Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 30

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  1988 онд төрсөн, 34 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, Б овогт Ж.Э /РД:..., утас: .../-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод оршин суух, Б овогт Т.Ү /РД:..., утас: .../ -д холбогдох

“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ж.Э нь Т.Ү-тэй 2011 онд танилцаж, улмаар мөн оноосоо хамт амьдарсан. Бидний дундаас 2012 оны 01-р сарын 06-ны өдөр охин Ү.Д, 2015 оны 04-р сарын 29-ны өдөр хүү Ү.С, 2019 оны 05-р сарын 08-ны өдөр хүү Ү.Ү нар төрсөн. Одоо том охин Ү.Д 9 настай, дунд хүү Ү.С нь 6 настай, бага хүү Ү.Ү 2 нас 6 сартай. Бид 2020 оны 6 сараас хойш тус тусдаа амьдарч байна. Учир нь хамтран амьдрагч Т.Ү нь өөр эмэгтэйтэй холбоотой болж, хүүхдүүд бидэндээ ирэхээ байсан. Тусдаа амьдарснаас хойш хүүхдүүдийн аав нь хүүхдүүдийнхээ эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлээгүй. Сүүлд нэг жил гарангын хугацаанд би Т.Ү-ийн өвөө, ээжтэй нь хүүхдүүдийнхээ хамт Дорноговь аймаг, Замын-Үүд суманд амьдарч байгаад, сая 2021 оны 11 сард Улаанбаатар хотод албан ёсоор шилжин ирсэн. Одоо Улаанбаатар хотод ахынхаа гэрт хүүхдүүдийнхээ хамт амьдарч байна. Иймд хүүхдүүдийн маань эцэг Т.Ү нь хүүхдүүд дээрээ ирж амьдрахгүй байгаа ба бид цаашид хамт амьдрах боломжгүй тул охин Ү.Д, хүү Ү.С, хүү Ү.Ү нарт эцэг Т.Ү-ээс хүүхдийн тэтгэлэг хуулийн дагуу гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.Ү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Т.Ү нь Ж.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох охин Ү.Д, хүү Ү.С, Ү.Ү нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрч байна. Мөн би Замын-Үүд суманд бүртгэлтэй хаягтай боловч энд амьдардаггүй. Одоо Улаанбаатар хот ... тоотод амьдардаг, ажилладаг  тул Замын-Үүд суманд дахин ирж шүүх хуралдаанд биечлэн оролцож чадахгүй тул намайг эзгүйд шүүх хуралдааныг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх нотлох баримтаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ү нь хариуцагч Ж.Э-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Зохигч нар анх 2011 онд танилцан үерхэж байгаад улмаар хамтран амьдарч байх хугацаандаа  2012 оны 01 сарын 06-ны өдөр охин Ү.Д, 2015 оны 04-р сарын 29-ний өдөр хүү Ү.С, 2019 оны 05-р сарын 08-ны өдөр хүү Ү.Ү нарыг төрүүлж өсгөсөн болох нь зохигчдын тайлбар, Ү.Д, Ү.С, Ү.Ү нарын төрсний гэрчилгээний хуулбар, 2022 оны 01-р сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн 23-р хорооны Засаг даргын тодорхойлолт, 2022 оны 01-р сарын 03-ны өдрийн Ү.Д, Ү.С нарын Нийслэлийн ерөнхий боловсролын ...-р сургуульд суралцдаг нь үнэн болохыг тодорхойлсон  тодорхойлолт,  Баянзүрх дүүргийн 23-р хорооны Нэмүүлэн ӨЭМТ-ын тодорхойлолт зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.

Зохигч нар  нь гэрлэлтээ батлуулаагүй ба, хамтран амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаас салж хоёр тусдаа амьдарч байгаа бөгөөд 2012 оны 01 сарын 06-ны өдөр охин Ү.Д, 2015 оны 04-р сарын 29-ний өдөр хүү Ү.С, 2019 оны 05-р сарын 08-ны өдөр хүү Ү.Ү нар нь эх Ж.Э-ын асрамжид өсөн хүмүүжиж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ү нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч Ж.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 2012 оны 01 сарын 06-ны өдөр охин Ү.Д, 2015 оны 04-р сарын 29-ний өдөр хүү Ү.С, 2019 оны 05-р сарын 08-ны өдөр хүү Ү.Ү нарыг сар бүр эцэг Т.Ү-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Зохигч нар нь хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.

Хариуцагч Т.Ү нь “...Би Улаанбаатар хот ... тоотод амьдардаг, ажилладаг  тул Замын-Үүд суманд дахин ирж шүүх хуралдаанд биечлэн оролцож чадахгүй тул намайг эзгүйд шүүх хуралдааныг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Т.Ү-ийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эдгүйд шүүх хуралдааныг явуулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119,120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 01 сарын 06-ны өдөр охин Ү.Д, 2015 оны 04-р сарын 29-ний өдөр хүү Ү.С, 2019 оны 05-р сарын 08-ны өдөр хүү Ү.Ү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд хүүхдийн оршин суугаа газрын тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Т.Ү-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,681.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ү-ээс 74,681.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э-д олгосугай.

3. Зохигчид хүүхдийн асрамж, болон эд хөрөнгийн талаар маргаан гаргаагүй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.Ц