| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 149/2023/00487/И |
| Дугаар | 001/ХТ2025/00098 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2025/00098
“Т” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн
2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 149/ШШ2024/00485 дугаар шийдвэртэй,
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 208/МА2025/00008 дугаар магадлалтай,
Д.З-д холбогдох
Сэлэнгэ аймаг, Мандал сум, 1 дүгээр баг, ***** хотхоны ** тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, “Т” ГХОХХК болон Р.М нараас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, 2023.05.08-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.З-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Т” ГХОХХК нь хариуцагч Д.З холбогдуулан Сэлэнгэ аймаг, Мандал сум, 1 дүгээр баг, ***** хотхоны ** тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч “Т” ГХОХХК болон Р.М нараас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, 2023.05.08-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
2.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 149/ШШ2024/00485 дугаар шийдвэрээр;
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1, 243 дугаар зүйлийн 2, 56 дугаар зүйлийн 5-д зааснаар Боржигон овогт Д.З-гийн эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багын нутаг дэвсгэрт байрлалтай Төмөр зам өртөө, ** дугаар гудамж 1302 дугаартай орон сууцны ** тоот байрыг чөлөөлж “Т” ГХОХХК-д олгож, нэхэмжлэгч “Т” ГХОХХК-аас 11,600,000 төгрөгийг гаргаж хариуцагч Д.З-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар Д.З-гийн гаргасан “Т” ГХОХХК болон Р.М нараас байрны гэрчилгээ гаргуулах болон 2023.05.08-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.З-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ГХОХХК-д буцаан олгож, нэхэмжлэгч “Т” ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 200,500 төгрөгийг гаргаж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 208/МА2025/00008 дугаар магадлалаар;
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 148/ШШ2024/00598 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг;
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1, 243 дугаар зүйлийн 2, 56 дугаар зүйлийн 5-д зааснаар Боржигон овогт Д.З-гийн эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багын нутаг дэвсгэрт байрлалтай Төмөр зам өртөө, ** дугаар гудамж, 1302 дугаартай орон сууцны ** тоот байрыг чөлөөлж “Т” ГХОХХК-д олгож, нэхэмжлэгч “Т” ГХОХХ-аас 11,600,000 төгрөгийг гаргаж хариуцагч Д.З-д олгосугай.”гэснийг
“1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Д.З-гийн хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай Төмөр зам өртөө ** дугаар гудамж 1302 дугаартай орон сууцны ** тоот байрыг чөлөөлсүгэй.” гэж,
2 дахь заалтыг; “2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар Д.З-гийн гаргасан “Т” ГХОХХК болон Р.М нараас байрны гэрчилгээ гаргуулах болон 2023.05.08-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг
“2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.З-гийн ** тоот орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээ гаргуулах, 2023.05.08-ны өдөр зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
3 дахь заалтыг; “3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.З-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ГХОХХК-д буцаан олгож, нэхэмжлэгч “Т” ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 200,500 төгрөгийг гаргаж улсын орлогод оруулсугай.” гэснийг,
“3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг шаардлагад төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.З-гээс тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ГХОХХК-д буцаан олгосугай.” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж,
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ГХОХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч Д.З Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Д.З нь “Т” ГХОХХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй, тус компанийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Д.З нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, 96 айлын орон сууцны ** тоотод байрлах орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй тул уг орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй. Энэ хэргийн хариуцагч нь Д.З , нэхэмжлэгч нь “Т” ГХОХХК биш байхад давж заалдах шатны шүүх хариуцагч гэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Тус орон сууцанд Д.З-гийн дүү нь гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд орон сууцыг худалдаж авахаар Р.М болон БНХАУ-ын иргэн Л-тэй тохиролцож, урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн. Гэтэл БНХАУ-ын иргэн Л нь цагдаагийн ажилтнуудын хамт очиж бага насны хүүхдүүдийг гэрээс нь гаргахаар болоход аргагүй байдалд орж түрээсийн гэрээ гэх баримтад гарын үсэг зурсан. Тус баримтад компанийн нэр байхгүй, харин Л гэх нэрийг Монгол бичгээр бичсэн байсан. “Т” ГХОХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн орон сууц нь “Т” ГХОХХК-ийн эзэмшилд шилжсэн. Түрээсийн гэрээ гэх баримтад гарын үсэг зурах үед уг орон сууц хэний өмчлөл, эзэмшилд байсан нь тодорхойгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Хариуцагч Д.З-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.30-ны өдрийн 001/ШХТ2025/00461 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагч Д.З-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.
7.Нэхэмжлэгч “Т” ГХОХХК нь хариуцагч Д.З холбогдуулан Сэлэнгэ аймаг, Мандал сум, 1 дүгээр баг, ***** хотхоны ** тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... Д.З тус орон сууцыг түрээслүүлсэн боловч тэрээр түрээсийн төлбөрийг төлөөгүй, орон сууцыг чөлөөлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч чөлөөлж өгөөгүй.” гэж тайлбарласан бол,
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... дээрх орон сууцыг худалдан авахаар тус компанийн төлөөлөгч Р.М-тэй тохиролцож урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлж, 10,000,000 төгрөгөөр засвар хийсэн. Р.М-ын дансанд төлбөрийг шилжүүлж дүүгийнхээ гэр бүлийг оруулсан. Орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардахад аргагүйн эрхэд түрээсийн гэрээ гэх баримт үйлдсэн. Иймд орон сууцны гэрчилгээг гаргуулах, 2023.05.08-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгчээс 11,600,000 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс орон сууцны гэрчилгээ гаргуулах, 2023.05.08-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...** тоот байрыг Р.М нь “Т” ГХОХХК-д мэдэгдэлгүйгээр бусдад зарж С.О-г залилан мэхэлж 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон. Д.З нь уг орон сууцыг хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүй, төлөөлөх эрхгүй Р.М-тэй тохирч дүү С.О-гийн гэр бүлийг оруулж, түүний дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Д.З нь “Т” ГХОХХК-д баталгаа гаргасан баримтыг 2021.12.30-ны өдөр нотариатаар гэрчлүүлснийг орон сууц худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбар, мэдүүлэг гаргасан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч “Т” ГХОХХК нь хүсэлтийг хүлээн аваагүй. 2023.05.08-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний гол нөхцөл, сарын түрээсийн хэмжээ, төлөх хугацааг тохиролцож 2 тал гарын үсэг зурсан нь нотлогдож байгаа бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж үзжээ.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ: “... Анхан шатны шүүх зохигчийн хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч “Т” ГХОХХК-аас 11,600,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.З олгохоор шийдвэрлэсэн талаараа тайлбарлаагүй, хариуцагчаас Р.М-д шилжүүлсэн гэх 20,000,000 төгрөгөөс “Т” ГХОХХК-ийн захирал Л-гийн даалгавраар Р.М-ын дансанд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй гэж хэргийн үйл баримтад хамааралтай эсэх нь тодорхойгүй дүгнэлт хийж, улмаар хариуцагч мөнгө гаргуулах сөрөг шаардлага гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар асуудлыг шийдвэрлэж шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн ...” гэж дүгнэжээ.
11.Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.04.30-ны өдрийн 001/ШХТ2025/00461 дүгээр тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэлэлцүүлсэн боловч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, давж заалдах шатны шүүх уг алдааны талаар дүгнэж, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
12.Хариуцагч Д.З нь нэхэмжлэгч “Т” ГХОХХК, Р.М нарт холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.01.08-ны өдрийн 149/ШЗ2024/00049, 2024.02.02-ны өдрийн 149/ШЗ2024/00201 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан ба уг захирамжийн Р.М-д холбогдох хэсгийг шүүгч хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Гэтэл анхан шатны шүүхийн 2024.02.06-ны өдрийн 149/ШТ2024/00002, 2024.02.20-ны өдрийн 149/ШТ2024/00005 дугаар тогтоолуудаар дээрх захирамжуудыг хүчингүй болгосноор Р.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулснаар нэхэмжлэгчийн сонгож авсан этгээдийг биш харин хариуцагчаар татагдсан этгээдийн хүсэлтээр өөр хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг ноцтой зөрчих нөхцөл болжээ. Иймд анхан шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170, 171 дүгээр зүйлд зааснаар шүүгчийн захирамжийг хянаж хүчингүй болгосон ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх дээрх алдааг гаргасан боловч нэгэнт сөрөг нэхэмжлэлтэй холбоотой Р.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд түүнийг хуульд заасан журмын дагуу оролцуулах ёстой. Гэтэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Р.М-ыг ямар эрх зүйн байдалтай оролцуулсан нь ойлгомжгүй болжээ. Тухайлбал, анхан шатны шүүх “нэхэмжлэгч “Т” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.З, Р.М нарт холбогдох хэрэг” гэж шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхойлон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, улмаар шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт Р.М-ыг хэргийн ямар оролцогч болох, Тодорхойлох хэсэгт түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгыг тусгахгүй орхих, Үндэслэх хэсэгт “гэрч болох Р.М ”, “хариуцагч Р.Мз” гэх зэргээр эрх зүйн байдлыг өөр, өөрөөр тодорхойлсон, түүний тайлбарыг хэрхэн үнэлсэн, түүнд холбогдох шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тус тус тодорхой бус, ойлгомжгүй болгоход хүргэсэн байна.
13.Өмнө нь Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.18-ны өдрийн 208/МА2024/00058 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ “... Р.М нь энэ хэргийн хамтран хариуцагч мөн эсэх, түүний эрх зүйн байдлыг тодорхойлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэж дүгнэсэн атлаа давж заалдах шатны шүүх хэргийг дахин хянахдаа анхан шатны шүүхийн хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй алдаа арилаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.
14.Нэхэмжлэгч “Т” ГХОХХК нь хариуцагч Д.З-гийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор хариуцагч нь тухайн орон сууцанд амьдардаггүй, өөр хаягт оршин суудаг талаар тайлбарлаж, үүнтэй холбоотой нотлох баримт гаргаж, гуравдагч этгээдээр орон сууцыг эзэмшиж байгаа гэх С.О нарыг оролцуулах хүсэлт гаргасан байхад тус орон сууцыг бодитоор хэн эзэмшиж байгаа нөхцөл байдлыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
15.Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад нэхэмжлэгч “Т” ГХОХХК-ийн төлөөлөгч Л-ийн гаргасан тайлбарын агуулга ойлгомжгүй тусгагдсан, тэрээр монгол хэл бүрэн мэддэг эсэх нь тодорхойгүй тул түүнд орчуулагч шаардлагатай эсэхийг тодруулах, мөн Р.М “Т” ГХОХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гэсэн ойлголтыг бусдад төрүүлэхүйц нөхцөл бүрдүүлсэн эсэх эрх зүйн асуудлаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хүрээнд дүгнэх шаардлагатай.
16.Түүнчлэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн нэр, шүүхийн шийдвэрийн огноо, дугаарыг буруу бичсэн байгааг дурдах нь зүйтэй.
17.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйн улмаас хууль хэрэглэх үндэслэл бүрдээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 149/ШШ2024/00485 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 208/МА2025/00008 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.З нь 2025.04.01-ний өдөр төлсөн 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД