Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

 


     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
                                           
    Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч М.Батзаяа,  
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвцогтын Бат-Эрдэнэд холбогдох 201703000057 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын 2 дугаар багийн нутаг Асгат гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвцогтын Бат-Эрдэнэ /регистрийн дугаар: АК91030532/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч П.Бат-Эрдэнэ нь 2016 оны 12 дугаар сарын эхээр шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Улаан гэх газраас хохирогч С.Амгаланбаатарын эзэмшлийн 1 тооны шүдлэн үнээг хулгайлж, С.Амгаланбаатарт 450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын дундуур Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Дэл гэх газраас хохирогч Р.Цэрэннадмидын эзэмшлийн 1 тооны шүдлэн үнээг хулгайлж, Р.Цэрэннадмидад 450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 
2016 оны 12 дугаар сарын дундуур Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Дэл гэх газраас хохирогч Р.Цэрэннадмидын эзэмшлийн 1 тооны хязаалан үнээг хулгайлж, Р.Цэрэннадмидад 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан ба бусдад нийт 1.450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                             

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүгдэгч П.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн гэв.
    201703000057 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Р.Цэрэннадмидын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сард би Улаанбаатар хотод очиж эмнэлэгт хийлгэж байгаад гэртээ ирсэн юм. Тэгээд өөрийнхөө үхрийг тоолж бүртгэж үзэхэд 2 тооны үхэр дутаж байсан. Манай 2 тооны үхрийг П.Бат- Эрдэнэ гэх манай нутгийн залуу хулгайлсан байсан. Миний хулгайд алдсан нэг үхэр оодон сүүлтэй, улаан үнээ, нөгөөх нь бас улаан зүсмийн хоёулаа зүүн чих нь урд хойд талаасаа ухам баруун чих цоорхой имтэй үхэр байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/

    Хохирогч С.Амгаланбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын эхээр санагдаж байна. Тэр үеэр манай үхээрээс 7 тооны үхэр олдохгүй алга болчихсон байж байгаад хайгаад яваад байсан 6 тооны үхэр Улаан ар чих гэх газар байсан. 1 тооны ягаан зүсмийн шүдлэн гунж алга болсон байсан. Манай 1 тооны үхрийг манай нутгийн ойрхон байдаг П.Бат-Эрдэнэ гэх залуу алж нядалсан байсан. Миний хулгайд алдсан 1 тооны үхэр шүдлэн насны гунж байсан. Уг үхэр зөв талын чих сам, буруу тал цуулбар имтэй үхэр байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/

    Гэрч Ч.Чулуун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын эхээр хадам ээж Энхээгийнх рүү идэш авахаар Архангай аймгийн Цэцэрлэг сум руу явсан юм. Тэгээд хадмынд ирэхдээ хажуугаар нь 50 шуудай тэжээлийн буудай, 13 шуудай гурил зарах гэж авч очсон юм. Тэгээд ээжийнд ирэхэд Бат-Эрдэнэ гэх хамаатны залуу би 10 шуудай буудай авъя оронд нь үхэр өгье, одоо үхэр хэдтэй байгаа вэ гэхээр нь би 300.000 мянгаас 350.000 төгрөгийн хооронд байгаа гэтэл Бат-Эрдэнэ за тэгвэл би авъя та тэр хооронд наймаагаа хийж байгаад ирэхгүй юу, би ирэхээр чинь үхрийг нь янзлаад тавьчихъя гэсэн. Тэгээд би наймаагаа хийж байгаад 3-4 хоногийн дараа ирэхэд Бат-Эрдэнэ үхрээ гаргаад янзлаад бэлдсэн байсан. Тэгээд би 10 шуудай буудай, 4 шуудай гурил буулгаад үхрийн махаа аваад явсан юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

    Гэрч Ж.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би 2016 оны 12 дугаар сарын 20-ний үед Хайрхан суманд манай малыг хардаг П.Бат-Эрдэнэ утсаар яриад манай идшинд идэх гэж байсан халтар зүсний монголын үнээг зарчихъя идэшнээр би өөрөө нэг үхэр өгье гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 20-ний үеэр намайг дуудахдаа ирж идшээ ав гэж хэлсэн. Тэгээд очтол улаан зүсний үхэр алаад танай идэш энэ гээд шир, толгойтой нь өгсөн. Өөр зүйл бол болоогүй. Улаан өнгийн шир байсан. Улаан толгойтой л байсан. Имийг нь бол хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

    Гэрч Б.Баянжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: П.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг танина. Төрөл садангийн холбоо байхгүй, хөдөөнөөс сумын төврүү орж ирэхээрээ манайд орж гараад явдаг хүн. Хүнд тусархуу нийтэч хүнтэй яриа хөөрөөтэй. Муу зан авир байхгүй гэж боддог. П.Бат-Эрдэнийг танидаг болоод 8 жил болж байна. Уг нь гайгүй л байдаг юм сая ийм асуудалд орчихож, би гайгүй л гэж боддог гэх мэдүүлэг. /хх-ийн 31 дүгээр хуудас/

    Гэрч А.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: П.Бат-Эрдэнэ нь манай ээжийн төрсөн дүүгийн хүүхэд юм. Бид 2 эгч дүү хоёрын хүүхдүүд. 2017 оны 01 дүгээр сард П.Бат-Эрдэнэ Архангай аймагт Хайрхан сумаас манайд ирсэн. Тэгээд ямар ажлаар ирсэн талаар асуухад цагдаа дээр жаахан ажилтай явж байгаа гэхээр нь яасан хулгай хийсэн юм уу гэж асуухад үгүй эгчээ гүтгүүлээд байгаа гэж ярьж байсан. Архангай аймагт цагдаа дээр шалгагдаад нилээд хэд хоносон. Сүүлд сонсоход Хайрхан сумаас 2 айлаас 3 тооны үхэр хулгайлсан гэж өөрөө хэлсэн. П.Бат-Эрдэнэ архи дарс уухгүй уг нь их томоотой хүүхэд, зан байдлын хувьд үг дуу цөөтэй хүнд тусархуу томоотой хүн байдаг. Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багт эхнэр хүүхдүүдийн хамтаар мал маллаж амьдардаг, тодорхой хэмжээний малтай амьдрал ахуй боломжийн малчин өрх байгаа юм. Уг нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 32 дугаар хуудас/ 

    Гэрч П.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: П.Бат-Эрдэнэ гэх хүнийг танина. Манай хадам ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Архангай аймгийн Хайрхан сумаас 2 айлын 3 тооны үхэрийг 2016 оны 12 дугаар сард хулгайлсан гэж аймгийн манайд ирээд цагдаа дээр шалгагдаж эхэлсэн. Би яг хэргийн талаар тодорхой мэдэхгүй. П.Бат-Эрдэнэ өөрөө надад хэлэхдээ 3 тооны үхэр хулгайлсан гэж хэлж байсан. П.Бат-Эрдэнэ зан байдлын хувьд хүүхэд зангаараа томоотой, үг дуу цөөтэй хүний үгнээс гардаггүй сайн залуу байгаа юм. Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багт мал маллаж эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Мал идээ боломжийн хэдэн малтай дундаж амьдралтай хүн гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35 дугаар хуудас/

        Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагч П.Бат-Эрдэнийн мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын эхээр санагдаж байна. Би яг тодорхой өдрийг нь мэдэхгүй байна. Манайхтай ойрхон өвөлждөг Амгаланбаатар ахын 7 тооны үхэр бэлчиж яваад манай гэрийн ойролцоо 2-3 хоносон би тэр үед дээрх 7 тооны үхрийг Амгаланбаатар ахын үхэр байна гэдгийг мэдэж байсан. Тэгээд манай гэрийн ойролцоо 2-3 хонохоор нь ойролцоогоор 18-19 цагийн орчимд 1 тооны улаан зүсмийн шүдлэн гунжийг явган очоод бугуйлдаж барьж аваад гэрийнхээ гадаа авч ирээд ганцаараа алж янзалсан. Тухайн үед манай эхнэр Зэмүүцэцэг сумын төв рүү хүүхдүүдээ аваад явсан байсан. Тэгээд би тэр гунжийг нь ганцаараа алж янзлаад махыг нь өөрийн хүргэн ах Ч.Чулуун-Эрдэнэд өгсөн. Тэр үед Ч.Чулуун-Эрдэнэ ах Дархан-Уул аймгаас ирчихсэн сумын төвд гурил будаа зарж байсан юм. Би тэр хулгайн гэмт хэрэг үйлдэж олж авсан шүдлэн гунжийн махыг нь Ч.Чулуун-Эрдэнэд 4 шуудай гурил, тэжээлийн 10 шуудай улаан буудайгаар өгчихсөн юм. Тухайн үед Ч.Чулуу-Эрдэнэ ах уг үхрийг хулгайн үхэр болох талаар мэдээгүй. Би урьд өмнө Чулуун-Эрдэнэ ахад гурил будаа аваад оронд нь мал гаргаж өгнө гээд хэлчихсэн байсан. Тэгээд л өөрийнхөө малыг өгч байна гээд өгчихсөн. 2016 оны 12 дугаар сарын дундуур Архангай аймгийн Хайрхан сумын Асгат баг Дэл гэх газар өөрийн эзэмшлийн халтар зүсмийн нас нийлсэн мориор явж Р.Цэрэннадмид гэх хүний үхрээс нэг тооны улаан зүсмийн шүдлэн гунжийг тасдаж туугаад гэрийнхээ гадаа гаргаж ирээд ганцаараа алж янзлаад махыг нь идэж хэрэглэсэн. Тэр үед манай эхнэр байсан гэхдээ тэр үхрийг хулгайн үхэр байсныг мэдээгүй хүнээс авах авцаандаа авч ирлээ гэж хэлээд алж янзалсан. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа би бас өөрийн эзэмшлийн халтар мориороо дахиж Дэл гэх газар очоод Р.Цэрэннадмид ахын улаан зүсмийн үнээг тасдаж ганцааранг нь туугаад авч ирээд гэрийнхээ гадаа алж янзалсан. Тэр үед манай эхнэр байгаагүй сумын төв орчихсон байсан. Тэр алж янзалсан үхрийнхээ махыг хүргэн ах Ж.Батбаяраас авсан байсан үхрийнхээ оронд өгсөн. Би урьд өмнө Ж.Батбаяр ахаас идэх гэж байсан үхрийг авч зарж байсан юм. Би гэмт хэрэг үйлдэх үедээ нас нийлсэн морь, мяндсан бугуйл, хутга, сүх, ашигласан гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/ 

    Хохирогч Р.Цэрэннадмидын хулгайд алдагдсан 2 тооны үхэр 1.000.000 төгрөг, хохирогч С.Амгаланбаатарын хулгайд алдагдсан 1 тооны үхэр 450.000 төгрөг нийт үнэлгээ ...1.450.000 төгрөг /хх-ийн 37 дугаар хуудас/
зэрэг болно.  

Шүүгдэгч П.Бат-Эрдэнэ нь 2016 оны 12 дугаар сарын эхээр Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Улаан гэх газраас хохирогч С.Амгаланбаатарын эзэмшлийн 1 тооны шүдлэн үнээг хулгайлж, 450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын дундуур Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Дэл гэх газраас хохирогч Р.Цэрэннадмидийн эзэмшлийн 1 тооны шүдлэн үнээг хулгайлж, 450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 12 дугаар сарын дундуур Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Дэл гэх газраас хохирогч Р.Цэрэннадмидын эзэмшлийн 1 тооны хязаалан үнээг хулгайлж, Р.Цэрэннадмидад 550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан ба бусдад нийт 1.450.000 төгрөгийн учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хохирогч Р.Цэрэннадмидын “...Манай 2 тооны үхрийг П.Бат- Эрдэнэ гэх манай нутгийн залуу хулгайлсан байсан. Миний хулгайд алдсан нэг үхэр оодон сүүлтэй, улаан үнээ, нөгөөх нь бас улаан зүсмийн хоёулаа зүүн чих нь урд хойд талаасаа ухам баруун чих цоорхой имтэй үхэр байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/, хохирогч С.Амгаланбаатарын “...Манай 1 тооны үхрийг манай нутгийн ойрхон байдаг П.Бат-Эрдэнэ гэх залуу алж нядалсан байсан. Миний хулгайд алдсан 1 тооны үхэр шүдлэн насны гунж байсан. Уг үхэр зөв талын чих сам, буруу тал цуулбар имтэй үхэр байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, гэрч Ч.Чулуун-Эрдэнийн “...Бат-Эрдэнэ үхрээ гаргаад янзлаад бэлдсэн байсан. Тэгээд би 10 шуудай буудай, 4 шуудай гурил буулгаад үхрийн махаа аваад явсан юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Ж.Батбаатарын “...намайг дуудахдаа ирж идшээ ав гэж хэлсэн. Тэгээд очтол улаан зүсний үхэр алаад танай идэш энэ гээд шир, толгойтой нь өгсөн. Улаан өнгийн шир, улаан толгойтой л байсан. Имийг нь бол хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагч П.Бат-Эрдэнийн “...Би хулгайн гэмт хэрэг үйлдэж олж авсан шүдлэн гунжийн махыг нь Ч.Чулуун-Эрдэнэд 4 шуудай гурил, тэжээлийн 10 шуудай улаан буудайгаар өгчихсөн юм. 2016 оны 12 дугаар сарын дундуур Архангай аймгийн Хайрхан сумын Асгат баг Дэл гэх газар өөрийн эзэмшлийн халтар зүсмийн нас нийлсэн мориор явж Р.Цэрэннадмид гэх хүний үхрээс нэг тооны улаан зүсмийн шүдлэн гунжийг тасдаж туугаад гэрийнхээ гадаа гаргаж ирээд ганцаараа алж янзлаад махыг нь идэж хэрэглэсэн. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа би бас өөрийн эзэмшлийн халтар мориороо дахиж Дэл гэх газар очоод Р.Цэрэннадмид ахын улаан зүсмийн үнээг тасдаж ганцааранг нь туугаад авч ирээд гэрийнхээ гадаа алж янзалсан. Тэр алж янзалсан үхрийнхээ махыг хүргэн ах Ж.Батбаяраас авсан байсан үхрийнхээ оронд өгсөн. Би урьд өмнө Ж.Батбаяр ахаас идэх гэж байсан үхрийг авч зарж байсан юм. Би гэмт хэрэг үйлдэх үедээ нас нийлсэн морь, мяндсан бугуйл, хутга, сүх, ашигласан гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

        Иймд шүүгдэгч П.Бат-Эрдэнийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
    Шүүгдэгч П.Бат-Эрдэнэ нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирлыг үнэлгээнд тогтоосон хэмжээгээр сайн дураар төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзэв.
 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан монгол эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, хутга 1 ширхэг, мяндсан уяа 1 ширхэг, сүх 1 ширхэг зэргирйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, гэмт хэрэг үйлдэхэд унаж хэрэглэсэн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий морийг улсын орлого болгомогц эд хөрөнгө битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч П.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон           
                           
       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвжавын Бат-Эрдэнийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч П.Бат-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч П.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 
 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч П.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 500.000 төгрөгөөр үнэлэгдсэн морийг хурааж улсын орлогод оруулсугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ шийтгэх тогтоолын 4 дэх заалт биелэгдмэгц эд хөрөнгө битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан монгол эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, хутга 1 ширхэг, мяндсан уяа 1 ширхэг, сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

8. Шүүгдэгч П.Бат-Эрдэнэ нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар нь бусад учирсан хохирлыг нотлох баримтын бүрдүүлбэр хангаж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бат-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай. 

                       

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.АЛТАНЦЭЦЭГ