Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0757

 

   

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0757

Улаанбаатар хот

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч У.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын яам

Хариуцагч: Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” ******* ******* ******* төслийн хүрээнд баригдсан “Сургалт мэдээллийн төв болон хамгаалалтын захиргааны нийт 6 барилгын ариун цэврийн байгууламжийн зураг төсөв боловсруулах, барилгын ажилд хяналт тавих богино хугацааны зөвлөх байгууллага”-ыг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо,

           Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 06Б/******* дугаартай Үнэлгээний хорооны шийдвэр, шалгуур үзүүлэлтийн шаардлага хангаагүй хэр хэмжээ нь алдагдсан захиргааны акт, Үнэлгээний хорооны шийдвэр тус бүрийг хүчингүй болгуулах, “Э” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон Захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сургалт мэдээллийн төв болон ХЗ-ны нийт 6 барилгын Ариун цэврийн байгууламж-ийн зураг төсөл боловсруулах, БУА-д хяналт тавих богино хугацааны зөвлөх хувь хүн, хуулийн этгээд, зөвлөхүүдийн “ТС”-ыг үнэлэх шалгуур үзүүлэлт “6.2”-т заагдсанаар (1) (2) (3) гэсэн ажлын даалгавар, ажлын туршлага, ур чадварын шалгуур бүрд, мөн 3-н дэд шалгуур бүрд оноо өгч зөвлөхийг сонгон шалгаруулах ажил үйлчилгээний хуульд нийцүүлэн сонгон шалгаруулалт явуулах Хялбарчилсан техникийн санал баталсан. Иймээс захиалагч-хариуцагчийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хууль ёсны ашиг сонирхлоо Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хамгаалуулах нэхэмжлэгчийн шаардлага байна.

Тендерийн баримт бичгийн шалгуур үзүүлэлт бүр нь шаардлага хангаагүй байхад шалгуур үзүүлэлтээр ямар ч үндэслэлгүйгээр зөвлөх бүрд оноо өгч тендерийн маргаан үүсгэсэн болно.

Нотлох, магадлах баримтын тухайд

1)         “Э” групп зөвхөн барилгын чиглэлээр барилгын зураг зурдаг, 214 хуудас баримт байна.

2)         Ариун цэврийн байгууламж нэрээр нүхэн жорлонгийн ажлын зурагтаа БХТөвд хахууль 1.8 сая төгрөг өгч магадлал хийлгэсэн баримт байна.

-           Тендерээр нэрлэсэн зургийн нэр нь хүртэл хууль бус “Ариун цэврийн байгууламж” нь олон нийтэд ойлгомжгүй байдлаар хууль тогтоомжийн нэр томьёолол “30.4.3”-д заагдсанаар шинээр бий болсон нэр томьёолол юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 066/******* дугаартай үнэлгээний хорооны шийдвэр, шалгуур үзүүлэлтийн шаардлага хангаагүй хэв хэмжээ нь алдагдсан захиргааны акт, үнэлгээний хорооны шийдвэрийг тус бүрээр хүчингүй болгуулахыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүсч байна.

Мөн “Э” групптэй захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахыг шүүхээс хүсч байна.

Иймд нэхэмжлэгчийн шаардлагатай холбогдуулан зөвлөхийн шалгуур үзүүлэлт тодорхой бус шалтгаанд үндэслэн захиргааны актыг хүчингүй болгуулах нь нэхэмжлэгч Ц.Д миний бие эрх ашиг сонирхлоо хууль ёсоор сэргээлгэхийг Захиргааны хэргийн анхан шүүхэд даатган нэхэмжлэхийн шаардлага хангуулахыг шүүхээс хүсч байна.” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай А373 дугаар тушаалаар сургалт мэдээллийн төв болон хамгаалалтын захиргааны нийт 6 байгууллагын ариун цэврийн байгууламжийн Үнэлгээний хорооны ажлын хэсэг байгуулагдсан. Тус үнэлгээний хороо тендер зарлаж , уг тендерт “С” ХХК, “Г”  “Э” ХХК нар орсон. Тэгээд холбогдох баримтуудаа ирүүлээд судалж үзэхэд “С” ХХК болон гуравдагч этгээдийн “Э” ХХК нар ирүүлсэн. Ингээд 10 дугаар сарын 08-ны өдөр үнэлгээ хийхэд “С” ХХК 26.1 оноо, “Э” ХХК 85.6 оноо тус тус авсан байдаг. Ингээд хуулийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Үнэлгээний хорооны даргын 06Б//******* албан бичгээр хамгийн бага оноо авсан “С” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн. Хамгийн их оноо авсан гуравдагч этгээд “Э” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулах тухай эрх олгох А******* дугаар тушаалаар гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэсэн. Ингээд ажил нь 100 хувийн гүйцэтгэлтэй яваад, хүлээлгээд өгчихсөн байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд захиалагчийн шийдвэрт гомдол гаргах гээд хуульчлаад өгчихсөн байгаа. Уг зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасан. Үүний дагуу Ц.Д буюу нэхэмжлэгч “С” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаад, гомдлыг Сангийн яам хянан үзээд Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна, үйл ажиллагаагаа цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн албан тоотыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/******* албан бичгээр хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан  тохиолдолд хүлээн авахаас татгалзана.” гэж заасан. Мөн хуулийн 56 дугаар зүйлд шүүхэд гомдол гаргах талаар заасан. Үүнд “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасан. Тэгэхээр Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Сангийн яамны шийдвэр байгаа юм. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шүүхэд гаргах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага нь тодорхой бус байна. Жинхэнэ хариуцагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам биш Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна..” гэв.

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Э” ХХК нь 2007 оноос хойш барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа.  Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн сонгон шалгаруулалтын зарлал 8 дугаар сарын 29-ний өдрийн зөвлөн үйлчилгээний урилгын дагуу 10 дугаар сарын 01-ний өдөр хураангуй жагсаалтад материалаа хүргүүлсэн. Ийнхүү тус сонсон шалгаруулалтад тэнцсэн тул захиалагчтай гэрээгээ байгуулаад сургалт мэдээллийн төв, хамгаалалтын захиргааны 6 байршлын зураг төслийг боловсруулж гүйцэтгээд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр худалдаа хөгжлийн төвөөр магадлал хийлгэн захиалагчид ажлаа бүрэн гүйцэт хүлээлгэн өгсөн. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэх ёстой байсан. Хийж гүйцэтгэх ажлын хүрээнд нь зураг төсөл боловсруулах, гүйцэтгэлд нь хяналт тавих гэсэн үйлчилгээ үзүүлэх байсан. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд зураг төслийг бүрэн боловсруулж дууссан одоогийн байдлаар зохиогчийн хяналт тавих буюу төслийн дагуу хийгдсэн барилгуудад зохиогчийн хяналт хийх ажиллагааны та хувь дутуу явж байгаа. Энэ зөвлөх үйлчилгээний ажил 90 хувьтай гүйцэтгэгдээд явж байгаа. Санхүү, мөнгөн төсөв бүгд шийдэгдсэн. Нэхэмжлэгчийн шаардлагад заасны дагуу манайхтай байгуулсан гэрээг хүчингүй болгох ямар ч боломжгүй гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлд дурдсан үнэлгээний хорооны шийдвэр тухайн үед гаргаж байсан Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрүүдийг үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Одоо бол тендерийн үнэлгээний ажил яваад, үнэлгээгээ тавиад түүний дагуу зураг төслийн ажил хийгээд зөвхөн зохиогчийн хяналт буюу яг энэ зураг төслийн дагуу ажил хийгдэж байгаа эсэхэд Сангийн яам хяналт тавьж байгаа. Хавар барилга эхлэнгүүт хяналтаа тавиад дуусчихна. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдлаа гэж үзэхэд ямар нэгэн байдлаар дахин тендерийн ажиллагаа явуулах боломж байхгүй. Энэ үйл ажиллагаа 90 хувьтай явж байгаа. Мөн мөн санхүүгийн тооцоо хийгдээд дуусаж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар ямар эрх, ашиг сэргэгдэх нь тодорхойгүй байна. Үнэлгээ хүчингүй болсны дараа дахин үнэлгээ гаргуулах юм уу гэдэг нь тодорхойгүй байна.

Мөн анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага буруу байсан гэж нэхэмжлэгч хэлж байна. Анх зөвлөх үйлчилгээний зар тавихад л тодруулах юм уу, хүсэлт гаргах ажиллагааг явуулах байсан. Тендерийн хороо үнэлгээгээ өгөөд дуусчихсаны дараа маргах нь боломжгүй гэж үзэж байгаа. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад манай компани 208 хуудас баримт өгсөн. Харин нэхэмжлэгч нь нийт 12 хуудас материал өгсөн байдаг. Зөвхөн хуудасны тоо харахаар гадна доторх агуулгын харахад энэ 2 аж ахуйн нэгж байгууллагын хоорондын мэргэшсэн байдал, ажлын талаарх материалыг харахад шалгуур үзүүлэлт өгч байгаа оноо хэрхэн гарах нь тодорхой байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.                                  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийг төлөөлж, тус компанийн захирал Ц.Д тус шүүхэд хандаж  гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хамгийн сүүлийн байдлаар “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 06б/******* дугаартай үнэлгээний хорооны шийдвэр, шалгуур үзүүлэлтийн шаардлага хангаагүй хэм хэмжээ нь алдагдсан захиргааны акт, үнэлгээний хорооны шийдвэр тус бүрийг хүчингүй болгуулах, “Э” групптэй гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар гаргаж, улмаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зөвлөхийн шалгуур үзүүлэлтүүд бүхэлдээ тодорхой бус байхад тендер шалгаруулалтыг явуулсан, ариун цэврийн байгууламж гэх ойлгомжгүй нэр томьёогоор илэрхийлсэн, “Э” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан үнэлгээний хороо болон захиалагчийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн...” гэж тодорхойлон маргасан, уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох **************611 төслийн хүрээнд баригдсан “Сургалт мэдээллийн төв болон хамгаалалтын захиргааны нийт 6 барилгын ариун цэврийн байгууламжийн зураг төсөв боловсруулах, барилгын ажилд хяналт тавих богино хугацааны зөвлөхийн ажлын даалгавар болон зөвлөх үйлчилгээний төсөв, тендерийн баримт бичгийг баталсан,

Мөн Төрийн нарийн бичгийн даргын, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай 99/373 дугаар тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох **************611 төслийн хүрээнд баригдсан “Сургалт мэдээллийн төв болон хамгаалалтын захиргааны нийт 6 барилгын ариун цэврийн байгууламжийн зураг төсөв боловсруулах, барилгын ажилд хяналт тавих богино хугацааны зөвлөх байгууллагыг сонгон шалгаруулах” Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталж, дээрхи сонгон шалгаруулалтыг  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль журмын дагуу зохион байгуулж явуулахыг Үнэлгээний хорооны дарга Н.Бд даалган шийдвэрлэсэн,

Түүнчлэн тус үнэлгээний хорооны 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр, “С” ХХК, “Г” ХХК, “Э” ХХК-иудын зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтад оруулж тендерийн урилгыг Үнэлгээний хорооны даргын, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 06б/******* тоот албан бичгээр хүргүүлсэн, “С” ХХК, “Э” ХХК-иуд материалаа ирүүлсэн үйл баримтууд тогтоогдов.

 Түүнчлэн Үнэлгээний хорооны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр, нэр бүхий компаниудын ирүүлсэн тендерийн баримт бичгүүдийг үнэлж “С” ХХК  Зөвлөхийн санал болгож буй ажлын хөтөлбөр болон аргачлал нь ажлын даалгаврын шаардлагад нийцсэн байдал-6,33, “Э” ХХК-24,5, Зөвлөхийн ажлын даалгаварт заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан тусгайлсан туршлага-10,16, “Э” ХХК-35, Зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэх голлох мэргэжилтнүүдийн  чадвар болон туршлага-12 оноо, “Э” ХХК-26,16 С ХХК нийт 28,5 оноо, “Э” ХХК нийт 85,66 оноог тус тус авсан байна.

Дээрхи үнэлгээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Үнэлгээний хорооны даргын 06б/******* тоот албан бичгээр “Э” ХХК-д зохих оноо авсан тул санхүүгийн саналын нээлтэд оролцохыг, 06б/******* тоот албан бичгээр “С” ХХК-д зохих доод оноо аваагүй тул санхүүгийн саналыг нээлгүй буцаасныг тус тус мэдэгдэн, улмаар тус тендерт хамгийн сайн үнэлэгдсэн “Э” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Гэрээ байгуулах эрх олгох тухай А/******* дугаар тушаал гарч гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдов.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгоно”, 36 дугаар зүйлийн 36.8-д “Захиалагч саналын урилга болон ажлын даалгаврыг хураангуй жагсаалтад нэр нь орсон зөвлөхөд хүргүүлнэ” гэж, 39.2-т “Техникийн саналыг энэ хуулийн 14-16-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд үндэслэн оноо өгч үнэлнэ”, 39.3-т “Техникийн саналд авбал зохих доод буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхүүдэд санхүүгийн саналыг нээх хугацааг мэдэгдэж, доод оноо аваагүй бусад зөвлөхийн санхүүгийн саналыг нээлгүй буцаана” гэж, 39.8-д “захиалагч хамгийн өндөр оноо авсан зөвлөхтэй хэлэлцээ хийнэ” гэж  тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл Үнэлгээний хорооноос “С” ХХК-ийн ирүүлсэн техникийн саналыг хураангуй жагсаалтад оруулан үнэлсэн боловч тус компанийн ирүүлсэн санал “Техникийн саналд авбал зохих доод оноо аваагүй” тул энэ үндэслэлээр “С” ХХК-ийн санхүүгийн саналыг нээлгүй буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “С” ХХК нь техникийн саналд авбал зохих доод оноог аваагүй, ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй энэ үндэслэлээр тус компанийн ирүүлсэн санхүүгийн саналыг нээлгүйгээр мэдэгдэл хүргүүлж буцаасан Үнэлгээний хорооны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэр, Үнэлгээний хорооны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 06б/******* дугаар мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлтэй, эдгээр Үнэлгээний хорооны шийдвэр болон энэ талаар мэдэгдэл хүргүүлсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Түүнчлэн тус тендерт оролцогч “Э” ХХК-ийн тендер нь хамгийн өндөр оноо авснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/******* дугаар тушаалаар тус компанитай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах эрх олгосон нь хуулийн 38.9-д заасантай нийцсэн, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул захиалагчийн энэ шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 “С” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаагүй, харин Сангийн яаманд хандаж, тус компанийн ирүүлсэн техникийн саналыг үнэлгээний шалгуур үзүүлэлт бүрээр оноо өгч үнэлэлгүй техникийн саналд авбал зохих доод оноог аваагүй хэмээн татгалзсан захиалагчийн шийдвэрт гомдол гаргаснаар Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/******* албан бичгээр  “...захиалагч тус компанийн ирүүлсэн техникийн саналыг авбал зохих доод оноог аваагүй гэж татгалзсан нь үндэслэлтэй” гэсэн хариу өгсөн байна.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Ц.Доос гаргасан, “...ариун цэврийн байгууламж гэх ойлгомжгүй нэр томьёогоор илэрхийлсэн, “Э” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан үнэлгээний хороо болон захиалагчийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн...” гэх үндэслэл дурдан маргаж байх боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар “Сургалт мэдээллийн төв болон хамгаалалтын захиргааны нийт 6 барилгын ариун цэврийн байгууламжийн зураг төсөв боловсруулах, барилгын ажилд хяналт тавих богино хугацааны зөвлөх байгууллагыг сонгон шалгаруулах” зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг  нэхэмжлэгч “С” ХХК нь хүлээн авч, тендерээ ирүүлсэн, энэ хугацаанд  тендерийн баримт бичгийн нэр томьёо ойлгомжгүй талаар болон ийнхүү ойлгомжгүй илэрхийлснээс ямар зөрчилтэй байдал үүссэн, тендерийн шалгуур үзүүлэлтийг буруу гаргасан талаар тодруулга хүсч байгаагүй, энэ талаар эрх бүхий байгууллагад хандаж гомдол гаргаагүй.

Энэ тохиолдолд “ариун цэврийн байгууламж гэх ойлгомжгүй нэр томьёогоор илэрхийлсэн, тендерийн шалгуур үзүүлэлтийг буруу гаргасан“ гэх үндэслэл нь хариуцагч захиргааны байгууллагаас явуулсан дээр дурдсан сонгон шалгаруулалт, түүний үр дүнд шалгарсан “Э” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон захиргааны актыг тус тус хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3, 39.8-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон тус яамны Үнэлгээний хороонд  холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 06б/******* дугаартай үнэлгээний хорооны шийдвэр, шалгуур үзүүлэлтийн шаардлага хангаагүй хэм хэмжээ нь алдагдсан захиргааны акт, үнэлгээний хорооны шийдвэр тус бүрийг болон “Э” групп ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.ДУЛАМСҮРЭН

                                                 ШҮҮГЧ                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                       У.БАДАМСҮРЭН