Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Нийн О-д холбогдох 2416000000181 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ***** аймгийн **** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ***** аймгийн **** сумын **** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэгдэж байсан, ******* регистрийн дугаартай, Х овгийн Н-н О,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.О нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ***** аймгийн **** суманд О.Э-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр рүү нь гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, тархи доргилт, баруун доод, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, дээд уруул болон уруулын зүүн тал, хүзүү, зүүн дал, баруун хавирганы нумаар цус хуралт, дээд уруулын зүүн талд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н.О нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр **** аймгийн **** суманд О.Э-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр рүү нь гараараа цохисон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас О.Э-н биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун доод, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, дээд уруул болон уруулын зүүн тал, хүзүү, зүүн дал, баруун хавирганы нумаар цус хуралт, дээд уруулын зүүн талд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.О гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч О.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр **** сумын төв дээр гудамжинд Б-тэй юм яриад сууж байсан. Тэр үед манай сумын Б бид хоёрын хажуугаар мотоциклтой гарч явж байгаад та хоёр манайд яваад очооч гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэднийд яваад очтол О тэнд байж байсан. Бид дөрөв тэднийд 1 шил 0,75 литрийн Их монгол нэртэй архи хувааж уусан. Тэгээд ууж дуусаад Б бид хоёр манай гэр рүү явсан. Тэгээд манайд очоод Болдоо бид хоёр дахиад 1 шил 0,5 литрийн Их монгол нэртэй архи хувааж уугаад сууж байгаад би тасарсан. Өглөө сэрэхэд нүүр ам хавдсан би зодуулсан байсан. Өглөө нь манай найз Б хэлэхдээ О чамайг цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх- ийн 26-27-р хуудас/,

2.Гэрч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Намайг очиход гэрийн эзэн О.Э, М.Б, Н.О, Ц.Г, Т гээд нутгийн ах нар сууцгааж байсан. Би О-г гараад уулзаадахъя гээд дагуулаад гарсан. Хашааны үүдэн дээр Н.О-н мотоциклын хажууд очоод маргааш өглөө гагнуурын ажил байна цалин мөнгийг нь найдвартай өгнө гэж хэлсэн. Н.О мотоцикл дээрээ суугаад гишгээд асаагаад өг гэж хэлсэн. Намайг гишгэх гэж байх үед Н.О “Ахаа би О.Э ахыг зодчихлоо, одоо яана” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35-р хуудас/,

          3.Гэрч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Э бид хоёр тэр өдөр дэлгүүрээс 1 шил архи аваад тэднийд очоод уугаад сууж байхад гаднаас Н.О, М.Б 2 орж ирсэн. Тэр хоёр юм уусан согтуу явж байсан. Тэгээд бил 4 яриад сууж байсан чинь О, О.Э-г гараараа нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон. Тэгээд би босоод тэр хоёрыг салгасан юм. Тэр хоёр юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй хоорондоо шивнэлдээд яриад байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39-р хуудас/,

 

          4.Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг тэнд байх үед Н.О нь О.Э-г гараараа нүүрэнд нь алгадаж байхыг харсан. Юунаас болсныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед манай сумын Б гээд ах хажууд байсан юм. Би Б ахыг наад хоёр чинь учраа олог гээд аваад гарсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43-р хуудас/,

 

5.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “...О.Э-н биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун доод, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, дээд уруул болон уруулын зүүн тал, хүзүү, зүүн дал, баруун хавирганы нумаар цус хуралт, дээд уруулын зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.4.6 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. О.Э-н биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо...” гэх 215 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 48-49-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.О нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

         

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.О шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Шүүгдэгч Н.О-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хавтаст хэргийн 07 дугаар хуудаст “...хохирол барагдуулсан ... ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хохирогчийн хүсэлт байна. Мөн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,165,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн/хх93/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

          4.Бусад асуудлын талаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд 2,165,000 (Хоёр сая нэг зуун жаран таван мянга) төгрөг төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн Н-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан 450 (Дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Н.О-д мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд 2,165,000 (Хоёр сая нэг зуун жаран таван мянга) төгрөг төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР