Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2222

 

МАГАДЛАЛ

 

2018.10.31                                                 Дугаар 2222                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/02750 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох,

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 35 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч Б.Б нь зээлээ төлөөгүй тул 2017 оны 6 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/02147 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргаагүй учраас шүүгчийн захирамжид энэ талаар тусгагдаагүй болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал 18060 гудамжны 60 дугаар байрны В-4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201031639 дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон гуравдагч этгээд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:

Тайлбар гаргаагүй болно.

Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2017/02147 дугаар захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Ханын материал 18060 гудамжны 60 дугаар байрны В-4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн    Ү-2201031639 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГА даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Банзрагч нь хариуцагч Б.Б-д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 35 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Я.Г-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, 60 дугаар байр, В-4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан, барьцааны гэрээ байгуулагдсан байна. /хх 30,31,33 хуудас/

Дээрх гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 62 253 667 төгрөг шаардан нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 02147 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах эрхтэй юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч шийдвэрийнхээ тогтоох хэсэгт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн нэрийг дутуу бичсэн, НШШГ “газар” гэхийг “алба” гэж байгууллагын нэрийг буруу бичсэн байна.

Гэвч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байна. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга тодорхой бус байсныг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/02750 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн “Баянгол дүүргийн” гэсний дараа “Иргэний хэргийн анхан шатны” гэж, “албанд” гэснийг “газарт” гэж тус тус  өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

      ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

                                                              М.НАРАНЦЭЦЭГ