Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Ө-н Б-д холбогдох 2416000000186 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт **** аймгийн ***** сумын **** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ***** регистрийн дугаартай, Т овгийн Ө-н Б,

 

Холбогдсон хэргийн талаар: Ө.Б нь 2024 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө **** аймгийн **** сумын **** багт байрлах түүхий эдийн цэгийн гадан талд байрлуулсан С.Б-Э-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс Хонор загварын гар утас ногоон өнгийн ачааны хучлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ө.Б нь 2024 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө **** аймгийн **** сумын **** багт байрлах түүхий эдийн цэгийн гадан талд байрлуулсан С.Б-Э-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс Хонор загварын гар утас, ногоон өнгийн ачааны хучлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Уг үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ө.Б гэм буруутай болох нь:

 

1.Хохирогч С.Б-Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би аймгийн төвөөс **** суманд **** дэнж хоршооны малын ноосыг ачих гээд 2024.08.04-нд очсон. Машины чиргүүл дээр 2024.08.05-ний 18 цагийн үед ноос ачиж дүүрэх нь чиргүүлийн урд талын жижиг хайрцагт байх ногоон өнгийн машины бүтээлэг /хучлага/ 2 ширхэг гаргаж ирээд нэгээр нь чиргүүлийн дээр ноос бүтээж хучаад нэгийг нь чиргүүлийн гар дээр тавиад машинаа жаахан ухрааж тавьсан. Тэгээд хүмүүс машины толгой дээр ноос ачиж байгаад харанхуй болоод бүгд гэр лүүгээ явцгаасан. Хүмүүсийг явсны ард би машинаа тойрч шалгаад найзтайгаа утсаар ярьж байхад чиргүүлийн гар дээр ногоон өнгийн бүтээлэг /хучлага/ байсан. Тэгээд би машиндаа ороод унтаж амарсан. 2024.08.06-ний өглөө босоход миний Ноnоr маркийн гар утас болон ногоон өнгийн бүтээлэг /хучлага/ алга болсон байсан. Миний гар утас Ноnоr нэртэй цайвар ногоон өнгийн бор кэйстэй, дэлгэц бүтэн, гар утас асаахад sim1 дээрээ 0909, мөн sim2 дээрээ 0909 гэсэн кодууд хийж асаадаг. Бор кейсэн дотор Б аймгийн сэлбэгийн дэлгүүрийн нэрийн хуудас байгаа. Өнгийн бүтээлэг /хучлага/ нь гандсан ягаан өнгийн олсоор боосон байгаа. Гар утсаа 1.500.000 төгрөгөөр, бүтээлэг /хучлага/-ээ 400.000 төгрөгөөр нийтдээ 1,900,000 төгрөгөөр үнэлж байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13-р хуудас/,

 

          2.Гэрч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ***** аймгийн **** сумын төвд “**** дэнж” хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр 9 жил ажиллаж байна. Ам бүл-2 эхнэрийн хамт амьдардаг. Тухайн тээврийн хэрэгсэл нь 2024.08.04-ний өглөө сумд ирж манай хоршооны малын ноос ачих гэж ирсэн. Ноосоо 2024.08.06-ний 16 цагийн үед ачиж дууссан. Ноос ачилцахад байсан хүмүүс гэхийн бол Би Б, А, О, М, Д, Л бид нар хамт ачилцсан мэднэ. Жолооч 2024.08.06-ний өглөө босч ирчхээд машинд байсан миний гар утас алга болсон байна гээд хайж байсан. Тэгээд гар утсаа хайж байгаад ачсан ноосоо бүтээх гэхэд ногоон өнгийн бүтээлэг нь бас алга болсон байсан. Манай сумд ирснээсээ хойш гар утсаараа ярьж байсан. Бид нар тээврийн хэрэгслийн чиргүүл дээр малын ноос ачиж дуусаад бүтээх гэхэд жолооч 2 ширхэг ногоон өнгийн бүтээлэг гаргаж ирээд нэгээр нь чиргүүлээ хулдаж бүтээчхээд нэгийг нь чиргүүлийнхээ гар дээр тавиад машинаа жаахан ухраагаад орхисон. Бид нар 2024.08.05-ний 22 цаг өнгөрч байхад ноосоо ачиж байгаад орхиод явахад бүтээлэг чиргүүлийн гаран дээр жолооч утсаар яриад үлдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17-р хуудас/,

 

3.Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2 өдөр малын ноос ачилцсан. Эхний өдөр чиргүүл дээр ноосыг ачилцсан, дараагийн өдөр тээврийн хэрэгслийн толгой дээр ноос ачилцсан. Сүүлийн өдөр ноос ачилцах гээд очиход өглөө жолооч ахын гар утас алга болсон гээд хайж байсан. Бид нар ноосоо ачиж дуусчхаад ноосоо бүтээх гэхэд ногоон өнгийн бүтээлэг нь бас алга болсон байсан. Тэгээд гар утас болон ногоон өнгийн бүтээлэг нь алга болсныг мэдсэн. Байсан. Жолооч ах гар утсаараа яриад яваад байсан. Чиргүүлийг ногоон өнгийн бүтээлгээр хулдаж бүтээчхээд нэгийг нь чиргүүлийнхээ гар дээр тавиад машинаа жаахан ухраагаад орхисон..." гэх мэдүүлэг/хх-ийн 24-25-р хуудас/,

 

4.Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Говь- Алтай аймгийн ***** сум **** гол багт мал малладаг. Ам бүл-3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би малын ноос 2024.08.04-2024.08.06-ний хүртэл малын ноос ачилцсан. О, Л, О, Б бид нар ажилласан. Гар утас болон бүтээлэг алга болсныг сүүлд нь мэдсэн. 2024.08.05-ний өдөр 21 цаг өнгөрч байхад тээврийн хэрэгслийн чиргүүл дээр ноосоо ачиж дуусаад жолооч 2 ширхэг ногоон бүтээлэг гаргаж ирээд нэгээр нь чиргүүл дээрх ноосоо бүтээчхээд нэгийг нь чиргүүлийн гаран дээр тавьж байсан би хөдөө малтай учир тэгээд хөдөө гэр лүүгээ яваад өгсөн байсан. Жолооч гар утсаараа ярьж байсан. Бид нар тээврийн хэрэгслийн чиргүүл дээр малын ноос ачиж дуусаад бүтээх гэхэд жолооч 2 ширхэг ногоон өнгийн бүтээлэг гаргаж ирээд нэгээр нь чиргүүлээ хулдаж бүтээчхээд нэгийг нь чиргүүлийнхээ гар дээр тавиад машинаа жаахан ухраагаад орхисон...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-21-р хуудас/,

 

5.Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2024 оны 08 сарын 11-ний өдрийн “...Hоnоr х9а загварын гар утас 1,000,000 төгрөг, 8x10 хэмжээтэй машины бүтээлэг, хучлага 1 ширхэг 400.000 төгрөг нийт 1.400.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх ТХҮ-921/240 дугаартай хөрөнгийн үнэлгээ/хх-ийн 41-43-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүний шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Ө.Бийн үйлдэл нь “Бусдын 1,400,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, машины хучлага зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирогчид материаллаг хохирол учруулсан” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч Ө.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй үйлджээ.

 

Иймд Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ө.Бийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Ө.Б-ийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 7 (Долоо) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ө.Б-д сануулав.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Шүүгдэгч Ө.Б нь хохирлыг биет байдлаар буцаан төлсөн, сэтгэцийн хохиролд 2,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна.

 

          4.Бусад асуудлын талаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг биет байдлаар буцаан төлсөн, сэтгэцийн хохиролд 2,000,000 төгрөг төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овгийн Ө-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “ бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 (Долоо) сарын  хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ө.Б-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ө.Б-д сануулсугай.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирлыг биет байдлаар буцаан төлсөн, сэтгэцийн хохиролд 2,000,000 (Хоёр сая) төгрөг төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ЭНХБААТАР