Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2020/02881

 

 

 

 

 

 

 

                       2020        12        21  

              182/ШШ2020/02881

    

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Хангайн дугаар гудамж,  тоотод оршин суух,  дугаар регистртэй, Х овогт Мийн Жын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн  дугаар хороо, Хувьсгалчид тоотод байрлах, дугаар регистртэй, “МАЦ” ХХК-д холбогдох

 

Ажилласан хугацааны цалин 3.780.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

М.Ж миний бие 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “МАЦ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж, програмист систем хөгжүүлэгчийн ажилд орсон. 2020 оны 02 дугаар сараас одоог хүртэл цалин хөлс олгоогүй 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр  дугаартай захирлын тушаалаар ажлаас халсан юм. Ажиллаж байсан хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Иймд ажиллаж байсан хугацааны цалин 3.780.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэг сарын цалин 1.250.000 төгрөг, 3 сарын цалин нийт 3.750.000 төгрөг болж байна. Тооцооллын хувьд 30.000 төгрөгийн зөрүү гаргасан байна гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Жтай манай компани 2019 оны 11 сарын 1-нээс програмист, систем хөгжүүлэгчийн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. М.Ж нь анх ажилд орохдоо бүх төрлийн программ дээр ажилладаг бидний хөгжүүлж буй Их гэр төслийн платформыг системийн шаардлагын дагуу хөгжүүлж чадна гэж амлан ажилд орсон. Эхний саруудад М.Ж өөрийн үзэмжээр системийн даалгаврын дагуу бидэнд вэб сайт хийж өгсөн боловч уг вэб сайт нь динамик ажиллагаатай биш статик хэлбэртэй байсан нь бидний үндсэн нөхцөлд нийцхээргүй байсан. Өөрөөр хэлбэр гар аргаар мэдээлэл оруулах, үргэлж засварлах, сайжруулах боломжгүй зураг төдий ажиллагаатай вэб сайт байсан юм. Бидний хөгжүүлж буй Их гэр платформ нь Төрийн мэдээллийн хур системтэй холбогдох иргэдийн дата мэдээллийг боловсруулах, барилгын компаниудын ҮХХ-ийн бүртгэл мэдээллийн санг үүсгэх, тухайн бүртгүүлсэн хэрэглэгчдэд тохирох мэдээллийг систем өөрөө шүүн гаргаж ирэх боломжтой байх ажиллагаа бүхий цогц систем байсан. Гэвч М.Ж нь энэ бүх хөгжүүлэлтийн ажлыг хийж чадаагүй. Бидний зүгээс систем хөгжүүлэлтийн ажлыг түргэсгэх зорилгоор нэмж хөгжүүлэгч авч өгсөн ч тухайн хүнтэйгээ таарч ажиллаж чадаагүй ба ажилд орсон хүн удалгүй ажлаасаа мөн гарсан. 2020 оны 2 сарын 14-нд бид A компанитай вэбийн дизайн хөгжүүлэлтийн гэрээг хийж вэбийн зургуудыг хүртэл хийлгэсэн боловч 4 cap хүртэлх хугацаанд ажилдаа ирэлгүй байсан ба ирэхлээрээ хөгжүүлэлт огт хийж өгөөгүй, чадаагүй. Компанийн зүгээс ажлын байрыг нь хадгалах нийгмийн даатгалыг тасалдуулахгүй байх үүднээс бид дэмжсэн буюу 4 сард ажлаас нь халаагүй ба халах болсон өөр ажил хай гэдгээ удирдлагаас тухайн үед хэлж сануулсан. Шалтгаан нь төрөөс нийгмийн даатгалыг дааж байсан учраас удирдлагаас ажилтныг дэмжих бодлогоор ажиллаж байсан. М.Жын үр бүтээлгүй, ажлын байрны шаардлага хангахгүй байгааг удаа дараа сануулж байсан ба гүйцэтгэлгүй, ажилдаа ирэхгүй байгаа учир цалин олгохгүй гэсэн шийдвэр гаргасан. Компанийн зүгээс ажлыг тасалдуулахгүй явах үүднээс 2020 оны 8 сарын 27-нд бид БӨҮ ХХК-тай гэрээ хийж бүх систем хөгжүүлэлтийн ажлыг эхнээс нь хийж байна. Ур чадварын дутагдалтай М.Жаас болж бид вэб сайтгүй, компаниудын гишүүнчлэлийн орлогогүй 6 cap ажиллаж ажилчдын цалин хүртэл тасалдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

         

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, татгалзал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч “МАЦ” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалингийн олговор 3.780.000 гаргуулах тухай нэхэмжлэлийн гаргажээ.

 

Хариуцагч нь М.Ж нь манай компанид програмист, систем хөгжүүлэгчийн ажилд орсон боловч хийх ёстой ажлаа хийж чадахгүй байсан учраас манай компани “А” ХХК, “БӨҮ” ХХК нартай гэрээ байгуулж М.Ж хийх ёстой ажлыг хийлгэсэн. М.Жт өөрөөсөө болон компаниас тодорхой хэмжээний цалин болон мөнгө төгрөгийг өгч байсан хэдий ч М.Ж нь ажил тасалж ажилдаа ирээгүй болох нь цагийн бүртгэлээс тодорхой харагдах учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М.Ж нь МАЦ” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 01ий өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хөдөлмөрийн гэрээний дагуу систем хөгжүүлэгчээр, 1.260.000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 31ий өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” тушаал болон зохигчдын тайлбараар нотлогдсон. Талууд энэ талаар маргаагүй болно. /хх-ийн 4-6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч М.Жыг МАЦ” ХХК-ийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 31ий өдрийн дугаар тушаалуудаар ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч М.Ж нь тооцооллын хувьд алдаа гаргасан тул 30.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2020 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарыг дуустал хугацаанд цалин олгоогүй тул 3.750.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч М.Ж нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд цалин гаргуулах тухай гомдлоо гаргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нь “МАЦ” ХХК нь  эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон байна. /хх-ийн 4 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч М.Ж нь 2020 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарыг дуустал хугацаанд цалин олгоогүй гэх боловч “МАЦ” ХХК-иас 2020 оны 02 дугаар сард цалин 105.882.35 төгрөг, төлөх шимтгэл 25.411.76 төгрөг, 03 дугаар сард цалин 900.000.00 төгрөг, төлөх шимтгэл 216.000.00 төгрөг, 4 дүгээр сард цалин 81.818.18 төгрөг, төлөх шимтгэл  19.636.38 төгрөгийг тус тус төлсөн болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 11 дүгээр тал/

Хариуцагч “МАЦ” ХХК-ийн М.Ж нь хийх ёстой ажлаа хийж чадахгүй байсан учраас манай компани “А” ХХК, “БӨҮ” ХХК нартай гэрээ байгуулж М.Ж хийх ёстой ажлыг хийлгэсэн. М.Ж нь ажил тасалж ажилдаа ирээгүй гэх тайлбар нь М.Жын ажлын цагийн бүртгэл, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02/20-2020 дугаартай “МАЦ” ХХК, “А” ХХК нарын хооронд байгуулсан “ Дизайн хөгжүүлэх гэрээ”,  2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай “МАЦ” ХХК, “БӨҮ” ХХК нарын хооронд байгуулсан “Систем хөгжүүлэлт, технологи хамтын ажиллагааны гэрээ” зэрэг баримтаар тогтоогдсон болно.

 

Иймд нэхэмжлэгч М.Жын 2020 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарыг дуустал хугацаанд цалин 3.750.000 төгрөгийг тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                         

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МАЦ” ХХК-иас 3.780.000 /гурван сая долоон зуун наян мянган/ төгрөг гаргуулах тухай М.Жын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН