| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 102/2024/01727/И |
| Дугаар | 001/ХТ2025/00094 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2025/00094
А.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/05194 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2025/00331 дүгээр магадлалтай,
МТО-ийн (цаашид М гэх) Зөвлөлд холбогдох
М-ийн Зөвлөлийн 2023.12.18-ны өдрийн 25 дугаартай үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, тус телевизийн Ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 47,541,726 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч А.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б, түүний өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Б хариуцагч М-ийн Зөвлөлд холбогдуулж тус Зөвлөлийн 2023.12.18-ны өдрийн 25 дугаартай “үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тус телевизийн Ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 47,541,726 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/05194 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар М-ийн Зөвлөлийн 2023.12.18-ны өдрийн дугаар 25 үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, А.Б-г М-ийн Ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар М-ээс 31,609,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б-т олгож, үлдэх 15,941,726 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч А.Б-гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М-ийн Зөвлөлөөс улсын тэмдэгтийн хураамжид 315,998 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2025/00331 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/05194 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч М-ийн Зөвлөлд холбогдох, Зөвлөлийн 2023.12.18-ны өдрийн 25 дугаартай үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, М-ийн Ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 47,541,726 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч А.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,998 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч А.Б Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2025/00331 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлээр гаргасан гомдолдоо:
4.1. Шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль, Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хууль тогтоомжийн эрэмбийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Давж заалдах шатны шүүх “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ” гэж үзсэн нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх талаар маргаагүй байхад давж заалдах шатны шүүх маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн. Хэрэв Хөдөлмөрийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 65 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол шүүхээс ажлаас халсан тушаал үндэслэл бүхий эсэх, хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан эсэхэд дүгнэлт өгөх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт “...Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 80 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно...” гэж заасан.
Маргаан бүхий тогтоолд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг дурдаагүй бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлгүй тул ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийг 65, 80, 123 зүйлийг баримталсан эсэхийг тогтоох боломжгүй. Нэхэмжлэгч ажлаас халсан тушаалаа хууль бус, хожим үндэслэлээ тайлбарласан нь хуульд нийцэхгүй бөгөөд давж заалдах гомдолдоо шүүхэд гаргасан тайлбараас өөр тайлбар дурдсан байхад давж заалдах шатны шүүх тус гомдлыг хангаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж хуулийг ноцтой зөрчсөн.
4.2.Ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус бөгөөд үндэслэлгүй. М-ийн Зөвлөл нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.8-д заасны дагуу Ерөнхий захирлыг томилох, чөлөөлөх эрхтэй ч Ерөнхий захирал А.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4, 80.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана.” гэж заасныг зөрчсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх “...Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан дээрх 25 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй...” гэж зөв дүгнэсэн атлаа ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээхээс татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд хуулийг анхан шатны шүүхийн шийдвэрээс зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Мөн давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг үндэслэн шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Шүүх шийдлийнхээ хууль зүйн үндэслэлийг бичих ёстой байтал тус маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан харьяалалтай холбоотой зохицуулалтыг хэрэглэсэн. Тушаалын хууль зүйн үндэслэлийг хянахгүй тушаалд бичигдээгүй үндэслэлийг дүгнэж шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөнд гомдолтой байна. Шүүх хууль тогтоомжийн эрэмбийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэх ёстой байхад Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг хэрэглэсэн нь буруу юм. Давж заалдах шатны шүүх ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан.
Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг зөрчиж хуулийг зөрүүтэйгээр тайлбарлан хэрэглэсэн нь хуулийн дээрх зохицуулалттай зөрчилдөж байна. Хөдөлмөрийн харилцааг илүү нарийвчилсан зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хууль байхад илүү нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй. А.Б нь сахилгын зөрчил гаргаагүй байхад өөрт нь мэдэгдэж тайлбар авалгүйгээр, хэлэлцэх асуудалд оруулалгүй шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Шүүх ажлаас халсан тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн бол үндэслэлээ тусгах ёстой. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй гаргасан тушаалыг өөр хуульд зааснаар зөвтгөж, маргааны үйл баримтад хамаарахгүй хууль тогтоомжийг эш татсанд гомдолтой байна.
4.3.Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас халсан нь хууль бус. Нэхэмжлэгч нь 2021.03.05-ны өдөр М-ийн Ерөнхий захирлаар томилогдож талууд 2021.04.05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл 2023.12.18-ны өдрийн 25 дугаартай “Үүрэгт ажлаас чөлөөлөх” тухай тогтоолоор хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас халсан нь хууль бус юм. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд сонгон шалгаруулалт зарлаж Ерөнхий захирлыг томилсон. Хэрэв хуульд болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу А.Б-г ажиллуулж байсан бол дараагийн сонгон шалгаруулалт зарлахгүй байсан. Мөн нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан. М-ийн Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сонгон шалгаруулалт зарласан тогтоолыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “...3 жилээр томилно...” гэж заасан нь нэг удаа томилох зохицуулалт биш. Өмнө нь ажиллаж байсан Ерөнхий захирлууд хөдөлмөрийн гэрээг үнэлүүлж гэрээг сунган ажиллаж байсан. Гэтэл нэхэмжлэгчийг дээрх эрхийг давж заалдах шатны шүүх зөрчсөн. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хугацаа дууссан гэдэг үндэслэлээр чөлөөлөөгүйг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дүгнүүлж, сунгах эрхийг эдлүүлээгүй тул ажлаас халсан тушаал хууль бус юм. Мөн хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн үйл баримтыг анхаарахгүй зөвхөн Олон нийтийн радио телевизийн тухай хуулийг баримтлан буцаан томилох боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тул зөрүүг арилгаж өгнө үү.
4.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Зохигч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх талаар маргасан ба давж заалдах шатны шүүх ажлаас халсан тушаал буруу хэдий ч ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Ажлаас халсан тушаал нь үндэслэлтэй гэхдээ буцаан томилох боломжгүй гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагаас “...М-ийн Зөвлөлийн 2023.12.18-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг хүчингүй болгох...” хэсгийг хангах ёстой байсан. Давж заалдах шатны шүүхийн энэ алдаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна.
4.5.Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас хуулийг өөрөөр хэрэглэсэн. Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолоос хуулийг өөрөөр хэрэглэсэн. Уг тогтоолын 6-т “хугацаатай гэрээ” гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, сар, өдрөөр, эсхүл жил, улирал, сараар, үйл явдлаар (тухайлбал; ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж буй ажилтан эргэж ажилдаа ортол гэх мэт) тодорхойлогдсон байна. Энэхүү гэрээний хугацааг тоолохдоо Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг хэрэглэнэ...” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх хугацааг буруу тоолж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаал буцаан томилох боломжгүй...” мэтээр дүгнэсэн. Мөн Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт “...Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр (тушаал, тогтоол, захирамж) гаргана...” гэж заасан. Маргаан бүхий тогтоол нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлээ тодорхой заагаагүй, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримтлаагүй юм. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх маргаан бүхий тогтоолд байхгүй хуулийн заалтыг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль бус. А.Б ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар мэдэгдээгүй.
Дээрх тогтоолын 15 дахь хэсэгт “...ажлаас халагдсан өдөр”-ийг ажил олгогчийн шийдвэр (тушаал, захирамж гэх мэт)-т заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно...” гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс ажлаас халагдсан хугацааг буруу тогтоосон. Хариуцагч нь 2024.01.19-ний өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангид “...А.Б-г М рүү нэвтрүүлэхгүй байх...” тухай мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь 2024.01.23-ны өдрөөс ажлаа хийгээгүй. Ажлын байранд нэвтэрч чадаагүй тул ажлаа хүлээлгэн өгөөгүй. Иймд давж заалдах шатны шүүх ажлаас халагдсан хугацааг буруу тооцож “... 2024.03.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажлаа хийж байсан байна...” гэх дүгнэлт үндэслэлгүй бөгөөд 2024.01.19-ний өдрөөс эхлэн ажлаас халагдсан гэж үзнэ.
Ажлаас халагдсаны дараах нийгмийн даатгалын шимтгэлийг ямар шалтгаанаар төлснийг нэхэмжлэгч мэдэхгүй. Энэ нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа юм. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, талуудын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Хөдөлмөрийн тухай хууль болон Олон нийтийн Радио телевизийн тухай хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн.
Улсын дээд шүүхийн 2023.04.14-ний өдрийн 17 дугаартай тогтоолд “гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэдэгт анхан шатны шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоон, шаардах эрх ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэсэн байдал, нотлох баримтын хамаарал, хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан эсэх талаар гомдолд заасан эсэхээс үл хамаарч, хууль зүйн дүгнэлт өгөх давж заалдах шатны шүүхийн ажиллагааг ойлгоно...” хэмээн тайлбарласан.
Хариуцагч гомдолдоо “...А.Б нь авлига, албан тушаалын дөрвөн гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа болохыг Зөвлөлд мэдэгдсэн” гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд татгалзлын үндэслэлийг тодорхойлж нотлох баримтын хамаарлыг шалгалгүйгээр шийдвэр гаргасан. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023.11.30-ны өдрийн 136 дугаартай “Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” албан бичгийн авч хэрэгжүүлэх арга хэмжээ хэсгээс үзвэл А.Б-г халах, ажлаас чөлөөлөх талаар дурдаагүй байхад энэхүү албан бичгийн дагуу чөлөөлсөн хэмээн тайлбарлаж буй хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалын үндэслэх нь хэсэгт Авлигатай тэмцэх газрын 136 дугаартай албан бичгийг дурдаагүй. Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно” гэж заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийг гэм буруутай гэж тогтоогоогүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Гэтэл хариуцагчийн дээрх татгалзалд давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь Улсын дээд шүүхийн 2023.04.14-ний өдрийн 17 дугаартай тогтоолыг зөрчиж, хуулийг тус тогтоолоос өөрөөр тайлбарлан хэрэглэсэн.
Иймд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч А.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.24-ний өдрийн 001/ШХТ2025/00460 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч А.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч М-ийн Зөвлөлд холбогдуулан тус зөвлөлийн 2023.12.18-ны өдрийн 25 дугаартай үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, тус телевизийн Ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 47,541,726 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “...М -ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцэн 2021.03.15-ны өдрийн 18 дугаар тогтоолоор М -ийн Ерөнхий захирлын албан тушаалд томилогдож 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл Зөвлөл 2023.12.18-ны өдрийн 25 дугаартай “Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тогтоолоор хөдөлмөрлөх эрхэд халдаж, хууль бусаар ажлаас халахдаа 2023.12.18-ны өдөр байгуулагдсан тооллогын комиссын 02 дугаар тогтоолыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан, тооллогын комиссын тогтоолыг надад танилцуулаагүй, мөн тооллогын комиссын тогтоолыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах нь хууль зүйн үндэслэлгүй. Үндэсний зөвлөл хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэр гаргасан. А.Б нь хууль зөрчсөн, сахилгын зөрчил гаргаагүй, сахилгын зөрчил гаргасан тухай тайлбар аваагүй. ...” гэж тайлбарласан.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “...М-ийн 156 уран бүтээлч шаардлага ирүүлсэн, үүнд хүний нөөцийн бодлого алдагдсан, цалин хангамжийг уян хатан бодлогоор шийдвэрлэж чадахгүй байна, уран бүтээлчдийн ур чадварын нэмэгдэл, удирдлагын багийн ур чадварын нэмэгдэл хоорондоо эрс зөрүүтэй, шинэ уран бүтээл контент хийгдэхээ больсон, нэвтрүүлгийн бодлого алдагдсан, нэвтрүүлгийн сүлжээг жил бүр баталдаггүй, батлагдсан сүлжээг дураараа өөрчилж, уран бүтээлчдийн контентийг хасдаг зэрэг үндэслэлээр Ерөнхий захиралд хариуцлага тооцохыг хүссэн. Зөвлөл 2023.05.26-ны өдөр хуралдаад Ерөнхий захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан боловч уг шийдвэрээ хүчингүй болгосон ... энэ хугацаанд А.Б нь Ерөнхий захирлын албан тушаалд үлдэх ашиг сонирхлын үүднээс Зөвлөлд танилцуулж зөвшөөрөл авалгүйгээр ажилчдын цалин нэмж байгууллагыг их хэмжээний алдагдалд оруулсан. ... дотоод аудитаас М 2023 оны хагас жилийн байдлаар 5 тэрбум гаруй төгрөгийн алдагдалд орсон, жилийн эцсийн байдлаар алдагдал 10 тэрбум төгрөгт хүрэх магадлалтай байгаа ба энэ алдагдлын ихэнх хэсэг нь хууль бусаар цалин нэмсэнтэй холбоотой талаарх тайлан, мэдээллийг Зөвлөлд танилцуулсан. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс ирүүлсэн 2023.11.10-ны өдрийн 136 дугаартай мэдэгдэх хуудсанд дурдсанаар А.Б нь авлига, албан тушаалын дөрвөн гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаа болохыг Зөвлөлд мэдэгдсэн. Үндэсний зөвлөлийн 2023.12.18-ны өдрийн хуралдааны явцад Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэргүүдээс гадна Ерөнхий захирал А.Б- нь хэд хэдэн хууль бус үйл ажиллагаа, зөрчил гаргасныг хэлэлцээд тус хуралдаанаар А.Б-д итгэл үзүүлэх асуудлаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон 13 гишүүний дийлэнх олонх буюу 9 гишүүн итгэл үзүүлэх боломжгүй гэдэг санал гарсан тул түүнийг Үндэсний зөвлөлийн 25 дугаартай тогтоолоор Ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн.” гэж маргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “М-ийн Зөвлөл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4, 80.4-т заасныг зөрчсөн. Үндэсний зөвлөлийн 2023.12.18-ны өдрийн 25 дугаартай Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолоор тооллогын комиссын 02 дугаар тогтоолыг үндэслэн А.Б-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээ дуусгавар болгох буюу цуцлах зөрчлийг гаргасан эсэхийг тогтоолгүйгээр итгэл үзүүлэхийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн тооллогын комиссын тогтоолыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасантай нийцээгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа зөрчлийг тогтоох, түүнд мэдэгдэх, тайлбар авах хуулийн заалтыг зөрчсөн үндэслэлээр уг тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь зүйтэй.” гэж дүгнэжээ.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан албан тушаалтан, ажил олгогчоос нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 25 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй боловч Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан Ерөнхий захирлын албан тушаалд ажиллах 3 жилийн хугацаа нь дууссан, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, А.Б нь Зөвлөлийн тогтоолоор 2021.03.05-ны өдөр М-ийн Ерөнхий захирлаар томилогдсон тул 2024.03.05-ны өдөр 3 жилийн хугацаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь 2023.12.18-ны өдрөөс 2024.03.05-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг шаардах боломжтой боловч хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш цалин хөлс авч байсан...” гэж дүгнэжээ.
11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөрүүтэй дүгнэж, өөр өөр шийдэл гаргасан, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн эсэх талаарх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
12.Нэхэмжлэгч А.Б нь М-ийн Үндэсний зөвлөлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2021.03.06-ны өдрөөс М -ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан, Үндэсний зөвлөлийн 2023.12.18-ны өдрийн 25 дугаартай “Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тогтоолоор түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023.12.18-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан ба уг тогтоолд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, М -ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.5, 4.1.6.7, М-ийн Үндэсний зөвлөлөөс байгуулсан тооллогын комиссын 2023.12.18-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг тус тус үндэслэл болгожээ.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.8-д олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг энэ хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах бүрэн эрхийг М-ийн Үндэсний зөвлөл хэрэгжүүлэхээр заасан ба Ерөнхий захиралтай ямар төрлийн гэрээ байгуулахыг тухайлан зохицуулаагүй байна.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж, хариуцагч онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж тус тус маргасан ба анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэхдээ уг гэрээний нөхцөл, хугацааг анхаараагүй бол давж заалдах шатны шүүх онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ гэж зөв дүгнэсэн боловч гэрээг цуцалсан тогтоол хууль, журамд нийцсэн эсэх талаар дүгнээгүй нь буруу болсон тул магадлалд өөрчлөлт оруулна.
13.Талууд 2021.04.05-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 21, 23, 24 дүгээр зүйлийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан, уг гэрээг 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д нийцүүлэн шинэчилж байгуулаагүй боловч уг гэрээний 2.3-т “ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхээс гадна, Зөвлөл, шууд хариуцсан удирдлагаас өгсөн бусад үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэнэ”, 5.1.6-д “ажил үүргээ гүйцэтгэхдээ ... Үндэсний зөвлөлөөс өгсөн удирдамж, чиглэлийг чанд мөрдөж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах”, 5.1.14-т “М-ийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийх, техник технологийг шинэчлэхэд чиглэгдсэн ажлуудыг хийх”, 5.1.15-д “50 сая төгрөг ба түүнээс дээш төгрөгийн үнийн дүн бүхий бараа худалдах, худалдан авах, зарлагын гэрээ байгуулах, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг зохих журмын дагуу сонгон шалгаруулахдаа Үндэсний зөвлөлөөс зөвшөөрөл авах” гэж тус тус тохиролцсон гэрээний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний Ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлбол Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
14.Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт гэрээг цуцлах тохиолдолд мөн хуулийн 80 дугаар зүйлд зааснаас гадна мөн хуулийн 65.4-т “...хөдөлмөрийн гэрээг дүгнэхэд ажилтан гэрээнд заасан ажил үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр хангалтгүй биелүүлсэн; ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн; хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдсон; ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил олгогчийн итгэлийг алдсан, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг давтан, эсхүл ноцтой зөрчсөн; зэрэг 4 үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно...” гэж зохицуулсан.
15.Мөн М -ийн дүрмийн 4.8.7-д Ерөнхий захирлыг дараах үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлнө” гээд 4.8.7.1-д “Ерөнхий захирлын өөрийнх нь хүсэлтээр; 4.8.7.2-т Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон энэхүү дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй; 4.8.7.3-т Үндэсний зөвлөлтэй байгуулсан гэрээгээ биелүүлээгүй; 4.8.7.4-т Үндэсний зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй; 4.8.7.5-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж тус тус заажээ.
16.Гэвч ажил олгогч Үндэсний зөвлөл нь 2023.12.18-ны өдрийн А.Б-г үүрэгт ажлаас чөлөөлсөн 25 дугаар тогтоолд хөдөлмөрийн гэрээний 9.4-т нэрлэн заасан зөрчил гаргасан талаар, М -ийн дүрмийн 4.8.7-д заасан болон Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4, 80 дугаар зүйлд заасан аль нэг үндэслэлийг заагаагүй нь мөн хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүргээ зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, тогтоолд А.Б ямар зөрчил гаргасныг, эсхүл зөрчил засагдахгүй үргэлжилсэн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан аль нь болохыг тодорхойлоогүй тохиолдолд уг тогтоолыг Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудад нийцсэн, үндэслэлтэй гэж үзэхгүй.
Үндэсний зөвлөлийн 25 дугаартай тогтоол Хөдөлмөрийн тухай хуулийн 65, 80 дугаар зүйлд нийцээгүйгээс гадна тогтоол гаргахаас өмнө нь А.Б-д мэдэгдэж тайлбар аваагүй нөхцөлд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3-т тус тус заасныг зөрчсөн байна.
17.Түүнчлэн, М-ийн Үндэсний зөвлөл 2023.12.18-ны өдрийн хуралдаанаар А.Б-д итгэл үзүүлэх асуудлаар санал хураалт явуулсан нь Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон М-ийн дүрэм, Зөвлөлийн ажиллах журамд нийцээгүй буюу хууль, журмаар зөвшөөрөгдөөгүй ажиллагаа байна.
18.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...А.Б-г Зөвлөлд танилцуулж зөвшөөрөл авалгүйгээр ажилчдын цалинг нэмж байгууллагыг их хэмжээний алдагдалд оруулсан...” гэж тайлбарлаж байгаа боловч 25 дугаартай тогтоолд энэ тухай заагаагүй, Авлигатай тэмцэх газрын ирүүлсэн мэдэгдлээр А.Б-гийн гэм буруутай хэд хэдэн хууль бус үйл ажиллагаа, зөрчил байгааг тогтоосон гэж үзэхгүй бөгөөд энэ талаар ч мөн тогтоолд заагаагүй тул хожим гаргасан түүний тайлбар, үндэслэлээр ажил олгогчийн тогтоолын үндэслэлийг зөвтгөн тайлбарлахгүй.
Дээрх байдлаар Үндэсний зөвлөлийн 25 дугаартай тогтоол Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байх боловч энэ нь түүнийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй.
19.Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу талууд гэрээний хугацаа 3 жил байхаар тохиролцсон, энэ хугацаа дууссан байх тул нэхэмжлэгч А.Б- нь М-ийн Ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шаардах боломжгүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа ийнхүү хууль болон гэрээнд зааснаар тодорхойлогдсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг сунгах, сунгагдсанд тооцох эсэх асуудал нь гэрээний талуудын хүсэл зоригоос хамаарч Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар хэрэгжихээр байхад шүүхийн шийдвэрээр гэрээний харилцааг цаашид үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
20.Харин гэрээний хугацаа дуусахаас өмнө үндэслэлгүйгээр гэрээг цуцалсан нь тогтоогдсон тул гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй боловч нэхэмжлэгчид 2023.12.18-ны өдрөөс 2024.03.05-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлс олгогдсон байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 47,541,726 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулалт хийхийг даалгах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр Үндэсний зөвлөлийн 25 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангана. Иймд магадлалд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2025/00331 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/05194 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож” гэсний дараа “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч А.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч М -ийн Үндэсний зөвлөлийн 2023.12.18-ны өдрийн 25 дугаартай үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх М-ийн Ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 47,541,726 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулалт хийхийг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.Б 2025.03.21-ний өдөр төлсөн 395,659 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД