| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2021/01904/И |
| Дугаар | 181/ШШ2021/02154 |
| Огноо | 2021-11-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2021/02154
| 2021 11 12 | 181/ШШ2021/02154 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 11-р хороо Геологийн 48-7-4 тоот хаягт оршин суух Бүрхээстэй овогт Т.Э-ын
хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо 310 байр 214 тоот хаягт оршин суух Батууд овогт М.М -д холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Э, хариуцагч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Э миний бие нь 2016 онд М.Мтэй танилцан 2017 оноос хамт амьдарч 2019 оны 06 сарйн 04-нд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 07 сарын 08-нд М.Б хүү минь төрсөн. 2019 оны 12 сараас буюу намайг төрөөд 5 сартайгаас хойш нөхөр болох М.Мнь сар бүр нэгээс хоёр удаа намайг зодон хэл амаар доромжилж,айлган сүрдүүлэх болсон.
Миний бие бие сэтгэл санаагаар маш удаан хугацаанд зовж санхүү эдийн засгийн хувьд хохирсон. Байнгын харааж доромжилж, дургүй хүргэж байж үхтлээ зодуулав гэж намайг айлган сүрдүүлдэг. Хүүхдийн хажууд шууд зодож үсдэж чирдэг. Хүүхэд минь үнэндээ хүчирхийлэл дунд амьдарсан. Энэ нь миний хувьд маш хүнд сэтгэлийн дарамтад оруулсан. Би чамайг тэжээж байна чи муу зайл гэж дандаа хөөдөг. Миний нэр, регистрийн дугаарыг ашиглан Lend.mn, Pocket.mn-ээс нийт 400,000 төгрөгийн зээл авч намайг өрөнд оруулсныг би өөрөө төлж барагдуулсан. Өвлийн хүйтэнд үсдэж чирээд зайл муу хоёр пизда гэж хөөж гэрийн гадна гаргасан.
Нийт 3 удаа Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг дээр гэр бүлийн хүчирхийллийн 102 дуудлагаар дуудаж цагдаа дээр очиж байсан. Энэ хугацаанд М.МЗөрчлийн хуулиар 100,000-200,000 төгрөгөөр тус тус торгуулж байсан.
Мөн энэ оны 2021 оны 03 сард дахин намайг зодон гэр бүлийн хүчирхийллийн хэргээр долоо хоног баривчлагдсан. Гарч ирээд үйлдэл үг нь бүр хэрцгий болсон. Удалгүй урьдны адил 1 сар болоод л зодож эхэлсэн.
Хүү маань одоо ой 8 сартай хөхүүл .Гэр бүлийн хүчирхийллээс болоод ааш нь огцом өөрчлөлт орж огцом ууртай, нойр хоолондоо муу уурлахаараа яг аав шигээ намайг нүүрлүү цохих үйлдэл хийдэг болсон. Намайг харааж зүхэж зодож эхлэнгүүт шууд уйлж, айн зугатдаг. Нөхөр М.Мнь миний биед халдахдаа маш олон айхтар хүчтэй алгаддаг, үсдэж чирдэг, дэвсдэг, багалзуурддаг. Гэр бүл аав ээжийг минь байнга доромжилдог.
Хоёр ч удаа гэмтлийн эмнэлэг орж хүзүүний аппарат зүүн хөдөлмөрлөх эрхээ алдаж байсан. Би одоо хүртэл хөхүүл бөгөөд нөхөр минь намайг хүүхэд төрүүлснийгээ юу гэж бодоов? Бүх эмэгтэй хүмүүс төрдөг гэж гомдоодог.
Дургүй хүргэлээ, өөдөөс аймшиггүй дугарлаа, хүүхэд уйлахад дагаж уйллаа, хоолоо талхтай идэх байсан юм, хонуут өнжүүтээр 1-3 хоног яваад чамд хамаагүй гэх, эсвэл шууд босож ирээд намайг алгадаж, жийж унагаадаг...
Байнга гэр бүлээс гадуурх харилцаатай байдаг байсан. Хадмууддаа удаа дараа хандаж байсан боловч амьдарч чадахгүй бол салаачдээ! Чамайг гөлөг гэлээ гээд чи гөлөг болчихгүй чадахгүй бол сал гэж байнга өмөөрдөг. Мөн нөхөр М.Мнь намайг манай талд өчнөөн шүүгч, өмгөөлөгч, прокурор байдаг. Хүсвэл би чамайг хүүхдээс чинь салгаж чадна гэж айлган сүрдүүлж байсан.
Гэвч 2021 оны 6 сарын 13-ны өдрийг хүртэл гэр бүлээ бүтэн байлгахын тулд М.М бүх харгис хэрцгий үйлдлийг тэсэж, тэвчиж чадах бүхнээ хийсэн ч 2021 оны 06 сарын 04, 13-ны өдөр ямар ч шалтгаангүйгээр дургүй хүргэсэн гэх шалтгаанаар хоёр удаа зодсон.
Тиймээс би өөрийн болон хүүхдийнхээ төлөө эрүүл аюулгүй байнгын айдастай амьдрахгүйн тулд энэ хүнээс салах шийдвэр дээрээ бат зогсож байна.
Миний бие одоо өөрийн эцэг эхийнд хүүтэйгээ хамт амьдарч байгаа бөгөөд хүү М.Бөөрийн асрамжид авахыг хүсэж байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Ийм учраас миний хүсэлтийг хүлээн авч гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М би гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2016 онд Т.Этай танилцаж 2021 оны 06 сар хүртэл амьдарч хүүтэй болсон. Миний хүүхэд болох М.Б уулзах хүсэлтэй байна. Гар хүрснээ 100 хувь хүлээн зөвшөөрч байна. Архи уудаггүй өөрийгөө контролдох чадвартай. Бид 2 ааш муутайгаас болж муудалцдаг. Хүүтэйгээ уулзахдаа хэрэгтэй юмыг нь авч өгдөг гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч М.М холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Т.Э, М.М нар нь 2016 онд танилцаж дотносон, 2019 оны 06 сарын 04-ний өдөр гэр бүлээ бүртгүүлэн амьдарсан ба 2019 оны 07 сарын 08-ны өдөр хүү М.Бтөрүүлж эрүүл өсгөж байгаа. Тэд 2021 оны 06 сараас тусдаа амьдарч байгаа ба хүүхэд одоо эхийн асрамжид өсч байгаа болох нь зохигч талуудын тайлбар, 1119710043 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний болон 1119710169 дугаартай хүү М.Бн төрсний гэрчилгээний наториатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 2021 оны 06 сарын 24-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 11-р хорооны Засаг даргын тодорхойлолт болон хүүхэд эрүүл өсч бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдоно.
Т.Эын нэхэмжлэлд бичснээр М.Мнь эхнэрээ олон удаа зодож гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж, хуулийн байгууллагуудаар шийтгүүлж байсан гэсэн боловч шүүхэд ямар нэг баримт ирүүлээгүй болно.
Харин хариуцагч энэ талаар үгүйсгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1.-д “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх”, 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан эрх үүргээ хэрэгжүүлэх нь зохигчийн хуулиар хүлээсэн үүрэг тул энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Гэрлэгчид гэр бүл болсноор Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5., 10 дугаар зүйлийн 10.3.-т заасан, гэр бүлийн гишүүд нь бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, амьдралын явцад хэн аль нь харилцан тэгш эрх эдэлж, үүрэг хүлээж байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх тус тус үүрэгтэй ба М.Мэнэ хуулиар хүлээсэн үүргээ биеүүлээгүй, гэр бүлийн дотор хүүхдийнхээ эрх ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлээгүй гэж үзэх үндэстэй байна.
Гэрлэгчид нь зан харилцааны таарамжгүй байдлаас цаашид хамт амьдрах хүсэл зориггүй болсон гэж үзэн гэрлэлт цуцлах асуудлаар харилцан зөвшөөрч байгаа, М.М зан төлөвийн доголдолтой байдал нь гэрлэгчид эвлэрэх боломжгүй байдал болж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4.-т зааснаар гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.
Гэр бүлийн эрх зүйн харилцаа нь гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхдийн асрамж тогтоох, тэжээн тэтгэх гэх мэт цогц харилцааг зохицуулдаг онцлогтой.
Хүүхдийн асрамжийн асуудлаар талууд маргаагүй, бага насны хүү эхийн асрамжид өсч байгааг үндэслэн 2019 оны 07 сарын 08-ны өдөр төрсөн хүү М.Бтөрүүлсэн эх Т.Эын асрамжид үлдээн, эцэг М.Мээс хүү М.Бат-Ирээдүйд хуульд зааснаар тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д заасан тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тооцон хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.‑д заасныг баримтлан Т.Э, М.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.‑д зааснаар 2019 оны 07 сарын 08-ны өдөр төрсөн хүү М.Бг эх Т.Эын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2019 оны 07 сарын 08-ны өдөр төрсөн хүү М.Б11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Мээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,065 /нэг зуун найман мянга жаран тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 108,065 /нэг зуун найман мянга жаран тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Амарзаяад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Уранчимэг