Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2025/00099

 

М-н

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/01680 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 207/МА2025/00018 дугаар магадлалтай,

М-н нэхэмжлэлтэй

Э-д холбогдох

Гишүүн байгууллагын татварын үлдэгдэл 27,115,453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч П.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, хариуцагчийн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.М нь Э-д холбогдуулан гишүүн байгууллагын татварын үлдэгдэл 27,115,453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/01680 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т заасныг баримтлан хариуцагч Э-с 27,115,453 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,527 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 293,527 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 207/МА2025/00018 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/01680 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцагч Э-с 12,115,453 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,527 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 208,797 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,527 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн төлөөлөгч П.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар гомдол гаргаж байна.

4.1.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар Э нь *** аймгийн ******-д 25 хувийн татварыг төвлөрүүлж, түүний 5 хувийг *** аймгийн ****** нь М руу төлөхөөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан. Мөн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан “Хариуцлага үр дүнгийн гэрээ” байгуулаагүй тул татвар нэхэх үндэслэлгүй.

4.2.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нь бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах тэгш эрхтэй. Гэтэл шүүх Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийг Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болох Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэргээс давуу хүчин чадалтай мэтээр тайлбарлаж, тус дүрмийн заалтыг баримтлан шийдсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар гомдол гаргаж байна.

5.1.Анхан шатны шүүх Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 6 дугаар зүйлийн 6.11-д заасныг үндэслэн “гишүүн байгууллагаас гарах тухай” бүх гишүүдийн хурлын тогтоол гарах хүртэлх хугацааны буюу 2021, 2022 оны татварыг төлөх ёстой гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх мөн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар 1 жилийн хугацаанд гишүүнчлэлийн татвараа төлөөгүй тул зөвхөн 2021 оны татварыг төлөх ёстой гэж дүгнэсэн. Хоёр шатны шүүх хариуцагчийг гишүүн байгууллагаас гарсанд тооцох дүрмийн заалтуудыг зөрүүтэй тайлбарлаж, төлөх татварын хэмжээг ялгаатай тогтоосон тул энэхүү зөрүүг арилгуулахаар гомдол гаргасан.

5.2.Дээрх дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар гишүүний татвараа төлөөгүй 1 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд үйлдвэрчний эвлэлийн хороог гишүүнээс хасах бүрэн эрх нь гүйцэтгэх хорооны хуралд байдаг бөгөөд хасах эсхүл хасахгүй байх эрх нь тус хуралд хадгалагддаг. Тус дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар салбарын үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх барих дээд байгууллага нь Үйлдвэрчний эвлэлийн бага хурал бөгөөд сүүлийн хурал 2022 онд болж Э-н дарга П.Б төлөөлөгчөөр оролцож, хурал даргалагчаар сонгогдон ажилласан баримт хэрэгт бий. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн татвараа төлөөгүй эс үйлдэхүйг гишүүн байгууллагаас хасагдсанд тооцон зөвхөн 2021 оны татвар 15,000,000 төгрөг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

5.3.Дүрмийн 6.11-д зааснаар үйлдвэрчний эвлэлийн хороо салбар хороондоо гишүүний татвар төвлөрүүлэх эсэх, гишүүн байгууллагаас гарах эсэхийг үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурал хуралдуулж, санал хураалтын зарчмаар шийдвэрлэдэг. Гэвч бүх гишүүдийн хурлаар энэ талаар хэлэлцэж байгаагүй. Харин шүүхээс дээрх дүрмийн зохицуулалтыг зорилгоор нь болон логикийн аргаар тайлбарлаагүй, зөвхөн үгчилсэн тайлбар хийсэн ба шийдвэр гаргахдаа нотлох баримтыг бүх талаас нь шинжлэн судлаагүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч П.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.30-ны өдрийн 001/ШХТ2025/00465 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

8.Нэхэмжлэгч М нь хариуцагч Э-д холбогдуулан гишүүн байгууллагын 2021, 2022 оны татварын үлдэгдэл 27,115,453 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй ба иргэд хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор сайн дурын үндсэн дээр үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхтэй..., манай хороо нь нэхэмжлэгч болох М ******-ны гишүүнээс гарсан, нэхэмжлэгчтэй хариуцлага үр дүнгийн гэрээ ч байгуулаагүй, түүнчлэн М-н дүрмийн 8.2.4, 8.4-т зааснаар татвараа 1 жил төлөөгүй тохиолдолд гишүүн байгууллагаас хасагдсанд тооцдог гэж маргажээ.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч нь гишүүн байгууллагын хувьд татвараа төлөх үүрэгтэй гэж дүгнээд Эны бүх гишүүдийн хурлын 2023.02.15-ны өдрийн тогтоолоор М-н холбооноос гарч өөр холбоо буюу Д-н холбоонд элсэхээр шийдвэрлэсэн байх тул энэ хүртэлх хугацааны буюу 2021, 2022 оны гишүүний татварыг төлөх ёстой гэж үзсэн.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 12,115,453 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо “...Э нь бүх гишүүдийн 2019.10.03-ны өдрийн хурлын 03 дугаар тогтоолын дагуу татвараа 2020.08.06 хүртэл маргаангүй төлж байсан, М-н дүрмийн 8.2.4-т гишүүн байгууллагын татвараа 6 сарын хугацаанд төлөөгүй, 8.4-т салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоонд 1 жилийн хугацаанд гишүүнчлэлийн татвараа төлөөгүй тохиолдолд гишүүн байгууллагаас хасагдсанд тооцно гэж заасан ба хариуцагч 2020.08.06-ны өдрөөс хойш татвараа төлөлгүй 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад дүрмийн дагуу гишүүн байгууллагаас хасаагүй байна..., иймд нэхэмжлэгч 2021 оны татвар 15,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж үүнээс хариуцагчийн 2021.12.31-ний өдөр төлсөн 2,884,547 төгрөгийг хасна...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

10.Хоёр шатны шүүх хариуцагч байгууллагыг М-н холбооны гишүүн мөн болох талаар адил дүгнэлт хийсэн боловч гишүүнээс хэзээ гарсан тухайд өөр өөр дүгнэлт хийж хуулийг хэрэглэн зөрүүтэй шийдвэрийг гаргасан байх ба зохигчийн гомдлыг Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

11.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль 1999 оноос хойш хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба 2015 онд хуулийн 2, 43, 44, 45, 9 дүгээр зүйлүүдэд өөрчлөлт оруулсан байна. Хэргийн оролцогчоос Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, М-н дүрэм, *** аймгийн ***** холбооны дүрэм, Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хэлэлцээр гэсэн хэм хэмжээний актуудыг шүүхэд гаргажээ.

11.1.М нь 1996.05.20-ны өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх 30/

*** хотын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн 1984.11.10-ны өдрийн 38 дугаар тогтоолоор хотын Үйлдвэрчний эвлэлтэй шууд харьцах Д эвлэлийн орон тооны бус үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулсан байсан, 2020.09.14-ний өдөр *** аймгийн улсын бүртгэлийн хэлтэст шинэчлэн бүртгүүлж, Улсын бүртгэлийн 0****9 дугаар гэрчилгээ олгогджээ. /хх 85-88, 101/ Бүх гишүүдийн хурлын 2020.08.28-ны өдрийн 02 дугаар тогтоолоор П.Б-г тус ***** хорооны даргаар томилсон байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 14.2-т “Үйлдвэрчний эвлэлийн хороод нь гишүүдээс хураасан татварынхаа 30-аас доошгүй хувийг эвлэлдэн нэгдсэн мэргэжил үйлдвэрлэл, салбарын болон аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоондоо сар тутам төлнө”, М-н дүрмийн 7.2-т “Салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн дагуу гишүүн байгууллагын татварыг сар бүр (Хариуцлага үр дүнгийн гэрээнд тохиролцсоны дагуу) салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоонд төвлөрүүлнэ” гэж, 25.1-д “Салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн үйлдвэрчний эвлэлийн хороод нь ажилтны цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос сар бүр 1 буюу түүнээс дээш хувиар тогтоож үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг бэлэн бусаар хураана.”, 9.1-д “Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллагууд нь гишүүдийнхээ тоогоор жил бүр татвар төлнө” гэж тус тус заажээ.

Хариуцагч Э-н бүх гишүүдийн 2019.10.03-ны өдрийн хурлаас мэргэжил үйлдвэрлэлийн чиглэлээр эвлэлдэн нэгдсэн М-д гишүүнчлэлтэй, орон нутгийн *** аймгийн ***** холбоонд харьяалалтай үйл ажиллагаа явуулахаар 03 дугаартай тогтоолыг батлан гаргасан байна.

Мөн тус хорооны Тэргүүлэгчдийн хурлаар үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс жилд хураасан нийт татварын 25 хувийг М-д, 5 хувийг *** аймгийн ***** холбоонд төлөх тухай 2019.10.03-ны өдрийн 01 дугаар тогтоол гаргасан байна. /хх 5, 7-9/ Өөрөөр хэлбэл, хариуцагч нь М болон орон нутгийн *** аймгийн ***** холбоонд тус тус гишүүний татварыг төлж байжээ.

Эдгээр баримтад тулгуурлан хоёр шатны шүүх “хариуцагч нь М-д гишүүнчлэлтэй байсан” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байв.

12.Зохигчийн хооронд Э нь М-с гарсан эсэх, гишүүний татвар төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

12.1.Хариуцагч Э нь 2020.08.06-ны өдрөөс хойш М-д гишүүний татвараа төлөөгүй байна.

М-н дүрмийн 8.2.4-т гишүүн байгууллага татвараа 6 сарын хугацаанд төлөөгүй, 8.4-т салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоонд 1 жилийн хугацаанд гишүүнчлэлийн татвараа төлөөгүй тохиолдолд гишүүн байгууллагаас хасагдсанд тооцно гэж заасан байх боловч энэ үндэслэлээр гишүүнээс хассан шийдвэр гараагүй болохоос гадна татвараа төлөөгүй байдлыг гишүүнээс гарах хүсэл зоригийн илэрхийлэл гэж дүгнэхгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй болжээ.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т ... гишүүнчлэлээс гарах саналаа тухайн хорооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, хуралд оролцогчдын гуравны хоёроос доошгүйн саналаар, гишүүн холбооныхоо гүйцэтгэх болон холбооны зөвлөлийн гишүүдийн 50-аас дээш хувийн саналаар шийдвэрлүүлсэн байна гэж, дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д гишүүн байгууллага нь холбооноос гарахдаа энэ тухайгаа Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж, дүрмийн 10.4-т Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллагаас гарах, хасах асуудлыг Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэж, оролцсон гишүүдийн 50-аас доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Э-ны бүх гишүүдийн хурлын 2023.02.15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тус хороо нь М-с гарч, Д-д элсэхээр шийдвэрлэснээр гишүүнээс гарсан, дээрх дүрмийн 10.4-т заасан шийдвэр гараагүй ч үйлдвэрчний эвлэлийн холбоонд чөлөөтэй, сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй байх ба хариуцагч нь 2023.02.15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тус холбооны гишүүнээс гарсан тухайд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Иймд дүрмийн энэ заалтыг буруу тайлбарласан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангав.

13.Анхан шатны шүүхийн “...хариуцагч нь улсын бүртгэлд бүртгүүлж, дарга нь өөрчлөгдсөнөөр хорооны өмнөх үйл ажиллагаа, бүх гишүүдийн хурлын 2019.10.03-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг үгүйсгэх үндэслэл болохгүй, тус хорооны “Гишүүн байгууллагаас гарах, элсэх тухай” бүх гишүүдийн хурлын тогтоол 2023.02.15-ны өдөр гарах хүртэл хугацаанд хариуцагч нь гишүүний татварыг төлөх үүрэгтэй..., хариуцлага үр дүнгийн гэрээ байгуулаагүй боловч энэ нь хариуцагчийг татвар төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй..., хариуцагч нь “Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээрийн 7.1-д заасны дагуу үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг ажил олгогчоор бэлэн бусаар хураалган хорооны дансанд авсан хэдий ч дүрмийн дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлээгүй байна....” гэсэн дүгнэлт хууль болон дүрэмд нийцсэн байна.

Хариуцагчаас *** аймгийн ***** холбоо, хяналтын зөвлөлд хүргүүлсэн 2020.12.09-ний өдрийн № А/08 албан бичигт “... цаашид дүрмийн дагуу 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн нийт гишүүдийн татварын 20 хувийг *** аймгийн ***** холбоонд, 5 хувийг өөрийн эрсдэлийн санд, 5 хувийг М-д дүрмийн дагуу төвлөрүүлэн ажиллах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ. Гэвч хариуцагч нь энэ талаар бүх гишүүд шийдвэр гаргасан эсэхийг нотлоогүйгээс гадна нэхэмжлэгч М-д мэдэгдсэн гэх баримт байхгүй байв.

Түүнчлэн хариуцагч нь гишүүний татварын хувь хэмжээг М-ны дүрмийн 14.3-т зааснаар тодорхойлох байтал анхнаасаа дүрмээ зөрчиж буруу тогтоосон гэж маргасан бол нэхэмжлэгч нь дүрмийн 14.2-т зааснаар татварын хэмжээг тогтоох ба хариуцагч үйлдвэрчний эвлэлийн хорооны Тэргүүлэгчдийн хурлаар гишүүдээс жилд хураасан нийт татварын 25 хувийг М-д, 5 хувийг *** аймгийн ***** холбоонд төлөх тухай 2019.10.03-ны өдрийн 01 дүгээр тогтоол гарснаар нотлогдоно гэж мэтгэлцсэн.

М-ны дүрмийн 14.2-т “Үйлдвэрчний эвлэлийн хороод нь гишүүдээс хураасан татварынхаа 30-аас доошгүй хувийг эвлэлдэн нэгдсэн мэргэжил үйлдвэрлэл, салбарын болон аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоондоо сар тутам төлнө” гэж, 14.3-т “Аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоод нь үйлдвэрчний эвлэлийн хороодоос төвлөрүүлсэн нийт татварын 5-аас доошгүй /хүртэлх/ хувийг тухайн хорооны харьяалагдах мэргэжил үйлдвэрлэл, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодод жилд нэг удаа улирал бүр шилжүүлнэ.” гэж тус тус заажээ.

Дүрмийн 14.3 дахь заалт нь аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоодын төлөх татварын хэмжээг зохицуулсан хэм хэмжээ тул анхан шатны нэгж болох Э-д хамааралгүй болно. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 207/МА2025/00018 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2024/01680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2025.04.02-ны өдөр төлсөн 232,950 төгрөг, хариуцагчаас 2025.04.02-ны өдөр төлсөн 293,527 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                                     Н.БАТЗОРИГ

                                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                      Н.БАЯРМАА

                                                                                      П.ЗОЛЗАЯА