Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 00112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч С.Наран,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг,

Шүүгдэгч Х.Бадрахгэрэл нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бадрахгэрэлд холбогдох эрүүгийн 201722000071 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Морьтон Хишигцэрэнгийн Бадрахгэрэл, 1988 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РТ88020771 дугаартай,

Шүүгдэгч Х.Бадрахгэрэл нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд иргэн С.Наранг машин шон мөргүүлсэн гэх шалтгааны улмаас зодож бие махбодид нь хоёр хавирганы хугарал, зүүн нүдний гадна булан, зүүн чихний дэлбэнд шарх бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Бадрахгэрэл нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвд иргэн С.Наранг зодож бие махбодид нь хоёр хавирганы хугарал, зүүн нүдний гадна булан, зүүн чихний дэлбэнд шарх бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

Шүүгдэгч Х.Бадрахгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би нойрмоглоод сууж байхад машин түс хийгээд дуугарсан. Би гайхаад харсан чинь Наран машин барьчихсан хойд талд байсан замын шонг хуга мөргөөд дараагийн шонг хажуу талаараа мөргөөд зогссон. Би буугаад чи шон мөргөчихлөө гэхэд Наран “тэр яадаг юм” гээд байсан. Тэгж байхад Гантүлхүүр ажлаасаа гарч ирсэн. Гантүлхүүр машин жолоодоод баруун хороолол руу хөдөлсөн. Машинд явж байхдаа Наран бид хоёр хоорондоо маргалдаад барилцаж авсан. Би хүний эд хөрөнгийг эвдчихээд бууж хараач гэхэд тоохгүй машинаас буухгүй байсан. ...би буулгаж машинаа харуулъя гэж бодсон юм. Тэгээд машинаа зогсоогоод Наранг машинаас чирээд буулгасан. Би Нарангийн зүүн талын шанаанд 1 удаа цохисон. Мөн нэг удаа өшиглөсөн. Энэ үед Гантүлхүүр салгах гээд дундуур ороход нь би Гантүлхүүрийн ар нуруу хэсэг рүү өшиглөсөн. Гантүлхүүр айгаад зугтсан. Гантүлхүүр намайг салгаж байхад Наран зугтсан юм. Тэгэхээр нь Наранг барьж чирж авчираад машиныхаа багаж руу бүх хувцастай нь хийсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч рүү Отгонбаяр гэдэг хүний утсаар ярьж дуудлага өгсөн. ...Гантүлхүүр бид нар салснаас хойш 10-аад минут болсоны дараа хэсгийн төлөөлөгч ирсэн. Машин мөргүүлсэн хүн хаана байна гэхэд би багажинд байгаа гэсэн. Багажнаас буулгах гэхэд Наран хөлөө жийгээд бууж өгөхгүй байсан. Тэгээд би угзарч татсаар байгаад буулгасан. Хөлнөөс нь чангааж байхад монгол гутал нь сугарсан юм. Би татаж байхад өмсөж явсан куртик нь сугараад үлдсэн. Би нуруу хэсэг рүү нь нэг удаа амбаардсан...гэх мэдүүлэг,

Хохирогч С.Нарангийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 01 сарын 18-нд 13 цагийн орчим гэрээсээ сургууль орохоор явж байхад Бадрахгэрэл, Нямрэнчин нартай тааралдсан. Би сургууль орчихоод гарч ирээд тэд нартай хамт Хишиг-Ариун гэх дэлгүүрээс Ерөөл гэдэг архи авч сумын төвийн зах руу гарсан. Бадрахгэрэл приус 11 маркийн машинтай явсан. Сургуулийн хажуу талд Гантүлхүүртэй тааралдаж түүнийг машиндаа суулгаад сумын зах руу гарсан юм. Анх Бадрахгэрэл, Нямрэнчин хоёр архи ууя гэж хэлсэн юм. Ерөөл архийг сумын төвийн захад машин дотор хувааж уусан. Тухайн үед Гантүлхүүр архи уугаагүй. Машиныг Бадрахгэрэл жолоодож явсан. Тэндээс сумын хажуу талын мөсөн гулгуур дээр очсон. Тэнд байж байхдаа машин дотор 3 шил архи уусан. Яг хаанаас архи авчирч уусныг сайн санахгүй байна. Тэнд 17 цаг хүртэл байсан. Тэндээс Нямренчин салаад явсан. Гантүлхүүр машин жолоодож төв дотор яваад байсан. Тэгж явж байгаад харанхуй бүрэнхий болсон хойно Гантүлхүүрийн ажил дээр очсон. Гантүлхүүр цэцэрлэгийн галч хийдэг. Галаа нэмэхээр ажил дээрээ очсон. Ажил руугаа ороод гарч ирээгүй 20-30 минут болсон. Энэ үед Бадрахгэрэл хөдлөөд урагшаа явъя гэж хэлсэн. Би машиныг бариад ухарч байхдаа замын хажууд байх жижиг шонг мөргөсөн. Жолооч буюу баруун талаараа мөргөсөн. Бадрахгэрэл машин мөргөлөө гэж хэлсэн. Түүнээс болж маргалдсан. Тэгээд машинаас буугаад үзэхэд машины баруун талын ойд хэсгээр хонхойж чихэгдсэн байсан. Намайг уучлаарай гэхэд машинд суу гээд суулгаад сумын баруун талд байх Дондог гэдэг айлын баруун талд гудамжны үзүүрт очсон. Бид хоёрыг маргалдаж байхад Гантүлхүүр гарч ирсэн байсан. Бадрахгэрэл машин бариад Гантүлхүүртэй хамт Дондогийн гудамжны үзүүрт очсон юм. Гудамжны үзүүрт очиж зогсоод Бадрахгэрэл машины хаалга онгойлгоод намайг татаж буулгаад зүүн талын нүд хэсэгт 2 удаа цохисон. Намайг унангуут Бадрахгэрэл миний нуруу хэсэгт 2 удаа өшиглөсөн. Мөн толгой тус газар 4 удаа өшиглөсөн юм. Тэр үед би ухаан алдаж болсон үйл явдлыг сайн санахгүй байна. ... Багаж онгойход хэсгийн төлөөлөгч, Бадрахгэрэл нар байсан. Бадрахгэрэл багажаас татаж гаргаж ирээд шууд нүүр лүү цохиж унагаагаад цээжин тус газар 2-3 удаа дэвсэж авсан. Гараараа толгой тус газар олон удаа цохиж авсан. Би больё эрүүл саруулдаа учраа ольё гэхэд тоохгүй зодоод байсан. ... Х.Бадрахгэрэл нь 2.900.000 төгрөгийн хохирол төлсөн. Одоо шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй гэв. /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Гэрч Х.Буянтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2017 оны 01 сарын 18-ны орой 21 цаг 50 минутын үед гэртээ байж байхад миний гар утас болох 99120564 дугаарын утас руу 88171917 гэх дугаараас Бадрахгэрэл гэх залуу яриад миний машиныг хүн мөргүүлчихлээ гэж хэлэхээр нь хаана байгаа юм бэ гэж асуусан чинь Бадрахгэрэл спорт заалны хажууд байна, та хүрч ирж үзээд зургийг нь авч өгөөч гэж хэлсэн. Би дуудлагын дагуу машинаа асаагаад очсон чинь Бадрахгэрэл согтуу Отгонбаяр гэх залуу машинаас бууж ирсэн. Бадрахгэрэлээс машин мөргүүлсэн гэх хүн хаана байгаа вэ гэж асуухад Бадрахгэрэл миний машиныг мөргүүлээд зугтах гэхээр нь машины багаж дотор хийчихсэн байгаа гэж хэлсэн. Бадрахгэрэлийг хүнээ буулгаад ир гэж хэлэхэд Бадрахгэрэл машиныхаа багажийг онгойлгоход Наран хөх женсин өмдтэй, хар өнгийн куртиктэй нилээн согтуу байдалтай багаж дотор байсан. ... Энэ үед спорт заалнаас Нарангийн дүү болох Ган-Эрдэнэ, Билгүүн нар гарч ирсэн. Тэр хоёр надаас ахаа бид нар ахыгаа аваад явчих уу гэж асуухаар нь би ахыгаа өглөө надтай ирж уулзуулаарай гэж хэлсэн. Тэгээд Наранг тэр хоёр аваад явсан. Бадрахгэрэл надад би ийм машин авахгүй, танай цагдаа дээр орхиё та машин янзлуулж өгөөрэй гэж байсан. Заалнаас нэг залуу гарч ирэхээр нь машиныг бариулж цагдаагийн кобан дээр аваачсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Гэрч Р.Нармандахын мөрдөн байцаалтад өгсөн: ...Намайг үзэхэд Нарангийн зүүн талын чихнээс цус гарсан, зүүн талын 2 хавирга нь хугарсан бололтой тэр хэсэгтээ хавдаж овойсон байдалтай байсан. ...үзлэг хийж байхад чичирсэн даарсан, царай нь цонхийсон байдалтай байсан. Гэхдээ амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан бөгөөд өөр ямар нэгэн шинж тэмдэг илэрээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Х.Гантүлхүүр, Г.Билгүүн, Э.Ган-Эрдэнэ, Г.Энхзаяа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 19-30 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 115 дугаартай:

  1. С.Нарангийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. С.Нарангийн биед хоёр хавирганы хугарал, зүүн нүдний гадна булан, зүүн чихний дэлбэнд шарх бүхий гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

             Иймд шүүгдэгч Х.Бадрахгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Хохирогч С.Наран нь …2.900.000 төгрөгийн хохирол төлсөн. Одоо шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Бадрахгэрэлд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож үзлээ.  

Шүүгдэгч Х.Бадрахгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 201722000071 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Морьтон Хишигцэрэнгийн Бадрахгэрэлийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Хишигцэрэнгийн Бадрахгэрэлд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Бадрахгэрэлд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Х.Бадрахгэрэлд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтны засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

5. Эрүүгийн  201722000071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бадрахгэрэлд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР