                                                                                                    

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ч” ГХОХХК-д холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 177,406,985 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

илүү төлсөн 473,450,661 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, Б, өмгөөлөгч Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагчийн өмгөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Ч” ГХОХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 177,406,985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 473,450,661 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04786 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “Ч” ГХОХХК-аас 177,406,985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар “Э” ХХК-аас 48,715,723 төгрөг гаргуулж хариуцагч “Ч” ГХОХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 424,734,938 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,467,920 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,844,100 /1,955,100 +314,000 + 575,000/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 401,528 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2025/00370 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, Б, өмгөөлөгч Э нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.25-ны өдрийн 181/ШШ2024/04786 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.02.19-ний өдрийн 210/МА2025/00370 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: “Э” ХХК нь 2017-2020 оны хугацаанд “Ч” ГХОХХК-тай харилцан тохирч Яармагийн гүүрний төсөл болон Замын цагдаагийн орчим гүүрэн гарц барих төслийн хүрээнд гэрээтэй болон гэрээгүй нэмэлт ажлуудыг гүйцэтгэж байсан болно. “Э” ХХК-ийн дансаар 3,240,603,176 төгрөг төлөгдсөн. Д-гийн БНХАУ дахь юанийн дансаар дамжуулж 1,180,000 юань буюу 431,455,200 төгрөг, бартерт түлшний 82,886,743 төгрөг буюу нийт 3,754,945,119 төгрөг ажлын хөлсөнд тооцон шилжүүлэн авсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг үндэслэлгүйгээр бууруулсан болон нэмэлт ажлуудыг тооцоонд аваагүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

Яармагийн гүүрний ажлын хувьд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6.3 дахь хэсэгт “...Инженерийн албаны дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. М 2019.12.06-нд, 1, 2 зүйл дэх малтлагын ажил 100 хувьтай байна. 38-р зүйл дэх буцаан дүүргэлтийг арматурлах үнэ ороогүй болно гэжээ. Шүүх хүснэгтэлсэн ажлуудаас 38-д жагсаасан үечлэн нягтлуулах ажлын зардал болох 22,320,000 төгрөгийг тухайн баримт дахь нийт дүнгээс хасна. Мөн 1,2 дах эгнээнд жагсаасан ажлын гүйцэтгэлийн хувийг 106, 108 хувь гэж тусгасныг захиалагч 100 хувиар тооцож хүлээн авсан байх тул бууруулж хасна” гэж дүгнээд нийт гүйцэтгэсэн ажлаас 27,788,345 төгрөгийг хассаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь гүйцэтгэсэн ажлын хувийн талаар талууд маргаагүй бөгөөд гагцхүү гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээгээр тооцоо нийлсэн болно. Харин 38-р зүйл дэх буцаан дүүргэлтийг арматурлах үнэ ороогүй болно гэдэг нь үнийн дүнгээс 22,320,000 төгрөгийг хасна гэсэн үг огт биш бөгөөд харин ч буцаан дүүргэлтийг арматурлах үнэ ороогүй тусад нь тооцох буюу 2 шатлалт ажлыг 1 ажил мэтээр дүгнэн үечлэн нягтруулах ажлын 22,320,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Мөн ажлын нийт гүйцэтгэлийг тооцохдоо ажлын тоо хэмжээ болон нэгжийн үнийн нийлбэрээр тооцон гаргадаг. Энэ дүн нь өөрөө 974,224,250 төгрөг бөгөөд хувиар тооцон бууруулж 5,468,345 төгрөгөөр багасгасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, 1хх-ийн 162-163 дугаар талд авагдсан баримтууд нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын тооцооны баримт бөгөөд нийт гарсан зардал, гүйцэтгэсэн ажлын хэмжээ буюу бодит үнэлгээ юм. Харин давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг магадлалын Хянавал хэсгийн 3.1-д “...2019.04.03-ны өдрийн 2019-10 тоот гэрээнд заасан 1,030,000,000 төгрөгийн ажлаас 946,435,905 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн нь болох нь талуудын 2019.08.26-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн актаар тогтоогдсон байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь 2019.08.26-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн актаар талууд нийт гүйцэтгэлийг 974,224,250 төгрөг гэж тохиролцсон болно. Зүй нь, анхан шатны шүүх үечлэн нягтруулах ажлын үнэлгээг хасаж тооцсон нь зөв эсэх, хүснэгтийн 1, 2 дахь хэсэгт заасан ажлыг хувьчилж бууруулах нь зөв эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай байсан бөгөөд “...2019.08.26-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн актаар тогтоогдсон” гэж дүгнэх тохиолдолд актад бичигдсэн дүн буюу 974,224,250 төгрөгөөр тооцоо бодогдож шүүхийн шийдвэрт өөрчлөлт орохоор байсан гэж үзэхээр байна. Иймээс дээрх нөхцөл байдлын талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд харилцан адилгүй зөрүүтэй дүгнэлтүүдийг хийсэн байна.

2. Анхан шатны шүүхээс “...№2019-10 тоот “1,030,000,000” төгрөгийн гэрээт Яармагийн гүүрний борооны ус зайлуулах шугам сүлжээ хийх гэрээт ажилтай уялдан нэмэлтээр хийгдсэн ажлын гүйцэтгэл болох 92,130,000 төгрөгийн дүн бүхий нэмэлт ажлын актыг гэрээнээс гадуур гүйцэтгэсэн, түүнчлэн тухайн ажлыг хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй тул шүүх ажлын хөлсөнд тооцох боломжгүй гэж” үзсэн. Дээрх 92,130,000 төгрөгийн ажлыг талууд хүлээлцэхдээ 2019.08.26-ны өдрийн актаар “Нэмэлтээр хийгдсэн ажил” нэртэйгээр хүлээлцэж хоёр талаас гарын үсэг зурж баталгаажуулсан байхад шүүх гэрээнээс гадуур гүйцэтгэсэн, тухайн ажлыг хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, бодитоор хийгдсэн ажлыг актаар баталгаажуулж талбайн инженерт хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн, дээрх ажлын баримтад бичигдсэн хятад хэл бичвэрийг орчуулсан орчуулгын 13-т дугаарласнаар “Инженерийн албаны санал дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гээд зөвхөн 7,8,9,10,11 зүйл дэх хэсэгт заасан насос суурилуулах ажлын үнийг л тусад нь тооцоогүй” болно гэсэн. Өөрөөр хэлбэл, ажиллах хүчний зардлыг оруулаагүй зөвхөн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдсан 14 нэр төрлийн бараа материалын үнийг тооцож баталгаажуулсан баримт юм. Харин давж заалдах шатны шүүхээс “...2019.08.26-ны өдрийн огноотой 92,130,000 төгрөгийн ажил нь 2019.04.03-ны өдрийн 2019-10 тоот гэрээнд заасан тусдаа нэмэлт ажил биш, харин дээрх гэрээний хүрээнд хийгдсэн ажил болох нь тогтоогдож байна” гэжээ. Давж заалдах шатны шүүхээс тухайн ажлыг хийгдсэн буюу гүйцэтгэсэн ажил гэж үзэж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч нь 92,130,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн буюу хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, гэрээний хүрээнд буюу гүйцэтгэсэн ажил гэж дүгнэж байгаа тохиолдолд гүйцэтгэсэн ажлын хэмжээ 92,130,000 төгрөгөөр нэмэгдэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орохоор байсан. Дээрхээс үзвэл анхан шатны шүүх 92,130,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн, хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй гэж, давж заалдах шатны шүүх гэрээт ажлын хүрээнд гүйцэтгэсэн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн нийт гүйцэтгэсэн ажлын дүнд өөрчлөлт оруулаагүй шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал нь утга зүйн алдаатай гэж үзэхээр байна.

3. Замын цагдаагийн газрын гүүрний ажлын тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.5 дах хэсэгт нэхэмжлэгч 700 мм борооны усны хоолой зөөн шилжүүлэх ажлыг гүйцэтгэх ажлын явцад L, D хэсгийн худаг өндөрлөх ажлыг гэрээгүйгээр нэмэлтээр хийсэн 8,990,000 төгрөгийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хэмээн үнийн дүнгээс хасаж тооцжээ. Гэвч тус баримтыг нотлох баримтын шаардлага хангасан буюу нотариатчаар баталгаажуулсан хэлбэрээр гарган өгсөн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно... гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэгэнт нотариатч эх хувь баримттай нь тулган үзэн баталгаажуулсан баримтыг шүүхэд эх хувийг гарган өгөөгүй гэх үндэслэлээр нотлох баримтаар үнэлэхгүй гэсэн үг биш юм. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс L, D хэсгийн худаг өндөрлөх ажлыг гэрээгүйгээр нэмэлтээр хийсэн 8,990,000 төгрөгийн баримтыг хэрхэн үзэж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй болно.

4. Мөн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх үедээ “В” ХХК-ийн гаргасан ... дугаар Шинжээчийн дүгнэлт тайланг огт харгалзан үзээгүйг дурдах нь зүйтэй.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Ц нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй байгаа талаар хүсэлт гаргасан боловч оролцуулаагүй нь давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг ойлгоогүй шийдвэрлэсэн нь илтэд харагдаж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц нь тус гэрээт ажлуудыг гэрээ байгуулах үе шатнаас эхлэн дуусах хүртэл гардан гүйцэтгэж байсан этгээд болно. Иймээс дээр дурдсан гүйцэтгэлүүдийг тооцон яармагийн гүүрний нийт гүйцэтгэсэн ажлыг 1,644,954,250 төгрөгөөр, Замын цагдаагийн газрын гүүрний ажлын гүйцэтгэсэн ажлыг 2,190,183,491, нийт гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг 3,835,137,741 төгрөгөөр тооцож, хариуцагчаас төлсөн 3,754,945,119 төгрөгийг хасаж, зөрүү 80,192,622 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. /Сөрөг шаардлагад хангагдсан зөрүү 48,715,723 төгрөг нийт дүнгээс хасагдсан/. Иймд хяналтын журмаар гаргасан энэхүү гомдлыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 6.3, 6.4, 7.5 дахь хэсэгт заасан дүгнэлтүүдийг хянаж, 181/ШШ2024/04786 дугаар шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 210/МА2025/00370 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.    

5. Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.17-ны өдрийн 001/ШХТ2025/00433 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, Б, өмгөөлөгч Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Ч” ГХОХХК-д холбогдуулан 2020.09.22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 661,993, 892 төгрөг гаргуулах шаардлага анх гаргаснаа 2024.11.25-ны өдөр 177,406,985 төгрөг болгож багасгасан ба үндэслэлээ тайлбарлахдаа “... талуудын хооронд Яармагийн болон Замын цагдаагийн газрын гүүрэн гарцын төслийн ажлын хүрээнд 6 удаагийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу нийтдээ 3,848,167,240 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн, ...хамгийн сүүлд 2019 оны 12 сард ажил хариуцсан инженер техникийн ажилтнуудад ажлыг хүлээлгэн өгсөн тул ажлын хөлсний үлдэгдэл 93,222,121 төгрөг, түүнчлэн гэрээнээс учирсан хохирол буюу захиалагч хугацаандаа хөлс төлөөгүйгээс ажлыг гүйцэтгэхийн тулд банкнаас зээл авсны хүүд төлсөн 84,184,864 төгрөгийн хамт гаргуулна” гэжээ. 

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, “...гүйцэтгэгч актаар 3,291,494,458 төгрөгийн ажлыг хүлээлгэн өгсөн тул ажлын хөлcийг бүрэн төлсөн, ...нэмэлт ажил гүйцэтгүүлээгүй, нэмэлт гэрээ байгуулаагүй, 2019 оны 12 сарын баримтууд ажлыг хүлээн авсан актууд биш, түүнчлэн эрх бүхий этгээд баталгаажуулаагүй, ...захиалагч хөлс төлөх хугацаа хэтрүүлснээс хохирол учраагүй буюу нэхэмжлэгчийн шаардсан зээлд төлсөн хүү гэрээнээс учирсан бодит хохирол биш...” гэж маргаад, ажлын хөлсийг илүү төлсөн буюу гүйцэтгэгчид бэлэн, бэлэн бус, бартер хэлбэрээр нийт 3,764,945,119 төгрөгийг шилжүүлсэн, ажлын гүйцэтгэлээс илүү төлбөр төлсөн тул үлдэх хэсгийг буцаан гаргуулна гэсэн үндэслэлээр 2021.12.13-ны өдөр 359,421,114 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа 473,450,661 төгрөг болгон ихэсгэсэн байна.

7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан шийдвэр гаргасан байна.

Үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ “...талууд Яармагийн зам гүүрний ажилтай холбоотой 3 удаа, Замын цагдаагийн газрын гүүрэн гарцтай холбоотой 4 удаа, нийт 7 гэрээ байгуулагдсан тухайд маргаагүй, дээрх гэрээ нь хүчин төгөлдөр байна. Зохигч ажлын хөлсөнд маргаж байсан ч нийт ажлын хөлсөнд 3,754,945,119 төгрөг төлснийг хуралдааны явцад харилцан зөвшөөрсөн. Харин зохигчид гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын өртөг хэд болох, нэмэлт ажил гүйцэтгэсэн эсэх, нэхэмжлэгчээс эсхүл хариуцагчаас ирүүлсэн ажлын актын алийг үндэслэхэд маргаж байна. ...шүүхээс “В” ХХК-ийг шинжээчээр томилсон ч ажлын гүйцэтгэл, өртгийг тухайн үеийн ханшаар тогтооход шаардагдах материал Архивын ерөнхий газраас бүрэн ирээгүй, төсөвт өртөг тооцоход шаардлага хангахуйц бус тул хэрэгт авагдсан талуудын баримтад тулгуурлаж дүгнэлт гаргасан талаараа шинжээч дурдсан. Иймээс шүүх хэрэгт авагдсан хоёр талын гаргаж өгсөн ажлын актуудад тулгуурлаж маргааныг шийдвэрлэнэ” гээд Яармагийн гүүрний ажлын хувьд “...2019.08.26-ны өдрийн 92,130,000 төгрөгийн нэмэлт ажлын актын доор захиалагч талаас орчуулгын 13-т дугаарлагдсанаар Төлбөрийг хийхээс өмнө төсөл хүлээн авахтай холбоотой асуудлыг хийж гүйцэтгэнэ. Л 2019.12.06-нд, Инженерийн албаны санал дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. М 219.12.06-нд, 7, 8, 9, 10, 11 зүйл дэх усны насос суурилуулах ажлын үнийг тусад нь тооцоогүй болно, 12,13,14 зүйл дэх худгийн төслийг хянаж шалгах ажлын үнийг тусад нь тооцоогүй болно, 6 зүйл дэх барилгын ажлын багийн шалтгаанаас болж барилгын технологийн үйл явц өөрчлөгдсөн бол үнийг тооцохгүй болно гэжээ. Иймд энэ нэмэлт ажлыг гэрээнээс гадуур гүйцэтгэсэн, түүнчлэн тухайн ажлыг хүлээлгэж өгсөн гэж үзэхгүй тул шүүх ажлын хөлсөнд тооцох боломжгүй. Гүйцэтгэсэн ажлыг нийт 1,525,035,905 төгрөг гэж үзэв. Харин Замын цагдаагийн газрын гүүрэн гарцын ажлын хувьд гүйцэтгэгч 2,181,193,491 төгрөгийн ажил гүйцэтгэсэн буюу 2 гүүрний нийт 3,706,229,396 төгрөгийн ажлыг “Э” ХХК хийсэн, нэхэмжлэгчид нийт 3,754,945,119 төгрөг төлснийг хөлс бүрэн төлөгдсөн гэж үзэх тул ажлын хөлсний үлдэгдэл 93,222,121 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно. Гэрээнээс учирсан хохирлын тухайд “...нэхэмжлэгч ажлыг хугацаанд нь бүрэн барьж дуусгах үүргээ, захиалагч хөлсийг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хэн аль нь буруутай болох нь тогтоогдож байна. Түүнчлэн учирсан бодит хохирлоо нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, хариуцагч төлбөр төлөх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс хохирол учирсан, тэдгээрийн хооронд шууд шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй” гэж дүгнээд хохиролд 84,184,864 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.            

Сөрөг нэхэмжлэлийн тухайд “...хариуцагч илүү төлсөн 473,450,661 төгрөг гаргуулахаар шаардсан ба илүү төлсөн 48.715.723 төгрөг /3,754,945,119-3,706,229,396/-ийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ.” гэсэн дүгнэлт хийжээ.  

8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэн хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон байна.  

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, Б, өмгөөлөгч Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.

10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

11. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн. Хариуцагч “Ч” ГХОХХК нь Улаанбаатар хотын Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг сэргээн засварлах болон Замын цагдаагийн газрын баруун талд шинэ гүүр барих төслийг хэрэгжүүлэхдээ “Э” ХХК-тай гэрээ байгуулж дулаан, ус хангамж, ариутгах татуурга болон борооны ус зайлуулах шугам сүлжээг зөөж шилжүүлэх, барих ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн байна.

12. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь “...Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг сэргээн засварлах төслийн хүрээнд 2017-11 гэрээ, зураг төсөл нь өөрчлөгдсөний улмаас ... дугаар хавсралт гэрээг байгуулж, ажлыг гүйцэтгэсэн тул чанарын баталгааны 28,930,000 төгрөг, ...Замын цагдаагийн гүүрэн гарцын төслийн хүрээнд ... гэрээ байгуулж... 75 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн, үлдэгдэл төлбөр 107,769,040 төгрөг, ... нэмэлтээр Ф800 дулааны шугам зөөж шилжүүлэх ажлаас чанарын баталгааны 5% үлдэгдэл 6,550,000 төгрөг, ...2018-01-нэмэлт-01 гэрээний үлдэгдэл төлбөр 12,361,500 төгрөг, ... Ф325, Ф215 шугам зөөж шилжүүлэхэд нэмэлтээр гарсан 21,400,000 гэрээний үлдэгдэл 26,709,700 төгрөг, ...худаг өндөрлөх ажлыг нэмэлтээр хийсэн 8,990,000 төгрөг, ...Яармагийн шинэ гүүрний ажлын 2019-10 гэрээний үлдэгдэл төлбөр 247,124,250 төгрөг,  ... дээрх ажилд нэмэлт ажил хийгдсэн тул 92,130,000 төгрөг, ...ажлын хөлс гэж нийтдээ 577,809,028 төгрөг, хохирлын тухайд ...ажил гүйцэтгэх явцад эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхээр банкнаас 2018.03.19-нд 200,000,000 төгрөг, 2018.05.09-нд 200,000,000 төгрөгийн зээл авч, 2019 оны 3 сард хаасан. Захиалагч талаас шалтгаалан гэрээт ажил сунжирч, 2020.08.25-ны өдөр хүртэлх хугацаанд 84,184,864 төгрөгийн хүүг хий төлж алдагдал хүлээсэн. Иймд хариуцагчаас нийт 661,993,892 төгрөгийг гаргуулна гэсэн нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа багасгахдаа “... нийтдээ 3,754,945,119 төгрөг авсан байна. Одоо үлдэгдэл санхүүжилт 93,222,121 төгрөг, хугацаандаа санхүүжилтийг олгоогүйгээс хохирол 84,184,864 төгрөг, нийт 177,406,985 төгрөг гаргуулна” гэсэн байна.

13. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд “...гүйцэтгэсэн ажлыг үндэслэлгүйгээр бууруулсан болон нэмэлт ажлуудыг тооцоонд аваагүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ... Яармагийн гүүрний ажлын хувьд нийт гүйцэтгэсэн ажлаас 27,788,345 төгрөгийг хассаныг, ... үечлэн нягтруулах ажлын 22,320,000 төгрөгийг, ... ажлын тоо хэмжээ болон нэгжийн үнийн нийлбэрээр тооцон гаргадаг. ... хувиар тооцон бууруулж 5,468,345 төгрөгөөр багасгасныг, ... нэмэлтээр хийгдсэн ажлын 92,130,000 төгрөгийн ажлыг хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй гэж дүгнэснийг, Замын цагдаагийн газрын гүүрний ажлын тухайд ...нэмэлтээр хийсэн 8,990,000 төгрөгийн баримтыг үнийн дүнгээс хасаж тооцсоныг” ... тус тус эс зөвшөөрч, ... дээр дурдсан гүйцэтгэлүүдийг тооцон зөрүү 80,192,622 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Сөрөг шаардлагад хангагдсан зөрүү 48,715,723 төгрөг нийт дүнгээс хасагдсан” гэжээ.

14. Хяналтын шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр зохигчийн хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

15. Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 661,993,892 төгрөг гаргуулах шаардлага анх гаргаснаа 177,406,985 төгрөг болгож багасгасан ба үндэслэлээ “...ажлын хөлсний үлдэгдэл 93,222,121 төгрөг, түүнчлэн гэрээнээс учирсан хохирол зээл авсны хүүд төлсөн 84,184,864 төгрөгийн хамт гаргуулна” гэж тайлбарласан. Тэрээр анх гаргасан шаардлагадаа нэхэмжлэлээр шаардаж буй мөнгө нь аль гэрээний ямар төлбөр болох талаар тодорхой үндэслэлээр тайлбарласан боловч /тогтоолын 12/ багасгахдаа “ажлын хөлсний үлдэгдэл” гэсэн хэдий ч энэ нь аль гэрээний ямар үлдэгдэл төлбөр болох талаар тодорхой үндэслэл заагаагүй, тооцооллыг хэрхэн гаргасан нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй, улмаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх үйл баримтыг зөв  тогтоосон, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж тогтоохын зэрэгцээ холбогдох нотлох баримтын хуваарилалтыг үндэслэл бүхий хийсэн” гэж шийдвэрийг хэвээр үлдээснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

16. Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 93,222,121 төгрөг гэж гаргасан боловч түүний хяналтын журмаар гаргасан гомдолд “...ажлын хөлсний 80,192,622 төгрөгийг хангуулна, гэхдээ үүнд сөрөг шаардлагад хангагдсан зөрүү 48,715,723 төгрөг хасагдсан” гэснээс үзэхэд эдгээр тооцооллын талаарх тайлбар болон үндэслэл нь хоорондоо илтэд зөрүүтэй, ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээтэй нийцээгүй байна. Тухайлбал, энэ тогтоолын 13-т гомдлын үндэслэл, тооцооллыг дурдсан ба нэхэмжлэгчийн гомдолд тайлбарласан “...анхан шатны шүүх хассаныг эс зөвшөөрсөн гэх ...27,788,345 төгрөг, ...22,320,000 төгрөг, ...5,468,345 төгрөг, ...92,130,000 төгрөг, ...8,990,000 төгрөгийн нийлбэр нь 156,696,690 төгрөг, үүнээс  сөрөг нэхэмжлэлийн хангасан хэсэг 48,715,723 төгрөгийг хасахад 107,980,967 төгрөг болно. Иймээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...80,192,622 төгрөгийг гаргуулна” гэх гомдлыг хангахгүй.

17. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04786 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2025/00370 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2025 оны 03 сарын 31-ний өдөр төлсөн 802,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ЭРДЭНЭСУВД

           ШҮҮГЧИД                                                    Н.БАТЧИМЭГ

                                                                                                  Н.БАТЗОРИГ

                                                                                Н.БАЯРМАА

                                                                                Д.ЦОЛМОН