Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 29

 

Ж.Н-д холбогдох эрүүгийн

                                              хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.О,

Шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Ж.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Ж.Н-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Бигэр сумын 4-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДВ94041718 регистрийн дугаартай, Б овогт Ж.Н.

 

Шүүгдэгч Ж.Н нь 2020 оны 05 дугаар сарын 30-наас 05 дугаар сарын 31-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвийн ерөнхий боловсролын сургуулийн хашаанд “АӨ” ХХК-ийн сургуулийн барилгын ажил гүйцэтгэж байгаа барилга дотроос 63-45 ГАҮ улсын дугаартай, “Хьюндэй портер” маркийн, бага оврын ачааны машин ашиглан чулуутай хар цаас 4 ширхэг, чулуугүй хар цаас 5 ширхэг нийт 9 боодол хар цаасыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, мөн өдрөө иргэн М.А-д 270.000 төгрөгөөр худалдаж, хохирогч “АӨ” ХХК-д 492.000 төгрөгний хохирол учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ж.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Ж.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ж.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Н-аас гаргуулан улсын орлого болгож, 63-45 ГАҮ улсын дугаартай “Хьюндэй портер” авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч М.А-д буцаан олгож, энэ хэрэгт шүүгдэгч Ж.Н-аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ж.М миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Ж.Н нь 2020 оны 05 дугаар сарын 30-наас 05 дугаар сарын 31-нд шилжих шөнө 00 цагийн үед Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвийн сургуулийн хашаанд “АӨ” ХХК-ний сургуулийн барилгын ажил гүйцэтгэж байгаа барилга дотроос нийт 9 боодол хар цаасыг хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Өмгөөлөгчийн тухайд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тухайн барилга дээр Ж.Н нь 1 сар ажилласан байдаг. Цалингаа авах гэхэд тал цалинг нь өгөөгүй, одоо хүртэл өгөөгүй байдаг. Иймд Ж.Н-ын хурим 7 сарын 21-нд болох байсан туп өгөөгүй цалиндаа тааруулаад хар цаас авхаар болоод М.А нь өөрийн эзэмшлийн машинаараа очиж авсан юм. Иймд Ж.Н-ыг Эрүүгийн хуулийн 17.1 зүйлийн 1-д зааснаар зүйлчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ж.Н нь 2020 оны 05 дугаар сарын 30-наас 05 дугаар сарын 31-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвийн ерөнхий боловсролын сургуулийн хашаанд баригдаж байсан сургуулийн барилга дотроос чулуутай хар цаас 4 ширхэг, чулуугүй хар цаас 5 ширхэг нийт 9 боодол хар цаасыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч уг барилгыг барьж байсан “АӨ” ХХК-д 492000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Энэ нь хохирогч М.Д-ын: “2020 оны 05 дугаар сарын 28-нд ачаа хүлээн аваад хар цааснуудыг баригдаж буй барилгын гал тогооны хэсгийн үүдний коридорт хураасан. 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дээврийн хар цасны ажил хийх хүнд хар цааснуудаа хүлээлгэж өгөх гээд тоолоход 9 боодол хар цаас дутсан” тухай мэдүүлэг,

Гэрч Д.П: “2020 оны 05 дугаар сарын 28-нд Бигэр сумын сургуулийн барилгын материал 23 боодол хар цаас хүлээж аваад 2020 оны 05 дугаар сарын 30-ны үед дээвэр тавихаар хар цааснуудаа гаргаж ирэхэд 4 чулуутай, 5 чулуугүй хар цаас алга болсон байсан тухай” мэдүүлэг,

Гэрч Н.Б-ийн: “2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос чулуугүй хар цаасыг 60.000 төгрөгөөр, чулуутай хар цаасыг 48.000 төгрөгөөр авч нийт 23 боодол хар цаас ачиж явуулсан” тухай мэдүүлэг,

Гэрч М.Т-ийн: “2020 оны 05 дугаар сарын 30-ны орой 00 цагийн үед М.А-г гэрт нь байхад Ж.Н ирээд М.А-г тантай уулзах гэсэн юм хар цаас 30.000 төгрөгөөс 40.000 төгрөг байдаг юм гээд дагуулаад гараад явсан” тухай мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч М.А: “2020 оны 05 дугаар сарын 30-ны орой Ж.Н хүрч ирээд хар цаас 40 000 төгрөгөөр авах уу гэхээр нь үнэтэй байна 30 000 төгрөгөөр авбал авъя гэхэд 30 000 төгрөгөөр ав гэхээр нь чи өөрөө аваад ирэх юм уу гэхэд надад унаа байхгүй та очоод авчих гэхээр нь өөрийнхөө машинаар сургуулийн барилгын хашаа руу орж зогсоход Ж.Н би өөрөө ороод аваад ирье гэж хэлээд 9 боодол хар цаас авч ирж тавиад гарсан. Маргааш нь Ж.Н 200 000 төгрөг бэлнээр авч, 10 000 төгрөгөнд бензин хийлгээд, 20 000 төгрөгөнд бодож Экс архи аваад, үлдсэн 40 000 төгрөгийг дараа өгөхөөр болсон” тухай мэдүүлэг,      

Бикрос нэртэй, чулуутай, ЭКП 10 м/кв дээврийн хар цаас 4 ширхэг нь 192 000 төгрөг, Бикрос нэртэй чулуугүй, ТПП 15 м/кв, дээврийн хар цаас 5 ширхэг нь 300 000 төгрөг, нийт 492 000 төгрөгөөр үнэлэгдсэн тухай шинжээчийн эд зүйл үнэлсэн үнэлгээний дүгнэлт, М.А-аас 9 ширхэг хар цаас хураан авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Прокурор шүүгдэгч Ж.Н-ыг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тогтоогдсон үйл баримтад үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Хулгайн гэмт хэрэг нь хулгайн эд хөрөнгийг гэмт этгээд эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог.

Өөрөөр хэлбэл уг хар цааснуудыг хадгалагдаж байсан газраас нь зөөж М.А-ийн машинд ачиж өгснөөр Ж.Н-ын үйлдэл төгссөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд М.А нь гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй,  Ж.Н-аас худалдаж авсан эд зүйлээ өөрийн авто машинаар авч явсан, Ж.Н нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ авто машин ашигласан болох нь тогтоогдоогүй байхад М.А өмчлөлийн авто машиныг Ж.Н нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж дүгнэж уг авто машины үнийг Ж.Н-аас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Тиймээс прокуророос Ж.Н-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж, Хьюндэй портер маркийн 63-45 ГАҮ улсын дугаартай, бага оврын ачааны авто машиныг өмчлөгч М.А-д буцаан олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж, зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар” гэснийг “17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан” гэснийг хасч, уг заалтын “17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих” гэснийг, “17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь ”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-ын цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялаас нь хасч тооцсугай.” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг бүхэлд нь “Шүүгдэгч Ж.Н-ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3 500 000 төгрөгийг шүүгдэгч Ж.Н-аас гаргуулан улсын орлого болгож” гэсэн хэсгийг хасч шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.Ж

                         ШҮҮГЧИД                                 Ш.Б

                                          Ч.Э