Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/262

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2024/0079/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318003200062 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн,******* овогт******* /РД:******* /, ****** -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ****** , эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,******* ажилтай, ******ийн хамт******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй. Эхнэр бид хоёрын харилцаа одоо хэвийн байгаа.” гэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамааралтай харилцаатай  хүн болох-*******тэй маргалдаж биед нь хүндэвтэр хохирол учруулсан. Мөн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус тус эрүүл мэндэд нь халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Дээрх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 23 цагийн үед Дархан-Уул аймгийн тоот гэртээ, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Энхийн тун эмийн сангийн гадна, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 23 цагийн үед Дархан-Уул аймгийн тоот гэртээ, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар бат байрлах Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр-*******г зодсон,

мөн 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 23 цагийн үед Дархан-Уул аймгийн тоот гэртээ эхнэр-******* зодож эрүүл мэндэд нь зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 

2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар бат байрлах Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт эхнэр-******* зодож эрүүл мэндэд нь зүүн өвдөг, хоёр шилбэ зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус  үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч-*******гийн мөрдөн байцаалтад 2023 оны 11 дүгээр сарын 10, 11 дүгээр сарын 18, 11 дүгээр сарын 27, 12 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2020 оноос хойш нөхөр ******* нь намайг цохиж зодож эрх чөлөөнд минь халддаг болоод байна. 2022 оны 11 дүгээр сард хүү халуураад биед нь өвдөж байхад ****** нь гадуур явж байхаар хүүдээ өвчин намдаах лаа аваад ирээрэй гэсэн. Тэгсэн авчирч ирээд орой болсон байхад буцаад гарч явах гээд байсан. Эмэгтэй хүнтэй утсаар яриад хүү бид хоёрыг тоохгүй байхаар нь чи арайчдээ гээд хэлтэл миний толгой хэсэгт цохиод өшиглөөд түлхэж унагаагаад дээрээс цохисон. Тэгээд миний зүүн мөр мултарч байсан. зүүн гарын шуу хэсэг хугарч байсан. Тэгээд мэдрэл муутай арчаагүй  гичий гэх зэргээр доромжилсон. Сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 14 цагийн үед манай хүү халуураад бид дөрөв хамтдаа эмнэлэг орж хүүгээ үзүүлсэн. Тэгсэн хүүд тариа хийлгэж байхад ******* миний дугаар руу залгасан байсан. Би авахгүй хүүгийн тариаг дуусгаад гараад очсон чинь машин нь эвдэрсэн байсан чинь чамаас болж байгаа юм. Чи муу утсаа авдаггүй юм уу гээд машинд суусны дараа машины түлхүүрээрээ миний хоёр хөлийн шилбэ хэсэг рүү зургаан удаа цохиод би болиочээ яагаад байгаа юм бэ гэхэд буу гээд буулгасан. Тэгээд эмнэлгийн гадаа хаяад явсан. Тэгээд би утсаар залгаад хүү халуураад байхад яагаад хаячхаад явчихваа бид хоёрт мөнгө байхгүй гэж хэлэв. Тэгээд хэсэг байж байгаад 30 минутын дараа буцаж ирээд авсан. Бид хэд эмийн сан ороод гэртээ харих гэсээр байтал орой болсон. Тэгээд гэртээ очоод байж байтал гэнэт чи муу хүүхдээ сайн харахгүй ийм болголоо гээд манай гэрт байдаг морины ташуурыг аваад миний нуруу, гуя, шилбэ рүү ташуурдаж эхэлсэн. Аймар хорсож өвдсөн. Би хүүе ээ болиоч гээд орилсон. Тэгтэл намайг 7-8 ташуурдсан. Тэгээд ташуураа тавиад гараараа толгой хэсэгт цохисон. 4-5 удаа цохисон. Тэгээд муу мэдрэл муутай гичий ажлаасаа гар гээд л миний хийсэн бүх зүйлээс өө хайдаг. Би айж байна. Үнэхээр хэцүү байна. хоёр хүүхдээ бодоод тэсээд цагдаагийн байгууллагад ханддаггүй байсан. Миний толгой руу дандаа цохидог. Миний шилбэ хэсэгт 6 удаа машиныхаа түлхүүрээр цохисон орой нуруу, гуя, хөл хэсэгт 7-8 удаа ташуурдсан толгой тархи руу 4-5 удаа цохисон. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нуруун дээр хөхөрсөн. Шилбэ түлхүүрийн ормоор шалбарсан, баруун зүүн гуя хэсэгт хөхөрсөн. Одоо жаахан арилж эхэлж байгаа. Одоо хараад л зүрх дэлсэж гар салгалж байна. Би одоо эмнэлэгт хэвтэж байгаа. Хоёр хүүхэд өвдөөд эмнэлэгт байгаа болохоор түр хамгаалах байранд орох шаардлагагүй. .... 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн хүүдийн тасагт 305 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байхад 3 давхрын өрөө рүү нүүх болоод нөхөр *******ыг дуудсан. Удахгүй  нөхөр ирээд бид гурвыг дээшээ өрөөнд оруулж өгсөн. Би тухайн үед чи хүүхдээ хараад байж байгаарай. Би банк ороод ирье гэтэл нөхрийн утас дуугарч хүнтэй ярьж байснаа би ажилтай. Чи тэр мэдрэл эгчээрээ хүүхдээ харуул гээд шууд хэрүүл маргаан хийж байгаад намайг зодсон. Нөхөр явлаа гээд байхаар нь би зууралдаад коридоорт гараад маргалдсан. Миний зүүн талын хөлийн шилбэ хэсэг рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Намайг зодуулж байхад хүүхдүүд хажууд айгаагүй. Бид хоёр коридоорт хоёулаа л байсан. Миний зүүн харын дунд хурууг хойш нь дараад эвгүй болгосон. Тэгээд эмнэлгийн коридоорт гараад миний зүүн хөлийн шилбэ рүү өшиглөөд яваад өгсөн. Ер нь ингэж байхаар цагдаад мэдэгдье гээд нагац эгчийгээ дуудаад хүүхдээ харуулж үлдээгээд цагдаагийн байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хандсан. ... Хамгийн анх 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн тоотод гэртээ байхад шөнийн 23 цагийн үед хүүт өвчин намдаах лаа ачвирч өгөөд буцаж гарах гээд байхаар нь би хүү бид хоёрыг тоохгүй орой болсон байхад явах гээд байгаа юм уу гээд гаргахгүй гээд хэлтэл шууд над руу гутал шидсэн. Мөрнөөс татаж босгоод түлхээд унагаасан. Би хойшоо унахдаа гараараа тулсан боловч миний зүүн мөр мултарч зүүн гарын шууны яс хугарсан. Тухайн үед би хоорондоо учраа олох гээд цагдаагийн байгууллагад хандаагүй. Байрны түрээсийн мөнгө төлөх, хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх авах гээд асуудлууд олон байсан учраас чимээгүй өнгөрсөн. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр оройны 22 цагийн үед хүү халуураад байхаар нь би нөхөр хамтаар Дархан-Уул аймгийн 13 дугаар багт байрлах Энхийн тун эмийн сангаас нүдний дусаагуур, өвчин намдаах лаа зэргийг аваад гарч ирээд нөхөр эзэмшлийн Соната 6 маркийн цагаан өнгийн 3303 ДАХ улсынд угаартай машинд жолоочийн ар талын суудалд суухад нөхөр ямар удаан юм бэ гээд миний хөлийн зүүн талын шилбэ хэсэгт машины түлхүүрээр хоёр удаа, баруун хөлийн өвдгөн дээр хоёр удаа, зүүн хөлийн гуя дээр хоёр удаа цохисон. Үүний дараа хүүг халуураад байна гээд хадам ээж залгахаар нь Дархан-Уул аймгийн Хонгор сумаас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүүхдээ хадам аав******* гэрээс очиж аваад гэртээ ирсэн. Тэгээд нөхөр чи хүүхдэдээ анхаарал хандуулж чадсангүй гээд намайг морины ташуураар зүүн хөлийн шилбэ, нурууны баруун доод хэсэгт, хоёр гуяны урд хэсэгт, баруун гарын мөрийн доод хэсэгт тус тус ташуурдсан. Тэгээд гараараа 2-3 удаа толгойн дагз хэсэгт цохисон. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хоёр хүүхэд маань хатгаа тустаад хэвтэн эмчлүүлж байхад нэг давхрын өрөөнөөс гурван давхрын өрөө рүү шилжих хэрэгтэй болоод нөхөр******* дуудаад хүүхдүүдийн юмнууд зөөгөөд өгөөч гээд 13 цагийн үед утсаар ярьсан. Тухайн өдөр 15 цагийн үед нөхөр ирээд өрөө рүү юмнууд зөөгөөд 16 цагийн үед дууссан. Тэгээд би нөхөрд чи хүүхдүүдээ хараад байж байгаарай би банк ороод ирье гэхэд тэр мэдрэл муутай эгчээрээ хүүхдээ харуул. Би ажилтай завгүй байна гээд шууд хэрүүл маргаан хийгээд гурван давхрын өрөөнөөс гараад явахаар нь би араас нь гараад ярилцах гэсэн чинь зүүн гарын дунд хурууг мушгиад зүүн хөлийн шилбэ хэсэгт 2-3 удаа өшиглөөд яваад өгсөн.  .... 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэж амбулаторийн дэвтэр дээр тэмдэглэсэн бол тухайн өдөр нь үзүүлсэн. Би 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэж андуурч хэлсэн байна. Би тухайн үед өөрөө явж байгаад шат руу халтирч унаад гараа гэмтээсэн гэж хэлээд үзлэг хийлгэсэн. Нөхөртөө зодуулснаас болж хугарсан гэж хэлээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 10, 15, 20-21, 30-31 дэх тал/,

 

Гэрчгийн мөрдөн байцаалтад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “... Наран-******* миний төрсөн дүү болох охин. Наран-******* нь өмнө нь нөхөртөө зодуулчихлаа гэж хэлж байгаагүй. Харин хэрүүл маргаан хийгээд амраахгүй байна. Орой гэртээ ирэхгүй байна гэж ярьж байсан. Харин сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр та эмнэлэг дээр ирээд хүүхэд хараад өгөөч би цагдаа дээр очиж гомдол гаргах хэрэгтэй байна гээд намайг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр дуудсан. Би хэсэг хугацааны дараа яваад очтол огт юм ярихгүй яарсан сандарсан байдалтай гараад явсан. Яг тухайн үед бол ил хэрэгдэх шарх сорив байгаагүй. Тухайн өдрийн орой 20 цагийн үед манай дүү Наран-*******эмнэлэг дээр эргэж ирээд зүүн талын хөлөө харуулахад хөхөрч хавдсан харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Шинжээч Г.Ганпүрэвийн мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...Нуруу, зүүн гуя, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал нь тухайн 2023.11.02-ны өдөр үүссэн байж болно. ...мохоо хүчин зүйлийн хүч, инерцээс хамаарч биед үүсэх цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь удаан хугацаанд шимэгдэж арилж болно. ...Зүүн өвдөг, хоёр шилбэ, зүүн сарвууны дунд хурууны гэмтэл нь 2023.11.10-ны өдөр үүссэн байж болно. Учир нь цус хуралт нь шинэ зах ирмэгээс бүдгэрч буй хүрэн ягаан өнгийн цус хуралт байсан. ...Тус тусдаа гэвэл аль ч өдрийн ямар ч гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн үг. Эрүүл мэндийг сарниулаагүй, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, ямар нэг зовуурь, эмнэл зүйн шинж илрээгүй, биеийн гадаргуугийн нэг хувиас доош талбайг хамарсан жижиг цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, өнгөц шарханд гэмтлийн зэрэг тогтоохгүй. Харин хохирогч-*******н дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...-******* нь 2023 оны 11 дүгээр сард хоёр ч удаа эмнэлэгт хэвтэхэд нь хамт олныг би өөрөө зохион байгуулаад мөнгө цуглуулаад эмнэлэгт байхад нь эргэж тойроод хүүхдүүдэд нь хувцас хунар авч өгсөн. Манай хамт олны зүгээс 600,000 гаруй төгрөг цугласан. Эмнэлэгт хэвтэж байхад нь нөхөр нь эргэж тойрч харж хандахгүй байна гээд байхаар нь багш нарыг ээлжээр хуваарьт оруулж хоол зөөж өгч байсан.-******* нь 2023 оны 11 дүгээр сард өөрөө өвдөж нэг удаа эмнэлэгт хэвтсэн. Үүний дараагаар хоёр хүүхэд нь өвдөөд мөн эмнэлэгт сахиж хэвтсэн байсан.-******* нь 2021 онд ажилд ороод 2022 онд жирэмсэн болоод жирэмсний амралтаа аваад хүүхдээ харж байгаад 2023 оны 9 дүгээр сард ажилдаа орж ирээд ажиллаж байгаа. Урьд нь Наран-******* хамт олонтой гадуур гарах гэхээр нөхөр нь гэрээс гаргадаггүй гэж би сургуулийнхаа залуу багш нараасаа сонсож байсан. Сая 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сургуульд дээр байхад-*******надад багшаа өнөө өглөө гэрээсээ гараад ажилдаа явах гэж байхад манай нөхөр чи хүүхдүүд амарчихсан байхад чи ажилдаа явж яадаг юм гээд байрныхаа өрөөний хаалгыг гаднаас нь цоожлох гэхэд Наран-*******хаалгаа цоожлуулахгүй гээд хаалганы завсар хөлөө хийсэн гэсэн. Тэгэхэд нь нөхөр нь хүчээр хаалгаа гаднаас нь түлхүүрдэж цоожлоод ажилдаа явсан гэсэн гэж хэлсэн. Тэгээд илүү түлхүүрээрээ хаалгаа онгойлгоод ажил дээр ирлээ гэж хэлсэн.-*******гийн нөхөр нь халамж анхаарал муутай байдаг нь Наран-*******гийн ажил дээрээ байгаа байдлаас нь анзаарагдаж харагддаг. Байнгын  айдастай, сэтгэл санаа тогтворгүй байдаг зэргээс нь харагддаг. Би нөхрийг нь ер нь харж байгаагүй. Манай хамт олон нь 2023 оны 11 дүгээр сард-******* эмнэлэгт хоёр удаа хэвтэхэд нь нөхөр нь халамжгүй, гэр бүлээ дарамталдаг талаар нь мэдэж эхэлсэн. Өөрийн гэсэн ах дүү байдаггүй болохоор хамт олон бид нар дэмжиж туслаад явж байгаа. Цагдаагийн байгууллагад нөхөр нь шалгагдаж эхэлснээсээ хойш бие махбодын хүчирхийлэл үйлдэхээ больсон болохоор сайхан байна гэж хэлж байсан.-******* нь надад яг хэзээ, хаана байхдаа нөхөртөө зодуулж гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байснаа цаг тухай бүрээр нь болон дарааллаар нь хэлж байгаагүй. Сая Цагдаагийн газар руу ирж байхдаа өмнө нь 2022 онд нөхөртөө зодуулж гараа хугалуулж байснаа тухайн үедээ үнэнээ хэлээгүй  нуугаад өнгөрсөн нь миний алдаа болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1125 дугаартай: “...-*******н биед зүүн өвдөг, хоёр шилбэ, хоёр гуя, нуруунд цус хуралт, дагз хэсгийн хуйх, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41 дэх тал/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай: “...-*******н биед зүүн шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт тогтоогдоно. Зүүн шуу ясны хугарал гэмтэл нь тухайн үеийн хугарлын зөрүүтэй болон зөрүүгүй хугарлаас хамаарч бороолж эдгэхэд тухайн ясны бороолсон хугарал рентген зурагт харагдахгүй байх боломжтой. Зөрүү ихтэй хугарлын тохиолдолд бороолсон хугарал рентген зурагт тод харагдах ба зөрүүгүй болон цуурсан тохиолдолд эдгэхдээ бороолсон хугарал рентген зурагт харагдахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

*******ын мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа мэдэж авлаа. Прокурорын тогтоол дээр дурдсан миний гаргасан үйлдлүүд бүгд үнэн зөв байна. Өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрөө өөртөө дүгнэлт хийж байгаа. Эхнэр бид хоёр гэр бүлийн маргаанаас болоод л хоорондоо маргалдаад тэр нь сүүлдээ зодоон цохион болоод хувирдаг. Эхнэрээ цохиж зоддог үйлдэл нь миний буруу. Эхнэр маань надаас ямар нэгэн байдлаар хохирлын зардал нэхэмжилсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

 

Аюулын зэргийн /...8-11 буюу өндөр/ гэх үнэлгээ /хавтаст хэргийн 86 дахь тал/,

 

Дархан сумын 11 дүгээр багийн хамтарсан багийн шуурхай хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 87-91 дэх тал/,

 

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 95-97 дахь тал/,

 

Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 104-105 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарах бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг тус тус ойлгоно.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.

Шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрийнхээ эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл, “хүндэвтэр” зэрэгт эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл тус тус хамаарах бөгөөд-*******н биед зүүн өвдөг, хоёр шилбэ, хоёр гуя, нуруунд цус хуралт, дагз хэсгийн хуйх, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг, зүүн шуу ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр гэмтлийн шинжийг тус тус хангаж байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба шүүгдэгч *******ын хохирогчийг гурваас дээш удаа зодсон үйлдэл нь энэ шалгуур шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч *******ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ыг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Хохирогч гомдол саналгүй, бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, хохирогчийн гомдолгүй гэх санал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчийн үйлдэлд нь хорихоос өөр төрлийн ял сонгож оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

 Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирогчийн санал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 3,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр торгохоор  тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд сар бүр 550,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарахыг хориглохоор тогтоож, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж, шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг,

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр  торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн торгох ялын хэмжээг нийт 3,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 3,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 550,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

6.Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумын нутаг дэсвгэрээс гарахгүй байхаар тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

  

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР