Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2020/0749

 

   

 

 

 

 

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2020/0749

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Э

Хариуцагч: Гадаадын иргэн, харьяатын газар

           Нэхэмжлэлийн шаардлага: “Гадаадын иргэн, харьяатын газрын
даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/260 дугаар тушаалыг хүчингүй болгож, хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан нийгмийн даатгал эрүүл мэндийн
даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, нэхэмжлэгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Гадаадын иргэн, харьяатын газарт хяналтын улсын байцаагчаар
ажилд орж, 9 жил тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын
ямар нэгэн ноцтой зөрчил гаргаж байгаагүй.

2020 оны 7 дугаар сард миний шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт иргэний гомдол ирж, уг гомдлын дагуу хяналт шалгалтын газарт шалгалт орсон.

Шалгалтыг хийхдээ Могол улсын сайд, Засгийг газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно.” гэж заасныг зөрчиж Тамгын газрын дарга Д.Д шалгаж хууль, журам зөрчсөн.

Шалгалтыг хийхдээ миний дээд шатны албан тушаалтан болох Хяналт
шалгалтын газрын дарга, Дотоод хяналтын газраас шалгалтын албаны албан
тушаалтныг оролцуулахгүй шалгалт хийж, газрын даргын зөвлөлийн хурлаар
хэлэлцүүлсэнд үнэхээр гомдолтой байна.

Учир нь миний зөрчил хянан шийдвэрлэж байгаа ажиллагаа нь тусгай
мэдлэг шаардсан процессын үйл ажиллагаа бөгөөд миний хийсэн ажлыг шалгаад яг ямар зөрчил гаргасанд төрийн албанаас
халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулсныг тушаалд тодорхой заагаагүй.
Мөн тушаалыг надад нотлох баримтын шаардлага ханган гардуулж өгөөгүй.

Иймд хууль зүйн үндэслэлгүй гаргасан Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар Б/260 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д “Энэ хуулийн 36.1.1, 36.1.3-т заасан зөрчил гаргасан гадаадын иргэнийг тодорхой барьцаатайгаар саатуулахгүй байж болно” гэж заасан. Тушаал гарах гол үндэслэл болсон 2020 оны 8 дугаар сарын 1-9/104 илтгэх хуудасны тухайд, Хяналтын улсын байцаагч Э.Э нь ОХУ-ын иргэн Тд холбогдох 2002000311 дугаартай зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх явцдаа үндэсний гадаад паспортыг нь хураан авахдаа тэмдэглэл үйлдээгүй, Зөрчлийн тухай хуулийн 4.13 дугаар зүйлийг зөрчсөн, шүүгчийн захирамж гарахад нөлөөлсөн гэж буруутгаж байгаа. Гэтэл Зөрчлийн хэрэг нээгээгүй байхад бичиг баримт хураан авсан, Зөрчлийг хэрэг нээсэн тохиолдолд уг бичиг баримтыг хураан авсан талаар баримт үйлдэх ёстой гээд зөвлөлийн хурал дээр н.Б, н.Д нар мэдүүлсэн байдаг. 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан “”албадан гаргахад саад учруулж болзошгүй” гэдэг үндэслэлээр тухайн иргэнийг албадан саатуулсан. Нөгөө талаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Улсын байцаагч хуулийг зөв, буруу хэрэглэж байгаа талаар хяналт тавих үүрэгтэй этгээд нь прокурор.

 Хоёрдугаарт, Шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 05А захирамжийг Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдээгүй гэх тухайд, хугацаа сунгасан шүүгчийн захирамжийг мэдэгдэх шаардлагагүйг ахлах байцаагч н.Д зөвлөлийн хурал дээр ярьсан. Түүнчлэн Э.Эийн ажил үүргийн хуваарьт бусад төрийн байгууллагатай харьцах чиг үүрэг байхгүй.

Гуравдугаарт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.3-т “эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах” эрхтэйг заасан. Төрийн байгууллагын өмнөөс ажиллагаа явуулж байгаа улсын байцаагч Э.Э нь орчуулагч томилж өгсөн байна. Гэхдээ Т гэх ОХУ-ын иргэн бол 10 гаруй жил Монгол улсад амьдарсан. Монгол улсын шоронд ял эдэлж байсан, монгол хамтран амьдрагчтай, н.Б утсаар ярихдаа монгол хэлээр ярьж байсан, тэхээр энэ хүн бол орчуулагч авах шаардлагагүй боловч н.Зг орчуулагчаар томилсон нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй болохыг зөвлөлийн хурал дээр хуулийн хэтсийн дарга н.Т, н.М нар нь гэрчилнэ.

Дөрөвдүгээрт, 7 дугаар сарын 09-ний өдөр саатуулагдсан этгээдийг суллахад н.Зд даатгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж буруутгасан,  н.Зг шүүх рүү явуулсан нь ямар нэгэн байдлаар процесс ажиллагаанд оролцох эрхгүй этгээдийг явуулсан боловч н.З нь албадан гаргах ажиллагааг гардан хийгээгүй байхад үүнийг Э.Эт хамаатуулж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

...Иймээс Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/250 дугаартай Э.Эийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан тул уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Гадаадыг иргэн, харьяатын газрын дарга Н.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Анх нэхэмжлэгч Э.Эийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажилд томилох тухай” 6/382 дугаартай тушаалаар хяналтын хэлтэст мэргэжилтнээр ажилд томилсон.

Нэхэмжлэгч Э.Э нь 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн тангаргийг тус тус өргөсөн боловч ажил үүргээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаа баримтлан ажиллаж чадаагүй болно.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2,
37.1.3, 37.1.6, 37.1.7, 37.1.8, 37.1.12, 37.1.13, 37.1.14, 37.1.15, 37.1.16, 37.1.18 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг тус тус зөрчсөн учраас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 36/32 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3.1 дахь хэсэгт заасныг баримтлан түүнийг Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “Даргын дэргэдэх зөвлөл”-ийн хурлаар оруулж, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/250 дугаартай тушаалаар ажлаас халсан.

Хяналтын улсын байцаагч Э.Э нь 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Гадаадын иргэн, харьяатын газарт хяналтын улсын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа хоёр удаа сахилгын шийтгэл авч байсан. Нэхэмжлэгч Э.Эийг ажлаас халах болсон шалтгаан нь 2002000311 дугаартай зөрчлийн хэргийг хянан шалгах явцад ноцтой зөрчил гаргаж 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ОХУ-ын иргэн Тийг саатуулахдаа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад шүүхэд худал мэдүүлэг тайлбар гаргаж шүүгчийн захирамжаар 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл албадан саатуулсан. Албадан саатуулах саналаа Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “албадан гаргах ажиллагаанд саад учруулж болзошгүй” гэх үндэслэлээр хүргүүлж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 5 дугаартай захирамжаар ОХУ-ын иргэн Тийг 14 хоногоор саатуулсан. Түүний дараа тус шүүхэд “тухайн иргэнийг бичиг баримтжуулах, буцах зардлыг шийдвэрлэх ажиллагаанууд хийгдэх шаардлагатай” гэх үндэслэлээр саатуулах хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж өгөх хүсэлт гаргасны дагуу Хан-Уул
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар
сарын 22-ны өдрийн 05а дугаартай захирамжаар ОХУ-ын Т
Нийг 30 хоногийн хугацаагаар үргэлжлүүлэн саатуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын иргэн Тид Монгол Улсаас сайн дураараа гарахыг сануулаагүй, албадан саатуулах ажиллагаанд саад учруулж, гэмт хэрэг үйлдэж, зөрчил гаргаж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад, түүнчлэн тухайн гадаадын иргэний гадаад паспорт бичиг баримтыг нь хураан авч, хэн болох нь мэдэгдсээр байхад шүүхэд худал тайлбар, санал хүргүүлснээр тухайн иргэнийг албадан саатуулсан байна.

Мөн тухайн гадаадын иргэний бичиг баримтыг хураахдаа тэмдэглэл
үйлдээгүй, тус иргэнийг саатуулах хугацааг хууль бусаар сунгуулсан зэрэг нь
удирдлагын зөвлөлийн хурал болон албаны шалгалтаар тогтоогдсон ба түүнийгээ 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Гадаадын иргэн, харьяатын газарт гаргасан өргөдөлд өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч Э.Эийн гаргасан ноцтой зөрчлийг иргэн Л.Бгаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нт хандаж гаргасан гомдлын дагуу түүний шалган шийдвэрлэсэн 2002000311 дугаартай зөрчлийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Гадаадын иргэн, харьяатын газраас дотоод хяналт шалгалт явуулсан боловч хяналт шалгалт хийсэн ахлах мэргэжилтэн хяналт шалгалтыг журмын дагуу явуулж чадаагүй. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтын ахлах мэргэжилтэн Ш.Э нь иргэн Л.Бгийн гаргасан гомдолд дурдсан асуудлыг судалж шалгаагүй учраас албан хаагчийн дээд шатны албан тушаалтан болох Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд түүний шалгасан дээрх зөрчлийн хэрэгт хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг илрүүлсэн болно.

Нэхэмжлэгч Э.Э нь тухайн зөрчлийн хэргийг хянан шалгах ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн болох нь шалгалтын явцад илэрсэн.

Иймд нэхэмжлэлд дурдсан маргаж байгаа асуудлууд үндэслэлгүй байх тул түүний гаргасан “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/250 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.                                 

   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бусад баримтуудыг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.Э тус шүүхэд хандаж, “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/260 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “...сахилгын зөрчлийг шалгах эрхгүй этгээд шалгалт явуулсан, яг ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг зөрчсөн” гэж тодорхойлсныг, хариуцагч “төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, зөрчлийн хэргийг хянан шалгах явцад ноцтой зөрчил гаргасан...гадаадын иргэнийг саатуулахдаа шүүхэд худал тайлбар хүргүүлсэн...” гэж тайлбарлан эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газарт иргэн Л.Дгээс ирүүлсэн “ОХУ-ын иргэн У гэгч нь Монгол Улсаас албадан гаргагдсан боловч дахин орж ирж, зохих зөвшөөрөлгүй оршин сууж байгааг шалгаж өгнө үү” гэх гомдол мэдээллийг тус газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.Д хүлээн авч бүртгэн улсын байцаагч Э.Эт мэдээллийг шалгаж, дүнг танилцуулах чиглэл өгсөн,

Улмаар  ОХУ-ын иргэн Тнь Монгол Улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчихоор орж ирээд, уг хугацааг 636 хоног хэтрүүлсэн зөрчил гаргасныг хяналтын улсын байцаагч Э.Э илрүүлж уг зөрчилд 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 200200311 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Гадаадын иргэнийг саатуулах тухай” 05 дугаар захирамжаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Оросын Холбооны Улсын иргэн, Тг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 14 хүртэл хоногийн хугацаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дэргэдэх Гадаадын иргэнийг саатуулах байранд саатуулахаар шийдвэрлэж, саатуулсан талаар Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэхийг Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газарт даалгасан,

Улсын байцаагч Э.Э нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Гадаадын иргэнийг саатуулах хугацааг сунгуулах тухай санал гаргасныг улсын ахлах байцаагч Н.Д хянан баталгаажуулсан, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 05а дугаар бүхий “Гадаадын иргэнийг саатуулсан хугацааг сунгах тухай” захирамжаар Тг 2019 /техникийн алдаа байж болох/ оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 30 хүртэл хоногийн хугацаагаар үргэлжлүүлэн саатуулж, саатуулсан хугацааг сунгасан талаар Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэхийг Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газарт даалгасан үйл баримтууд тогтоогдож байна.

Түүнчлэн иргэн Л.Бгаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нт хандаж, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “...Гадаадын иргэн, харьяатын газрын ажилтнууд Оросын Холбооны Улсын иргэн Т төлбөр хийгээгүй шалтгааны улмаас саатуулсан хугацаанд уг иргэний биеийн байдал муудаж, архаг хууч өвчин сэдэрсэн тухай...эмчилгээ болон цаашид үүсэх санхүүгийн зардлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн” агуулга бүхий гомдол гаргасныг, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1-4/282 дугаартай албан бичгээр Гадаадын иргэн, харьяатын газрын даргад шилжүүлсэн,

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.У дээрх албан бичгийг тус газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Дд “шалгаж саналаа танилцуул” гэх цохолт хийн шилжүүлсэн, Н.Д нь Хянал шалгалтын газрын ахлах мэргэжилтэн Ш.Эад “яаралтай хуулийн хугацаанд шалгаж, үр дүнг танилцуулах” цохолт хийн шилжүүлсэн,

Улмаар дотоод хяналт шалгалтын ахлах мэргэжилтэн Ш.Э дотоод хяналт шалгалтыг эхлүүлж холбогдох этгээдээс тайлбар авах, баримт бичигтэй танилцах хуулбарлан авах ажиллагааг явуулсан, уг ажиллагааны явцад Хяналт шалгалтын газрын дарга Н.Бөөс “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон эрх хязгаарлах арга хэмжээ Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Гадаадын иргэнийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу, прокурорын хяналт, шүүхийн шийдвэрийн дагуу хэрэгжсэн...” гэж, Хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.Д “...түр саатуулсан талаар Гадаадын иргэнийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар Гадаад харилцааны яамны Консулын газар болон Нийслэлийн прокурорын газарт 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 05/964 дугаартай албан бичгээр, сулласан талаар 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 05/1112 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдсэн, ОХУ-ын иргэн Т нь Монгол Улсад байх хугацаа хэтрүүлсэн зөрчилд оногдуулсан шийтгэлийг төлж барагдуулаагүй, буцах зардалгүй, эрүүл мэнд нь муудсаны улмаас “У” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 01/1135 дугаар албан бичгээр мэдэгдсэн, дээр дурдсан ажиллагаа нь хуулийн дагуу, прокурорын хяналт, шүүхийн шийдвэрийн дагуу хэрэгжсэн” гэх тайлбар өгсөн,

Гадаадын иргэн харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Даас танилцаж гарын үсэг зурсан, Дотоод хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн Ш.Эын, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Дотоод хяналт шалгалт явуулсан тухай” 01-03/96 тоот илтгэх хуудсаар “... Хяналтын улсын байцаагч Э.Э нь ОХУ-ын иргэн Т-тэй холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хийсэн байна...” гэж дүгнэсэн боловч Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.У уг илтгэх хуудсыг “шалгалтын явц байдлыг хянаж зааварчлах, Ш.Э ажлаа мэдэхгүй байна...” гэсэн цохолт хийж Д.Дд буцаасан,

Үүний дагуу Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д хяналт шалгалтыг дахин явуулж, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн, “Дотоод хяналт шалгалт хийсэн тухай” 01-09/104 дугаар илтгэх хуудсанд Хяналтын улсын байцаагч Э.Э нь ОХУ-ын иргэн Тд холбогдох 2002000311 дугаар зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8, 37.1.12-д заасан “...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, хийсэн ажлынхаа гүйцэтгэх, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, “төрийн үйлчилгээг чирэгдэлгүй чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх...” үүргээ биелүүлээгүй, Зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авмагц Хяналт шалгалтын газрын дарга Н.Бийн цохолтоор өгсөн үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1, 2-т заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, шүүгчийн 05а захирамжийн 2-т заасныг тус тус биелүүлээгүй, хяналтын улсын байцаагч Э.Эийн гаргасан үйлдлийг Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж сахилгын шийтгэл оногдуулах, эсэх, Э.Э...нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр байгууллагын Ёс зүйн зөвлөлд шилжүүлэх саналыг тус тус гаргасан,

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч Э.Эийг “...орчуулагч томилох эрхгүй атлаа тус байгууллагын ажилтан н.Зг орчуулагчаар томилж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, өөрийн хийж гүйцэтгэвэл зохих ажиллагааг бусдаар гүйцэтгүүлсэн, ОХУ-ын иргэн Тийн бичиг баримтыг хураан авахдаа тэмдэглэл үйлдээгүй, тухайн иргэнийг суллах үед буюу 7 дугаар сарын 9-ний өдөр өөрөө очиж аваагүй, түүний паспорт бичиг баримтыг өгөөгүйгээс уг иргэн эмнэлгийн тусламж авч чадаагүй, албадан саатуулах хугацаа сунгасан Шүүгчийн захирамжийн талаар Гадаад харилцааны яаманд мэдэгдээгүй...” гэж тус тус буруутган Э.Эийг төрийн албанаас халах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн,

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/250 дугаар бүхий “Э.Эт төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3.1, 1.5.3, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Хяналтын улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Э.Эийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 48.1.З-д “төрийн албанаас халах” гэж тус тус заажээ.

“Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн захиргааны байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна:”, 1.3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 48.1-д заасан дараах сахилгын шийтгэл ногдуулна” гэж, 1.5.3-д “төрийн албанаас халах” гэж нарийвчлан зохицуулсан байна.

Шүүх дараахь үндэслэлээр хариуцагчийн гаргасан захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. Үүнд:

Нэхэмжлэгч Э.Эийн гаргасан гэх зөрчлийн талаар Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн Ш.Эын гаргасан, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01-03/96 тоот илтгэх хуудсаар... “Улсын байцаагч Э.Э нь ОХУ-ын иргэн Ттэй холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хийсэн...” гэж дүгнэсэн атал Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д дангаараа хяналт шалгалт явуулж гаргасан, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн, 01-09/104 дугаар илтгэх хуудсанд Э.Эийг Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах, эсэх, улмаар байгууллагын ёс зүйн зөвлөлөөр хэлэлцүүлэх санал оруулсан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл  Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д нь Э.Эийн гаргасан гэх зөрчлийг нэг бүрчлэн шалгаж, нотлох баримтын хүрээнд дүгнээгүй байхад уг дүгнэлтийг үндэслэн Э.Эийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Тухайлбал, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.5-д “Шалгагч сахилгын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дараахь дүгнэлтийн аль нэгийг гаргаж, албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна:”, 2.5.1-д “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдоогүй тухай”, 2.5.2-т “сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэж заасан байхад Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Д нь Э.Эийн гаргасан үйлдлийг Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхдээ сахилгын шийтгэл оногдуулах эсэх, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн асуудлыг байгууллагын Ёс зүйн зөвлөлд шилжүүлэх саналыг тус тус гаргасан нь дээрхи журмыг зөрчсөн байна.

Түүнчлэн уг журмын 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж, албан тушаалтан шалгаж тогтооно” гэж заасан байхад Захиргаа удирдлагын газрын дарга уг хяналт шалгалтыг биечлэн явуулсан нь журмын дээрхи заалтад нийцээгүй, өөрөөр хэлбэл хяналт шалгалт явуулах эрхгүй этгээд явуулсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Э.Э нь Хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан, түүний дээд шатны албан тушаалтны хувьд Хяналт шалгалтын газрын дарга нь, эсхүл тус байгууллагын Дотоод хяналтын газар нь тухайн асуудлыг шалгахаар байх тул Захиргаа удирдлагын газрын дарга Д.Д нь уг шалгалтыг явуулах эрх бүхий субъект биш.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан үндэслэл, хугацаагаар хүнийг саатуулна”, 1 дэх хэсгийн 1.4-д “гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр холбогдогчийн хувийн байдлыг тогтоох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй бол эрүүгийн хэргийн шүүх тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг 14 хүртэл хоногийн хугацаагаар”, мөн зүйлийн 3-д “Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч энэ зүйлийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр саатуулсан гадаадын иргэн, харьяалалгүй хүний талаар гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Гадаадын иргэн харьяатын газрын хяналтын улсын байцаагчийн \Э.Эийн\ албан тушаалын тодорхойлолтын зорилгод “...гадаадын иргэн, харьяалалгүй хүн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, хяналт тавих...”, зорилтод “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, ...хууль тогтоомж зөрчсөн асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсаас албадан гаргасан, түр саатуулсан гадаадын иргэн болон зөрчил гаргасан хүн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийн санг үнэн зөв бүрдүүлэх, баяжуулах” гэж, 2 дугаар зорилтын хүрээнд “...зөрчлийг шийдвэрлэх, гадаадын иргэнийг шүүгчийн захирамжаар саатуулах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх, саатуулагдсан этгээдийн хувийн хэргийн бүрдлийг хангах...” гэж, 3 дугаар зорилтын хүрээнд “...саатуулагдсан гадаадын иргэний зөрчлийг шийдвэрлэх хүртэл баримт бичгийг хадгалах...” чиг үүрэгтэйг заасан байна.  

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Э.Эоос ОХУ-ын иргэн Тг “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй” гэх үндэслэлээр саатуулах хүсэлт гаргасан нь дээрхи хууль болон түүний албаны чиг үүрэгт заасантай нийцсэн, уг хүсэлтийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хянан үзээд хангаж шийдвэрлэсэн, ийнхүү Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ОХУ-ын иргэн Тг албадан саатуулсан асуудал нь Хяналтын улсын байцаагчийн хүсэл зоригийн асуудал биш бөгөөд бөгөөд ийнхүү шүүхийн шийдвэрлэсэн асуудалд Э.Эийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар улсын байцаагч Э.Эийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, ОХУ-ын иргэн Тгг албадан саатуулах хугацааг сунгуулах тухай хүсэлтийг улсын ахлах байцаагч Н.Д хянаж зөвшөөрөл олгосны дээр уг хүсэлтэд “бичиг баримтжуулах” гэсэн үг байхгүй нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн түүний хүсэлтээр тогтоогдсоноос үзвэл хяналт шалгалтын явцад тогтоовол зохих ажиллагааг гүйцэд хийгээгүй гэж үзэхээр байна. Зүй нь шүүхэд Э.Эийн гаргасан гэх хүсэлтийг шалгалтын явцад нотлох баримтаар цуглуулж дүгнэх шаардлагатай байснаас гадна зөрчлийг шалгах ажиллагаа дуусгавар болоогүй үргэлжилж байсан, тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж буй прокурорын зүгээс энэ асуудлаар ямар нэгэн хориг тавиагүй асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь буруу гэж үзнэ.

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэлээс үзвэл “...2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Алтанбулаг боомтоор Монгол улсад орж ирсэн ОХУ-ын иргэн Т нь...гэмт хэрэг үйлдэж Монгол улсын шүүхээр шийтгэгдэж 2018 онд Гадаадын иргэн, харьяатын газрын даргын А\69 дүгээр тушаалаар Монгол улсаас албадан гаргагдаж дахин оруулахгүй байх хугацааг 10 жилээр тогтоосон У мөн болох нь тогтоогдсон...түүнийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг баримтлан “албадан гаргах ажиллагаанд саад учруулж болзошгүй” үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар захирамжаар албадан саатуулсан, 06 сарын 22-ны өдрийн 05а дугаар захирамжаар албадан саатуулсан хугацааг 30 хүртэл хоногоор сунгасан, 07 дугаар сарын 09-ний өдөр 05в дугаар захирамжаар цуцалсан, ОХУ-ын иргэн Т  нь “У” эмнэлэгт 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нас барсан...ыг дурдаж, иргэн Л.Бгаас “...Э.Э бусадтай маш муухай харьцдаг, албадан саатуулагдсан хугацаанд өөр төрлийн арга хэмжээ авч өгөөч гэхэд торгуулийн мөнгөө төл гээд бидний хүсэлтийг хүлээж аваагүй, 2020 оны 7 сарын 09-ний орой Э.Э байцаагч өөрөө очиж гаргаад паспорт бичиг баримтыг нь өгчихсөн бол баяр наадмын 7 хоногийн хугацаанд...хэвтүүлээд өөр байх байсан, ОХУ-ын ЭСЯ-нд хорьсон тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй..”-д гомдол гаргасан гэжээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Э.Эийг ОХУ-ын иргэн Тид холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай зэрэг ямар хуульд заасан ямар хэм хэмжээг хэрхэн зөрчсөнийг иргэн Л.Бгийн дээрхи гомдолд дурдсан үндэслэлээр, уг гомдлын хүрээнд шалгаж тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай байна. 

Тухайлбал, шалгалтын дүгнэлтэд, “орчуулагч томилох эрхгүй атлаа тус байгууллагын ажилтан н.Зг орчуулагчаар томилж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан” гэх тухайд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.3-д холбогдогч нь “эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, хэлмэрч орчуулагч авах эрхтэй” гэж заасан бөгөөд уг зөрчлийн Эрх бүхий албан тушаалтны хувьд Э.Э нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 5/18-004 тоот “Орчуулагч, хэлмэрч томилох тухай” тогтоол гаргаж, Р.Зг ОХУ-ын иргэн Тийн орчуулагчаар томилсон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцжээ.

Түүнчлэн ОХУ-ын иргэн Тийн бичиг баримтыг хураан авахдаа тэмдэглэл үйлдээгүй гэх тухайд,  2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Э.Э нар нь ОХУ-ын иргэн Тийн паспорт баримт бичигт үзлэг хийж Монгол улсад байх хугацааг 636 хоногоор хэтрүүлсэн гэх зөрчлийн хэргийг нээхээс өмнө түүний паспортыг хурааж авсан талаар тэмдэглэл үйлдээгүй нь тогтоогдож байна. Гэвч шалгалтын явцад, ийнхүү тэмдэглэл үйлдээгүйгээс шүүх “бичиг баримтжуулах” гэсэн үндэслэлийг харгалзан саатуулах хугацааг сунгасан Шүүгчийн захирамж гарахад нөлөөлсөн гэж дүгнэсэн боловч Э.Э “бичиг баримтжуулах үндэслэл”-ээр хүсэлт гаргаагүй нь тогтоогдсон болно.

Түүнчлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.2-т зааснаар хяналтын улсын байцаагч нь “гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичигт үзлэг шалгалт хийж, зөрчлийг шийдвэрлэх хүртэл хадгалах, эрх бүхий байгууллагад шилжүүлэх”  эрхтэй байх бөгөөд уг эрхийн хүрээнд зөрчилд холбогдогч этгээдийн гадаадын иргэний паспортыг хадгалахаар авсан нь түүний албаны чиг үүрэгт нийцсэн, ийнхүү авахдаа тэмдэглэл үйлдээгүйн улмаас сөрөг үр дагавар үүсгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 22-ны өдрийн 05а дугаар захирамжаар тухайн иргэний албадан саатуулсан хугацааг 30 хүртэл хоногоор сунгасан байх бөгөөд уг Шүүгчийн захирамжийн талаар Гадаад харилцааны яаманд мэдэгдээгүй гэж Э.Эийг буруутгажээ. Дээрхи Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтаар ОХУ-ын иргэн Тийг албадан саатуулсан талаар Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэхийг Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газарт даалгасан байна. Нэхэмжлэгч энэ үүргийг би хүлээдэггүй, ажлын байрны тодорхойлолтод ийм чиг үүрэг заагаагүй, ахлах улсын байцаагч хариуцна гэж маргаж улмаар нотлох баримтаар өөрийнхөө ажлын байрны тодорхойлолтыг гаргаж ирүүлсэн бөгөөд уг баримтаас үзвэл энэ үйл ажиллагаа нь Э.Эийн хариуцах ажлын чиг үүрэгт хамаарахгүй гэж үзэхээр байна. Тухайлбал, Шүүгчийн захирамжид тус үүргийг Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газарт даалгасан байхад энэ үйл ажиллагааг тус газрын улсын байцаагч, улсын ахлах байцаагчийн хэн нь хариуцах чиг үүрэгтэй болохыг шалгалтын явцад нарийвчлан шалгаж тогтоогоогүй нь буруу.

Түүнчлэн уг дүгнэлтийн 3-д нэхэмжлэгчийг “...зөрчлийн хэрэгт орчуулагчаар Р.Зг 6 дугаар сарын 12-ны өдрийн 5\18-004 дүгээр тогтоол гаргаж томилсон нь буруу гэж үзсэн үү, эсхүл орчуулагчаар томилогдсон Р.Згоор өөрийн хийж гүйцэтгэх зарим үүргийг гүйцэтгүүлсэн нь буруу гэж үзсэн үү гэдэг нь тодорхой бус, энэ үйлдэл нь ямар хууль болон журмын заалтыг хэрхэн зөрчсөн гэж үзсэн нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Уг хурлын тэмдэглэлд “...Э.Э нь 7 дугаар сарын 09-ний өдөр Тийн гадаадын иргэний паспорт, баримт бичгийг өгөөгүйгээс гомдол гаргагч Л.Бгийн,  “7 дугаар сарын 10-ны өдрөөс 16-ны өдрүүдэд эмнэлгийн үйлчилгээ авч чадаагүй, боломжгүй байсан гэх гомдол тайлбар үндэслэлтэй” гэж дүгнэсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал иргэн Л.Бгийн өргөдөлд  “...баривчлах байрны орчин нөхцөл муу, эмнэлгийн тусламж хангалтгүй, эмч нь удаан хугацаагаар ээлжийн амралттай байсан гэх шалтгаанаар, халуун усны өрөөний цонх шилгүй, нэвт салхилж...хатгалгаа авсан, 7 сарын 10-16-ны өдрүүдэд бүгд амарсан, хүлээж авах, тусламж үзүүлэх газар олдоогүй, 15-ны өдөр яаралтай тусламж дуудсан, “У” эмнэлэгт хандсан боловч төлбөр маш өндөр, сайд нарын 2-р эмнэлэг ор байхгүй гээд аваагүй,  17-нд эмнэлэгт хэвтсэн...” гэж дурдсанаас үзвэл  зөвхөн Э.Эийн үйлдлээс шалтгаалж эмнэлгийн үйлчилгээ авч чадаагүй гэх боломжгүй, гомдолд дурдсан нөхцөл байдлыг гүйцэд хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Хяналтын улсын байцаагч Э.Эийн гаргасан гэх сахилгын зөрчлийг шалгах эрхгүй этгээд шалгалтыг явуулсны дээр Төрийн албаны тухай хуулийн 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/260 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.Эийг тус газрын Хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговрыг зохих журмын дагуу тооцон олгож, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Нэхэмжлэгч Э.Э нь 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А/606 дугаар тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б/40 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл тус тус хүлээсэн байх боловч Төрийн албаны тухай хуулийн 48.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцогдох хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч Э.Эийн орон тоонд өөр ажилтныг ажиллуулаагүй, тус байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт ороогүй байх тул түүнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байх ба нэхэмжлэгчид ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин, олговрыг олгохдоо түүний өмнө авсан 2019 оны ээлжийн амралтын олговор, 2019 оны 8 дугаар сарын урьдчилгаа цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган тооцвол зохино.

Хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын даргаас 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Сыг томилсон, түүнд шүүх хуралдааны товыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 50 минут, 13 цаг 12 минут, 13 цаг 37 минутад тус тус мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчээс хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр хүсэлт гаргасныг үндэслэн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсныг тэмдэглэж байна..

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.7.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Эоос, Гадаадын иргэн, харьяатын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/260 тоот тушаалыг хүчингүй болгож, Э.Эийг тус газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговрыг зохих журмын дагуу тооцон гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх”-ийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.Д