Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Б-н Б-д холбогдох 2416000000169 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт ***** аймгийн **** сумын **** баг **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ****** регистрийн дугаартай, Х овгийн Б-н Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл хасуулсан согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 14-ны өдөр цагийн орчимд **** аймгийн ***** сумын төвд ***** улсын дугаартай ***** загварын тээврийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөн оролцсон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл хасуулсан согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 14-ны өдөр цагийн орчимд ***** аймгийн **** сумын төвд ***** улсын дугаартай **** загварын тээврийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөн оролцсон болох нь:

 

1.Гэрч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 14-нд **** аймгийн **** суманд гадуур ажил хөөцөлдөөд явж байсан чинь манай салсан эхнэр болох М над руу утсаар яриад хаана байна уулзъя гэхээр нь би машинаа жолоодоод **** багт үйл ажиллагаа явуулдаг эхлэл дэлгүүрийн засмал замын урд талд байдаг хүнсний дэлгүүрийн гадаа яваад очсон чинь манай эхнэр 1**** улсын дагууртай **** загварын тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийг Б жолоодож ирсэн. Тухайн үед манай салсан эхнэр М, Ми, Б нар тээврийн хэрэгслээс бууж ирээд намайг учир зүггүй хэл амаар доромжлоод хэрүүл маргаан хийгээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн чинь тэр гурав тээврийн хэрэгсэлдээ суугаад Б нь тээврийн хэрэгслийг жолоодоод хөдлөхөөр нь би араас нь тээврийн хэрэгслээ жолоодож дагаад хөдөлсөн чинь тухайн газраас дээшээ 500-600 метр газарт яваад ***** дэлгүүрийн урд талын засмал урд талд айлын хашааны ард тээврийн хэрэгслээ тавихаар нь би араас нь очоод байж байсан чинь цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

 

          2.Гэрч Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дуудлагын дагуу **** дэлгүүрийн урд талд очиход 2-4 хүн хашааны ард талд байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад нэг танихгүй эрэгтэй хүн тэнд байсан нэг танихгүй эмэгтэй хүнийг заагаад энэ эмэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод дээр нь намайг хэл амаар доромжлоод байна гэж хэлсэн. Тухайн үед тэр хүмүүсийн хажууд **** загварын тээврийн хэрэгсэл байсан. Тухайн залуугийн заасан эмэгтэйг шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч байсан тул эрүүлжүүлэх саатуулах байран дээр авч ирж драгер үлээлгэхэд 2.87 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хийсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-р хуудас/,

 

          3.2024 оны 07 дугаар сарын 14-нд **** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон Б-н Б согтуурлын зэрэг шалгах драгер багажийг үлээлгэхэд 2.87%-ийн промиль спиртийн агууламж амьсгалд илэрсэн гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 7-р хуудас/,

 

          4.Физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ/хх-ийн 8-р хуудас/,

 

          5.Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.Ган-Эрдэнийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 2023 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 1563/1848 дугаартай Б-н Бд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7-р зүйлийн 3.1-т зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан...” материалд үзлэг хийсэн тэмдэглэл/З-5-р хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэв.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг мөн, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульчилсан тайлбарыг хийжээ. Энэ нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урьд өмнө нь адил үндэслэлээр эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үндэслэлээр шийтгэл хүлээж эрхээ хасуулсан тохиолдолд хамаарна.

 

Шүүгдэгч Б.Б урьд нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (Нэг) жилийн хугацаагаар хасч, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэсэн болно.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

     Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Б-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (Нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б-д сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (Нэг) жилийн хугацаагаар  хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох болохыг тус тус дурдав.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулаагүй.

 

          4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт авагдсан CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (Нэг)  жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 (Зургаа) сарын  хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Б-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (Нэг) жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.  

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт авагдсан CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ЭНХБААТАР