Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 41

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
                                           
    Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч Б.Батсайхан,  
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Банзарын Чойжамцад холбогдох 201703000010 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   
Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг, Ямаа майлах гэх газарт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,  Монгол овогт Банзарын Чойжамц, /регистрийн дугаар: АР70122851/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Чойжамц нь 2015 оны 12 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг, Шар даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр 19.9 метр куб модыг бэлтгэж, байгаль орчинд 4.750.099 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                             

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чойжамцын мэдүүлсэн: Тухайн үед манай өвөлжөөний хашаа нураад уначихсан, тал нь алга болчихсон болохоор нь нойтон мод бэлтгэсэн. Мод бэлтгэхдээ зөвшөөрөл авдаг гэж мэдээгүй. Зөвшөөрөлгүй мод бэлтгэх ёсгүй байсан юм байна, миний буруу. Надад оногдуулж байгаа ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
    201703000010 дугаартай эрүүгийн хэргээс:
        Хохирогч З.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2015 оны 12 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн нутаг дэвсгэр Хөх чулуу гэх газарт нойтон шургааг мод бэлтгэсэн талаар мэдээ, мэдээлэл авч байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч нар тухайн үед мод бэлтгэсэн газрыг хайгаад олоогүй. Тэгээд дараа нь 2016 оны 05 дугаар сард би өөрөө байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг дагуулж явж байсан ба хэн мод бэлтгэсэн талаар олж мэдсэн. Иргэн Б.Чойжамцтай уулзаж ярилцахад эрхийн ямар нэгэн бичиг баримтгүй, зөвшөөрөлгүй нойтон шургааг мод бэлтгэсэн байсан. Би нойтон модны тоог нь санахгүй байна ямар ч байсан багцаагаар 19 метр куб мод харагдаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
    Гэрч Р.Батбямбын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Маргааш нь хүч нэмэгдүүлж хоёр байгаль хамгаалагч нэмж аваад сумын тамгын газрын дарга З.Батмөнх өөрөө удирдан хайгуулын ажпыг явуулаад модыг олсон. Тухайн газар моднуудыг тоолж хэмжилт хийхэд 196 мод унасан байдалтай модон дотор байсан. Тэгээд бид нар ойролцоо өвөлжөөндөө байгаа айлуудаас очиж, эзнийг тодруулахаар асуусан чинь эзэн нь олдоогүй юм. Тэгээд буцаад сумын төв рүү явж байхдаа малд явж байсан хүнээс хэн мод бэлдсэн талаар асуухад энэ нутгийн Чойжамц хийсэн байж магадгүй гэж тэр хүн хэлсэн. Тэгэхээр нь бид нар замаараа Чойжамцын гэрээр орж уулзсан чинь Чойжамц тэр моднуудыг тайрч бэлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч бид нарт бэлдсэн талаараа хэлсэн. Бид нар Чойжамцыг маргааш сумын төвд ирж уулзахаар нь би ойн тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч торгосон юм. Чойжамц эрхийн бичиг аваагүй гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч Д.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2015 оны 12 дугаар сарын эхэн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн нутаг Хөх чулуу гэх газраас иргэн Б.Чойжамц нь зохих зөвшөөрлийн бичиггүйгээр хууль бусаар нойтон шургааг мод бэлтгэсэн байсныг мэдсэн. Тухайн үед он гаргаад улсын байцаагч Р.Батбямба, байгаль хамгаалагч Мандахбаяр нар очиж модыг нь харж үзсэн бөгөөд би 2016 оны 06 дугаар сарын эхэн үед байгаль хамгаалагч Мандахбаярын хамтаар очиж үзэхэд нойтон шургаагаа модноос гаргаж бэлд гээд хэрэг учрал болсон газраас 500 метр орчим зайнд буулгаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Гэрч Ч.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Чойжамц нь манай хүргэн юм. Манай 2 гэр айл саахалт байдаг болохоор байнга нэгнийхээрээ орж гарч байдаг. Чойжамц нь даруу төлөв зантай, ажилсаг үнэн ч шудрага хүн. Нутаг усандаа нэр хүндтэй мал маллах тал дээр гаргууд сайн хүн, ноднин жил мал 2 мянга болсон мянгат малчин хүн байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45 дугаар хуудас/ 
    Гэрч Ц.Арсланбүргэдийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Б.Чойжамц гэх хүн нь өнгөрдөг жил Шар даваа гэх газар мод бэлтгэсэн байсан бөгөөд нутгийн хүмүүс газар орон нутгийн байршлыг өөр, өөрөөр хэлж ярьдаг юм. Б.Чойжамцын мод бэлтгэсэн газар нь Шар даваа гэх газар байсан гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/ 
    2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 тоот шинжээчийн дүгнэлт: Шүүгдэгч Б.Чойжамцын зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны хэмжээ нь 19.9 метр куб шоо метр гэжээ. Нийт байгаль орчинд учирсан хохирол нь 4.750.099 төгрөг болохыг тодорхойлов. /хх-ийн 49 дүгээр хуудас/
    Сэжигтэн Б.Чойжамцын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2015 оны 12 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багт байх өвөлжөөний хашаагаа засах гээд Эрдэнэ-Уул багийн Урт нүүр гэх газраас 196 ширхэг нойтон шинс мод бэлдсэн. Тэр үед манай хадам ах Чадраабал надтай хамт бэлдсэн юм. Би тухайн моднуудыг бэлтгэхдээ хөрөө сүх хоёр ашигласан. Тэгээд бэлдэж орхичхоод аваагүй байсан чинь сумын байгаль орчны хүмүүс ирээд шалгасан. Тэгээд нойтон мод бэлдсэн байна гээд намайг 960.800 төгрөгөөр торгосон. Би 4 метрийн урттай 190 гаруй ширхэг шургааг мод бэлтгэсэн. Би тухайн үедээ шургааг модоо нарийн тоолоогүй ачсан. Сүүлд нь байгаль орчны хүн тоолоод 196 ширхэг мод байна гэсэн. Би эрхийн бичиг аваагүй гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/
    Яллагдагч Б.Чойжамцын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ Чадраабал гэх хүнийг надтай хамт мод бэлтгэсэн гэж худлаа мэдүүлсэн юм. Анх хэсгийн төлөөлөгч 2016 оны 12 дугаар сард сумын хэсгийн төлөөлөгч намайг дуудаж, хууль бус мод бэлтгэсэн талаар чинь мэдүүлэг авна ирэхдээ мод бэлтгэсэн хөрөө, сүхээ авч ирээрэй гэсэн юм. Тэгээд би цахилгаан хөрөөгөө хураалгахаас айгаад хоёр хүний гар хөрөө, сүхээ аваад очсон юм гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/
    Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг учрал болсон гэх газарт ямар нэгэн тайрч бэлдсэн гэх шургааг байгаагүй бөгөөд шургааг модны хожуулыг тоолоход 200-аас дээш гарч байв.  /хх- ийн 11-12 дугаар хуудас/,

    Яллагдагч Б.Чойжамцын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл: Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн Шар даваа гэх газар нь сумын төвөөс 65 км зайд орших уул хад, ой модоор хүрээлэгдсэн уулын орой бэл хэсгээр олон нарийн шургааг модны хожуул байх бөгөөд дээрх хожуулууд нь хуучирч харласан байв. Уг газрыг сэжигтэн Б.Чойжамцаар заалгаж очиход Б.Чойжамцын өвөлжөөний байрнаас ертөнцийн зүгээр хойд зүгт 800 метр орчим зайд мод бэлтгэсэн газар нь байв. Тухайн газарт бэлтгэсэн мод байгаагүй бөгөөд моднууд хаана байгаа талаар асуухад өвөлжөөн дээр хашаа барьсан гэж байв. Сэжигтэн Б.Чойжамц өөрөө хууль бусаар бэлтгэсэн модоор барьсан хонины хашааг зааж өгөв. Тухайн хашаа нь өвөлжөөний байрны ертөнцийн зүгээр хойд талд нь залгаж барьсан бөөрөнхий хэлбэртэй өргөн нь 16 метр, урт нь 9 метр урттай байв. Тухайн хашааны модыг тоолж үзэхэд нийт 107 ширхэг 3-4 метр урттай шургааг байв. Тухайн хашааны ойролцоо нарийн шургааг тойруулан тавьсан байв. Үлдсэн модоор нь хашааны хаалга янзалсан гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

    Эрдэнэмандал сумын газрын даамал ажилтай Ж.Зоригтбаатарын гэмт хэрэг гарсан газрын нэр нь Шар даваа гэх нэрээр зурагт бүртгэлтэй байна гэх тодорхойлолт. /хх-ийн 80 дугаар хуудас/ 
    Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн Засаг даргын тодорхойлолт: /хх-ийн 83 дугаар хуудас/ 
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар хуудас/ зэрэг болно.  
    Шүүгдэгч Б.Чойжамц нь 2015 оны 12 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг, Шар даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр 19.9 метр куб модыг бэлтгэж, байгаль орчинд 2.626.800 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хохирогч З.Батмөнхийн “...Иргэн Б.Чойжамцтай уулзаж ярилцахад эрхийн ямар нэгэн бичиг баримтгүй, зөвшөөрөлгүй нойтон шургааг мод бэлтгэсэн байсан. Би нойтон модны тоог нь санахгүй байна ямар ч байсан багцаагаар 19 метр куб мод харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Р.Батбямбын “...Чойжамцын гэрээр орж уулзсан чинь Чойжамц тэр моднуудыг тайрч бэлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч бид нарт бэлдсэн талаараа хэлсэн. Бид нар Чойжамцыг маргааш сумын төвд ирж уулзахаар нь би ойн тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч торгосон юм. Чойжамц эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Д.Алтансүхийн “...Тухайн үед он гаргаад улсын байцаагч Р.Батбямба, байгаль хамгаалагч Мандахбаяр нар очиж модыг нь харж үзсэн бөгөөд би 2016 оны 06 дугаар сарын эхэн үед байгаль хамгаалагч Мандахбаярын хамтаар очиж үзэхэд нойтон шургаагаа модноос гаргаж бэлд гээд хэрэг учрал болсон газраас 500 метр орчим зайнд буулгаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч Ц.Арсланбүргэдийн “...Б.Чойжамц гэх хүн нь өнгөрдөг жил Шар даваа гэх газар мод бэлтгэсэн байсан бөгөөд нутгийн хүмүүс газар орон нутгийн байршлыг өөр, өөрөөр хэлж ярьдаг юм. Б.Чойжамцын мод бэлтгэсэн газар нь Шар даваа гэх газар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/, сэжигтэн Б.Чойжамцын “...байгаль орчны байцаагч нойтон мод бэлдсэн байна гээд намайг 960.800 төгрөгөөр торгосон. Би 4 метрийн урттай 190 гаруй ширхэг шургааг мод бэлтгэсэн. Би тухайн үедээ шургааг модоо нарийн тоолоогүй ачсан. Сүүлд нь байгаль орчны хүн тоолоод 196 ширхэг мод байна гэсэн. Би эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, яллагдагч Б.Чойжамцын “...Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ Чадраабал гэх хүнийг надтай хамт мод бэлтгэсэн гэж худлаа мэдүүлсэн юм. Анх хэсгийн төлөөлөгч 2016 оны 12 дугаар сард сумын хэсгийн төлөөлөгч намайг дуудаж, хууль бус мод бэлтгэсэн талаар чинь мэдүүлэг авна ирэхдээ мод бэлтгэсэн хөрөө, сүхээ авч ирээрэй гэсэн юм. Тэгээд би цахилгаан хөрөөгөө хураалгахаас айгаад хоёр хүний гар хөрөө, сүхээ аваад очсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
    Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Чойжамцыг хууль бусаар зохих зөвшөөрөлгүй 19.9 м3 мод бэлтгэж байгаль орчинд 4.750.099 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч энэ нь нийт 19.9 м3 модны бодит үнэ болох 2.626.800 төгрөгийг 1.8 итгэлцүүрээр үржүүлж байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийн үнэ байх тул бодит хохирлыг 2.626.800 төгрөгөөр тооцож, Б.Чойжамцын гэмт хэрэг үйлдэж олсон модны үнийг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар дээрх бодит хохирлын үнэлгээгээр тооцож улсын орлого болгох нь зүйтэй байна. 
    Харин шүүгдэгч Б.Чойжамцын хохирлын нөхөн төлбөр тооцож 4.750.099 төгрөгөөр төлүүлсэн нь үндэслэлтэй болно. 
     Иймд шүүгдэгч Б.Чойжамцыг зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон 19.93 модны үнэ 2.626.800 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох, сүх 1 ширхэгийг устгах, гар хөрөө 1 ширхэгийг шүүгдэгч Б.Чойжамцад буцаан олгох, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Чойжамц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон           


                               
      
       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Банзарын Чойжамцыг зохих зөвшөөрөлгүй ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар шүүгдэгч Б.Чойжамцыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Чойжамцын эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Б.Чойжамцаас гэмт хэрэг үйлдэж олсон 19.9 м3 модны үнэ 2.626.800 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэг зэргийг тус тус улсын орлогод оруулсугай. 
 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Чойжмацад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүхийг устгаж, гар хөрөөг шүүгдэгч Б.Чойжамцад буцаан олгосугай. 

7. Шүүгдэгч Б.Чойжамц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чойжамцыг бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай. 

                       

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.АЛТАНЦЭЦЭГ