Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 27

 

 

Т.З-т холбогдох эрүүгийн

                                                 хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-ийн давж заалдах гомдлоор Т.З-т холбогдох 2016000000047 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1982 оны 09 дугаар сарын 20-нд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат 3-32 тоотод оршин суух , өмнө нь Говь-алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 73 тоот шүүхийн тогтоолоор, 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 13 тоот шүүхийн тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 385.1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадваргүй, ДЮ82032036, О овогт Т.З.

 

Шүүгдэгч Т.З нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 цагийн орчимд Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баянхайрхан 1-р баг, 6-17 тоотод оршин суух иргэн Т.Б-ийн Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж шар хоргойгоор эмжсэн ягаан өнгийн даалинтай, Жаргалын найман морины дүрс бүхий шаазан хөөрөг 1 ширхэг, хоёр морины толгойн дүрс бүхий мөнгөн бөгж 1 ширхэг, ногоон хайрцагтай багажны ком, ягаан өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, хар, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч 190.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

- 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат 4-р баг, 10-2 тоотод оршин суух иргэн Б.Г-ийн Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж шар өнгийн очир оёсон, цэнхэр, улаан өнгийн даалинтай, улаан өнгийн хув толгойтой, дунд гарын дунд үеийн хаш хөөрөг 1 ширхэг, цэнхэр өнгийн торгон даалинтай, ногоон өнгөтэй бага гарын пийсүү хөөрөг 1 ширхэг, "Самсунг S-6" маркийн гар утас 1 ширхэг, биет 5.000 төгрөг зэргийг хулгайлан авч 1.450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 

- 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 цагийн орчимд Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Индэрт 8-р баг, 1-13 тоотод оршин суух иргэн Н.Г-ийн Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж сийлбэртэй, цагаан өнгөтэй, дунд үеийн шүрэн хөөрөг 1 ширхэг, шувууны дүрстэй мөнгөн бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч 1.020.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын тогтоолд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсгийг тус тус журамлан шүүгдэгч О овогт Т.З-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Т.З-т авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлд 1 жил 6 сарын хугацаатай хэрэгжүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сийлбэртэй цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг, шувууны дүрстэй мөнгөн бөгж 1 ширхэгийг хохирогч Н.Г-т олгож, цоож 1 ширхэг, дөрвөлжин даруулга 1 ширхэг, цоожны цүү 1 ширхгийг тус тус устгаж, хохирогч Т.Б, Б.Г, Н.Г нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.А шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/59 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний дүү Т.З нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэц эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлд 1 жил 6 сарын хугацаатай эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан юм. Т.З нь хүний асрамжинд байдаг, эрүүл мэндийн байдал хүндэвтэр байгаа зэргийг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын хугацааг нь тодорхой хугацаагаар хөнгөрүүлж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Т.З нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймгийн, Есөнбулаг сумын, Харзат багийн, 10-2 тоотод оршин суудаг иргэн Б.Г-ийн Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж шар өнгийн очир оёсон, цэнхэр, улаан өнгийн даалинтай, улаан өнгийн хув толгойтой, дунд гарын, дунд үеийн хаш хөөрөг, цэнхэр өнгийн торгон даалинтай, ногоон өнгөтэй бага гарын пийсүү хөөрөг, "Самсунг S-6" маркийн гар утас, 5000 төгрөг зэргийг хулгайлан авч 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Г-ийн: “Гэрээс 3 ширхэг хөөрөгний даалин, хув толгойтой цагаан өнгийн хаш хөөрөг, жижиг гарын пийсүү хөөрөг, самсунг s-6 маркийн гар утас, 5000 төгрөг зэрэг эд зүйл алга болсон” тухай мэдүүлэг,

“Т.З-ын өмсөж явсан хүрэмнийх нь халааснаас бор өнгийн гэртэй, шаргал өнгөтэй, самсунг s-6 edge plus маркийн гар утас гарч ирснийг хураан авсан тухай” үзлэг хийсэн тэмдэглэл,

Эд зүйл таньж олуулах ажиллагаагаар хохирогч Б.Г нь Т.З-ын биед үзлэг хийх явцад хүрэмнийх нь халааснаас гарч ирсэн самсунг s-6 edge plus маркийн гар утасыг өөрийн утас мөн болохыг таньж олсон тухай тэмдэглэл, эдгээр ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт,

Гэрч Б.М-ын: “Т.З-ын бие болон хувцасанд үзлэг хийхэд түүний өссөж явсан куртикний халааснаас бор өнгийн гэртэй самсунг s-6 edge маркийн гар утас гарч ирснийг мөрдөгч Т.Х хурааж авсан тухай мэдүүлэг,

Гэрч Н.Г-ийн: “Гэртээ очиход нь гэрийн зүүн талын шургуулга, хойморын мөлхөө тавилгын шургуулга нээлттэй байхаар нь эд зүйлээ шалгаж үзэхэд хөөрөг болон бусад эд зүйл алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан тухай” мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.З нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 цагийн орчимд Говь-Алтай аймгийн, Есөнбулаг сумын, Индэрт багийн, 1-13 тоотод оршин суудаг иргэн Н.Г-ийн Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж сийлбэртэй, цагаан өнгөтэй, дунд үеийн шүрэн хөөрөг, шувууны дүрстэй мөнгөн бөгж,  зэргийг хулгайлан авч 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Г-ийн тухайн эд зүйл хулгайд алдагдсан тухай мэдүүлэг,

Гэрч Т.А-ийн: З-ыг хайж олоод биед байсан эд зүйлийг нь  авах гэхэд уурлаад өгөхгүй болохоор нь цагдаа дуудаж үзүүлэхэд хоёр ширхэг бөгжийг гартаа хийсэн өврөөс нь 3 ширхэг хөөрөг, ногоон өнгийн хайрцагтай түлхүүр зэрэг зүйлс гарч ирсэн тухай мэдүүлэг, Т.З-аас эд зүйл хураан авсан тэмдэглэл, уг эд зүйлсийг таньж олуулах ажиллагаа явуулахад хохирогч Н.Г өөрийн хөөргөө таньж олсон тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч Т.З нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 цагийн орчимд Говь-Алтай аймгийн, Есөнбулаг сумын, Баянхайрхан багийн, 6-17 тоотод оршин суудаг иргэн Т.Б-ийн Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж шар хоргойгоор эмжсэн ягаан өнгийн даалинтай, Жаргалын найман морины дүрс бүхий шаазан хөөрөг, хоёр морины толгойн дүрс бүхий мөнгөн бөгж, ногоон хайрцагтай багажны ком, ягаан өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, хар, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж зэргийг хулгайлан авч 190.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Б-ийн тухайн эд зүйлсийг эзэнгүй, цоожтой байсан гэрээсээ хулгайд алдсан тухай мэдүүлэг,

Гэрч Д.Д-ийн: 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэрийг нь мэдэхгүй охин утасаар яриад танай хүүхдүүдийн гэрийн цоожнууд газарт уначихсан харагдаж байна гэхээр нь очиход гэрийн цоожнуудыг эвдлээд газарт хаясан байхаар нь цагдаад мэдэгдсэн тухай мэдүүлэг,

Т.З-аас шар хоргой эмжээртэй улаан ягаан өнгийн даалинтай, хажуудаа 8 морьны зурагтай хөөрөг, ногоон өнгийн хуванцар хайрцагтай, нэг ширхэг бахь, 6 ширхэг отвертка зэргийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч таньж олуулах ажиллагаа явуулан хохирогчид буцаан олгосон тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.    

Гэвч шүүгдэгч Т.З нь сэтгэц мэдрэлийн өвчин болох оюуны хүндэвтэр хомсдол F71 өвчтэй, уг өвчний улмаас өөрийнхөө үйлдлийг хянах болон хэрэг хариуцах чадваргүй болох нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын магадлагаагаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь тогтоогдсон байна.

Тиймээс анхан шатны шүүх прокуророос гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч Т.З-ын сэтгэцийн байдлыг харгалзан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлд 1 жил 6 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх прокурорын санал, хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Мөн анхан шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-ийн гаргасан шүүгдэгч Т.З-т авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг багасгуулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.З-ын хууль ёсны төлөөлөгч Т.А-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.Б

                                   ШҮҮГЧИД                              Т.Ж

                                                           Ч.Э