Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О овгийн Г-ийн Ч-д холбогдох 2416000000158 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ****** аймгийн **** суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт **** аймгийн **** сумын **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, **** регистрийн дугаартай, О овгийн Г-ийн Ч,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ч нь С.Тын байшинд засварын ажил хийхээр тохиролцож, 2 тонн цемент ачуулж байна, цементийн үнэ цалингаа авъя гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч ********** тоот данс руу 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн авч залилсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Ч нь С.Тын байшинд засварын ажил хийхээр тохиролцож, 2 тонн цемент ачуулж байна, цементийн үнэ цалингаа авъя гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч ********** тоот данс руу 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдлоо.

Уг үйл баримт нь зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч . гэм буруутай болох нь:

1.Хохирогч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Манайх **** сумын 100 жилийн ой болох гээд өөрийн байшингийнхаа өнгө үзэмжийг сайжруулж, засварлуулах гээд засварын ажил хийх хүн хайх шаардлагатай болчхоод аймгийн төв орж дүү Н-р зар тавиулсан. ******* гэсэн дугаараар холбоо барь өөрийгөө Ч гэж танилцуулсан хүнтэй холбогдсон. Тухайн хүнтэй аймгийн төв дээр уулзаж хийх ажлын талаар ярилцаж ажил хийлгэх

цалин хөлс мөнгө, хийх хоногоо тохиролцсон юм. 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ч залгаад өнөөдөр сум руу портертой гарах гэж байна. Барилгын материалаа ачуул ачаад гарлаа гэж хэлсэн. Тэгээд манай дүү Н  байшин засварлахад шаардлагатай барилгын материалуудыг ачуулсан. Орой 20 цагийн үед Ч сум дээр ирж ачаа буулгаад байшинг үзэж хараад хийж өгөхөөр болоод хамт явсан 4 залууг орхиод жолоочтойгоо аймаг руу буцаад цемент аваад ирье гээд явсан. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өглөө нар дуу яриад машин болохгүй байна засуулах гэсэн юм бас 2 тонн цемент ачуулж байна. Цементийн үнэ, цалингаа авъя гэхээр нь би эхнэрийн *********** тоот данснаас 3.000.000 төгрөгийг ********** дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Орой нь би залгаад ирж байна уу хаана явж байхад гэхэд замдаа очиж явна гэж хэлсэн. Тэр өдөр ирээгүй. Тэрнээс хойш очиж байна Х-с цемент аваад явж байна, Х-н М дээр хоол идэж байна, санаа зоволтгүй шөнө очоод ажлаа эрт эхэлнэ гээд байхаар нь ажлаа хийлгэх хүмүүсээ үлдээсэн юм чинь ирэх байх гэж бодоод ажил хийж байсан залуучуудаас Ч ярьж байна уу? Хаана явж байна гэж асуухад мэдэхгүй ирж байгаа байх бид нар танихгүй фейсбүүк дээр тавьсан зарын дагуу холбогдож хоногийн 70.000 төгрөгөөр 5 хоног ажиллуулна гэхээр нь ирж ажиллаж байна гэж хэлсэн. 2024 оны 06 дугаар сарын 12-ний өглөө босоход 1 залуу нь байхгүй байсан. Нөгөө 3 залуугаас асуухад мэдэхгүй гэж байсан. Ч руу залгаад нөгөө залууг асуухад аймаг дээр ирсэн байна гэж очиж уулзаад ярья гэж хэлээд тэрнээс хойш утсаа авахгүй байна. Үлдсэн 3 залуу нь ажилласан өдрийнхөө цалин хөлсийг надаас нэхээд бас ар гэрээс нь залгаад ажлаа дуусгалгүй дутуу орхиод явсан. Тэгээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Бид хоёр 2024 оны 06 дугаар сарын 10-15-ний хооронд байшингийн засвар хийж дуусгаад цалин хөлс нь 3.000.000 төгрөг байхаар тохиолцсон юм. Хохирлоо барагдуулж авмаар байна. Байшингийн засварын ажил дээр ажилласан залуучууд надаас цалингаа нэхээд байгаа. Миний байшингийн баруун зүүн 2 тал нь зүгээр шавартай байсан. Ч ирж үзэхдээ байшингийн 4 талын шаврыг нураа ахиж шинээр стандартын дагуу барьж өгнө гээд нураалгасан. Одоо болтол засварын ажлыг хийж өгөхгүй утсаа авахгүй байна. Намайг болон тэр залуучуудыг залилсан байна. Би мөнгө төгрөг, сэтгэл санаа, цаг хугацаа маш ихээр алдаж хохирч байна. ...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-27, 30-31-р хуудас/,

               2.Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би өөрийн эзэмшлийн *********** дугаарын данснаас ********** тоот данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Манай нөхөр Т хүнд цемент болон цалин хөлс өгнө гэхээр нь шилжүүлсэн. Ч гэх хүнийг танихгүй. Манайх байшингийнхаа засварын ажлыг хийлгэх гээд засварын ажил хийх хүн хэрэгтэй болоод манай нөхөр аймгаас хүн авч ирж байгаа гэсэн шөнө нэг залуу ирээд явсан. Өөрийгөө Ч гэсэн хүн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35-р хуудас/,

               3.Г-ны Ч-н хаан банканд эзэмшдэг ********** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл/хх-ийн 16-20-р хуудас/зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс шүүгдэгч Г.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор "...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх мэдээлэлтэй эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Ч-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Ч-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-д оногдуулсан 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр -буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.

3.Гэм хор, хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Т-т 3,000,000 (Гурван сая) төгрөгийн хохирол учирсан, шуудангаар ирж очсон зардал 200,000 (Хоёр зуун мянга) төгрөгийг нэхэмжилдэг, шүүгдэгч Г.Ч-с 900,000 (Есөн зуун мянга) төгрөгийг хохирогчид төлжээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ч-с 2,300,000 (Хоёр сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.Т-д олгуулахаар шийдвэрлэв.

         4.Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч О овгийн Г-ийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-д 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-д оногдуулсан 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Г.Ч-д мэдэгдсүгэй.

  1. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ч-с 2,300,000 (Хоёр сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.Т-д олгосугай.

          7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               А.ЭНХБААТАР