Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 28

 

 

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.О

Шүүгдэгч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/69 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, ам бүл 5, Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДН91030811 регистрийн дугаартай, Б овогт Б.Б.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 17-ноос 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Цээл сумын Жаргалант багийн Дацан хороолол 3-4 тоот хашаанд оршин суух Ч.М-ын эд зүйлээ хадгалдаг цоожтой монгол гэрийн хатавчинд байсан түлхүүрээр онгойлгон нэвтэрч улаан болон цагаан өнгийн 2 ууттай 11.8 килограмм ноолуурыг авч бусдад худалдан хохирогч Ч.М-т 590.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11.8 килограмм ноолуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.М-т буцаан олгож, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/69 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Б овогтой Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан юм. Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйлчлэлийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 17-ноос 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Цээл сумын Жаргалант багийн Дацан хорооллын 3-4 тоот хашаанд оршин суух Ч.М-ын эд зүйлээ хадгалдаг цоожтой монгол гэрийг хатавчинд нь байсан түлхүүрээр онгойлгон нэвтэрч улаан болон цагаан өнгийн 2 ууттай 11.8 килограмм ноолуурыг авч худалдан хохирогч Ч.М-т 590.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Энэ нь хохирогч Ч.М-ын: “2020 оны 06 дугаар сарын 17-ны өглөөгүүр илүү гэртээ ороход байсан 2 шуудайтай ноолуур нь 06 дугаар сарын 20-ны өдөр алга болсон байсан” тухай мэдүүлэг,

Гэрч Б.Т-ын: “2020 оны 06 дугаар сарын 18-ны орой Цээл сумаас Б утсаар залгаад нэг залуу ямааны ноолуур зарна гэж байна авах уу гэж асуухад нь 11.8 килограмм ноолуурыг нь авхуулаад нэг килограммыг нь 45 000 төгрөгөөр тооцож 531 000 төгрөгийг 5111011488 дугаартай данс руу нь хийсэн” тухай мэдүүлэг,

Гэрч Ш.Б-ын: “2020 оны 06 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед зүс таних залуу ирээд маргааш банкны зээл хийх гэсэн юм ноолуур аваач гэж хэлээд 2 ууттай нийт 11.8 килограмм ямааны ноолуурыг авч ирж өгсөн бөгөөд 31 000 төгрөгийг бэлнээр өгч 99673490 гэсэн гар утасны дугаараар 5111011488 гэсэн дансны дугаараа үлдээсний дагуу ноолуурны үнийн үлдэгдэл 500 000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн” тухай мэдүүлэг,

Гэрч Н.Б-ын: “Хадам эгч болох Ч.М нь 2020 оны 06 дугаар сарын 14-нд хөдөө ирж өөрийн 64 ямаагаа самнаад 4 уутанд хийгээд авч явсан” тухай мэдүүлэг,

Гэрч Н.Б-ий: “2020 оны 06 дугаар сарын 16-нд хөдөө явахаасаа өмнө багажаа хураагаад илүү гэртээ оруулж байхад нь Б.Б ажлаасаа тараад явж байна гээд хашаанд нь орж ирж уулзсан бөгөөд тухайн үед илүү гэрээ цоожлоод түлхүүрийг нь хатавчны доогуур хийж байхыг харсан байж магадгүй” тухай мэдүүлэг,

Гэрч С.М-ын: “2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр М-ын хүргэн М машинд 3 цагаан, 1 улаан нийт 4 ууттай ноолуур байсныг М-ын илүү гэрт оруулж өгсөн” тухай мэдүүлэг,

“Б.Б-ы 5111011488 дугаар данснаас 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 5329108531 дугаар данс руу 502.859.02 төгрөгийг Зээл авто төлөлт гэсэн утгаар татаж авсан тухай” Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаагаар гэрч Б.Б нь Б.Б-ыг түүнд ноолуур тушаасан хүн болохыг таньсан тухай тэмдэглэл, Б.Б-ы Б.Б-д тушаасан ноолуурыг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 11.8 килограмм ноолуурыг 590 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлээ хадгалдаг илүү гэрийг хатавчинд нь байсан түлхүүрээр онгойлгон орж уг эд зүйлийг авсан нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Тиймээс шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх яллах дүгнэлтийн агуулгын хүрээнд буюу шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан байна.

Гэвч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялын хөнгөрүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг мөнгөөр төлж барагдуулсан байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11.8 килограмм ноолуурыг улсын орлого болгуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад шүүгдэгч Б.Б-ыг гэсний дараа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан” гэсэн нэмэлт оруулж, зааснаар гэсний дараа “2 /хоёр/ жил” гэснийг “1 /нэг/ жил” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “Энэ хэрэгт” гэсний өмнө “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” гэсэн нэмэлт оруулж, “болмогц” гэсний дараа “хохирогч Ч.М-т буцаан олгож,” гэснийг “улсын төсөвт оруулахаар Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч М.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б-ы цагдан хоригдсон 38 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.Ж

 ШҮҮГЧИД                         Ш.Б

                                    Ч.Э